| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0176/Э |
| Дугаар | 217 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч М.Эрдэнэзаяа,
Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн эрүүгийн 1806001130101 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 112 дугаар байрны 37 тоотод оршин суух иргэн Д.Санжаагийн гэрт очиж хоноод 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрээс нь гарч явахдаа бэлэн 350.000 төгрөг, мacbook зөөврийн компьютерийн хамт хулгайлан авч 4.510.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 180600113001 угаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Д.Санжаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
"...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 23 цагт Шведэд танилцсан хуурай дүү Т мессеж бичээд танайд очиж болох уу гэсэн. Тэгээд 24 цагийн үед ирэхээр нь би хаалганы номероо хэлж өгч оруулсан юм. Тэгээд гэрт орж ирээд юм ярьж байгаад унтсан. Тэгээд би ажилтай байсан болохоор 08 цагийн үед гарч яваад өдөр 14 цагийн үед ирэхэд Т явчихсан байсан ба дүү Энхжаргал ганцаараа унтаж байсан. Би Шведээс 2400 доллараар авч байсан Macbook зөөврийн компьютераа авах гээд үзтэл хайрцаг нь хоосон байсан ба хувцасны шүүгээ дотор савхин куртикны энгэрийн халаасанд хийж байсан 850.000 төгрөгөө байгаа эсэхийг харахад 350.000 төгрөг нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 09-10 дугаар хуудас/
Гэрч Э.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
"...2017 оны 12 сарын 25-ны орой Санжаа ахын хуурай дүү Баттамир гэх залуу манай гэрт ирсэн юм. Тэгээ унтаад маргааш нь буюу 2017 оны 12 сарын 26-ны өдөр нөгөө Б гэх залуу хаалгаар шагайж байгаад за явлаа шүү гэж хэлээд гараад явсан. Тэгээд байж байтал 14 цагийн үед Санжаа ах гэрт ирээд зөөврийн комьпютераа хэрэглэх гээд үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд Баттамирыг хулгай хийж явсныг мэдээд цагдаад хандсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
-Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн:
2017 онд Швед улсаас худалдаж авсан Аррle брендийн macbook 2017 оны 12 сарын 25-ны өдрийн байдлаар 4.160.000 төгрөгиийн үнэтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-15/
Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“Би 2017 оны 12 сарын 25-ны өдөр өөрийн найз Баяраагийн Кроун маркийн машиныг унаж яваад Соната-6 маркийн машинтай мөргөлдсөн. Тэгээд цагдаа дуудахгүйгээр нөгөө машиныхаа жолоочтой тохиролцохоор болж би нөгөө машины жолоочид өөрийн бичиг баримт болон найз Урангоогийн гар утсыг барьцаанд үлдээгээд явсан ба 300.000 төгрөг өгөхөөр болсон юм. Тэгээд мөнгө хэрэг болоод танил Санжаа ахруу утсаар ярьж “би танайд очиж хонож болох уу” гэж хэлээд гэрийг нь заалгаж байгаад шөнө 01 цагийн үед очсон юм. Тэгээд 2017 оны 12 сарын 26-ны өдөр 13 цагийн үед сэрэхэд Санжаа ах байхгүй, дүү нь сэрүүн хэвтэж байсан. Тэгээд би тамхи татах гээд том өрөөнд нь орж тамхи хайгаад хувцасны шүүгээг нь ухаж үзэхэд шүүгээнд өлгөөтэй байсан Санжаа ахын хар өнгийн савхин куртикны халаасанд бэлэн мөнгө байхаар нь тэр мөнгийг тоолж байгаад 300.000 төгрөгийг нь аваад үлдсэнийг нь буцаагаад хийсэн... Тэгээд цонхны тавцан дээр нь Macbook нэртэй зөөврийн компьютер байхаар нь түүнийг аваад өөрийнхөө цүнхрүү хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 11-12, 48-49 дүгээр хуудас/
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 2-3 дугаар хуудас/
- Эд зүйлийн мэдээлэл, эд зүйл эрэн сурвалжлах тухай тэмдэглэл /хх-ийн 04-05/ дугаар хуудас/
-Эд зүйлийн хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/
-Б.Бын оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, цэргийн үүрэгтний үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 18-24/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Бын иргэн Д.Санжаагийн бэлэн 350.000 төгрөг, Macbook зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлаж авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 300 цагийн нийтэд тустай ажил ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор хорих ялаар солихыг Б.Бт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ