Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 305/ШШ2026/00229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: **** оршин суух Х.М-н нэхэмжлэлтэй

хариуцагч: ***** оршин суух З.А-д холбогдох

109,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.М /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: 109,600,000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Бид хоёр 2006 онд гэр бүл болж 3 охин төрүүлээд гэр бүлийн таарамжгүй харилцаа хамт амьдрах боломжгүйн улмаас гэрлэлтээ 2011 оны 08 сард цуцлуулж 2011 оны 08 сарын 02-нд шүүх хуралдааны тогтоолоор, мөн 2013 оны 01 сарын 14-ний өдрийн 27 тоот шийдвэрээр тус тус хүүхдийн тэтгэлэгт олгогдсон 200 толгой ямааг 2020 онд хүлээж авч тусгай им тэмдэг хийсэн боловч З.А би чамд маллаж төл ноосыг нь яг таг өгч байя хэмээн хотноосоо гаргаж өгөөгүй. Гэвч 2020-2025 оны хооронд 5 жилийн хугацаанд бидэнд ноос ноолуур, ашиг шимийн мөнгө төгрөг олдоогүй, өгөөгүй учир уг малын 5 жилийн ноолуурын мөнгө 54 сая төгрөг, мөн 200 ямааны 5 жилийн төл дундажаар 356 толгойгоор нэмж тооцоод нийт 556 ямааны 55,6 сая төгрөг, нийтдээ 109,600,000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг хөрөнгөө авч хүүхдүүдийнхээ сурч боловсрох төлбөр, өмсөх хувцас, идэх хоол хүнс нэмэлт бүтээгдэхүүн зэрэгт зарцуулна.

20 сая төгрөг бол 200 мал өгсний дараа наад хүн чинь эргэж ирээд хүчирхийлэл үйлдээд би цагдаад хандаад сэргээлгэчихсэн байсан юм. Тэгсэн чинь одоо больё, гэр бүлтэйгээ, үр хүүхдүүдтэйгээ амьдарна. Би одоо чамд 20 сая төгрөг өгье. Чи наадхаа хаалгачих. Хоёулаа бүрмөсөн гэр бүлтэйгээ амьдаръя гээд 2024 оны нэг сард хэлсэн. Тэгэхээр нь би одоо больё гэсэн чинь чи надаас авсан 20 сая төгрөгөө авсан гэдгээ баримтаа гаргаж өг гэсэн. Гол нь тэр үед З.А нь малчдын төсөл гээд 50 сая төгрөг авах гэж байсан болохоор надад өр зээлтэй гэж гарч ирээд байна. Чи энийг шүүхийн шийдвэр дээр өр зээлгүй гэсэн бичигтэй болчихвол миний зээл мөнгө бүтэх гээд байна гэж хэлсэн. Би тэр үед хотод, З.А хөдөө орон нутагт байсан болохоор би тэрийг нь эндээс хийлгээд хаачихсан юм. Тэрийг хаалгаснаас хойш одоо чамд олдох зүйл юу ч байхгүй. 20 сая төгрөг нэхэмжлээд ч чамд олдохгүй. 200 мал нэхэмжлээд ч чамд олдохгүй. Хуулийнхаа байгууллагад ханд гээд хэл амаар доромжлоод, ярилцаж тохиролцсон зүйлээ өгөхгүй байсан болохоор шүүх цагдаагийн байгууллагад хандсан. 20 сая төгрөг яг аваагүй. Зүгээр хамт амьдарч байх хугацаандаа миний данс руу мөнгө хийдэг байсан. Бид хоёр самарт хамт явдаг. Тэгээд самрынхаа мөнгийг над руу хийгээд миний картаас авдаг байсан. Тиймэрхүү гүйлгээнүүд л байдаг болохоос биш хүүхдийн тэтгэлэгт өгсөн гэх 20 сая төгрөгийг надад өгч байгаагүй гэв.

3. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Хариуцагч З.А болон Х.М нь 2011 оны 08 дугаар сарын 02-нд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцалж 3 хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Гэр бүл цуцалсны дараа удаагүй нэхэмжлэгч, хариуцагч нар буцаад нийлж хэдэн жил цуг амьдарч байгаад дахиад нэг хүүхэд төрсөн. Нэхэмжлэгч Х.М нь хүүхдийн тэтгэлэгт өгсөн малаа аваад зарахыг нь зарж идэж уугаад дуусгасан. Бид Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр хүүхдийн тэтгэлэг төлөх тал дээр 2013 онд харилцан тохиролцож нэхэмжлэгч Х.М нь хүүхдийн тэтгэлэгт өгсөн малаа аваад өөрөө захиран зарцуулаад дууссан тийм учир тэтгэлгийг дуусгавар болгосон. Гэсэн хэдий ч миний хүүхдүүд над дээр ирж байдаг, би том хүүхдийнхээ оюутны сургалтын төлбөр хүүхдүүдийн хэрэгцээний зардал зүйлийг өнөөдрийг хүртэл өгөөд эцгийнхээ үүргийг гүйцэтгэж явж байгаа.

Нэхэмжлэгч Х.М-ийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд танилцаад дараах дүгнэлтийг хэлье. Ерөнхийдөө Х.М-ийн хувьд хэлж байна л даа. Хариуцагчийг худлаа яриад байдаг, байнга зодоод байдаг, цуг амьдарч байснаа салаад л явчихдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гээд яриад байна. Бодит байдал дээр сая өөрөө ч хэлж байна. 2024 оны 10 сар хүртэл Улаанбаатар хотод хариуцагчтай цуг амьдарч байгаад хариуцагчийг хөөгөөд явуулдаг. Ингээд 2025 оны эхээр цагдаад гомдол гаргадаг. Энэ хүн яадаг вэ гэхээр бүр анх 2011 онд 2 хүүхэдтэй байхдаа гэрлэлтээ цуцалдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд яаж сайн мэдээд байна гэхээр эрүүгийн хэрэг дээр өмгөөлөгчөөр орсон учраас энэ процессыг нь сайн мэдээд байгаа. 2011 онд гэрлэлт цуцалснаас хойш дахиад цуг амьдардаг. Дахиад нэг хүүхэд төрдөг. 2013 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 3 хүүхдийн тэтгэлэгт 200 мал авсан гээд дуусгавар болгодог. 2013 онд тухайн малыг авсан гэсэн баримт хавтаст хэргийн материалд байгаа. Гэтэл эдгээр хүмүүс эргээд цуг амьдардаг. Цуг амьдарчихаад буцаад салаад явдаг. Сая өөрийнх нь хэлснээр 2020 оноос гэсэн үү, 2024 оны сүүл хүртэл дахиад цуг амьдарсан гэж байгаа. Ерөөсөө энэ 2024 оны сүүл хүртэл хугацаанд ирж очин цуг амьдарч явсаар ирсэн. Ингээд амьдарч явж байхдаа тэр 200 малаа буцааж нийлүүлээд цуг хэрэглээд ашиглаад дахиад салаад явахаараа дахиад шийдвэр гүйцэтгэлт ажиллагааг сэргээе гэдэг хүсэлтийг өгдөг. Нөгөө шийдвэр гүйцэтгэх газар нь хүлээж аваад ажиллагааг дахиад сэргээдэг. Ингээд дахиад сэргээхээр энэ хүний 20 сая төгрөг өгсөн үйл баримт тогтоогдож байна гээд шийдвэр гүйцэтгэлт ажиллагаа дуусгавар болгосон. Тэгээд 2024 онд дахиад салаад явчихсан. Салаад явангуут нь 2025 цагдаад миний 200 малыг завшчихсан, ерөөсөө өгөөгүй гэдэг асуудал ярьдаг. Тэгээд цагдаа дээр яваад тухайн хэргийг нь хаадаг. Энэ гомдол мэдээлэл үндэслэлгүй байна гээд бүх ажиллагааг нь хийгээд очоод малд нь үзлэг хийгээд, тухайн үеийн им тамгатай мал нь байна уу гэдэг ажиллагааг хийсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль журмын дагуу өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийллээр хаасан гэдэг үйл баримт дээр тулгуурладаг. Нэхэмжлэгч иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Би 500 хэдэн мал нэхэмжилж байгаа. 500 хэдэн мал авна аа, дахиад ашиг шим болох ноолуурын үнэ авна гээд 100 хэдэн сая төгрөгийн нэхэмжлэл гаргадаг. Шүүхэд юу хүсэж байгаа, ямар нэхэмжлэл гаргаж байгаа юм, нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тэргүүн ээлжид нотлох үүрэгтэй. Шүүхээс юу хүсээд байгаа нь ойлгомжгүйгээр би 109 сая төгрөгийн хөрөнгө нэхэж байна л гээд байдаг. Миний ийм им тамгатай, ийм мал байгаа гээд. Гэтэд малын А данс ч хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Дээрээс нь ийм хэмжээний ноолуур ашиг шимээ авсан гэдэг үйл баримт ч авагдаагүй. Эсрэгээрээ нөгөө нэхэмжлэгчийн гаргаад байгаа тайлбар, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан үйл баримтууд харагддаг. Мэдээж 2011 оноос хойш буцаж нийлээд 2 хүүхэд гаргаад амьдарч байх тухайн 200 малаа яаж өгөлцөж, авалцсаныг нь мэдэхгүй. Өөрийнх нь тайлбарлаж байгаагаар буцаад очиж нийлэхдээ малтайгаа очиж нийлээд хэрэглээд ашигласан мэтээр тайлбарыг хэлдэг. Сүүлд салаад явахдаа 20 сая төгрөгийг мөн авдаг. Хотод хашаа, гэр гэх зэргийг бүгдийг нь хариуцагч авч өгсөн болох нь цагдаагийн хэргийн материалаар ч тогтоогддог. Энэ баримтуудаас харахаар 2024 оны 10 сараас энэ хүмүүс тусдаа амьдарч байгаа гэсэн хэдий ч дунд хүүхэд нь аав дээрээ сурч байсан үйл баримт цагдаа дээр шалгахад тогтоогдож байсан. Тэгэхээр хавтаст хэргийн материалын хүрээнд харахад тухайн 3 хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой энэ ажиллагааг нэг удаа сэргээгээд дахиад ажиллагаа хийгээд 20 сая төгрөг авсан гэсэн нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зориг байдаг. Түүнээс биш хэн нэгэн хүчээр энэ хүнийг дарамтлаад хийлгэсэн үйл баримт хавтаст хэргийн материалд тогтоогддоггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, тайлбар, үндэслэлээ нотолж чадаагүй. Дээрээс нь 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн зохицуулалт байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 2011 оноос хойш үүссэн гээд байгаа 3 хүүхдийн тэтгэлгийн асуудал дуусгавар болчихсон. Сүүлд гарсан хүүхдийн тэтгэлэг бол төлөгдөөд зохих журмаараа явагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн хувьд салаад үл ойлголцол үүсэхээрээ л цагдаа шүүхэд хандаад яваад байдаг нь тухайн нөхцөл байдалд илэрдэг. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа энэ нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А.М-н төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А.Х-н төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А.М-н төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Х.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Х.М-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуулбар үнэн тэмдэгтэй/

-Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221 дугаар шийдвэрийн хуулбар,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаар шийдвэрийн хуулбар,

 

5. Хариуцагчаас иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221 дугаар шийдвэр,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаар шийдвэр.

 

6. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:

-Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/313 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн З.А-д холбогдох хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материал.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Х.М нь З.А-д холбогдуулан 109,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч Х.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Бид хоёр 2006 онд гэр бүл болж 3 охин төрүүлээд гэр бүлийн таарамжгүй харилцаа хамт амьдрах боломжгүйн улмаас гэрлэлтээ 2011 оны 08 сард цуцлуулж 2011 оны 08 сарын 02-нд шүүх хуралдааны тогтоолоор, мөн 2013 оны 01 сарын 14-ний өдрийн 27 тоот шийдвэрээр тус тус хүүхдийн тэтгэлэгт олгогдсон 200 толгой ямааг 2020 онд хүлээж авч тусгай им тэмдэг хийсэн боловч З.А би чамд маллаж төл ноосыг нь яг таг өгч байя хэмээн хотноосоо гаргаж өгөөгүй. Гэвч 2020-2025 оны хооронд 5 жилийн хугацаанд бидэнд ноос ноолуур, ашиг шимийн мөнгө төгрөг олдоогүй, өгөөгүй учир уг малын 5 жилийн ноолуурын мөнгө 54 сая төгрөг, мөн 200 ямааны 5 жилийн төл дундажаар 356 толгойгоор нэмж тооцоод нийт 556 ямааны 55,6 сая төгрөг, нийтдээ 109,600,000 төгрөгийг нэхэмжилж байна…” гэж тайлбарлажээ.

4. Хариуцагч З.А нь “...Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр хүүхдийн тэтгэлэг төлөх тал дээр 2013 онд харилцан тохиролцож нэхэмжлэгч Х.М нь хүүхдийн тэтгэлэгт өгсөн малаа аваад өөрөө захиран зарцуулаад дууссан тийм учир тэтгэлгийг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж татгалзсан.

5. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад

Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.М, хариуцагч З.А нарын 2007 оны 08 сарын 01-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалж, 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин А.М, 2009 оны 12 дугаар сарын 22-нд төрсөн охин А.Х нарт тэтгэлэг гаргуулж, эцэг З.А-аар тэжээн тэтгүүлж шийдвэрлэсэн.

Улмаар тус шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаар шийдвэрээр 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин А.М-н эцэг нь З.А мөн болохыг тогтоож, охин А.М-д тэтгэлэг гаргуулж, эцэг З.А-аар тэжээн тэтгүүлж, 114 тооны ямаа, 5 ханатай гэр зэрэг хөрөнгийг нэхэмжлэгч Х.М, охин А.М, А.Х, А.М нарт өгөх, үлдэх өвөлжөө, хятад мотоцикль, ИЖ-Планета 5 мотоцикль, 5 ханатай гэрийн мод зэргийг хариуцагч З.А-д үлдээхээр тохиролцсоныг дурдаж шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрүүдийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2020 оны 07 сарын 28-ны өдөр төлбөр авагч Х.М нь “...Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 09 сарын 07 өдөр 221 дугаартай шийдвэрээр З.А-с 3 хүүхдийн тэтгэлгийг гаргуулж Х.М миний биед олгохоор шийдвэрлэсэн. Тус төлбөрийн мөнгийг З.А-тай ярилцаж, харилцан тохиролцож 200 ширхэг ямааг 3 хүүхдийн 18 нас хүртэлх хугацааны тэтгэлгийн төлбөрт тооцон авч холбогдох 2 гүйцэтгэх баримт бичгийг бүрэн дуусгавар болгож архивт шилжүүлэх хүсэлтэй байна. Цаашид дахин санал гомдол үгүй болно...” гэх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж, нотариатаар батлуулсан байна. Уг хүсэлтийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 08/247 дугаар тогтоолоор төлбөр төлөгч З.А-д холбогдох 20050074 дугаар бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ.

Улмаар Х.М-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “...Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 сарын 14 өдрийн 27 дугаартай шийдвэрээр З.Агаас 3 хүүхдийн тэтгэлгийг гаргуулж Х.М надад олгохоор шийдвэрлэсэн. Тус тэтгэлгийн төлбөрийг 2020 оны 09 сарын 28 өдөр 200 ямаа хүлээн авч холбогдох материалыг дуусгавар болгосон. Тус өдрөөс хойш 2021 оны 10 сараас эхлэн З.А-тай эвлэрэн хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдрах хугацаанд тэтгэлэгт тооцон авсан 200 ямааг З.А-ийн малтай нийлүүлж хамт маллаж байсан. 2022 оны 4 сараас эхлэн дахин тусдаа амьдрах болсон тул өмнө 3 хүүхдийн тэтгэлэгт тооцон авсан 200 ямааг З.А-аас гаргуулж надад олгож өгнө үү. Иймд тус тэтгэлгийн материалыг сэргээж ажиллагаа хийж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаснаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09/01 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолоор “Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 27 тоот шийдвэртэй төлбөр төлөгч З.А-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллгаааг” сэргээжээ.

Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж байхад төлбөр авагч Х.М нь 2024 оны 04 сарын 24-ний өдөр Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “...Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 09 сарын 07 өдрийн 221 дугаартай шийдвэрээр З.А-аас 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Х.М надад олгохоор шийдвэрлэсэн. Тус төлбөрийн мөнгийг З.А-тай харилцан тохиролцож 20 сая төгрөгийг хувийн дансаар шилжүүлэн авсан тул тус гүйцэтгэх баримт бичгийг бүрэн дуусгавар болгож архивт шилжүүлэх хүсэлтэй байна...” гэх хүсэлтийг нотариатаар баталгаажуулан ирүүлсэн, улмаар дээрх хүсэлтийг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 08/378 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоолоор төлбөр төлөгч З.А-д холбогдох 20050074 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна.

6. Дээрх маргаан нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221, 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаар шийдвэрүүдээр тогтоогдсон охин А.М, А.Х А.М нарт эцэг З.А-аас тэтгэлэг төлүүлэхтэй холбоотой харилцаанаас үүссэн маргаан байх бөгөөд нэхэмжлэгч Х.М нь шүүх хуралдаанд “...Нэхэмжлээд байгаа 109,600,000 төгрөг нь 3 хүүхдийн тэтгэлэгт өгсөн 200 толгой малтай холбоотой, 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаар шийдвэрээр тохиролцсон дундын хөрөнгө болох 114 тооны ямааг авсан” гэж тайлбарладаг.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн дүн нь зөвхөн 3 хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой буюу Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 08/247 дугаар тогтоолоор төлбөр төлөгч З.А-д холбогдуулан үүсгэсэн 20050074 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 200 ширхэг ямааг хүлээн авсан үндэслэлээр дуусгавар болгосонтой холбогдох маргаан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.2-т зааснаар тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр, эсвэл эд хөрөнгөөр олгохоор, 41.2 дугаар зүйлийн

41.2.1-т тэтгэлгийг сар, улирал, хагас жил, жилээр эсвэл

41.2.2-т зааснаар нэг удаа олгож болохоор заасан.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд зохигчид нь анх 3 хүүхдийн тэтгэлгийг эд хөрөнгөөр, нэг удаа төлж дуусгавар болгохоор тохиролцож, нэхэмжлэгч Х.М нь эд хөрөнгийг буюу 200 ямааг хүлээн авснаар хариуцагч З.А-ийн хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэг дуусгавар болжээ.

Харин ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосны дараа Х.М, З.А нар нь дахин хамтын амьдралаа үргэлжлүүлж, нэхэмжлэгч урьд хүүхдийн тэтгэлэгт тооцон авсан 200 ямааг хариуцагчийн малтай нийлүүлэн хамт маллаж байсан болох нь:

Нэхэмжлэгч Х.М-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан “...2021 оны 10 сараас эхлэн З.А-тай эвлэрэн хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдрах хугацаанд тэтгэлэгт тооцон авсан 200 ямааг З.А-ийн малтай нийлүүлж хамт маллаж байсан. 2022 оны 4 сараас эхлэн дахин тусдаа амьдрах болсон...” гэх хүсэлтээр тогтоогддог.

Улмаар 2024 оны 04 сарын 24-ний өдөр дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор хүсэлт ирүүлэхдээ “...Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 09 сарын 07 өдрийн 221 дугаартай шийдвэрээр З.А-аас 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Х.М надад олгохоор шийдвэрлэсэн. Тус төлбөрийн мөнгийг З.А-тай харилцан тохиролцож 20 сая төгрөгийг хувийн дансаар шилжүүлэн авсан тул тус гүйцэтгэх баримт бичгийг бүрэн дуусгавар болгож архивт шилжүүлэх хүсэлтэй байна...” гэжээ.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Х.М нь З.А-ийн малтай нийлүүлэн маллаж байсан, өмнөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шилжүүлэн 200 ямааны оронд 3 хүүхдийн тэтгэлэгт 20 сая төгрөгийг тооцон авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин дуусгавар болгосон байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2024 оны 04 сарын 24-ний өдөр Гэр бүлийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.2-т тус тус зааснаар хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр, нэг удаа авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

7. Иймд төлбөр төлөгч буюу хариуцагч З.А нь хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч Х.М-ийн урьд хүүхдийн тэтгэлэгт олгогдсон 200 толгой ямааны 5 жилийн ноолуурын мөнгө 54 сая төгрөг, мөн 200 ямааны 5 жилийн төл дундажаар 356 толгойгоор нэмж тооцоод нийт 556 ямааны 55,6 сая төгрөг, нийтдээ 109,600,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах ба энэ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талууд өөрийн шаардлага татгалзалаа нотлох баримтыг шүүхэд цуглуулж, бүрдүүлж гаргах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Х.М нь шүүх хуралдаанд “З.А гэр бүлтэйгээ, үр хүүхдүүдтэйгээ амьдарна. Би одоо чамд 20 сая төгрөг өгье. Чи наадхаа хаалгачих. Хоёулаа бүрмөсөн гэр бүлтэйгээ амьдаръя гээд 2024 оны нэг сард хэлсэн. Тэгэхээр нь би одоо больё гэсэн чинь чи надаас авсан 20 сая төгрөгөө авсан гэдгээ баримтаа гаргаж өг гэсэн. Гол нь тэр үед З.А нь малчдын төсөл гээд 50 сая төгрөг авах гэж байсан болохоор надад өр зээлтэй гэж гарч ирээд байна. Чи энийг шүүхийн шийдвэр дээр өр зээлгүй гэсэн бичигтэй болчихвол миний зээл мөнгө бүтэх гээд байна гэж хэлсэн. Би тэр үед хотод, З.А хөдөө орон нутагт байсан болохоор би тэрийг нь эндээс хийлгээд хаачихсан юм…” гэж тайлбарлаж байгаа боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэх тайлбар нь хэрэгт цугласан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

9. Дээрх үндэслэлээр Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.2, 41.2.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч З.А-аас 109,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 705,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.2, 41.2.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч З.А-аас 109,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 705,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА