Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/02

 

 

 

 

 

 

  2025       12        24                                            2026/ДШМ/02

 

 

Л.Бад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                                Ц.Л

Шүүгдэгч                                                                 Л.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Д.О

            Нарийн бичгийн дарга                                         Г.Энэрэл нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 477 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Л.Бын давж заалдах гомдлыг үндэслэн Л.Бад холбогдох     дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Л-н Б, Монгол Улсын иргэн

 

Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2025 оны 05 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг 40 минутын орчимд       аймгийн         сумын        багийн нутаг дэвсгэрт “П” дэлгүүрийн урд талын авто зам дээр        улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодсон,

 

үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр     аймгийн    сумын    багийн нутаг дэвсгэр 3 замын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ      улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн,

 

2025 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ    аймгийн     сумын      багийн    тоотод 01 цагийн орчимд найз охин Ч.Х-тай урьдын харилцааны явцад бий болсон маргааны улмаас маргалдаж, хоолойг нь боох, алгадах зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи болон нүдний урд булан, зүүн шанаа, хүзүүний баруун хэсэг, хоёр мөр, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

2025 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ     аймгийн   сумын     багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл дотор хохирогч О.Б-н толгой руу цохих, үсдэх, толгой руу аягаар цохиж, эрүүл мэндэд нь “дагзанд шарх, баруун нүдний зовхи, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

2025 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө         аймгийн   сумын  багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Б-н эзэмшлийн Iphone Хr загварын гар утсыг газарт шидэн дэвсэлж, дахин ашиглах боломжгүй болгон 310,000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгө устгах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Б овгийн Л-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар

 шүүгдэгч Л.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тооцож,

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 26 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял, 1.250.000 төгрөгөөр торгох ялыг 83 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил, 4 сар, 26 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2 жил 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бад оногдуулсан 2 жил 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бад оногдуулсан 3 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баас 310 000 төгрөг гаргуулан хохирогч О.Б-д олгож, 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч О.Б  сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдолдоо:

“... миний бие мөрдөн байцаалтын үед өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийд хэлээгүй, мөн прокурорт болон мөрдөгч хууль мэдэхгүй, өмгөөлөгч ч авч чадаагүй надад тайлбарлаж өгөөгүй. Эрүүгийн хуулиар гэм буруугаа хүлээсэн хүнд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломж олгоогүй нь миний хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж байгаа болохоор хуулиар хохирол төлөхөөр завсарлага авч болох талаар боломж олгоогүй, энэ талаар мэдлэггүй болохоор эрх зүйн байдал маань дордож байгааг ойлгоогүй билээ. Би хохирогч Б-д 310.000 төгрөгийг төлсөн. Мөн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгийн торгуулийн ялын үлдэгдэл болох 1.250.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.

Би “Э” төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд ороод 3 жил болж байгаа бөгөөд аав, ээж хоёр маань хүнд өвчтэй, би харж асардаг билээ. Манайх Улаанбаатар хотын     дүүрэгт амьдарч байгаад аав, ээжийгээ эрүүл агаарт байлгахаар Орхон аймагг шилжин ирж амьдарч байна. Аав авто ослын улмаас хараа сонсголын бэрхшээлтэй болж, байнгын халамж асаргаанд байдаг. Ээж минь үе мөчний хэрх болон сахарын өвчтэй бөгөөд хоолой нь үе үе боогдох асуудалтай байдаг тул дэргэд нь байнга харж хандаж, асрах шаардлагатай байдаг. Миний бие огт гэрлээгүй, архи дарс хэрэглэдэггүй бөгөөд аав, ээжийнхээ өвчнийг бодож үе үе шаналж, цөөн тохиолдолд хямран ганц нэг дарс хүртдэг минь үнэн. Энэ байдлаас болж өөрийн амьдралыг алдсан гэдгээ ухаарч байна Намайг хорих ял авч хоригдохоор аав, ээжийг маань эмчилгээнд хүргэх болоод асарч харах хүнгүй болж байгаад сэтгэл үнэхээр их зовж байгаа билээ. Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Иймд эрхэм шүүгч та бүхэн дээрхи байдлыг маань харж үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү ...” гэжээ.

Хохирогч О.Б тайлбартаа:

“... Одсайхан овогтой Б Баас хохирлын мөнгө 350.000 төгрөг авч хохирол барагдсан тул гомдолгүй гэж үзэж Бын ялыг хөнгөлж өгнө үү ...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Б тайлбартаа: ... Өөрийн үйлдэл ухаангүй үйлдэл давтан гаргасандаа маш их харамсаж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... давж заалдах гомдлыг дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Бын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Л Б нь:

-Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 14-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ          аймгийн   сумын       багийн нутаг дэвсгэрт “П” дэлгүүрийн урд талын авто зам дээр 62-   улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь

Эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “... Л.Б, Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон: Драгер ... 9111 серийн дугаартай хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалт 0.69 % ...” гэсэн тэмдэглэл,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “... үлээлгэхэд 0.69 хувийн согтолттой байв. Уг дүрс бичлэгэнд Л.Б согтуурал хэмжих багажаар үлээлгэсэн согтолтын зэргийг харуулж гэрэл зургаар бэхжүүлж байгаагаар дүрс бичлэг дуусч байна ... ” гэсэн тэмдэглэл,

Гэрч Б.Э-н “...        Приус-30 маркийн хар саарал өнгийн машиныг зогсоож шалгахад архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учраас согтуурал хэмжих багажаар үлээлгэхэд 0.69 хувийн согтолттой байсан... шалгахад жолоодох эрхээ хасуулсан байсан ... ” гэсэн мэдүүлэг,

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

Жолоочийн лавлагаа, мэдээллийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар,

 -2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ         аймгийн         сумын      багийн нутаг дэвсгэр 3 замын орчимд    улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь

Эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “... Л Б ... шалгуулахаас зайлсхийсэн ...” гэсэн тэмдэглэл,

мөрдөгчийн “... хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах, согтуурлын зэргийг тогтоох зорилгоор согтуурал шалгах багажаар шалгах гэтэл холбогдогч Л-н Б нь согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан ... ” гэсэн тэмдэглэл,

гэрч Т.У-н “...         аймгийн       сумаас     аймгийн нутаг дэвсгэр рүү орж ирдэг 3 замын уулзвар дээр хяналт шалгалт хийж байтал     улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийг хэрэгслийг зогсоон шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь илтэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул согтуурал шалгах тандагч багаж болон драгер багажаар шалгах гэтэл тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийсэн ... Би тухайн явдлыг нүдээр харсан ба би тухайн үед өөрөө шалгасан ...” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Л.Бын яллагдагчаар өгсөн “...би        аймгийн     сумын нутаг дэвсгэрт байх 4 дүгээр подемын урд талын хүнсний дэлгүүрээс       аймгийн      сум руу орж ирдэг гурван замын уулзвар хүртэлх хугацаанд жолоодож явсан ... өөрийн найз У, Б хоёртой хамт явж байсан. Би тухайн үед цагдаагийн алба хаагчид согтуурал шалгах багажаар шалгуулахаас зайлсхийсэн юм ... тухайн үед би хоёр лааз Сэнгүр нэртэй пивыг уучихаад тээврийн хэрэгсэл жолоодсон. Өөрийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна ... ” гэсэн мэдүүлэг,

мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... жолоодох эрхээ хасуулсан байсан, мөн өдөр нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул шалгуулаагүй ... ” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

-2025 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ     аймгийн        сумын     багийн     тоотод 01 цагийн орчимд найз охин Ч.Х-тай урьдын харилцааны явцад бий болсон маргааны улмаас маргалдаж, хоолойг нь боох, алгадах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч Ч.Х-н “... 04 сарын 16-ны шөнө 00 цагийн үед ажлаасаа ирлээ гээд шал согтуу хаалга нүдээд үлдээсэн хувцсаа авна гэхээр нь хаалга тайлаад оруулсан ... хажууд ирээд хувцастай хэвтэхээр нь чи яв гэсэн чинь намайг гараараа хүзүүдээд боохоор нь амьсгалж чадахгүй байсан болохоор гарыг нь хазсан чинь уурлаад дээр гарч байгаад хоёр гараараа миний хоолойг боогоод би хана руу хөлөөрөө жийж байгаад арайхийж босоход араас татаж газар хэвтүүлж байгаад миний хоёр гарыг хөлөөрөө дараад намайг хэд хэдэн удаа нүүр лүү чанга алгадсан ... тэгэхэд миний хамарнаас цус гарсан болохоор ухаан орсон уу яасан гайгүй болоод миний гар утсыг оролдоод мессеж рүү ороод хүмүүстэй хардаад байсан ... би аргадаад хэвтүүлээд унтуулсан ... би зөрж гараад хамаатны эгч Нарантуяагийн гэр лүү таксигаар очсон ... ” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Н-н “ ... гэртээ унтаж байхад шөнө 02 цагийн үед над руу Х залгаад та гэртээ байгаа юм уу гэхээр нь байна гэсэн чинь салгаад удалгүй хүрээд ирсэн ... Х-н хоолойг боогоод алгадаад цохиод зодсон гэж хэлсэн, хоолой нь улайгаад боосон шинжтэй нэг нүд нь хөхөрсөн, уруул нь энд тэндээ хөхөрсөн байдалтай уйлчихсан ирсэн  ... ” гэсэн мэдүүлэг,

шинжээчийн ОРХ 0725/539 дугаартай “ ... Ч.Х-н биед зүүн нүдний зовхи болон нүдний урд булан, зүүн шанаа, хүзүүний баруун хэсэг, хоёр мөр, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... дээрх гэмтэл нь ... хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ... ” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

-2025 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ    аймгийн     сумын     багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл дотор хохирогч О.Б-н толгой руу цохих, үсдэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн түүний эзэмшлийн Iphone ХR загварын гар утсыг газарт шидэн дэвсэлж, дахин ашиглах боломжгүй болгон 310,000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгө устгах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

хохирогч О.Б-н “ ... У-н машин дотор Б нь архи уусан унтаж байсан тэгээд намайг орсон чинь сэрсэн. Тэгээд эргэж хараад намайг доромжлоод байсан. Тэгэхээр нь би тэсэлгүй барьж байсан аягатай пивыг нүүр рүү нь цацсан чинь эргэж хараад толгой хэсэг рүү цохиод намайг үсдэж дараад нэг гараараа толгой хэсэг рүү нилээн цохиод байсан. Тэгээд би гартаа байсан аягаа өөр лүү нь шидсэн чинь тэр аягыг барьж аваад миний толгой хэсэг рүү цохиод миний толгой орой хэсгээрээ хагарсан цус гарсан байсан. Тэгээд намайг дахиад толгой руу, миний баруун нүд рүү бас цохиод байсан ... манай гэрийн үүдэнд очоод Б нь машинаас буугаад үсдэж буулгасан ... хашааны хаалган дээр буулгаад би машин руу чулуу аваад шидсэн Б гүйж ирээд өшиглөж унагаасан, тэгсэн чинь миний гар утас газар унасан чинь дээр нь дэвсээд эвдэлсэн ... ” гэсэн мэдүүлэг,

хохирогч О.Б-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,

гэрч Т.У-н “... 20-30 минутын дараа уйлаад ороод ирэхээр нь би асуусан, зодуулчихлаа гэсэн. Б намайг доромжлоод байсан тэгээд бид 2 маргалдсан, тэгээд намайг үсдэж дараад тавихгүй байхаар нь ууж байсан пивыг цацсан чинь миний өөдөөс пивоны аягаар толгой руу цохисон гэсэн ...” гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.У-н “... тэр хоёр маргалдаад байх шиг байхаар нь хаалгаа онгойлгосон чинь Б ах наадхаа хар л даа над руу пиво цацаад аягаа над руу шидчихлээ гээд орилоод уурлаад байсан. Б-г буу гээд хөөгөөд байсан. Тэгээд Б буухгүй болохоор нь Б ах аягаа Б руу шидсэн. Тэгэхэд толгой дээр нь онох шиг болсон, Б буухгүй болохоор нь би машинаа хөдөлгөөд Б-н гэрийн үүдэнд очоод зогссон, тэгэхэд Б ах машинаас буугаад Б-г машинаас чирээд буулгасан ... Б ах Б-г гэр лүү нь оруулах гэж байхдаа хашааны үүдний тэнд утсыг нь дэвссэн байж магадгүй ... ” гэсэн мэдүүлэг,

шинжээчийн ОРХ 0725/694 дугаартай “ ... О.Б-н биед дагзанд шарх, баруун нүдний зовхи, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... дээрх гэмтэл нь ... хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ... ” гэсэн дүгнэлт,

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон “... Iphone XR 310.000 төгрөг ... ” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б овгийн Л-н Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 сар 26 хоногийн хугацаагаар хасах ял, 1.250.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2 жил 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.Б нь давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбаруудыг гаргаж, өөрт холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан боловч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаарх санал хүсэлт гаргаагүй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж тодорхой заасан тул шүүгдэгч Л.Бын дээрх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Түүнээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой ... ” гэсэн саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан боловч шүүгдэгч Л.Б нь бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн үйлдлийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Б-н гар утсыг дэвссэн зүйл байхгүй, гар утсыг нь хараагүй. Утас хагалж гэмтээсэн асуудлаа хүлээн зөвшөөрөхгүй ... ” гэсэн мэдүүлгийг удаа дараа өгч байсан тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Л.Б нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 1.250.000 төгрөгийг дээрх хэрэг хянан шийдвэрлэгдсэнээс хойш буюу 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлж барагдуулсан талаарх баримтыг ирүүлсэн байх боловч анхан шатны шүүх түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Бын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 477 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Бын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Л.Б нь хохирогч О.Б-д хохирол төлбөрт 350.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЖАРГАЛТУЯА

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР