| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 140/2017/00466/И |
| Дугаар | 34 |
| Огноо | 2017-12-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 34
Х.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүх
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Ж.Баттогтох
Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр
Бусад оролцогчид:
Нэхэмжлэгч: Х.*******
Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Ш.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.*******
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Б.*******
Нарийн бичгийн дарга: Б.******* нар оролцов.
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэниий хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлтийн даргалж шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 545 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Х.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Х.******* би 2014 оны 12 дугаар сарын 09-нд СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежид нярваар ажилд орсон. Би тус байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд сахилгын болон бусад төрлийн шийтгэл хүлээж байгаагүй. 2015 онд миний өмнө нярваар ажиллаж байсан хүн шүүхийн шийдвэрээр нярвын ажилд буцаж томилогдсоноор намайг ажлаас чөлөөлсөн. Үүнээс 1 сарын дараа намайг дахин тус байгууллагын нярваар томилсон. Гэтэл Хөгжим бүжгийн коллежийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/78 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2 дахь заалт, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн намайг нярвын ажлаас чөлөөлж Б.*******ааг няраваар томилсон тушаал гарсан. Энэхүү тушаалыг надад 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гардуулсан. Хөдөлмөрийн тухай хуульд өмнө нь ажиллаж байсан ажилтан шүүхийн шийдвэрээр буцаан томилогдсон тохиолдолд шинээр орсон ажилтныг бололцооны дагуу ажлын байраар хангахаар заасан байдаг. Гэтэл тус байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх нэрийдлээр намайг шууд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Учир нь СУИС-ийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/76 тоот тушаалаар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн бүтэц орон тоог 85 ажилтны орон тоотойгоор батлан ирүүлсэн нь өмнөх орон тооноос 3 ажилтнаар орон тоо нэмэгдэж ирсэн юм. Иймд Хөгжим бүжгийн коллеж нь намайг ажлаас чөлөөлөхгүйгээр өөр ажлын байраар хангах бүрэн боломжтой байх бөгөөд дээрхи үндэслэлүүдээр намайг ажлаас халсан гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус сургуулийн няраваар ажиллаж байсан Х.******* нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/78 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 260 дугаар шийдвэр, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 07 дугаар сарын 05-ны 01/387 тоот ажилд томилох тухай албан бичгээр Б.*******ааг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор нярвын ажилд эгүүлэн томил гэсний дагуу 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/78 тоот тушаалаар Х.*******ыг ажлаас чөлөөлж, Б.*******ааг нярвын ажилд эгүүлэн томилон ажиллуулж байна. Тус сургууль нь СУИС-ийн захирлын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 268 тоот тушаалаар 82 орон тоотойгоор ажиллаж байсан ба Соёл урлагийн Их сургуулийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/76 тоот орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар 85 орон тоотойгоор батлаж орон тоо хасагдах биш нэмэгдэн батлагдсан гэдэг нь Захиргаа аж ахуйн орон тоог цөөрүүлэн мэргэжлийн хичээлийн багшаа нэмэгдүүлэн Их хуур, Найрал хөгжим удирдах ур зүйн багш, Эвэр бүрээ баялаг бишгүүр гэх мэт ангиудыг шинээр нээн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Хөгжим бүжгийн коллеж нь СУИС-ийн салбар сургууль бөгөөд бүрэлдэхүүн сургуулиудын нэгэн адил СУИС-аас баталж өгсөн бүтэц орон тоонд захирагдан ажилладаг тул Х.*******ыг ажиллуулах сул орон тоо байхгүй учир ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Учир нь: Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар тогтоол чиглэлийн дагуу улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийг хэмнэлтийн зарчмаар удирдах зайлшгүй шаардлагын улмаас бүтэц орон тооноос илүү хүн ажиллуулах боломжгүй болно.
Иймд Х.*******ыг ажлаас чөлөөлсөн нь зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөний дээр түүний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хөндсөн асуудал биш хэмээн үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Х.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 сарын 09-нд няравын ажлыг хүлээж аваад сарын дараа намайг ажлаас чөлөөлж *******ааг буцааж ажилд авсан. Тэгээд ажлаа хүлээлцэж дуусаагүй байж байтал *******ааг ажлаас чөлөөлж намайг ажилд томилсон. *******ааг ямар шалтгааны улмаас чөлөөлөх болсныг мэдэхгүй. Тэрнээс хойш би ажлаа хийж байсан. Гэтэл 2017 оны 08 сарын 25-ны өдөр ажлаасаа халагдсан. Яагаад ажлаасаа чөлөөлөгдөх болсон юм бэ гэхээр өмнө нь ажиллаж байсан хүн болох *******ааг ажилд нь эгүүлэн тогтоолгосон шүүхийн шийдвэр гарсан. Хөдөлмөрийн хуульд зааснаар шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон тохиолдолд оронд нь ажиллаж байсан хүнийг ямар нэгэн ажлын байраар хангах ёстой. Намайг ажлаас чөлөөлөгдөх үед Хөгжим бүжгийн коллежид жижүүрийн орон тоон дээр ажиллах боломжтой юм байна гэж бодож байсан. Тэгээд захирлаас тийм ажил байна уу? гэхэд ийм ажил байхгүй байна гэсэн. Тэгээд чи түр байж бай энд өөр ажиллах орон тоо гарвал хэлнэ гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш би захиралтай 2 удаа уулзсан. Тэгэхэд орон тоо байхгүй байна гэсэн. Тэгээд би шүүхэд нэхэмжлэлээ өгсөн. Би цалингийн зээлтэй, оюутны сургалтын төлбөр төлдөг учраас амьдрал хэцүү байна. Би 1986 онд Худалдааны техникум төгсөөд 2014 оноос хойш Хөгжим бүжгийн коллежид ажилласан. Би нярваар 10 жил ажилласан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан юм гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.*******ыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь 2017 оны 05 сарын 24-ны өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирсэн. Хэрвээ дурдсан хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно гэсэн. Тухайн үед манай сургууль амарсан, ******* амарсан байсан учраас 2017 оны 08 сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж ажил хүлээлцсэн. Би *******аагийн ажлаас халагдсан тухай маргааны сүүлийн шүүх хуралдаанд оролцож байсан. Нэхэмжлэгч шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ сахилгын арга хэмжээ авахуулж байгаагүй гэж бичсэн байна. Гэхдээ 1 удаа сануулах арга хэмжээ авагдаж байсан. Би шүүхийн шийдвэрийг л биелүүлсэн тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2 хэсэгт заасныг баримтлан Х.*******ын, СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежид холбогдуулж гаргасан өмнө эрхэлж байсан няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Х.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Завхан аймаг дахь сум дундын иргэниий хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 545 дугаартай эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
1. .... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан байна. Өөрөөр хэлбэл хуульд адил чанарын өөр ажилд томилох тухай бус, харин бололцооны дагуу ажлын байраар хангахаар тусгасан байна. Шүүх дүгнэлтэдээ өөр ажлын байр байхгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч шүүхийн мэтгэлцээнд ингэж тайлбарлаж байсан бөгөөд миний зүгээс намайг өөр ажилд томилох боломжтой байсан боловч хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй гэж маргаж байсан юм.
2. .... Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Х.*******ыг ажлаас чөлөөлөхдөө ажил олгогч бололцооны дагуу өөр ажил олж өгөхөөр хуульчилсан хэдий ч хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гээд тухай байгууллагад Х.*******т тохирох ажлын байр байхгүй гэж дүгнэсэн. Гэтэл намайг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр няравын ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш тухай байгууллагад шинээр томилогдсон үйлчилгээний ажилтнууд байгаа эсэхийг нягталж шалгаагүй. Би тухайн байгууллагын жижүүрийн орон тоонд томилогдох боломжтой байсан гэж маргаж байсан.
Хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байсан төрийн үйлчилгээний албан хаагч нь өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байхад ажил олгогч байгууллага ажилтны эрх ашгийг хамгаалах талаар хуульд заасан арга хэмжээг хэргэжүүлэгүй болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх ажилтныг ажлаас зөв халсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Х.******* нь 2011 оноос эхлэн Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн няраваар томилогдон ажилласан. 2014 онд гэрээний хугацаа дуусаад, гэрээгээ хугацаагүйгээр байгуулан ажиллаж байсан гэтэл урьд нь ажиллаж байсан нярав н.*******аа шүүхийн шийдвэрээр ажилд томилогдсон учраас би ажлаасаа халагдсан намайг ажиллаж байх явцад сургуулийн жижүүрээр томилох боломж байсан гэж бодож байна. Тийм учраас гомдолтой байгаа тул шүүхэд хандаж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэрийнхээ үндсэн хэсэгт Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежид няравын ажлын байрны орон тоотой дүйцэхүйц ажлын байрны орон тоо байхгүй байна гэдэг нь тогтоогдлоо гээд шүүх шийдвэрээ гаргасан. Үүнтэй санал нийлэхгүй байна.
Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаан томилогдож байгаа ажилтны оронд шинээр ажиллаж байсан ажилтныг бололцооны дагуу өөр ажилд томилон ажилуулахыг эрх бүхий албан тушаалтан үүрэг байхаар заасан байдаг. Мөн дээд шүүхийн тайлбар дээр ч тодорхой байгаа бололцооны дагуу өөр ажилд томилж ажиллуулна гэж заасан байдаг. Бололцооны дагуу гэдэг нь тухайн байгууллагад ажлын орон тоо байгаа тохиолдолд шилжүүлэн ажиллуулна гэж заасан байдагаас заавал дүйцүүлэх ажлын байранд томилно гэсэн зүйл байдаггүй.
Дээд шүүхийн тайлбарт зааснаар тухайн байгууллагад ажлын байр байгаа тохиолдолд шилжүүлэх ёстой юм бол Хөгжим бүжгийн коллежид өөр ажлын байр байсан уу? үгүй юу гэдгийг шүүх тогтоох боломжтой байсан. Нэхэмжлэгч талаас мужаан жижүүр гэдэг ажлыг хавсран гүйцэтгэдэг юм. намайг жижүүр юм уу? мужааны ажлын байранд томилон ажлуулах боломжтой байсан гэж тайлбарлаж байхад Хариуцагчаас ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөхгүйгээр манайд тийм ажлын байр байхгүй гэж тайлбарладаг. Хариуцагчийн зүгээс 2014 оны орон тооны бүтэц, 2017 оны орон тооны бүтэц гаргаж өгсөн. Энэ 2 бүтцээс нийт орон тоо 85, 83 гээд ерөнхийдөө дотроо задаргаа нь байгаа боловч тухайн байгууллагад үйлчилгээний ажилчин тэд гэж зааснаас 8 жижүүр ажиллах ёстойгоос хэдэн ажилтан ажиллаж байгааг нь тогтоох бололцоо байхгүй. Нэхэмжлэгч нь зөвхөн хэргийн материалд хариуцагч талаас нотлох баримт хурлын тэмдэглэл, уулзалтын тэмдэглэл, зэрэг зүйл байхгүй байсан.
Хэрвээ өөр ажилд томилох боломж байхгүй байснаа нотлох үүрэгтэй байсан. Гэтэл хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа зөвхөн хариуцагчийн тайлбарыг үнэлээд дүгнэлтээ гаргасан. Өөрөөр хэлбэл шүүх зөвхөн Хөгжим бүжгийн коллежийн 2014 оны орон тооны бүтэц, 2017 оны орон тооны бүтэц, 85, 83 ажлын орон тооноос гадна энэ хүнийг томилох боломж байхгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг шалгах ажиллагаануудыг хийгээгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт заасан заалтаар зохион байгуулалт бүтэцэд өөр ажлын байр байгаа нөхцөлд энэхүү зохицуулалт хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа боловч шүүх нэгэнт шийдвэрээ гаргахдаа няравын ажилтай дүйцэхүйц өөр ажлын байр байхгүй гэдэг нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн үндсэн мэргэжлийг харгалзан үзээгүй эдгээр үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглээд, буруу тайлбарлаад шийдвэрээ гаргасан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбарлахад нэхэмжлэгч өөрөө урьд миний эрхлэж байсан няравын ажлын байранд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэл гаргахдаа шаардлагыг нь өөрөө тогтоож гаргачихаад одоо болохоор бололцооны дагуу өөр ажилд эгүүлэн тогтоох шаарлага гаргаж байгаа нь боломжгүй. Анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлэг хүртэл шаардлагаа өөрчилсөн зүйл байхгүй. Няравын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага тавьсан. Няравын ажлын байранд эгүүлэн тогтоолгох боломжгүй гэж Хариуцагч байгууллагаас албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байж, албадан гүйцэтгэх албан тоотыг үндэслэн тушаалаа гаргасан байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхийн шийдвэр гэж үзэж байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хэлж байна. Жижүүрээр томилох боломжтой байсан талаар ийм боломж байхгүй, бүтэц орон тоог манай байгуулагаас тогтоохгүй төв сургууль руу явж байж тэндээс орон тоо батлагдаж ирдэг. Мужаан жижүүр гэдэг нь 2 орон биш хамгийн нэгдүгээрт манай байгууллага соёл, урлаг, сургалтын байгууллага учраас мужаан жижүүрийн нэг орон тоо батлагдаж ирсэн учраас мужаан нэг жижүүрээ нэг хүнээр хийлгэнэ гэж бүтэцээс зөрж болохгүй. Мужаан, жижүүр гэдэг нэг ажлын орон тоо гэдгийг ойлгосой гэж хүсч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Соёл урлагын их сургуулийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежид холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ажил олгогч нь тус газартай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нярав Х.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа уг албан тушаал дээр өмнө нь ажиллаж байсан Б.*******ааг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж, энэ талаарх баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан баримтууд талуудын тайлбараас харахад нэхэмжлэгч Х.*******ын ажлын байранд өмнө нь Б.*******аа ажиллаж байсан бөгөөд түүнийг ажлаас буруу халагдсан гэж үзэж, шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоожээ.
Ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтаныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2 дахь хэсэгт зааснаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.
Тэрээр энэ үүрэгээ биелүүлж, Б.*******аагийн эрхлэж байсан албан тушаалд шинээр орсон ажилтан Х.*******той байгуулсан хөдөмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт ...шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан.
Хуулийн энэ зохицуулалтыг тайлбарлавал, ажил олгогч нь шинээр орсон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлах үндэслэл нь зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх ба шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлана. Харин бололцооны дагуу өөр ажил олж өгөх эсэх асуудал нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад саад болохгүй гэж ойлгохоор байна.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэдэг нь ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үед байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ямар нэгэн ажлын байр байгаа нөхцөлд тухайн ажилтантай тохиролцсоны үндсэн дээр хэрэгжих ойлголт бөгөөд энэ зохицуулалтыг ажил олгогч нь заавал ажилд авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй бол түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлгүй гэж ойлгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтын үндсэн агуулгыг гуйвуулж, буруу тайлбарлаж ойлгож байна гэж үзнэ.
Иймд ажил олгогч нь нэхэмжлэгч Х.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Б.*******ааг ажилд авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 , 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтуудтай уялдаж, нийцсэн байх тул Х.*******ын тус газрын няравын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч тал ажил олгогч нь бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүрэгтэй боловч энэ боломжийг эрж хайлгүй намайг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч байгууллагын бүтцэд ажлын байр байсан болон одоо байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тайлбараа шүүхэд нотлож чадаагүй байна гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 545 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Б.АРИУНБАЯР