Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ДШМ/05

 

 

 

 

 

 

  2026       01        07                                            2026/ДШМ/05

 

 

Б.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                                Э.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Ц.М

Насанд хүрээгүй хохирогч                                   Н.Н

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                  Ш.Б

Хохирогчийн өмгөөлөгч                                        Б.Г /цахимаар/

            Нарийн бичгийн дарга                                         Г.Энэрэл нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 505 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б, хохирогчийн өмгөөлөгч Б.Г нарын давж заалдах гомдлыг үндэслэн Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Г-н Д, Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Г.Д нь       аймгийн      сумын       багийн      тоот өөрийн хашаандаа тэжээдэг нохойг буюу орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус багийн нутаг дэвсгэрт байрлах жалганд насанд хүрээгүй хохирогч Н.Нгийн зүүн гарын шуу хэсгийг хазаж, түүний эрүүл мэндэд “зүүн гарын шуу болон богтос ясны ил хугарал, зүүн шуу, бугалганы олон тооны шарх, хугарлыг засах мэс заслын дараах байдал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Х овогт Г-н Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б давж заалдах гомдолдоо:

...Миний хүү Н.Нг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дгийн хашаандаа тэжээдэг питбул үүлдрийн нохой нь ямар ч хамгаалалтгүй явж байгаад миний хүүгийн зүүн гарын шуунаас хазсаны улмаас богтос яс нь ил гарч хугарсан, олон тооны шарх, сорив гэмтэл учруулсан. ...Д нь 3 сарын хугацаанд 2 сая гаруй төгрөг өгөөд хохирол төлбөр өгсөн гэж тооцож үл тоосон байдал гаргасан. Хүүгээ мэс засалд оруулах гээд явах гэж байна гэхэд хүнээс мөнгө зээлээд явахгүй юу, ер нь надад ямар хамаатай юм гэсэн байдал үүсгэсэн. Гэмтлийн хүндэвтэр зэрэг бол миний ойлгосноор 2 сараас дээш хугацаанд эдгэрсэн байх ёстой байхад хүүгийн минь гар одоо хүртэл эдгээгүй өвчин, шаналал, зовиур үүссэн хичээлдээ ч явж чадахгүй, манайх санхүүгийн хувьд маш хүнд байдалд орж хүүгээ асарч байгаа болохоор ажил хийж чадахгүй байгаа. Манайх олон бага насны хүүхэдтэй, нөхөр минь ажил хийгээд олсон мөнгөө хүүхдийнхээ эмчилгээний зардалд зарцуулж байна. Эдийн засгийн хувьд маш хүнд байдалд байгаа. Гэмтлийн зэрэг өөрчлөгдөх нөхцөл байдал үүссэн байхад шүүх энэ дээр анхаарч үзсэнгүй. Мөн хохирол төлбөр төлж барагдуулаагүй цаашид төлбөртэй холбоотой асуудал дээр хайхрамжгүй хандаж 1.5 сая төгрөгөөр торгосон болоод өнгөрсөн. Хүү минь мэс засалд орсноос хойш Дтэй байнга холбогдож мөнгө хэрэгтэй байна гэхэд эхлээд өгнө гэдэг байсан, сүүлдээ утас нь холбогдох боломжгүй болсон. Хариу өгөхгүй, утсаа авахгүй ийм нөхцөл байдал үүссэн. Тэгээд сэтгэцэд учирсан хор, хохирол, уршгийн зэрэглэл хүүхдийн минь эрүүл мэндийн хүнд байдлаас болоод зайлшгүй гарах байсан боловч хуульд энэ гэмт хэрэгт сэтгэцэд учирсан зэрэглэл тогтоох боломжгүй гэсэн шүүхийн асуудал гаргасан. Энэ асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа байх боломжтой байсаар байтал шүүх нэг талыг барьж миний хүүхдийн эрх ашгийг хохироож, хохироосон дээр нь сэтгэл санаагаар унасан, эдийн засгийн хүнд байдалд оруулсан асуудал дээр улам энэ хууль хяналтын байгууллага нэг талыг барьсан шийдвэр гаргасанд бид гомдолтой байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохын тулд холбогдох байгууллагад хандаад энэ асуудалд хуульд зааснаар түдгэлзүүлэх боломжтой байхад шүүх харгалзаж үзсэнгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлэж өгөөч ... гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо:

...Насанд хүрээгүй хохирогч Н.Н 11 настай бага насны хүүхэд байх бөгөөд нохой буюу араатан амьтанд хазуулсанаас болж маш их айдаст автсан, үүнээс болж сэтгэл санааны хэвийн байдал алдагдаж, шөнө унтаж чадахгүй, маш их өвдөлт шаналал мэдэрсэн хичээл сургуульдаа гэмтлээсээ болж одоог хүртэл яваагүй, хичээлийн хоцрогдол үүссэн, үр хүүхэд нь нүдэн дээр нь эрэмдэг болж байгааг эцэг эх нь мэдэрч сэтгэл санааны хүнд байдалд орж, хэн алиных нь амьдралын хэвийн байдлууд алдагдсан зэрэг байдлаас насанд хүрээгүй хохирогчийн сэтгэл зүйд нь маш их өөрчлөлт орсон.

Гэтэл анхан шатны шүүх сэтгэцийн гэм хорын хохирол тогтоох зүйл ангид хамааралгүй гэсэн үндэслэлээр хязгаарлаж хохирогчийн сэтгэл зүйн хохиролд дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан байгаа нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны эрхийг хохироосон шийдвэр гаргахад хүрлээ гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна.

Иймээс Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 505 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М тайлбартаа:

...Тус хэргийг Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Т хянаж, 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 412 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон бөгөөд хэргийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй болно.

Насанд хүрээгүй хохирогч Н Нгийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоохдоо Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 760 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Уг дүгнэлтэд “Н.Нгийн биед зүүн гарын шуу болон богтос ясны ил хугарал, зүүн шуу, бугалгын олон тооны шарх, хугарлыг засах мэс заслын дараах байдал гэмтэл топгоогдлоо Дээрх гэмтлүүд нь амьтны шүдээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэж дүгнэсэн дүгнэлт гарсан.

Уг шинжээчийн дүгнэлттэй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад танилцсан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий эргэлзээгүй гарсан бөгөөд Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтооход баримтлах зарчмыг тодорхойлон журамласан бөгөөд уг журмыг зөрчөөгүй.

Насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тухайн гэмтэл учрах үеийн байдлаар тодорхойлон дүгнэлт гаргах бөгөөд журмын 2.6.6 мэс ажилбар, мэс засал буруу, эсхүл шаардлагагүй тохиолдолд хийгдсэн бол энэ журмын дагуу, 2.6.7.суурь архаг өвчтэй болон түүний үлдэцийг сэдрээсэн, хүндрүүлж эмчилгээ удаан хугацаагаар хийгдэх шаардлага гарсан тохиолдолд архаг өвчин, гэмтлийн алинаас нь үйл ажиллагааны алдагдал үүсч буйг ялган оношилж, зөвхөн гэмтлийн улмаас үүссэн үйл ажиллагааны алдагдлаар" гэж заасан зарчмуудыг баримтлан гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийн 7-д “Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэж заасан нь тухайн гэмтлийн эдгэрэлт нь эмчилгээний үр дүн, гам барих буюу хөдөлгөөн хязгаарлах нөхцөлүүдээс хамаарч эдгэрэх хугацаа сунаж болохыг тодохойлсон дүгнэлт юм.

Шүүгдэгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогчтой төрөл садангийн холбоотой, гэр нь ойрхон зэргэлдээ амьдардаг тул насанд хүрээгүй хохирогчийг хэрэг явдлаас хойш эм эмчилгээ хийлгэхэд тусалж дэмжиж байсан бөгөөд хөдөлгөөн хязгаарлаж гараа сойж явах хэрэгтэй талаар тайлбарлаж байсан бөгөөд хүүхэд юм болохоор хөдөлгөөн хязгаарлахгүй гараа сойхгүй явж байхыг нь харж хэлж байсан гэж тайлбарладаг болно.

Иймд Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 760 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хууль, Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын дагуу гарсан, үндэслэл бүхий эргэлзээгүй дүгнэлт гарсан бөгөөд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн шүүх хуралдаанд “насанд хүрээгүй хохирогч нь шүүх хуралдааны өдөр хагалгаанд орж байгаа гэж тайлбарлаж, улмаар уг хагалгаа эмчилгээнээс шалтгаалан гэмтлийн зэрэг өөрчлөгдөх, хүндрэх үндэслэлтэй тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоохоор дахин шинжээч томилж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон бөгөөд насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтэд холбогдуулан ямар нэгэн хүсэлт гомдол гаргаж байгаагүй болох нь тэднийг уг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байсан болохыг илэрхийлж байгаа гэж үзэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоохоор сэтгэцийн шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан, улмаар сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг хөндлөнгийн байгууллагаар шинжлүүлэх хүсэлт гаргасныг шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2025/ШЗ/935 дугаартай “хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжид хүсэлтийг хангахаас татгалзах үндэслэлийг тодорхой тайлбарласан болно.

...Түүнчлэн шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээж. хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэж, улмаар баримт сэлт гэхгүйгээр эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах эм эмчилгээний зардалд 3,500.000 төгрөг төлсөн бөгөөд цаашид насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эм эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол хор уршгийн зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн бөгөөд хохирогчийн эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зуйлийн 1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ... гэжээ.

  Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М тайлбартаа: ... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б тайлбартаа: ... Гомдолтой байгаа ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Г тайлбартаа: ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Г дүгнэлтдээ: ... гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б,  хохирогчийн өмгөөлөгч Б.Г нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Д нь      аймгийн     сумын      багийн     тоот өөрийн хашаандаа тэжээдэг нохойг буюу орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас уг нохой 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус багийн нутаг дэвсгэрт байрлах жалганд насанд хүрээгүй хохирогч Н.Нгийн зүүн гарын шуу хэсгийг хазаж, түүний эрүүл мэндэд “зүүн гарын шуу болон богтос ясны ил хугарал, зүүн шуу, бугалганы олон тооны шарх, хугарлыг засах мэс заслын дараах байдал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлэгдэж, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон яллах болон өмгөөлөх талуудын тайлбар, дүгнэлт, бусад нотлох баримтыг үндэслэж, хийсэн хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б, хохирогчийн өмгөөлөгч Б.Г нар нь “ … хүү нохойд хазуулсанаас болж айдаст автаж сэтгэл санааны хэвийн байдал алдагдаж, ... сэтгэл зүйд нь маш их өөрчлөлт орсон ... анхан шатны шүүх сэтгэцийн гэм хорын хохирол тогтоох ... хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй ... хохирол төлбөр төлж барагдуулаагүй ..., торгосон болоод өнгөрсөнд гомдолтой ... ” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Г нь “ ... насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 935 дугаартай захирамжаар “ ... шүүх шинжилгээний төв нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хамаарахгүй үндэслэлээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзсан хариу ирүүлсэн,

мөн  дээрх гэмт хэрэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журамд заасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д хамаарахгүй,

...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох бөгөөд хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, улмаар хөндлөнгийн байгууллагын дүгнэлтийг үнэлэх боломжгүй...” гэсэн үндэслэлүүдээр хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Учир нь: Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шинжилгээний байгууллага Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэргүүдийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах талаар заасан боловч дээрх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйл буюу “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” гэмт хэргийг хамааруулаагүй байна.

 

Дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Нгийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хуульд заасан журмын дагуу тогтоолгох боломжгүй бөгөөд харин түүнд сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй юм.

 

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хэмээн нийт 2.483.282 төгрөгийн баримтыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Бас гаргаж хэрэгт хавсаргуулсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Дг 3.500.000 төгрөг нөхөн төлсөн гэсэн үндэслэлээр шүүгдэгчийг шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.  

 

Түүнээс гадна шүүгдэгч Г.Д нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө” гэж мэдүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо ... гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Дгээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Үүнээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хохиролтой холбоотой гэх баримтууд гаргаж өгсөн боловч түүний өмгөөлөгч Д.Г нь “...би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохиролтой холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх учир баримтуудаа бүрдүүлж байгаарай гэдгийг хэлсэн. ... Эдгээр баримтуудыг эрүүгийн хэрэгт өгөх шаардлагагүй. ... Миний үйлчлүүлэгч буруу ойлгосон байна ...” гэж тайлбарласнаар  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тухайн баримтууд /е баримтууд/-аа буцааж авсан болно.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардалтай холбоотой холбогдох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийнхээ дагуу харьяалах шүүхэд хандах нь зүйтэй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний санамсар, болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн эмчилгээнд 3.500.000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм буруу болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 505 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б, хохирогчийн өмгөөлөгч Б.Г нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.ЖАРГАЛТУЯА

 

                        ШҮҮГЧИД                                                               С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                         З.ХОСБАЯР