2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2026/02707

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 23 191/ШШ2026/02707

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .... хаягт оршин суух, ******* овогтой ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....хаягт оршин суух, ******* овогт ******* *******/РД:*******/-д холбогдох,

60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баатар овогтой ******* 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бид уулзаж, Нийслэлийн тойргийн нотариатаар баталгаажуулан, хариуцагч нь надаас авсан зээлийн нийт үлдэгдэл 60,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ны дотор буцаан төлөхөө өөрийн гараар бичиж баталгаажуулсан өрийн бичиг үйлдсэн (нотариатын гэрчилгээ №146 хавсаргав). Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар хариуцагч нь ямар нэгэн төлбөр төлөөгүй, утсаа авахгүй, ор сураггүй байдалтай байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаа хэдийн дууссан. Надад хохирол учруулсан, хууль ёсны өр төлбөрөө биелүүлэхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч Баатар овогтой *******аас надад төлөх ёстой 60,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.******* нь 2025.10.24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, нөлөөллийн мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх, үүрэгтэй танилцсан боловч хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар, нотлох баримт гаргах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, 2026.02.02, 2026.02.23-ны өдрийн шүүх хуралдаануудад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.05.01 гараар бичсэн хүсэлт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, шилжүүлгийн мэдээлэл, 2025.09.23 өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

3.    Хариуцагчаас шүүх хуралдаанд хүсэлт бичгээр гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

5. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

 

а/ Хариуцагч Б.******* нь машин угаалгын газар ажиллуулах зорилгоор 2023 оны 12 дугаар сард нэхэмжлэгч Б.*******оос 50,000,000 төгрөг зээлсэн, бөгөөд талууд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэсэн боловч гэрээний төсөл дээр гарын үсэг зураагүй. Тухайн үед хуурай ах дүүс байсан учраас итгээд 50,000,000 төгрөгийг зээлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Улмаар 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр уулзаж, Б.******* нь Б.*******д төлөх ёстой 50 сая төгрөгийг 2025.08.01-ний өдөр гэхэд 60,000,000 төгрөг болгож буцаж өгөхөөр тохирсон тул Б.*******ын бичиж өгсөн баримтыг нотариатаар баталгаажуулсан. Гэвч 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үүргээ гүйцэтгээгүй тул 60 сая төгрөгийг нотариатаар батлуулсан зээлийн баталгааны дагуу шаардана гэжээ.

6. Хариуцагч Б.******* нь 2025.10.24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, нөлөөллийн мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх, үүрэгтэй танилцсан боловч хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар, нотлох баримт гаргах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, 2026.02.02, 2026.02.23-ны өдрийн шүүх хуралдаануудад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

7. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

8. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******ын саналын дагуу 50,000,000 төгрөгийг 2023.11.28-ны өдөр шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн хуудсаар тогтоогджээ. /хх-7/

 

а/ Энэхүү 50,000,000 төгрөгийг Б.******* нь Б.*******т шилжүүлэх болсон шалтгаан, үндэслэлийг тайлбарлахдаа, Б.******* нь машин угаалгын газар ажиллуулдаг байсан. Дахин салбар нээх гэж байгаа мөнгө хэрэгтэй байгаа тул 50,000,000 төгрөг зээлвэл машин угаалгын үйл ажиллагаанаас олсон ашгаасаа тодорхой хэмжээний хувь тохиролцож өгнө гэсэн тул 50,000,000 төгрөг зээлсэн. Гэвч зээлсэн мөнгийг болон ямар ч ашиг өгөөгүй худал хэлж алга болсон. Улмаар 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр уулзаж, 2025.08.01-ний өдөр гэхэд зээлсэн 50 сая төгрөгийг 60 сая төгрөг болгож өгнө гэж Б.******* баталгаа гаргаж, нотариатаар баталгаажуулсан боловч үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч няцаагаагүй, нэхэмжлэгч Б.*******ын хариуцагчид холбогдуулан гаргасан 60 сая төгрөгийн шаардлагатай холбогдуулан аливаа тайлбар, татгалзал гаргаагүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаангүй гэж үзнэ.

 

9. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******т 2023.11.28-ны өдөр 50,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдсон, харин уг мөнгөн төлбөрөөс хариуцагч буцаан төлсөн гэх үйл баримт нотлогдоогүйгээс гадна Б.*******д хүсэлт гаргах нь гэсэн гар бичмэлд Баатар овогтой ******* /РД:84042973/ миний бие 2023.11.28-ны өдөр өөрийн *******/Хаан банк/ дансанд 60,000,000 төгрөгийг Б.******* /РД:/-оос зээлж авсан нь үнэн болно. Дээрх мөнгийг 2025.08.01-өдрийн дотор төлж дуусгана гэж бичсэн, мөн өдөр уг гар бичмэлийг бүртгэлийн №445 дугаартай нийслэлийн тойргийн нотариатч Т.Отгонбаяр нь үйлдлийн үнэн зөвийг №146 дугаар бүртгэлээр гэрчилжээ.

 

10. Хэдийгээр тухайн бичигт 60 сая төгрөгийг Б.*******оос Б.******* нь зээлж авсан агуулга тусгагдсан нь Б.******* нь Б.*******т анх 50,000,000 төгрөг зээлсэн гэх үйл баримтаас зөрүүтэй байх боловч, Б.******* нь ашиг олох зорилгоор 50 сая төгрөгийг анх Б.*******т зээлсэн, Б.******* нь уг мөнгөн хөрөнгийг буцаж өгөлгүй ашигласантай холбоотойгоор 2025.08.01-ний өдөр гэхэд 60 сая төгрөг болгож өгнө гэж талууд 2025.05.01-ний өдөр тохирсны үндсэн дээр баталгаа бичгийг үйлдсэн, уг баталгааны талаар маргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлага эрх зүйн үндэслэлтэй байна.

 

11. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан, хариуцагч Б.******* нь талуудын хооронд 2023.11.28-ны өдөр байгуулсан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөгийг 2025.08.01-ний өдөр гэхэд төлөхөөр хүлээн зөвшөөрч 2025.05.01-ний өдөр баталгаа гаргасан байх тул хариуцагч Б.*******аас 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

12. Хариуцагч Б.******* нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг 2025.10.24-ний өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй, Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа буюу 2026 оны 02 дугаар сарын 02, 23-ны өдөр болох шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хуралдаанд ирээгүй, цагдаагийн байгууллагаар албадан ирүүлэхээр даалгасан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, албадан ирүүлэх ажиллагаа амжилтгүй болсон байна.

 

13. Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан, эрх үүрэгтэйгээ танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

14. Эдгээр үндэслэлээр хариуцагч Б.*******т холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч  Б.*******оос улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн  457,950  төгрөгийг  улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч  Б.*******аас 457,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД