Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1076

 

 

 

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1076

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О******* даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нарыг оролцуулан “Евро ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Евро ******* ******* ******* *******” ХХК нь тус шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. 1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг чиглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2. Дээрх хууль бус шийдвэрийн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул 2015 оны 7 сараас хойшхи хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хүлээн авах шийдвэр гаргахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах. Манай компани нэхэмжлэлийн нэгдэх шаардлагыг дэмжиж байна. шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О******* нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 1/1635 үүрэг даалгаврыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн хоёрдахь шаардлагыг хариуцагч субьектийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар гэж буруу тодорхойлсон тул уг шаардлагыг дэмжихгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Евро ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 албан тоотыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О******* миний бие надад олгосон эрхийн дагуууг 1/1635 албан тоотыг илт хууль бус тогтоолгож өгнө үү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хамааралгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.  

                                                           ҮНДЭСЛЭХ нь: 

“Евро ******* ******* ******* *******” ХХК нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг тогтоолгож, дээрх хууль бус үүрэг, чиглэлийн шууд үйлчлэлээс “Евро ******* ******* ******* *******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа учир 2015 оны 7 дугаар сараас хойшхи хугацааны, хуульд нийцүүлэн гаргасан “Евро ******* ******* ******* *******” ХХК-ийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан”-г хүлээн авч, баталгаажуулах шийдвэр гаргахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж,  харин “дээрх хууль бус үүрэг, чиглэлийн шууд үйлчлэлээс “Евро ******* ******* ******* *******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа учир 2015 оны 7 дугаар сараас хойшхи хугацааны, хуульд нийцүүлэн гаргасан “Евро ******* ******* ******* *******” ХХК-ийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан”-г хүлээн авч, баталгаажуулах шийдвэр гаргахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах” тухай шаардлагаа дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн болно.  

Нэхэмжлэгчийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байгаагаа 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд бичгээр илэрхийлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*******д 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/724 дугаартай итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг тусгайлан зааж олгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу “Евро ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзээд хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан “Евро ******* ******* ******* *******” ХХК-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцааж олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    О.ОЮУНГЭРЭЛ