Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 716

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

М.Мөнгөнсүхэд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

ялтан М.Мөнгөнсүхийн өмгөөлөгч Л.Амартогос,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Мөнгөнсүхийн гаргасан давж заалдах гомдлоор М.Мөнгөнсүхэд холбогдох 201526021274 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Цагаан овогт Мижиддоржийн Мөнгөнсүх, 1986 оны 11 дүгээр сарын 30-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн 36 дугаар байрны 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ХИ86113012 регистртэй;

 

М.Мөнгөнсүх нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн орой Баянгол дүүргийн 3 дугаар хороо, мебелийн 12 дугаар байрны орцонд хохирогч Ц.Идэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож бие махбодид нь “...хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралт...” гэсэн хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: М.Мөнгөнсүхэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Цагаан овогт Мижиддоржийн Мөнгөнсүхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар М.Мөнгөнсүхийг 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн  52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, М.Мөнгөнсүх цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүний батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Мөнгөнсүхээс 699,247 төгрөг гаргуулж хохирогч Ц.Идэрт олгож, хохирогч Ц.Идэр нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлээ жич гаргах эрхтэйг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан М.Мөнгөнсүх давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2015 оны 8 дугаар сарын 19-нд ажлаасаа ирчихээд гэртээ ороод тамхи татаад ирье гээд гэрээсээ гарахад манай хажуу айлын ах машинаа янзлаад зогсож байсан. Тулга ахтай мэндлээд зогсож байтал Идэр хүрч ирээд гайхаж хараад байна уу гээд хараагаад байсан. Тулга ах Идэрийг дандаа хүнтэй маргалдаж байх юм гээд яв гэж хэлсэн. Тулга ах намайг гэртээ ор гэхээр нь би ороод 5 минут орчмын дараа Идэр гэрт дайрч орж ирээд ална гэж заналхийлсэн. Би босож ирээд яагаад агсан тавиад байгаа юм бэ, гар гэсэн. Бид хоёр харилцан заамдсан. Тулга ах бид хоёрыг салгахад би гэртээ орсон. Цонхон доор орилоод заналхийлээд байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа надтай хамт Идэрийн гэрт ороход 7-8 залуутай хэвтэж байсан. Цагдаа ирээд Идэрийг авч гарах гэтэл намайг Мөнгөнсүх зодсон гэж хэлсэн. Би эрүүл байсан бөгөөд цагдаагийн газар очиж байцаалт өгсөн. Намайг зодоогүйг 2 гэрч, манай эхнэр гэрчилнэ. Идэр тэр шөнө элэгний хагалгаанд орж 6 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Элэг бяцарсан гэх дүгнэлтийг 3-4 эмчийн бүрэлдэхүүнтэй гаргах байхад 1 эмчийн гарын үсэгтэй байсан. Энэхүү дүгнэлтэд гомдолтой байгаа учир дахин шалгаж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан М.Мөнгөнсүхийн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлыг төлөөд хөнгөрүүлэх байдлаар давж заалдах гомдол гаргая гэж Мөнгөнсүхийн ар гэрийнхэнтэй ярилцсан байсан. М.Мөнгөнсүх өөрөө ийм давж заалдах гомдол гаргажээ. Өмгөөлөгчийнх нь хувьд түүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн орой Баянгол дүүргийн 3 дугаар хороо Мебелийн 12 дугаар байрны орцонд М.Мөнгөнсүх нь хохирогч Ц.Идэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож бие махбодид нь “...хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралт...” гэсэн хүнд гэмтлийг санаатай учруулсан болох нь:

хохирогч Ц.Идэрийн “...манай хоёр ах гэртээ харьцгаалаа гээд гараад явсан, тэр хоорондуур нь би гэрээсээ гарч бие засаад байрныхаа эсрэг талын орцны урдуур дэлгүүр рүү орох гээд явж байтал манай нөгөө орцонд зүс таних Мөнгөнсүх ах байрныхаа орцноос гарч ирсэн. Тэгээд надад Мөнгөнсүх ах хэлэхдээ “...чи манай эхнэртэй архи уугаад байгаа юм уу, юундаа манай эхнэрийг уруу татаж архи уугаад байгаа юм бэ...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртэй чинь архи дарс уугаагүй гэж бага зэрэг маргаан үүсгэхэд манай байрны Тулга гэх ах “...та хоёр больцгоо...” гэж хэлээд бид хоёрыг салгахад эхнэр нь нөхрийгөө аваад гэртээ орсон. Тэгэхээр нь би араас нь эв зүйгээ ололцдог юм уу гээд ортол чи яах гэж орж ирж байгаа юм бэ, манай гэрээс гар гэж эхнэр нь надад хэлэхээр нь би эхнэрт нь би тантай ямар архи, дарс уусан биш дээ, зүгээр байгаарай гэж хэлсэн. Гэтэл нөхөр нь босч ирэнгүүтээ чи муу яадаг бацаан бэ гэж хэлэхээр нь би бацаан байхад нь уулзахгүй яасан юм бэ гэхэд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлж заамдаж аваад заамдаастайгаа гэрээс нь гарсан. Тэгтэл байрны орцонд намайг хаалганы булан мөргүүлсэн. Би гадаа гараад Мөнгөнсүх ахыг хавсаргаж унагаах гэхэд унаагүй. Тэгээд намайг Мөнгөнсүх ах заамдаастай чигээрээ хана руу хоёр удаа түлхэж мөргүүлээд, миний хоолойг цамцаар боогоод, газар унагаагаад дээрээс нэг удаа дэвссэн. Тэгтэл миний бие сонин болоод амьсгалж чадахгүй, элэгээ тэврээд эвхэрч хэвтсэн. Тэр үед надтай хамт амьдарч байсан Батзоригийн найз эмэгтэй нь нэг найзтайгаа ирээд намайг өргөөд гэр рүү оруулсан. Би гэртээ ороод зүгээр болчих байх гэж бодтол миний элэг хавьцаа өвдөөд, амьсгалахад хэцүү болоод байсан. Тэр үед Түвшинтөгс ах, Уранбэрх ахтай ирснийг санаж байгаа, мөн нэг мэдсэн миний дээрээс ус асгаж сэрээсэн. Тэгэхэд манай гэрт цагдаа ирчихсэн байсан. Намайг Түвшинтөгс ах Уранбэрх ах хоёр Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү авч очиход гэмтлийн эмнэлэг рүү аваад яв гэсэн. Ингээд гэмтлийн эмнэлэг рүү очиход намайг яаралтай хагалгаанд орох шаардлагатай, дотор шингэнтэй байна гэж хэлээд хавсарсан гэмтлийн тасагт хагалгаанд ороод, уг тасагтаа 6 хоног эмчлүүлээд гарч ирсэн. Одоогийн байдлаар биеийн байдал тааруухан байна. Шөнөдөө халуураад чинэрч өвдөөд байгаа. Би хагалгаа хийлгэж оёдол тавиулсан. Энэ хугацаанд нилээд их зардал мөнгө гаргасан. Зарим нэг эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргуулахаар өгсөн байгаа. Дахин нэмж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Тархины гэмтэлтэй байж магадгүй гээд томографикийн зураг авахуул гэж хэлсэн. Уг зургийг авахуулах гэхээр мөнгөний боломж бололцоо болохгүй байгаа учраас одоог хүртэл авахуулж амжаагүй явна. ...Мөнгөнсүх намайг дэвслэх үед ямар гуталтай явж байсныг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн гэрээсээ гарч ирээд л надтай зууралдаж, барьцалдаж аваад намайг унагаж байгаад дээрээс дэвсэлсэн. Тэр үед би бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор яг ямар гутал өмссөн байсныг санахгүй байна. Ямар ч байсан дээрээс дэвсэлсэн нь үнэн. Гэртээ орчихоод гарч ирсэн болохоор таавчигтай байсан байж магадгүй. Би тухайн үед харж амжаагүй болохоор урьд өмнө мэдүүлэхдээ пүүзтэйгээ байсан л гэж мэдүүлсэн. ...Миний бусдад зодуулсан цаг хугацаа нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний оройн 20 цагийн орчим болсон асуудал. Тэгээд би тэр оройдоо гэмтлийн эмнэлэгт очиж хэвтээд шөнө 00 цаг өнгөрсөн байхад хагалгаанд орсон. Энэ үйл явдал нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мебелийн 12 дугаар байрны гадна болсон асуудал. Би мөрдөн байцаалтын шатанд Төв аймгийн Заамар суманд алтны уурхайд ажиллаж байсан учир ирж амжаагүй юм...” /хх-ийн 22-24, 83, 123, 130 тал/,

гэрч Г.Бат-Оршихын “...Мөнгөнсүх тэр залуутай зууралдаад гараад ирэхээр нь Тулгаа ах бид хоёр очиж, та хоёр яаж байгаа юм бэ гээд салгасан. Мөнгөнсүх гэр рүүгээ яваад орсон харин нөгөө залуу нь тэндээ үлдсэн. Тэр хоёр зодолдож, цохилцсон зүйл байхүй, заамдалцаад гараад ирэхээр нь очиж салгасан...” /хх-ийн 25 тал/,

гэрч Х.Балдандоржийн “...Би тухайн орой буюу 2015 оны 8 дугаар сарын 20-ны орой Бугат 114 чиглэлийн машинт эргүүлийн үүргийг дэслэгч Дарханбаатарын хамт гүйцэтгэж байсан. Тэгтэл Бугат 10-аас Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мебелийн 12 дугаар байрны орчим хүн зодууллаа гэх дуудлагын дагуу дэслэгч Дарханбаатарын хамт очиж шалгахад Идэр гэгч залуу нь бусдад зодуулсан гээд Мебелийн байранд байрлах гэртээ атиралдаад хэвтэж байсан. Хохирогч өөрөө нилээд согтуу байдалтай байсан. Гэрт нь өөрийнх нь насны 2 эмэгтэй байсан ба хэнд зодуулсан талаар асуухад хажуугийн орцны залуу зодсон гэж хэлж байсан. Ингээд зодсон гэх залууг дагуулж ирэхэд Мөнгөнсүх гэх залуу байсан ба би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж хэлж байсан. Ингээд юу болсон талаар асуухад манай гэрт орж ирж агсам согтуу тавиад байхаар нь би өөрөө гэрээсээ гаргахад гадаа барьцалдаж авсан гэж хэлж байсан. Мөн Мөнгөнсүх нь би энэ залууг зодож, цохисон зүйл байхгүй гэж хэлж байсан. Харин хохирогч болох Идэр нь намайг наад залуу чинь зодсон гэж хэлж байсан. Хамт байсан хоёр эмэгтэй нь хэлэхдээ нөгөө зодсон гэх Мөнгөнсүхэд хандан танд зодуулчихлаа гэж орж ирсэн шүү дээ гэж хэлж байсан. Тэр хоёр эмэгтэй нь харсан хараагүй эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ингээд Мөнгөнсүхийг нь эхнэртэй нь хамт цагдаагийн хэлтэс рүү авч явсан, харин хохирогч гэх залууг ах нь гэх хоёр залуу орж ирээд эмнэлэг рүү аваад явсан....”/хх-ийн 26-27, 129 тал/,

гэрч Ч.Уранбэрхийн “...тухайн өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр найз болох Түвшинтөгстэй ТБД андуудын хавьцаа уулзаж, хүн тус бүрийн нэг шил пивыг гадна байдаг саравчинд уугаад манай хамаатны дүү болох Идэрийнд очсон. Тэгэхэд Идэр танихгүй хоёр эмэгтэйтэй байж байсан. Тэгээд Идэрийг ахын дүү гараад пиво аваад ир гэж хэлээд явуулсан юм. Идэр гаднаас хоёр том савтай пиво авч ирсэн. Идэрт 2-3 удаа л пиво хийж өгсөн. Бусдыг нь манай Түвшинтөгс найз бид хоёр хувааж уугаад Идэрийнхээс гарах үед 16 цаг өнгөрч байсан. Тэгээд бид хоёр гадуур явж байгаад буцаад харих гээд тэдний урдуур явж байтал Идэрийн гэрийн гэрэл асаалттай байхаар нь гэр рүү нь ортол цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд юу болсон талаар Идэрээс асуухад тухайн үедээ хэлэх тэнхэлчгүй байсан. Тэгээд бид хоёр Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү аваад очиход Хан-Уул дүүргийн жижүүрийн эмч нь манай харъяаллынх биш, энэ хүнээ гэмтлийн эмнэлэг рүү авч яв гэсэн. Ингээд бид хоёр гэмтлийн эмнэлэг рүү авч явж байх замд Идэр татаж унаад, ухаан алдаад байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд эмч нар үзэж байснаа эхлээд толгой цээжний зураг авахуул гэхэд зүгээр байсан. Дараа нь эхо-д харуулахад яаралтай хагалгаанд оруулна, дотор шингэнтэй байна гэж хэлсэн. Ингээд тухайн шөнөдөө хагалгаанд орж гэмтлийн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлсэн. Эмч нь оношийг нь хэлэхдээ дотуур цус алдалттай, элэг нь хоёр см язралттай байна гэж хэлсэн. ...Хажуу айлын хүн болох Мөнгөнсүх залуу намайг өшиглөсөн гэж Идэр надад хэлж байсан...” /хх-ийн 28-29, 122 тал/,

гэрч Г.Батзоригийн “...2015 оны 8 дугаар сарын 19-ний орой ажлаа тараад 22 цагийн орчим гэртээ очтол манай найз Идэр хүнд зодуулсан, манайд цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд түргэн дуудсан боловч түргэний машин ирээгүй. Идэрийг ах нь гээд Түвшинтөгс гэх залуу өөр нэг залуутай хамт эмнэлэг рүү аваад явсан. Харин би Идэрийг хэнд зодуулаад ямар гэмтэл учирсныг нь мэдэхгүй байна. Ил харагдах ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй байсан. Элгээ тэврээд уйлаад, эвхэрч хэвтээд байсан. Сүүлд нь сонсоход манай байрны нөгөө талын орцны ах зодсон гэж хэлж байсан. Түүнийг нь би танихгүй, зүсийг нь бол харж байсан. Манай найз Идэрийг эхнэртэйгээ хардаад зодсон юм шиг байна лээ. Уг нь хардаад байх зүйл байхгүй. Эхнэр нь манайд хааяа орж ирж бид хоёрын утсыг гуйгаад нөхөр рүүгээ ярьдаг байсан юм. Түүнээс биш эхнэрийг нь хардуулах ямар нэгэн зүйл хийгээгүй. Тухайн орой Идэрийн ах Түвшинтөгс болон Уранбэрх мөн Дөлгөөнөө гэх миний найз, түүний найз эмэгтэй, бас цагдаа нар байсан...” /хх-ийн 30-31 тал/,

гэрч Г.Баттулгын “...Би машинаа янзлаж дуусаад гэр рүүгээ ороод, машинаа угааж цэвэрлэх гээд буцаж гарч ирэх үед 19:00 цаг өнгөрч байсан байх. Тэр үед байрны орцноос нөгөө согтуу явсан залуу болон мөн байранд амьдардаг зүс таних /Мөнгөнсүх/ залуутай заамдалцаад орцноос гараад ирсэн. Тэгэхээр нь би та хоёр юу болоод байгаа юм бэ, больцгоо гэж хэлтэл эрүүл байсан /Мөнгөнсүх/ залуу ажлаасаа гэртээ ирээд байж байтал энэ залуу гаднаас орж ирээд надад учир зүггүй агсам, согтуу тавиад байна гэсэн. Би тэр үед нь та хоёр одоо больцгоо, наад залуу чинь согтуу байна, битгий цохиж, зодоорой гэж нөгөө залууд хэлсэн. Тэгээд тэр хоёр салцгаагаад нөгөө залуу гэр рүүгээ яваад орсон. Харин согтуу залуу орилоод л явган суугаад үлдсэн. Би тэр залууд очиж одоо ахын дүү орж унт, битгий согтуудаа айлын гэрт орж, агсам согтуу тавиад бай гэж хэлээд гэр рүүгээ орсон. Харин тэр залуу суугаад үлдсэн. Тэгээд удаагүй гэртээ орж цай уугаад гарч ирэхэд тэр залууг өдөр нь хамт явж байсан хоёр эмэгтэйгийнх нь нэг буюу шар үстэй эмэгтэй нь аваад явж байсан. Өөр ямар нэгэн зүйл хараагүй...” /хх-ийн 32-33 тал/,

гэрч Э.Түвшинтөгсийн “...Би тухайн орой буюу 2015 оны 8 дугаар сарын 19-нд хамаатны хүн болох Уранбэрхийн хамт өөрийн ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд Идэрийн гэрийн гадуур явж байгаад Идэрийнх рүү явж орсон. Тэгтэл гэрт нь хоёр цагдаа ирчихсэн байсан ба Идэр газар эвхэрээд уначихсан байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар Идэрээс асуухад энэ хүн намайг эхнэртэйгээ хардаад гэрийнхээ гадаа боож унагаагаад дээрээс дэвссэн гэж хэлсэн. Тэр үед гэрт нь нөгөө зодсон гээд байгаа залуу эхнэртэйгээ байсан, мөн Идэрийн найз гэх хоёр эмэгтэй байсан. Харин гаднаас Идэртэй хамт амьдардаг найз нь болох Зоригоо гэх залуу орж ирсэн. Тэгээд цагдаа нар нөгөө зодсон гээд байгаа залууг аваад явсан. Харин би Идэрийг Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд очоод үзүүлтэл Хан-Уул дүүргийн эмнэлгийн хүлээн авахын эмч чи гэмтлийн эмнэлэг рүү энэ хүнээ авч яв гэж хэлэхээр нь гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлтэл эход харуул гэсэн. Тэгээд эход харуултал дотор шингэнтэй байна яаралтай хагалгаанд оруул гэж хэлсэн. Тэгээд хагалгаанд ороод эмнэлгийн мэс заслын тасагт долоо хоног хэвтэн эмчлүүлсэн шиг санаж байна. Одоогоор Идэрийн биеийн байдал нь гайгүй байгаа, эмнэлгээсээ гарсан. Тухайн үед Идэр бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан, амнаас нь үнэртэж байсан. Гэхдээ согтолтын зэрэг нь гайгүй байсан. Идэр надад хэлэхдээ намайг зодуулж байхад манай байрны Тулгаа ах харсан. Тэр ах гадаа машинаа арчаад зогсож байсан, мөн тэр ах бид хоёрыг салгасан гэж надад хэлсэн. Түүнээс өөр ямар нэгэн хүн харсан, үзсэн талаар надад ямар нэгэн зүйл ярьж хэлээгүй. Идэрийг тухайн үед эмнэлэг рүү авч явж байхад ил харагдах гэмтэл шарх биед нь байгаагүй. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд элэг нь хоёр см язарч дотуураа цус алдсан гэж байсан...” /хх-ийн 34-35 тал/,

гэрч Х.Лхагвацэндийн  “...2015 оны 8 дугаар сарын 19-ний өглөө манай нөхөр Мижиддоржийн Мөнгөнсүх ажилдаа яваад орой 20:00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгээд намайг хоолыг нь халааж өгөх гэж байхад тамхи татчихаад ороод ирье гээд гарсан. Орж ирэхдээ хажуу талын орцонд байдаг манайхаас давс ус гуйгаад байдаг залуу согтуу ирчээд надад томроод байхын тэгэхээр нь хажуу хаалганы Тулгаа ах чи согтуу байна зүгээр байгаа хүн рүү дайрч давшилахаа болиоч, гэр рүүгээ ор гэж хэлээд явуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би хоолыг нь аягалаад өгтөл гаднаас нөгөө орцны залуу манай хаалгыг маш хүчтэй татаж орж ирээд та нарыг ална, шөнө унтаж байхад чинь түйвээнэ, харж байгаарай гэх мэтээр орилж хашгирсан. Тэгтэл манай нөхөр чи яахаараа айл гэрт орж ирээд ингэж агсам согтуу тавьдаг юм гэж хэлэхэд нөгөө залуу шууд манай нөхрийг заамдаад авсан. Нөхөр маань ч зөрүүлээд заамдалцаад гарахаар нь би араас нь гарахад нөгөө залуу нь манай нөхөр рүү агсарсан хэвээрээ байсан ба намайг зод, цохь, чамайг харъя л даа гээд байсан. Тэгтэл хажуу хаалганы Тулгаа ах ирээд нөгөө залууд чи ямар сонин юм бэ, айлд агсам тавиад яаж байгаа юм бэ гээд салгаж авсан. Тэгэхээр нь би нөхрийгөө аваад гэр рүүгээ орсон. Харин нөгөө залуу гадаа ганцаараа суугаад үлдсэн. Манай нөхөр надад хэлэхдээ намайг гадаа тамхи татаж байхад л тэр залуу өөрөө ирж агсам тавьсан гэж хэлсэн. Манай нөхөр тэр залууг цохиж, зодсон зүйл байхгүй. Манай нөхөр Мөнгөнсүх нь урьд өмнө нь найзуудтайгаа нэг удаа караокед хамт байхдаа Давка гэдэг залуутай намайг хардаж, надтай хэрүүл хийж байсан удаа бий. Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсч шалгагдаад, дахин ийм асуудал гарахгүй ээ гээд хэрэгсэхгүй болж байсан. Намайг сүртэй цохиж, зодсон асуудал байхгүй. Ганц нэг удаа хацар луу алгадаж зодсоноос болоод ийм асуудал үүсч байсан юм. Намайг энэ асуудлаас өөр цохиж зодсон удаа байхгүй. Ойрын үед ч ямар нэгэн хэрүүл маргаан, хардалттай холбоотой асуудал байхгүй байгаа...” /хх-ийн 36-37 тал/,

гэрч Ц.Цэнд-Очирын “...Идэр манай эмнэлэгт анх ирэхдээ биеийн байдал хүнд, хэвлийгээр өвдсөн зовиуртай байсан. Ингээд яаралтай журмаар хэвлийн мэс засалд орж, элэгний задрал нь оёогдсон. Өвчтөн хагалгааны дараа эмийн болон боолт эмчилгээ хийгдээд 6 хоног хэвтэн эмчлүүлээд эмнэлэгээс гарсан. Хийгдсэн эмчилгээ болон биеийн байдал нь ямар байсан талаар өвчний түүхэнд бичигдсэн байгаа...” /хх-ийн 80 тал/,

гэрч Н.Цогтхүүгийн “...Идэр миний ганц хүүхэд байгаа юм. Манай гэр хол биокомбинатад байдаг болохоор миний хүү Идэр нь хотын төвд нэг найзтайгаа байр түрээслэн амьдарч байсан. 2015 оны 8 дугаар сарын 20 шөнө гэмтлийн эмнэлгээс миний гар утас руу залгаад таны хүүхэд Идэр манай эмнэлэгт элэгний хагалгаанд орж байна, дотуур цус их алдсан гэхээр нь би такси барьж гэмтлийн эмнэлэг рүү тэр шөнөдөө очиход миний хүүхэд хагалгаанд орчихсон байсан. Тэгээд би хагалгаанд орсон эмчтэй нь уулзахад таны хүүгийн элэг 2-3 см хэмжээтэй язарсан, дотуур цус алдалттай байна гэж хэлсэн. Тэгээд ухаан оронгуут нь би хүүгээсээ юу болсон талаар асуухад миний түрээслэдэг байрны хөрш залуу намайг эхнэртэйгээ хардаад зодоод би эмнэлэгт хүргэгдэж ирсэн гэж хэлсэн. Миний хүүхэд гэмтлийн эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. Тухайн үедээ биеийн байдал нь хүнд байсан одоогийн байдлаар эмчилгээ хийлгээд гайгүй болсон байгаа. Гэхдээ одоо хүнд хүчир ажил эрхэлж болохгүй төдийгөөс өдий хүртэл ажилгүй байгаа учраас хүүгийнхээ өмнөөс маш их гомдолтой байна. Хүүгийнхээ эмчилгээнд зориулж нийт 700,000 гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Энэ нь баримтаараа байгаа. Мөн баримтгүй нааш цааш явахаас эхлээд урсгал зардал маш их гарсан байгаа. Миний хүүхэд урд өмнө нь биедээ ямар нэгэн гэмтэлгүй, эрүүл саруул өөрийнхөө ажлыг хийгээд л явдаг байсан...” /хх-ийн 81-82 тал/,

шинжээч эмч Н.Туяагийн “...Хохирогч Идэрийн биед учирсан гэмтэл нэг удаагийн хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба уг гэмтлийг авсны дараа идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой. Хохирогч уг гэмтлийг авсны дараа хэвлийгээр нь өвдөж зовиурлана...” /хх-ийн 84 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 12183 дугаар “...Ц.Идэрийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40 тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогджээ.

 

М.Мөнгөнсүхэд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

М.Мөнгөнсүхийн хохирогч Ц.Идэртэй маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь “...хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралт...” гэх хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “...Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулжээ.  

 

Анхан шатны шүүх М.Мөнгөнсүхийн үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд бүрэн тохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх иргэний нэхэмжлэлийг зөв дүгнэж шийдвэрлэсэн байх тул ялтан М.Мөнгөнсүхийн “...гэмт хэрэг үйлдээгүй...” талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Мөн Ц.Идэрийн бие махбодид “...хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралт...” гэсэн гэмтэл учирсан болох нь:

гэрч Н.Цогтхүүгийн “...2015 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гэмтлийн эмнэлгээс миний гар утас руу залгаад таны хүүхэд Идэр манай эмнэлэгт элэгний хагалгаанд орж байна, дотуур цус их алдсан гэхээр нь би такси барьж гэмтлийн эмнэлэг рүү тэр шөнөдөө очиход миний хүүхэд хагалгаанд орчихсон байсан. Тэгээд би хагалгаанд орсон эмчтэй нь уулзахад таны хүүгийн элэг 2-3 см хэмжээтэй язарсан, дотуур цус алдалттай байна гэж хэлсэн...” /хх-ийн ..тал/,

гэрч Э.Түвшинтөгсийн “...би Идэрийг Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд очоод үзүүлтэл Хан-Уул дүүргийн эмнэлгийн хүлээн авахын эмч чи гэмтлийн эмнэлэг рүү энэ хүнээ авч яв гэж хэлэхээр нь гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлтэл эход харуул гэсэн. Тэгээд эход харуултал дотор шингэнтэй байна яаралтай хагалгаанд оруул гэж хэлсэн....” /хх-ийн 34-35 тал/,

гэрч Ч.Уранбэрхийн “...юу болсон талаар Идэрээс асуухад тухайн үедээ хэлэх тэнхэлгүй байсан. Тэгээд бид хоёр Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү аваад очиход Хан-Уул дүүргийн жижүүрийн эмч нь манай харъяаллынх биш, энэ хүнээ гэмтлийн эмнэлэг рүү авч яв гэсэн. Ингээд бид хоёр гэмтлийн эмнэлэг рүү авч явж байх замд Идэр татаж унаад, ухаан алдаад байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд эмч нар үзэж байснаа эхлээд толгой цээжний зураг авахуул гэхэд зүгээр байсан. Дараа нь эход харуулахад яаралтай хагалгаанд оруулна, дотор шингэнтэй байна гэж хэлсэн. Ингээд тухайн шөнөдөө хагалгаанд орж гэмтлийн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлсэн. Эмч нь оношийг нь хэлэхдээ дотуур цус алдалттай, элэг нь хоёр см язралттай байна гэж хэлсэн...” /хх-ийн 28-29, 122 тал/ гэх мэдүүлгүүд,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “...хэвтэх үеийн зовиур: Хэвлийгээр хүчтэй өвдөнө. ...жижүүр эмчийн үзлэг: -...хэвлийн өнгөц тэмтрэлтээр эмзэглэлтэй, хэвлийн дээд хэсгээр эмзэглэл ихтэй. Гүн тэмтрэлтээр нэлэнхүйдээ эмзэглэлтэй. Эхо:-хэвлийн хөндийд сул шингэнтэй. ...Мэс заслын тэмдэглэл: Мэс засал эхэлсэн 2015 оны 8 сар 20 өдөр 02 цаг 30 минут. Үргэлжилсэн цаг -1ц ...Хэлийн хөндийд 200 гаруй ml цустай. ...эрхтнүүдийг шалгахад элэгний баруун, зүүн дэлбэнгийн завсарт элэг 3 см задарсан байсанд Z оёдол тавьж цус тогтоолт хийв...мэс засал хийсэн эмч Цэнд-Очир, Ганзориг...” гэх 9008 дугаартай Өвчний түүх /хх-ийн 51-56 тал/ зэргээр нотлогдсон,

 

Ц.Идэрийн бие махбодид учирсан “...хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл...” нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 дахь заалтад заасан “...хэвлийн битүү гэмтэл; Үүнд ...хэвлийн хөндийн эрхтнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах, үүний улмаас ...хэвлийн хөндийд цус хуралдах гэмтэл...” хамаарна гэсэнд заасан гэмтэл мөн байх тул  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 12183 дугаар “...Ц.Идэрийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40 тал/-ийг үндэслэл бүхий нотлох баримт мөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд ялтан М.Мөнгөнсүхийн “...Элэг бяцарсан гэх дүгнэлтийг 3-4 эмчийн бүрэлдэхүүнтэй гаргах байхад 1 эмчийн гарын үсэгтэй байсан. Энэхүү дүгнэлтэд гомдолтой...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Мөнгөнсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ГАНСҮХ

 

                        ШҮҮГЧИД                                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                                                                   Д.ОЧМАНДАХ