| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2026/00094/И |
| Дугаар | 141/ШШ2026/00105 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 141/ШШ2026/00105
| 2026 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 141/ШШ2026/00105 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн даргаар Б.Батхүүг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Ш овогт Тын Нын нэхэмжлэлтэй, Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие ******** нэгдэлд 1981 онд малчнаар ажилд орж 1983 онд цэрэгт явтлаа тасралтгүй ажиллаж байсан. Цэргээс 1986 онд халагдаж ирээд үргэлжлүүлэн 1986 оны 08 дугаар сараас 1992 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Миний бие одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажиллаж байсан үеийн тушаал шийдвэр байхгүй учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Т.Н нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...Миний бие Н 2026 оны 03 сарын 20-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Учир нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Иймд шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэж өгнө үү. Мөн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ************** нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна... гэжээ.
Нэхэмжлэгч Т.Н нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Н нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул тухайн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Нэхэмжлэгч Т.Н нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ************** нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
- Ш овогт Тын Н ************** дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,
- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 5092 тоот дугаартай ...Тын Н БХЯ-ны сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар ******* аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн ***** дугаар ангид алба хааж байгаад Цэргийн госпиталийн эмч нарын комиссын 1986.04.25-ны өдрийн 174 дүгээр магадалгааг үндэслэн ЗХЖШ-ын 4 дүгээр газрын 1986.05.09-ний өдрийн 5/2385 дугаар албан бичгээр өвчний учир цэргийн албанаас халагдсан... гэсэн лавлагаа,
- *********** дугаартай: ...Ш овогт Тын Н /***********/ нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 8 жил, 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав... гэсэн нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны хуулбар,
- ******* аймгийн ********лээс Т овогтой Над 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтэр нээн олгож ...1981 онд 1-12 сар, 1982 онд 1-12 сар, 1983 онд 1-5 сар, 1986 онд 8-12 сар, 1987 онд 1-12 сар, 1988 онд 1-12 сар, 1989 онд 1-9 сар... гэсэн ажилласан жил авсан цалинг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь мэдээлэл,
- ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ...Тын Н, РД:*********, эрэгтэй, 1965 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, ********** нэгдэлд хоньчин ажилтай, эрхэлж эхэлсэн он 1986, бүртгэсэн 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдөр... гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
- ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: ...Тын Н, ********лийн *** бригадад хоньчин, 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэсэн... гэж тэмдэглээд түүний зургийг наасан хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбар,
- ******* аймгийн Архивын тасгийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13/339 дугаартай ...1981-1983, 1986-1992 онд ********лийн Оргих бригадад мал маллаж байсан гэх Т.Н суурийн ахлагч В.Б нарын цалингийн тодорхойлолтыг олгов.
1983 онд 2491,22 төгрөг, 1-12 сар, /Т.Н/,
1986 онд 955,8 төгрөг, 10-12 сар, /Т.Н/,
1989 онд 443,87 төгрөг, 1-12 сар, /Т.Н/,
1990 онд 1551,94 төгрөг, 1-12 сар, /В.Б/,
Жич: 1983, 1986, 1989, 1990 онд хүн өдөр тооцоогүй байна. 1981 оны цалингийн цэс, 1981-1983, 1989-1992 оны нэгдлийн даргын тушаалд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай олдохгүй, 1986-1988 оны тушаал, 1982, 1987, 1988, 1991, 1992 оны цалингийн цэс архивд шилжигдэн ирээгүй байна... гэсэн лавлагаа, 1983, 1986, 1989, 1990 оны цалингийн цэсийн хуулбар,
- Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын: ...Тын Н, 1965 оны 05 дугаар сарын 15-нд төрсөн, цэрэгт ирэхээс өмнө 1980 оноос *** бригдад малчин... гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,
- Гэрч Д.Д: ...Нын аав Т, манай аав Д нар их сайн найзууд, хамт наймаа хийдэг байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас бие биенийгээ сайн танина. Нэг айл болон явж байсан. Намайг ********** нэгдэлд үнээ сааж байх үед ********** нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 16 нас хүрээд мал маллаж эхэлсэн. Манайх тэднийхтэй саахалт айл байсан. Т.Н нь цэрэгт явсан талаар тод санаж байна. Надаас цавьдар зүсмийн морь авч яваад цэрэгт явчхаад ирээд өгье гэж хэлээд аваад явсан. Тэгээд цэргээс ирээд өгсөн. Бид нэг нутгийн хүмүүс учраас Ныг 1981 он буюу 16 наснаасаа мал маллаж байсныг сайн санаж байна. Дунд нь цэрэгт явсан он, сарыг нь санахгүй байна. Одоог хүртэл мал маллаж байгаа... гэсэн мэдүүлэг,
- Гэрч Р.Д: ...Н нь манай нутгийн залуу. Ээж Б нь манай нутгийн хүн байгаа юм. Н аав Т 1973 онд нас барсан санагдаж байна. Тэр үеэс буюу 1973 оноос манайхтай саахалт айл болон олон жил явсан. Н нь 16 нас хүрээд мал малласан. Н нь ээж Б, эгч Д, дүү Б, Ч нартай хамт нэгдлийн мал маллаж байсан. Нэгдэл тартал мал маллаж байсан. Манайх тэднийхтэй олон жил хамт зусаж мал малласан учраас Ныг 16 нас хүрээд мал маллаж эхэлсэн. Одоог хүртэл мал маллаж байгааг сайн мэдэж байна... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Т.Нын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ш овогт Тын Ныг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ************** нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ