| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/02109/И |
| Дугаар | 320/ШШ2026/00427 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 320/ШШ2026/00427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У******* овогт Б********* н М****** ,
Хариуцагч: Ц**** М**** овогт Л***** гийн Б******* ,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн М***** хотхон **** дугаар байрны ** давхрын *** тоотод байрлах 48,4 м.кв 2 өрөө байр 135,000,000 төгрөгийн үнэ бүхий байрнаас өөрт ногдох 33,750,000 төгрөг, Toyota Prius Alpha-XW маркийн **-** УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 32,000,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг 8,000,000 төгрөг, Хаан банкнаас хамтран авсан зээлийн үлдэгдэл 8,339,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.М****** ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г**** ,
Хариуцагч Л.Б******* ,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.А*** ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М****** нь хариуцагч Л.Б******* д холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн М***** хотхон **** дугаар байрны ** давхрын *** тоотод байрлах 48,4 м.кв 2 өрөө байр 135,000,000 төгрөгийн үнэ бүхий байрнаас өөрт ногдох 33,750,000 төгрөг, Toyota Prius Alpha-XW маркийн **-** УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 32,000,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг 8,000,000 төгрөг, Хаан банкнаас хамтран авсан зээлийн үлдэгдэл 8,339,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.М****** нь эхнэр Л.Б******* тай 2008 онд танилцан хэн хэнийдээ ирж очин байсаар нэг гэртээ орсон. Гэрлэлтээ батлуулахаас өмнө 2020 оны 12 дугаар сарын 19-ны өдөр охин М.С***** төрсөн, одоо 5 нас хүрэх гэж байна. Бид 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Эхнэр Б******* надтай суухаас өмнө өөр хүнтэй гэр бүл болж түүнээсээ нэг хүүтэй байгаад, хүү ээжийгээ дагаж ирсэн. Б******* бид эхний жилүүдэд таарч тохирч амьдарч байсан хэдий ч Б******* намайг архи уудаг гэдэг, намайг хэлэлтгүй өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх дуртай, түүгээр ч зогсохгүй гэр бүлээс гадуур харьцаа үүсгэж байсан асуудлаас болоод бид таарамжгүй болж намайг олон удаа түүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үүсгэж байсан гэдэг асуудлыг Б******* хэтрүүлэн ярьдаг Харин би өөрөө олон удаа Б******* д цохиулж зодуулж байсан нүүр нь хүн харахын эцэсгүй болтлоо олон удаа маажуулж нилэнхүйдээ хумсны сорвитой явдаг байсан. Над руу хутга, аптерк бариад дайрдаг ч байсан Б******* Хөвсгөл аймаг дахь Сум дундын Анхан шатны Шүүхэд гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан байсан ба уг нэхэмжлэлдээ бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөний талаар дурдаагүй, амьдралын явцад бий болсон эд хөрөнгөнүүдийг Б******* зөвхөн өөрийн нэр дээр гаргуулж би өөрөө хуулийн байснаас би эд хөрөнгөгүй мэтээр ойлголт бий болж мэдлэггүй өмгөөлөгч аваагүйн үүднээс үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй нь буруу болж Хөвсгөл аймаг дахь Сум дундын Анхан шатны Шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 320/ ШШ2025/ 01092 дугаар бүхий шийдвэрээр Б******* бидний гэрлэлтийг цуцалж, охин М.С***** г эх Б******* гийн асрамжид үлдээж хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гарч, би энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч эцэг надаас хуульд заасан хэмжээгээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний Хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Магадлалыг албан ёсоор гардаж одоогоор аваагүй Анхан шатны шүүхийн шийдвэрийг би хүлээн зөвшөөрөөгүй шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа.
Нэгэнт Б******* эд хөрөнгөний асуудал дээр харилцан тохиролцоод учраа олно гэж ярьсан байгаад тэр хэлсэн шигээ байгаагүй тул миний зүгээс хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, хамтарч авсан цалингийн зэлнээс Б******* д холбогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Би Б******* тай амьдарсан энэ 5 жилийн цаг хугацаанд нилээдгүйгээр их чармайн хөдөлмөрлөсөн боломжийн мөнгө төгрөг Б******* д өгч, эд хөрөнгө бий болоход оролцсон байхад Б******* атгаг санаа гарган хамтын амьдралын явцад бий болсон эд хөрөнгийг бүгдийг өөрийнхөө нэр дээр гаргуулж, түүгээр ч зогсохгүй өөрөө хамтран зээлдэгчээр оролцон Хаан банкнаас 19,500,000 төгрөгийн цалингийн зээл авхуулсан. Б******* намайг юу ч үгүй үлдээх санаа зорилго агуулж, дээрээс нь хүүхдийн тэтгэлэг төлүүлээд өр зээлтэй байлгая гэсэн санаатай байсныг би одоо ойлгож өөртөө гомдох шиг л болж байна. Өмнөх нөхрөө ч мөн хэцүү байдалд оруулж байсан гэдгийг бусдаас сонсож байсан.
Иймээс Б.М****** би доорхи нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна:
1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар баг М***** хотхон 765/ 3-р байрны ********* байрлах төгрөгийн үнэ бүхий байрнаас өөрт ногдох 33,750,000 төгрөг 48,4 мкв 2 өрөө байр 135,000,000 төгрөг,
2. Toyota Prius Alpha-XW маркийн **-** УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 32,000,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг 8,000,000 төгрөг,
3. Хаан банкнаас 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 19,500,000 төгрөгийг миний нэр дээр цалингийн зээл авхуулсан ба хамтран зээлдэгчээр Б******* өөрөө оролцож гарын үсэг зурсан, одоо үлдэгдэл төлөгдөөгүй зээл 16,678,981 төгрөгөөс 8,339,490 төгрөгийг Б******* гаас гаргуулах нийтдээ 50,089,490 / тавин сая наян есөн мянга, дөрвөн зуун ерэн төгрөг/ төгрөгийг Л.Б******* гаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)
Хариуцагч Л.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Б******* би Б.М****** ын шүүхэд гаргасан гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж тодорхойлж өөрт ногдох хэсэг болох нийт 50.089.490 төгрөг гаргуулахаар томилон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах тайлбарыг гаргаж байна.
Бид 2018 оноос үерхэж, дотно харилцаатай болж хэн хэнийхээ гэр орноор очин очин амьдарч байraan 2022 онд охинтой болж. 2023 оны 10 сарын 04-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Б.М****** 2019 оноос намайг хардаж зодох, сэтгэл зүйн дарамтад оруулдаг байсан бөгөөд би бага хүүхдээ аавын хайр халамж дутаагүй өсгөхийг эрмэлзэж, түүний хүчирхийлж байсан үйлдлүүдийг тэвчээд, уучлаад аль болох амьдралаа сайн сайхан болгоод өөрийн гэсэн гэр оронтой болчихвол нөхөр Б.М****** ын ааш араншин засарч, гэр бүлийнх өөрийгөө хичээгээд засарч сайжрах байх гэж л итгэж найдаж амьдарч байсан. Би гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэхээс өмнө түүний нэхэмжлээд байгаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар баг М***** хотхон 765/3-р байр ********* байрлах 48.4 м.кв талбайтай орон сууцыг 111.300.000 төгрөгөөр худалдан авсан. Гэрээний урьдчилгаа төлбөрийг би сөрийн эзэмшлийн хуваарьт хөрөнгө болох ********* улсын дугаартай тоёото приус маркийн тээврийн хэрэгслээ 2023-07-04-ний өдөр М.Мөнх-Эрдэнэ гэх хүнд 10.000.000 төгрөгөөр худалдсан мөнгө, банканд байсан 3 хадгаламжид хуримтлуулж байсан 5.920.000 төгрөг, батлан даалтын сангаас 19.990.000 төгрөгийн зээлийг өөрийн цалингийн орлогоо нотлон байж зээлээр авч байрны урьдчилгааг бүрдүүлж орон сууц худалдагчид төлсөн. Үлдсэн 97.900.000 төгрөгийг өөрийн орлогоо нотолж ипотекийн зээлийн сангаас зээл авч төлсөн. Одоо уг зээлийн төлбөрөөс би нийт 5 сая орчим төгрөгийг төлөөд явж байна. М****** ын хувьд уг орон сууцыг худалдаж авахад нэг ч төгрөгийг өөрөөсөө гаргаж нийлүүлээгүй байж энэ хөрөнгө гэрлэгчдийн дундын эд хөрөнгө гэж хуваарилуулахаар шаардахыг би хүлээн зөвшөөрөхгүй.
Мөн Тоёото приус альпа ******* дугаартай тээврийн хэрэгслийг би 2024-07-20-ны өдөр Таван богд банк бус санхүүгийн байгууллагын "Авто машины зээлийн гэрээ" №94011-2199 дугаартай гэрээг байгуулж энэ тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Энэ тээврийн хэрэгсэл М****** ын цалин орлогоор худалдаж аваагүй. Би одоо ч энэ зээлээ төлөөд явж байна. Уг тээврийн хэрэгсэл Таван богд банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй хөрөнгө М****** энэ тээврийн хэрэгслийг намайг худалдаж авахад нэг ч төгрөг өөрөөсөө гаргаж өгөөгүй.
Б.М****** 2025-07-04-ний өдөр 19.500.000 төгрөгийн цалингийн зээлийг өөрөө л авсан. Энэ зээлийн төлбөрөөс 8.339.490 төгрөгийг надаас гаргуулна гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Б.М****** миний зээлээр авсан тээврийн хэрэгсэлтэй булаацалдаад, өөрөө машинаа авч унаач гэж бөөн хэрүүл маргаан болж байж тэрээр өөрийн цалингийн зээл 19.500.000 төгрөгийг авч тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Одоо уг тээврийн хэрэгслийг М****** эзэмшээд ашиглаад явж байгаа. Тэрээр уг зээлээ төлж чадахгүй миний данснаас М****** ын цалингийн зээлийг суутгаж аваад байгааг би буцаан нэхэмжлэх болно. М****** өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах машин худалдаж авч байгаа уг зээлийн мөнгөнөөс Л.Б******* би нэг ч төгрөг авч хувьдаа ашиглаагүй. Түүний нэхэмжлэлд дурдаад байгаа хөрөнгө гэрлэгчдийн дундын эд хөрөнгө биш, банк, банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй байгаа хөрөнгө тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 42 дахь тал)
Нэхэмжлэгчээс: Б.М****** ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 4 дэх тал),
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 5 дахь тал),
Хаан банк ХК-ийн Хөвсгөл салбарын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5916/792 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 6 дахь тал),
Хаан банк ХК-ийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **-р баг 765/3 байр ** давхар ** тоот хаягт байршилтай 48,4 м.кв талбайтай, хоёр өрөө Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 7 дахь тал),
**-** УОК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 8 дахь тал),
Хаан банк ХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ202561360103 дугаартай зээлийн гэрээ (хавтаст хэргийн 9-12 дахь тал),
Хаан банк ХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №БГХ/202561360103 дугаартай барьцааны гэрээ (хавтаст хэргийн 13-15 дахь тал),
Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоос 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэвлэсэн М.С***** гийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 16 дахь тал),
Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоос 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэвлэсэн Б.М****** , Л.Б******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 17 дахь тал),
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 320/ШШ2025/01092 дугаар шийдвэр (хавтаст хэргийн 18-22 дахь тал) зэрэг баримт өгсөн.
Хариуцагчаас: Хариу тайлбар (хавтаст хэргийн 42 дахь тал),
Хөвсгөл аймгийн Тойргийн нотариатч Э.О***** ын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 22 минутад гэрчилсэн бүртгэлийн 2233 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ (хавтаст хэргийн 43-44 дахь тал),
Хаан даатгалын баталгааны ТХ094006240314 дугаартай авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа (хавтаст хэргийн 45 дахь тал),
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт (хаватст хэргийн 46 дахь тал),
Таван богд финанс ББСБ ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 94011-2199 дугаартай Автомашины зээлийн гэрээ (хавтаст хэргийн 47-49 дахь тал),
Таван богд финанс ББСБ ХХК-ийн 94011-2199 тоот Зээлийн гэрээний хавсралт №1 эргэн төлөлтийн хуваарь (хавтаст хэргийн 50 дахь тал),
Таван богд финанс ББСБ ХХК-ийн Фидуцийн 94011-2199-FА01 тоот гэрээний хавсралт №1 (хавтаст хэргийн 51 дахь тал),
Таван богд финанс ББСБ ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 94011-2199-FA01 дугаартай Фидуцийн гэрээ (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
Таван богд финанс ББСБ ХХК-ийн 94011-2199 дугаартай Лизингийн зээлийн гэрээний Хавсралт №2 (хавтаст хэргийн 54 дэх тал),
Таван богд финанс ББСБ ХХК-ийн зээлийн данс L94011-2199 дугаартай 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн дансны хуулга (хавтаст хэргийн 55 дахь тал),
**-** УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
Хариуцагчийн өмгөөлөгч: Хаан банк ХК-иас гаргасан Б.М****** ын 5916879369 тоот дансны Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 62-63 дахь тал),
Хөвсгөл аймгийн Тойргийн нотариатч Э.О***** ын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 54 минутад гэрчилсэн бүртгэлийн 2198 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний хуулбар (хавтаст хэргийн 64-65 дахь тал),
Хаан банк ХК-иас гаргасан Л.Б******* гийн 5068****** тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 66 дахь тал),
Хаан банк ХК-ийн шилжүүлэгч Л.Б******* гэх бичилттэй мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар (хавтаст хэргийн 67 дахь тал),
Хаан банк ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/202353164132 дугаартай Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар (хавтаст хэргийн 68-70 дахь тал),
Хаан банк ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/202353164171 дугаартай Хадгаламж барьцаалсан болох барьцааны гэрээний хуулбар (хавтаст хэргийн 71-73 дахь тал),
Хаан банк ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/202353164210 дугаартай Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар (хавтаст хэргийн 74-76 дахь тал),
Хаан банк ХК-иас гаргасан харилцагч Л.Б******* , хамтран эзэмшигч Б.М****** нарын 5916879369 тоот Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 77-78 дахь тал),
Хаан банк ХК-ийн Л.Б******* гийн эзэмшлийн 5068****** тоот дансны 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 79 дэх тал) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.М****** нь хариуцагч Л.Б******* д холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн М***** хотхон **** дугаар байрны ** давхрын *** тоотод байрлах 48,4 м.кв 2 өрөө байр 135,000,000 төгрөгийн үнэ бүхий байрнаас өөрт ногдох 33,750,000 төгрөг, Toyota Prius Alpha-XW маркийн **-** УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 32,000,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг 8,000,000 төгрөг, Хаан банкнаас хамтран авсан зээлийн үлдэгдэл 8,339,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу орон сууцны үнийг 135,000,000 төгрөгөөр тооцсоноо багасгаж, худалдан авсан бодит үнэ болох 111,300,000 төгрөгөөр тооцон, өөрт ногдох хэсгийг 27,825,000 төгрөг болгож, нийт нэхэмжлэлийн шаардлагаа 44,164,490 төгрөг болгон багасгаж байна.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талууд 2018 оноос хамтран амьдарч, 2020 онд хүүхэдтэй болсон бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 2024 онд гарсан нь гэрлэлт батлуулснаас хойш гарсан тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө буюу дундын өмчид хамаарна. Хөрөнгүүд нь ББСБ болон банкны барьцаанд байгаа хэдий ч хариуцагчийн эзэмшил, ашиглалтад бодитой байгаа тул хуваах боломжтой эд хөрөнгө гэж үзнэ. Цалингийн зээлийн гэрээнд хариуцагч Л.Б******* нь хамтран зээлдэгчээр сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурж, зээлийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан тул үүргийг хамтран хариуцах үндэслэлтэй. Хариуцагч нь хөрөнгийг өөрийн хөрөнгөөр бүтээсэн, нэхэмжлэгч орлогогүй байсан гэж тайлбарлах боловч үүнийгээ баримтаар няцаагаагүй. Иргэний хуульд зааснаар хөрөнгө хэний нэр дээр байгаагаас үл хамааран гэрлэлтээс хойш бий болсон бол дундын өмч байх зарчмыг баримталж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэж тайлбарлалаа.
Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргажээ. Үүнд: Маргаан бүхий орон сууцыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр буюу гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө худалдах-худалдан авах гэрээгээр авсан. Иргэний хуулийн 127.1.1-т зааснаар гэрлэхийн өмнө олж авсан хуваарьт хөрөнгө юм. .. Байрны урьдчилгаа 32.0 сая төгрөгийг хариуцагч өөрийн өмнөх тээврийн хэрэгслийг зарсан орлого, хадгаламж, гоёл чимэглэлээ ломбардад тавьж бүрдүүлсэн. Түүнчлэн зээлийн батлан даалтын сангаас зээл авч бүрдүүлсэн. Нэхэмжлэгчээс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт ороогүй. .. Уг байр нь 92.0 сая төгрөгийн ипотекийн зээлийн барьцаанд байгаа бодит бус хөрөнгө бөгөөд зээлийг хариуцагч ганцаараа төлж байна. .. Toyota Prius Alpha автомашиныг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр авсан боловч энэ нь "Таван Богд Финанс" ББСБ-ын өмчлөлд, зээлийн барьцаанд байгаа хөрөнгө юм. Уг хөрөнгийг авах зээлийн үүргийг хариуцагч дангаараа хүлээж, сар бүрийн төлөлтийг (820,000 төг) өөрийн цалингаас төлж байна. Нэхэмжлэгч зээлийн үүрэгт оролцоогүй атлаа хөрөнгийн үнээс хувь нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв дундын хөрөнгө гэж үзвэл үлдэгдэл 20,023,825 сая төгрөгийн зээлийн үүргийг мөн адил хуваах ёстой... Хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгө гэж үзэж байгаа бол хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгосны дараа шаардах эрх үүснэ. Мөн энэ хөрөнгө рүү хамтран амьдрагчдын эд хөрөнгө нийлж орсон бол нийт хэдэн төгрөгийн эд хөрөнгө тээврийн хэрэгслийг худалдаж авахад нийлүүлсэн бэ? гэдгээ шаардах эрхтэй. .. Тээврийн хэрэгсэл гэрлэлтээс хойш бий болсон хэдий ч "өмчлөх эрх" бүрэн шилжээгүй (ББСБ-ын өмчлөл), мөн тухайн хөрөнгийг бий болгох зээлийн үүргийг хариуцагч дангаараа гүйцэтгэж байгаа тул нэхэмжлэгчийн шаардлага Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн агуулгад нийцэхгүй байна. Уг хөрөнгийг зээлээр авсан тул мөн хуваарьт хөрөнгөд хамаарна. Талууд 2025 оны 05 дугаар сарын 23-наас хойш гэр бүлийн хүчирхийллийн улмаас тусдаа амьдарсан. Нэхэмжлэгч 19,500,000 төгрөгийн зээлийг 2025 оны 07 дугаар сарын 04-нд буюу тусдаа амьдарч эхэлснээс хойш өөрийн хэрэгцээнд авсан тул хариуцагчид хамааралгүй. .. Хариуцагч 2025 оны 05 дугаар сараас хойш хоёр хүүхдийн хамт айлаар амьдарч, орон сууцны ипотекийн зээл болон СӨХ-ийн төлбөрийг цалингаасаа суутгуулж байна. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцанд амьдарч, хариуцагчийн хөрөнгөөр хэрэгцээгээ хангаж байгаа атлаа үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна. .. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч хөрөнгө бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр, санхүүгийн эх үүсвэрээ нотлоогүй. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн М***** хотхон **** дугаар байрны ** давхрын *** тоотод байрлах 48,4 м.кв 2 өрөө байр гэрлэлт батлуулахаас өмнө үүссэн тул Иргэний хуулийн 127.1.1-т зааснаар хариуцагчийн хуваарьт хөрөнгө гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгө мөн, биш болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Хэрэв ингэж үзэж байгаа бол гэрлэгчдийн дундын эд хөрөнгөд тооцуулж, тооцогдсон тохиолдолд шаардах эрх үүснэ. Тиймээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарлалаа.
1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн М***** хотхон **** дугаар байрны ** давхрын *** тоотод байрлах 48,4 м.кв 2 өрөө байр 111,300,000 төгрөгийн үнэ бүхий байрнаас өөрт ногдох 27,825,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгч Б.М****** , хариуцагч Л.Б******* нар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэгчдийн эрх, үүрэг үүссэн байна. (хавтаст хэргийн 17 дахь тал),
Улмаар Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 320/ШШ2025/01092 тоот шийдвэрээр зохигчдын гэрлэлтийг цуцалжээ. (хавтаст хэргийн 18-22 дахь тал),
Зохигчид 2018 оноос эхлэн хамтран амьдарч, 2020 онд охин М.С***** төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаа болон талуудын тайлбараар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 16 дахь тал),
Маргаан бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар баг, "М***** " хотхоны 47 тоот, 48.4 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Л.Б******* нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ"-гээр 111,300,000 төгрөгөөр худалдан авсан байна. (хавтаст хэргийн 43-44 дэх тал)
Уг орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Л.Б******* гийн нэр дээр /нэг хүний өмчөөр/ олгогджээ. (хавтаст хэргийн 7 дахь тал),
Нэхэмжлэгч Б.М****** нь дээрх орон сууцыг "Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох" тухай бие даасан шаардлага гаргаагүй, харин шууд орон сууцны үнээс өөрт ногдох хэсэгт 27,825,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэлт цуцалсны дараа хувааж болохоор заасан. Гэвч энэхүү шаардах эрх нь тухайн хөрөнгө "гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч" мөн болох нь тогтоогдсон тохиолдолд хэрэгжинэ.
Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-т гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө байхаар зохицуулсан. Маргаан бүхий орон сууцны худалдах-худалдан авах гэрээ 2023 оны 07 дугаар сарын 05-нд буюу гэрлэлт батлуулахаас (2023.10.04) өмнө байгуулагдсан байх тул уг хөрөнгийг хариуцагчийн хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргаагүй шаардлагын талаар дүгнэлт хийх эрхгүй. Нэхэмжлэгч нь орон сууцыг дундын өмчөөр тогтоолгох шаардлага гаргаагүй бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан хамтын орлого, хөдөлмөрөөр бий болсон гэх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй байна.
Эд хөрөнгийн өмчлөх эрхийн төрөл нь "хуваарьт" хэвээр, нэг хүний өмчлөлд бүртгэлтэй байхад түүнээс "хувь" гаргуулах эрх зүйн үндэслэл бүрдэхгүй юм. Өөрөөр хэлбэл, дундын өмчлөл тогтоогдоогүй тохиолдолд түүнээс хэсэг гаргуулах тухай үр дагаврыг шийдвэрлэх боломжгүй.
Иймд нэхэмжлэгч Б.М****** ын гаргасан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн М***** хотхон **** дугаар байрны ** давхрын *** тоотод байрлах 48,4 м.кв 2 өрөө байр 111,300,000 төгрөгийн үнэ бүхий байрнаас өөрт ногдох 27,825,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Toyota Prius Alpha-XW маркийн **-** УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 32,000,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлснээс хойш буюу хамтын амьдралын явцад 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Toyota Prius Alpha XW загварын **-** УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан байна.
Хариуцагч Л.Б******* нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Таван Богд Финанс ББСБ ХХК-тай №94011-2199 тоот Автомашины зээлийн гэрээ болон №94011-2199-FA01 тоот Фидуцийн гэрээ-г байгуулж, Toyota Prius Alpha XW загварын **-** УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 24,000,000 төгрөгийн зээлээр худалдан авсан байна. (хавтаст хэргийн 47-54 дэх тал)
Фидуцийн гэрээний 1.1, 2.1-д зааснаар зээлийн үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн өмчлөх эрх Таван Богд Финанс ББСБ ХХК-д шилжсэн бөгөөд хариуцагч Л.Б******* нь эзэмшигчээр бүртгэгджээ.
Талууд шүүх хуралдаанд Toyota Prius Alpha XW загварын **-** УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 32,000,000 төгрөг гэх үнэлгээнд маргаагүй бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 20,023,825 төгрөг байгаа нь зээл төлөлтийн хуваариар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 50 дахь тал)
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа охин М.С***** хүү С*** нарын хамт амьдарч байсан бөгөөд гэр бүл 4 гишүүнтэй болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдов. (хавтаст хэргийн 16 дахь тал)
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхаар заасан. Тээврийн хэрэгсэл нь гэрлэлтийн явцад бий болсон бөгөөд түүний зээлийг хамтын орлогоос төлж байсан тул зээлд төлөгдсөн дүнг дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.
Хэдийгээр автомашины зах зээлийн үнэлгээ 32,000,000 төгрөг боловч уг хөрөнгө ББСБ-ын барьцаанд, өмчлөх эрх нь бүрэн шилжээгүй байгаа тул шүүх хөрөнгийн нийт үнэлгээнээс бус, харин бодитоор төлөгдөж гэр бүлийн дундын өмч болон хуримтлагдсан 11,976,175 төгрөгөөс хувь гаргах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсэг нь адил байна гэж заасан.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн гэдэгт гэрлэгчид болон тэдний хүүхдүүд хамаарна.
Иймд хуримтлагдсан 11,976,175 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд Б.М****** , Л.Б******* , охин М.С***** , хүү С*** нарт хувь тэнцүүлэн хуваахад нэг гишүүнд 2,994,043.75 төгрөг ногдож байна.
Иймд хариуцагч Л.Б******* гаас нэхэмжлэгч Б.М****** ад ногдох 2,994,043.75 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,005,957 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
3. Хаан банкны цалингийн зээлийн үлдэгдэл 16,678,981 төгрөгөөс 8,339,490 төгрөгийг Л.Б******* гаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.М****** нь 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкнаас 19,500,000 төгрөгийн цалингийн зээл авсан байна. Хэрэгт авагдсан зээлийн үлдэгдлийн тооцооллоор одоо төлөгдөөгүй үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 16,678,981 төгрөг байгаагаас нэхэмжлэгч нь хариуцагч Л.Б******* д ногдох 50 хувь буюу 8,339,490 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 320/ШШ2025/01092 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр зохигчид 2025 оны 05 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан, гэр бүлийн хүчирхийллийн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон үйл баримт нэгэнт тогтоогджээ. (хавтаст хэргийн 18-22 дахь тал)
Хариуцагч Л.Б******* нь зээлийн гэрээнд гарын үсэг зурах үедээ хэдийн тусдаа амьдарч байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дарамт шахалт үзүүлж гарын үсэг зуруулсан, уг зээлийг нэхэмжлэгч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан, гэр бүлийн хамтын хэрэгцээнд ашиглаагүй гэж маргадаг. Нэхэмжлэгч Б.М****** нь уг зээлээс Л.Б******* нь 10 сая төгрөг ашигласан гэх боловч үүнийг баримтаар нотлоогүй байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 болон Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болон хамтын үүрэг нь гэрлэгчид хамтран амьдарч, хамтын аж ахуй хөтөлж байх хугацаанд бий болсон байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, хамтын амьдрал дуусгавар болсноос хойш үүссэн өр төлбөр нь гэр бүлийн хамтын үүрэгт хамаарахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан байна. Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 320/ШШ2025/01092 дугаар шийдвэрээр талууд 2025 оны 05 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч, хамтын аж ахуй хөтлөхөө больсон нь тогтоогдсон тул 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр буюу тусдаа амьдарснаас хойш 2 сарын дараа авсан зээлийг гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулагдсан гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй юм.
Хариуцагч Л.Б******* нь Хаан банкны зээлийн гэрээнд хамтран зээлдэгч-ээр гарын үсэг зурсан нь банк болон зээлдэгч хоорондын гэрээний эрх зүйн харилцаа (Иргэний хуулийн 242 дугаар зүйл) юм. Харин гэр бүлийн гишүүдийн хоорондын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхэд уг гарын үсэг нь зээлийг хамтын хэрэгцээнд зарцуулсан гэдгийг нотлох хангалттай баримт болохгүй бөгөөд хамтын амьдрал дуусгавар болсноос хойш үүссэн өрийг хуваарилах үндэслэл болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М****** нь уг зээлийг гэр бүлийн дундын хэрэгцээнд зарцуулсан болохоо баримтаар нотлох үүрэгтэй боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд зохигчид тусдаа амьдарч байх хугацаанд үүссэн, нэхэмжлэгчийн хувийн хэрэгцээнд зарцуулагдсан гэх зээлийг хариуцагчид хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй тул Хаан банкны зээлийн үлдэгдэл 8,339,490 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд хариуцагч Л.Б******* гаас 2,994,043 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М****** ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Toyota Prius Alpha-XW маркийн **-** УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 8,000,000 төгрөгөөс үлдэх 5,005,957 төгрөг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн М***** хотхон **** дугаар байрны ** давхрын *** тоотод байрлах 48,4 м.кв 2 өрөө байр 111,300,000 төгрөгийн үнэ бүхий байрнаас өөрт ногдох 27,825,000 төгрөг, Хаан банкны цалингийн зээлийн үлдэгдэл 8,339,490 төгрөг, нийт 41,170,447 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагын үндэслэл болгож буй **-** УОК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 8 дахь тал), хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй **-** УОК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 56 дахь тал), Хөвсгөл аймгийн Тойргийн нотариатч Э.О***** ын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 54 минутад гэрчилсэн бүртгэлийн 2198 дугаартай Тээврийн хэрэгсэл Худалдах, худалдан авах гэрээний хуулбар (хавтаст хэргийн 64-65 дахь тал), Хаан банк ХК-иас гаргасан Л.Б******* гийн 5068****** тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 66 дахь тал), Хаан банк ХК-ийн шилжүүлэгч Л.Б******* гэх бичилттэй мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар (хавтаст хэргийн 67 дахь тал), Хаан банк ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/202353164132 дугаартай Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар (хавтаст хэргийн 68-70 дахь тал), Хаан банк ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/202353164171 дугаартай Хадгаламж барьцаалсан болох барьцааны гэрээний хуулбар (хавтаст хэргийн 71-73 дахь тал), Хаан банк ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/202353164210 дугаартай Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар (хавтаст хэргийн 74-76 дахь тал) зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан "...бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв эх хувийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө" гэх шаардлагыг хангаагүй байна.
Дээрх баримтууд нь энгийн хуулбар хувь байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б******* гаас 2,994,043 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 62,855 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М****** ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М****** ын хариуцагч Л.Б******* д холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн М***** хотхон **** дугаар байрны ** давхрын *** тоотод байрлах 48,4 м.кв 2 өрөө байр 111,300,000 төгрөгийн үнэ бүхий байрнаас өөрт ногдох 27,825,000 төгрөг, Хаан банкны цалингийн зээлийн үлдэгдэл 16,678,981 төгрөгөөс өөрт ногдох 8,339,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.М****** ын Toyota Prius Alpha-XW маркийн **-** УКО улсын дугаартай тээврийн хэрэгслээс өөрт ногдох хэсэг 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2,994,043 (оёр сая есөн зуун ерэн дөрвөн мянга дөчин гурав) төгрөгийг хариуцагч Л.Б******* гаас гаргуулан нэхэмжлэгч Б.М****** ад олгож, үлдэх 5,005,957 төгрөг буюу нийт 41,170,447 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М****** ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б******* гаас улсын тэмдэгтийн хураамж 62,855 (жаран хоёр мянга найман зуун тавин тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М****** ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН