Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 35

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.*******

Хариуцагч: Д.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.*******

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэниий хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзулын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 14ий өдрийн 533 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Д.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2012 онд *******той танилцаж 2014 онд охин *******ийг төрүүлсэн. ******* бид хоёр 2014 онд гэр бүл болон 2016 оны 9 сар хүртэл амьдарч байтал ******* нь чи хот явж ажил хий би хөдөө адуу маллах боллоо охин ээж дээр байж байг гээд намайг хот явуулаад удалгүй охин *******э болон миний хуваарьт эд хөрөнгийн зарим хэсгийг аав *******гийнд өгсөн байсан. Охин бид хоёртой 2016 оны 9 сараас өдий хүртэл уулзаагүй. Иймд охин *******эд тэтгэлэг тогтоолгох, үлдсэн эд хөрөнгө болох сарлагийн эр үхэр 2, суурин утас /200.000/ хөрөө/160.000/ 2016 оны 9 сараас өдий хүртэлх хүүхдийн мөнгө 240.000 төгрөг, хонь 16, ямаа 9 гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Би 2013 онд *******тай танилцан дотносон 2014 онд охин *******э төрсөн ба тэр жилээ хурим найраа хийж айл болсон. Хоёр талаас өмч хөрөнгөд ирсэн малаа хамт маллаж хөдөө амьдарч 2 жил болохдоо зарим нэг мал зарж хэрэглэсэн идэш болгосон. *******гийн нэхэмжилж байгаа эд зүйл малыг хариуцан төлөх боломжгүй. Салах шалтгаан надаас болоогүй хүүхдийн тэтгэвэр төлөхөд ч харамсалтай бөгөөд өсгөсөнөө бодохоор охиноо өөр дээрээ авч өсгөмөөр байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 07-р сарын 30-ны өдөр төрсөн охин Б.*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг Д.*******оор сар бүр тэжээн тэтгүүлж, Монгол улсын Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.*******оос 200.000 төгрөгний үнэтэй суурин утас, 349.97024 төгрөгний хадгаламжтай хүүхдийн хадгаламжийн дэвтэр, моторт хөрөө, эр хонь-2, эм хонь-3 ширхэгийг, 1.200.000 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Д.*******оос 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгож, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдаж, шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгаж, Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглож, Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдаж, эцэг Д.*******ын хүссэн үед охин Б.*******этэй нь уулзуулж байнгын харилцаатай байх боломжоор хангахыг Д.*******д даалгаж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 533 дугаартай шийдвэрийн зарим заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

....*******гийн нэхэмжлэлд дурдагдсан 2 шүдлэн үхрийг 1.200.000 төгрөгөөр үнэлж шийдвэрлэсэн нь зах зээлийн үнээс хэтэрхий өндөр үнэлгээтэй байгаа тул энэ байдлыг харгалзан үзнэ үү

Мөн охиноо өөрийн асрамжид үлдээх тухай харгалзан үзэж өгөхийг хүсж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Д.*******од холбогдуулан хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгө хуваарилж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэрлэж, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Б.*******ийг эцэг Д.*******оор тэжээн тэтгүүлэхээр, Д.*******оос 200.000 төгрөгний үнэтэй суурин утас, 349.970 төгрөгний үнийн дүнтэй хүүхдийн хадгаламжийн дэвтэр, моторт хөрөө, эр хонь-2, эм хонь-3, 1.200.000 төгрөгийг эд хөрөнгүүдийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгохоор тогтоожээ..

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д.******* нар 2013 онд танилцан дотносож, Д.******* нь 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр охин Б.*******ийг төрүүлсэн болох нь тогтоогджээ.

Хариуцагч Д.******* нь охин Б.*******ийг сар бүр тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй байжээ.

Зохигчид давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн тодорхой хэсгийн талаар тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан байх бөгөөд тус гэрээнд зааснаар хариуцагч Д.*******оос 200.000 төгрөгний үнэтэй суурин утас, 349.970 төгрөгний үнийн дүнтэй хүүхдийн хадгаламжийн дэвтэр, моторт хөрөөгөө авсан, Одоо эр хонь-2, эм хонь-3-ийг авахаасаа татгалзаж, харин 1.000.000 төгрөгийг Д.*******оос авахаар тохиролцов гэжээ.

Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган, түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээр байна.

Нөгөө талаас эвлэрэлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийг эрх ашгийг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэг, 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 533 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д.******* нар нь харилцан тохиролцож Д.*******оос 200.000 төгрөгний үнэтэй суурин утас, 349.97024 төгрөгний хадгаламжтай хүүхдийн хадгаламжийн дэвтэр, моторт хөрөө, 1.000.000 төгрөгийг гаргуулахаар эвлэрэн хэлэлцсэн болохыг баталсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Д.******* нь давж заалдах шатны шүүх хуралдааны явцад 200.000 төгрөгний үнэтэй суурин утас, 349.97024 төгрөгний хадгаламжтай хүүхдийн хадгаламжийн дэвтэр, моторт хөрөөг Д.*******д хүлээлгэж өгсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

 ШҮҮГЧИД  Т.ЖАРГАЛСАЙХАН

 Б.АРИУНБАЯР