| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 2525002330257 |
| Дугаар | 2026/ДШМ/04 |
| Огноо | 2026-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2026/ДШМ/04
2026 01 07 2026/ДШМ/04
Н.Лд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Д
Шүүгдэгч Н.Л
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Нарийн бичгийн дарга Г.Энэрэл нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлоор Н.Лд холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Н-н Л, Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Н.Л нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний шөнийн 04 цаг 35 минутын орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн баруун талд, хохирогч Г.Т-н нөхөр С.Д-тай “... мөнгөө шилжүүлж чадахгүй бол машинаас буу...” гэсэн шалтгаанаас маргалдаж, харилцан заамдалцаж, ноцолдох явцдаа хохирогч Г.Т-н нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь "баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун нүдний зовхи, зүүн бугалга, зүүн шилбэ, баруун нүдний алиманд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Н.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овогт Н-н Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж,
Энэ хэрэгт шүүгдэгч Н.Л нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Лгаас 739,200 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Т-т олгож, Шүүгдэгч Н.Лгаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:
“ ... Уг үйл баримтын талаарх нотлох баримтаар авагдсан байдлыг судлан үзэхэд: Гэрч С.Д-н мэдүүлэгт ... би нүүрийг базаад байсан, тэгэхэд нүүрийг нь маажсан байх ... 36 хх тэгэхдээ сахлаас нь зулгаасан, чихнээс нь татсан байхаа ... гэх мэдүүлэг 38 хх,
Хохирогч Т.Т-н ... яг салгасан чинь таксины жолооч намайг миний нүд рүү цохисон 23 хх ... яг цохино гэж санаа бодол байгаагүй байж магадгүй, ямар ч байсан миний нүд рүү цохисон ... гэх мэдүүлэг 33 хх,
М ... цагдааг ээмэг чихнээс татаад чих сэтлээд хаячихлаа гэх ... мэдүүлэг 44 хх, гэрэл зураг, шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 461 тоот дүгнэлт ... биед баруун бугалганд цус хуралт, баруун, зүүн хацар, дух, зүүн чихний омог зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... гэх дүгнэлтүүдийг анхаарч үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинж “санаатай” байхыг хуульчилсан. С.Д-н хууль бус үйлдэл буюу биед халдаж, сахлыг нь зулгааж, нүүрэнд нь гэмтэл учруулж, чихийг нь сэтэлж, ээмгийг нь авах зэрэг хууль бус үйлдлийн эсрэг буюу нүүрийг маажих /хохирогч Г.Т маажсан, эмэгтэй хүний гар байсан, уг үйлдлийг болиулах санаатай гарыг нь барьж авах гээд болохгүй байсан, энэ үед эмэгтэйг цохичихлоо гэж байсан гэх яллагдагч мэдүүлдэг/ үед болиулах, эсэргүүцэн өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн гэх үйл баримтад шүүх бодит дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл “санаатай цохисон” гэх үйл баримтыг тогтоосон хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. С.Д бусад этгээдийн хамт яллагдагч руу дайрч газарт унаган дээр нь гарч, эд эрхтэнд нь халдаж, хүч хэрэглэж байх үед салгах гэж оролцсон гэх Г.Т рүү Н.Л нь түүн рүү хүч хэрэглэх санаа зорилго байгаагүй, түүнтэй хэрүүл маргаан хийгээгүй байна. Энэ нь гэрч хохирогч нарын мэдүүлгээс харагдана. Хэрүүл маргааныг С.Д үүсгэсэн, уг үйлдлээ үргэлжлүүлэн яллагдагчид хүч хэрэглэж, биед нь халдаж байсан нь хэрэгт нотлогдсон байхад “Г.Т-т санаатай үйлдэл хийж, гэмтэл учруулсан гэж үзсэн шүүх үзсэн нь үндэслэлгүй байна.
Мөн С.Д-ын хууль бус үйлдлийг хийхдээ Н.Лгийн биед халдсан, уг халдлагын улмаас эд зүйлс байхгүй болсныг шалгах ажиллагааг дутуу хийсэн бөгөөд гэрч Т.Б-н мэдүүлэгт ... Тэгэхэд таксины жолооч уурлаад мөнгөө хийж чадахгүй бол буу ... гэсэн чинь нөгөө залуу таксины жолоочтой маргалдаж, агсраад байсан, их тавьтиргүй хүн байсан. Тэгээд таксины жолооч аргаа бараад машинаас бууж ирээд нөгөө залууг татаад машинаас буулгасан ... тэгээд тэнд 2 эрэгтэй нэг эмэгтэй хүн байсан, жолоочтой барьцалдаад зууралдаад байсан ... Тэгээд тэд хэд зууралдаж байхад тэнд байсан эмэгтэй нүд рүү цохьчихлоо гээд уйлаад тонгойж ... гэх мэдүүлгийг анхаарч дүгнэлт хийгээгүй.
Өөрөөр хэлбэл хохирогч Г.Т, гэрч Д.Л нар салгах гэж байсан этгээд нар биш, харин С.Д-н үйлдлийг дэмжиж жолоочтой барьцалдаж, зууралдаад газарт унагаж, биед нь халдаж, Г.Т нүүрийг нь маажин гэмтэл учруулсан хүч хэрэглэсэн этгээд болохыг нотолж байхад Н.Лг маргаан үүсгэсэн, хоорондоо барьцалдсан этгээд мэт үзэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд яллагдагч Н овогтой Лд холбогдох эрүүгийн хэргийн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/469 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү “ гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Л тайлбартаа: ... Байхгүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... Н.Лг цагаатгаж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Лг 2025 оны 03 дугаар сарын 21-ний шөнийн 04 цаг 35 минутын орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” худалдааны төвийн баруун талд, хохирогч Г.Т-н нөхөр С.Д-тай “... мөнгөө шилжүүлж чадахгүй бол машинаас буу ...” гэсэн шалтгаанаас маргалдаж, харилцан заамдалцаж, ноцолдох явцдаа хохирогч Г.Т-н нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Лгийн гэм бурууг хянан хэлэлцэж түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож, хэрэгт хавсаргагдан ирүүлсэн хяналтын камерын бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзвэл:
аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” худалдааны төвийн баруун талын засмал зам дээр 2025 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 04 цаг 21 минутын орчимд саарал өнгийн Тоёота Приус -30 маркийн автомашин зогссон ... , ... цаанаас эмэгтэй, эрэгтэй 2 хүн ирж машины баруун хойд талын цонхны хажууд зогсоод 10 орчим минут болсон ... ,
... 04 цаг 29 минутын орчим жолооч бууж машины хойгуур тойрон очиж зүүн талын арын хаалгыг онгойлгож, эрэгтэй хүнийг татаж буулгасан ... , ... татуулж буусан хүн маргалдаж, ноцолдож байгаад жолоочийн хөлнөөс татаж газарт унагаасан ... , татуулж буусан хүнийг эмэгтэй хүн салгаж тэд хамтдаа баруун талын замаар хөндлөн гарч байгаа ... ,
... энэ үед жолооч гар утсаар залгаж байгаад зам хөндлөн гарч эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй уулзаж байгаа ... , ... тэд буцаж машин руу очсоны дараа машинаас бууж ирсэн хүмүүс жолоочийг замын хашлага руу унагаах үед хажууд нь байсан эмэгтэй хүн /архи зардаг гэх/ хамт түлхэгдэн газарт унаж байгаа ... , тэр эмэгтэйг хажуу талаас нэг эрэгтэй хүн ирж татаж босгосон ... ,
... улмаар жолоочийг газарт унасан байх үед хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн түүнтэй зууралдаж ноцолдож байгаа ... , ... тэр үед эмэгтэй нь тэднээс салж нүүрээ дараад тонгойж буй ... , ... жолооч босоод цааш явж байхад нэг эрэгтэй хүн араас нь очиж татах мэт үйлдэл хийж байгаа зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааг хоёр ба түүнээс олон хүн санаатай нэгдэж зөрчсөн үйлдэл нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдэлд тооцогддог.
Мөн уг гэмт хэргийг үйлдэх явцдаа хувь хүний эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн бол Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийг мөн хуулийн 17.8 дугаар зүйлтэй давхар зүйлчлэх, эсхүл дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан бол Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэх үндэслэл болно.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар С.Д, Г.Т, Д.Л нар нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний шөнө Н.Лгийн жолоодож явсан автомашин /такси/-аар үйлчлүүлж яваад согтууруулах ундааны зүйл авах зорилгоор аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” худалдааны төвийн баруун талын засмал зам дээр зогсоож,
улмаар үл ялих зүйлээр шалтаглан бүлэглэн Н.Лд хүч хэрэглэн халдаж, түүнийг газарт унагааж биед нь олон тооны гэмтлүүд учруулсан, С.Д нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Н.Лгийн гар утас, ээмэг, гинж зэргийг хүч хэрэглэн авсан эсэх, тэдгээрийн үйлдэл нь дээр дурдсан “Нийгмийн хэв журмыг зөрчих” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан эсэх зэргийг шалгаж тогтоолгох шаардлагатай атал анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүйгээр Н.Лгийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.
Хэдийгээр Н.Лгийн биед учирсан хохирлууд нь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн байх боловч дээрх гэмтлүүд нь нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд бүлэглэн халдаж, хүч хэрэглэсэн С.Д, Г.Т, н.Л нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл С.Д, Г.Т, Д.Л нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Н.Лд хүч хэрэглэж түүний эд хөрөнгийг авсан, гэмтээсэн, устгасан /гинж, ээмэг/ эсхүл ... хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж ... олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоож шалгах нь зүйтэй болно.
Мөн хэрэгт Орхон аймгийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 590 дугаартай “С.Д, Г.Т нарыг Н.Лгийн эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хүргүүлэв” гэсэн албан бичиг /хх 156/ авагдсан байх боловч уг үйлдлийг шалгасан эсэх, тэдэнд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан эсэх, Н.Лд учирсан эд хөрөнгийн хохирлыг хэрхсэн зэрэг нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н гаргасан давж заалдах гомдлын “...Н.Лд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... ” гэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж, давж заалдах гомдлын бусад хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Лгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлын “...Н.Лд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж, давж заалдах гомдлын бусад хэсгийг хүлээн авсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Г.ЖАРГАЛТУЯА
С.УРАНЧИМЭГ