Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/03

 

 

 

 

 

 

  2025       12        24                                            2026/ДШМ/03

 

 

О.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                                Э.Г

Шүүгдэгч                                                                 О.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        С.Д

            Нарийн бичгийн дарга                                         Г.Энэрэл нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 519 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч С.Дорждулам нарын давж заалдах гомдлыг үндэслэн О.Мд холбогдох      дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овогт О-н М,

 

Шүүгдэгч О.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим    аймгийн     сумын    багийн нутаг дэвсгэрт        улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: О.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Т овогт О-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар         аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн    дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга)  төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 1,396,000 (нэг сая гурван зуун ерэн зургаан мянга) төгрөгийн торгуулийн ялын 15 нэгж буюу арван таван мянган төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 93 (ерэн гурав) хоногоор хорих ялыг тогтоож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 273 (хоёр зуун далан гурав) хоног буюу 09 сар, 03 хоногийн хугацаагаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 8 сар, 1 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 3 (гурав) жил 8 (найм) сар 1 (нэг) хоногийн хугацаагаар тус тус тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан 9 (ес) сар 3 (гурав) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шүүгдэгч О.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд нэмж нэгтгэн оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 8 (найм) сар 1 (нэг) хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолж,

 

Шүүгдэгч О.М нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.М түүний өмгөөлөгч С.Д нар давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүхийн хуралдаанд О.М өмгөөлөгчгүйгээр оролцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хорихоос өөр төрлийн ял оногдуулах санал хүсэлт гаргасан байна. О.М эхнэр, 0-13 настай 4 хүүхдийн хамт амьдардаг. Түүний 2 том хүүхэд нь 11, 13 настай ерөнхий боловсролын сургуулийн 6, 8 дугаар ангийн сурагч, бага охин М.Н 2023.12.09-ний өдөр төрсөн, одоо 2 настай, бага хүү Н 2024.12.18-ны өдөр төрсөн, 11 сартай. Хоорондоо 1 насны зөрүүтэй бага насны 2 хүүхэдтэй учир эхнэр одоогоор ажил хийх боломжгүй, гэртээ хүүхдүүдээ харж байгаа. О.М ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, эхнэр 4 хүүхдээ тэжээдэг.

Хавтаст хэрэгт О.М-н 2 бага хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг О.М-н хувийн байдлыг нотлох баримт авагдсан байна. |51-63х|

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно, 1.1 энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ... гэж тус тус заасан.

Эрүүгийн эрх зүйн ялын онолоор гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь хүнлэг энэрэнгүй ёс, ухаалаг хэм хэмжээнд тулгуурласан, алдааг засах боломжийг олгосон, гэмт үйлдлээс урган гарсан хууль зүйн үр дагаврыг нь гол илэрхийлэл болгосон байх учиртай. Зорчих эрх хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн этгээд ял эдлэх хугацаандаа өөрийн үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг болон үйлдсэн гэмт хэргээ ухамсарлах боломжийг олгоход чиглэсэн ял юм.

О.М жолоодох эрхээ хасуулсан байхдаа, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруугаа эхнээсээ хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн бөгөөд уг гэмт хэргийн улмаас хэн нэгэнд хохирол, хор уршиг учраагүй тул О.М бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдсан байна. Дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэлүүдийг харгалзан О.М-н 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах хууль зүйн боломжтой гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 заалтыг тус тус баримтлан Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр 06-ны өдрийн 519 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 2-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ... 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр өөрчлөлт оруулж, 3-т ... энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 273 хоног буюу 09 сар, 03 хоногийн хугацаагаар ... гэснийг хүчингүй болгож, О.Мд 0-13 насны 4 хүүхдээ тэжээн тэтгэх боломж олгож, Монгол улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, энэрэнгүй нийгэмд амьдарч байгаа түүний бага насны хүүхдүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг харгалзан хамгаалсан хүнлэг энэрэнгүй шийдвэр гаргаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.М тайлбартаа: ... Би өөрийнхөө гэм бруууг ухамсарлаж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Д тайлбартаа: ... 6 сарын хорих ялыг нь 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж ялыг хөнгөрүүлж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Г дүгнэлтдээ: ... шийтгэх тогтоол үндэслэл бүхий болсон байна гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч С.Д нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох Эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “... О-н М, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй ... тээврийн хэрэгсэл жолоодсон: Драгер ... 75-10 серийн дугаартай хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалт 1.78 % ...” гэсэн тэмдэглэл,

 

            Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа,

 

Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

Гэрч Э.А-н “... дуудлагын дагуу очиж шалгахад Приус 20 маркийн    улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл колонкийн хажууд зогсож байсан. Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 1.78 хувийн согтолтын зэрэгтэй байсан. Мөн бичиг баримт байхгүй, жолооны эрхгүй байсан тул машиныг журамласан. Шүүхээр орж эрхээ 2 жилээр хасуулсан байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч А.Э-н “... манай нөхөр машин барьж яваа гээд айраг уусан. Би пивоноос нь уусан. Тэгээд гэртээ харих гээд явж байгаад машины дугуй сонин болоод бензин колонкийн гадаа зогсож байтал цагдаа нар ирээд манай нөхрийг шалгасан. Машинаа журмын хашаанд хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг,

       аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар

шүүгдэгч О.М нь шүүхийн шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ     аймгийн   сумын      багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн     улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.М-н гэм бурууг хянан хэлэлцэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч С.Д нар “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ... ар гэр, ахуй амьдралыг харгалзан үзэж 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна.

 

О.М нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр       аймгийн     сумын нутагт согтуурсан үедээ Мустанг загварын улсын дугааргүй мотоциклийг жолоодож, согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил гаргаж,      аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн       дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн байна.

 

Шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу дахин 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ       аймгийн       сумын        дугаар багийн нутагт Мустанг загварын мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдэж,      аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн      дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлжээ.

 

Мөн дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу дахин 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ       аймгийн   сумын  багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн      улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон болно.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч О.М-н үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээгээр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Мөн анхан шатны шүүх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч О.М-н нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 3 жил 8 сар 1 хоногийн хугацаагаар, хорих ялыг 9 сар 3 хоногийн хугацаагаар тогтоохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч С.Д нарын гаргасан “...ялыг хөнгөрүүлж өгнө үү... ” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Төрийн албан хэрэг хөтлөлтийн заавар болон Баримт бичгийн стандартад зааснаар аливаа баримт бичигт зөвхөн огноог бичихдээ 1-9 хүртэлх тоог хоёр хос араб тоогоор буюу 2 оронтой тоогоор бичих /2025 оны 09 дүгээр сарын 02 гэх мэт/ ба харин хугацааны нэгжийг бичихдээ 1-9 хүртэлх тоог 2 оронтой тоогоор бичих шаардлагагүй бөгөөд энэ нь шүүхийн практикт тогтсон ойлголт юм.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялын хугацааг бичихдээ 02 (хоёр) жилийн ..., 06 (зургаа) сарын ... гэх зэргээр бичсэн нь буруу бөгөөд цаашид энэ талаар анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 519 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч С.Д нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЖАРГАЛТУЯА

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР