Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ДШМ/06

 

 

 

 

 

 

  2026       01        07                                            2026/ДШМ/06

 

 

                                           Н.Тд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Т.Д

Яллагдагч                                                     Н.Т

Яллагдагчийн өмгөөлөгч                          Н.М

            Нарийн бичгийн дарга                             Г.Энэрэл нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1011 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл болон яллагдагч Н.Тгийн давж заалдах гомдлоор Н.Тд холбогдох       дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Н-н Т, Монгол Улсын иргэн,

 

Яллагдагч Н.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр        аймгийн       сумын      багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “З” амралтын газар хохирогч В.Ц-г хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр хэсэгт нь цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Н.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Яллагдагч Н.Тд холбогдох эрүүгийн       дугаартай хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцааж, Яллагдагч Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хугацаагаар хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

 

“ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих гэдэгт хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүх хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол, магадлал гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйц хуулийн шаардлагыг хамруулан үзнэ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

Шүүхээс яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангаагүй, яллагдагчаар татах тогтоолын хувийг гардуулж өгөөгүй нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй юм.

Учир нь мөрдөгчөөс яллагдагчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан энэ баримт хэрэгт авагдсан, яллагдагч нь мэдүүлэгтээ ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаараа мэдүүлсэн байхад зөвхөн яллагдагчаар татах тухай тогтоол гардуулан өгсөн талаар баримт хэрэгт байхгүй гэдгээр яллагдагчийг ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдээгүй, түүний эрхийг зөрчсөн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байна.

3ахирамжид гэмт хэрэг гарсан газар Булган, Орхон аймгуудын алинд харьяалагддаг болохыг албаны баримтаар баталгаажуулах гэсний тухайд хэрэг учрал болсон гэх газар нь       аймгийн       сумын     багийн нутаг дэвсгэрт гэр хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг “З” амралтын газар болсон ба энэ нь       аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг бөгөөд энэ талаар баримтаар баталгаажуул гэсэн нь үндэслэлгүй.

Хэрэгт өгсөн хохирогч В.Ц-н “... Бид хоёр 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим      аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг З амралтын газар амрахаар очиход” гэсэн мэдүүлэг,

мөн “З” амралтын газрын өмчлөгч С.Б-н гэрчээр өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс         аймаг        сум       багт байрлах З жуулчлалын баазыг ажиллуулж байгаа юм. Тухайн өдөр манай амралтын газар 11 цаг 36 минут орчимд В.Ц гэх эмэгтэй гар утсаар захиалга өгөөд нэг залуугийн хамт ирж манай 300,000 төгрөгийн хоногийн байшинд үйлчлүүлэхээр орсон юм...” гэсэн мэдүүлэг,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар “З” амралтын газар нь     аймгийн нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа нь хангалттай тогтоогдсон.

Түүнчлэн, гэмт хэргийн талаарх гомдол гаргасан цаг үеэс эхлэн       аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байхад гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг аль аймаг болохыг нотлон тогтоо гэсэн нь үндэслэлгүй шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарч байна.

Шүүхээс яллагдагч, хохирогч нар 2018 оноос хамтын амьдралтай, холбоотой болох нь тэдгээрийн тайлбар мэдүүлгээр тогтоогдсон тул үйл баримт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэх талаар прокурор яллах дүгнэлтдээ үндэслэж дүгнэх шаардлагатай гэсний тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан бөгөөд анхан шатны шүүх яллагдагч, хохирогч нар 2018 оноос хамтын амьдралтай, холбоотой болох нь тэдгээрийн тайлбар мэдүүлгээр тогтоогдсон гэж урьдчилан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд үйлдэгдсэн гэж дүгнэх нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэх бөгөөд хэргийн зүйлчлэл, санаа сэдэл, гэм буруугийн асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар талуудын тайлбар, мэдүүлэг мэтгэлцээний үндсэн дээр дүгнэлт хийж, шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэх боломжтой ба үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тусгайлан зохицуулсан атал шүүхээс дээрх дүгнэлтийг хийсэн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлд хамаарч байна гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүгчийн шийдвэрт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгэх нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/1011 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив ... ” гэжээ.

 

Яллагдагч Н.Т давж заалдах гомдолдоо:

 

“… уг захирамжаар надад холбогдох хэргийг хэлэлцээд намайг ямар хэрэгт шалгагдаж байгаагаа мэдээгүй, эрхийг минь хаасан мэтээр, бас надад тогтоолыг нь өгөөгүй мэтээр шүүх дүгнэж шийдсэн.

Гэтэл би хүн зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд шалгагдаж энэхүү хэрэг нь эрүүгийн хэрэг үүссэж, яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоолыг надад мөрдөгч гардуулан өгсөн. Би уг тогтоолыг гардан авч өөрөө нэг бүрчлэн уншиж танилцаж хэн юу гэж мэдүүлэг өгсөн, юугаар нотлогдоод яагаад хэрэг болж байгаа талаар тухайн тогтоолыг аваад уншиж танилцсан.

Надад мөрдөгч тухайн тогтоолыг гардуулан өгсний дараа яллагдагчийн эдлэх эрх үүргийг танилцуулан өгч, тайлбарласан үүргийг нь зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг хүртэл өөрчилдөг гэх мэтээр надад тайлбарлан өгсөн, энэ талаар баримт хэрэгт байгаа.

Тэрнээс би холбогдсон хэргийн талаар мэдэж, мэдэж ойлгосны үндсэн дээр хохирогчид учирсан хохирол төлбөрийг хүртэл төлж барагдуулж буруугаа ойлгож шүүхээр холбогдох ял шийтгэлээ хүлээхэд бэлэн. Түүнээс миний эрхийг ноцтой хязгаарлаж, зөрчсөн хаасан боогдуулсан зүйл байхгүй.

Мөн би шүүх хуралдаанд ч тогтоолтой танилцсан уу гэж шүүгч асуухад танилцсан гэдгээ хэлсэн, гэхдээ шүүгч надаас гардаж авсан уу гэж асуугаагүй, хэрвээ асуусан бол би гардаж авсан талаараа хэлнэ. Гэтэл шүүх завсарлаад ороод ирэхдээ намайг уг тогтоолыг гардан авч танилцаагүй мэтээр дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүх буруу олйгож шийдвэрлэсэн учир Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1011 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... ” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Н.Т тайлбартаа: ... Анхан шатны шүүх намайг ямар хэрэг хийснээ мэдэхгүй, мөрдөгчийн тогтоол гардаж аваагүй гэсэн учраас үүнийг хүлээн зөвшөрөөхгүй гомдол гаргасан гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... Яллагдагч Н.Тгийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос Н.Тг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр    аймгийн    сумын    багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “З” амралтын газарт иргэн В.Ц-г хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч М.М-н гаргасан хүсэлтийг үндэслэн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийж, шүүгчийн  захирамжаар “...яллагдагчаар татах тогтоолын хувийг гардуулж өгөөгүй нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн..., тухайн нутаг дэвсгэр нь Булган, Орхон аймгуудын алинд харьяалагддаг болохыг баталгаажуулах..., гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэх талаар прокурор яллах дүгнэлтдээ үндэслэж дүгнэх...” гэсэн үндэслэлүүдээр хэргийг       аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Шүүгчийн дээрх захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Т.Д-н эсэргүүцэл, яллагдагч Н.Тн гомдлыг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

Тухайлбал шүүгчийн захирамжид дурдсан “...яллагдагчаар татах тогтоолын хувийг гардуулж өгөөгүй нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн...” гэсэн үндэслэлийн тухайд:

 

Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолуудыг яллагдагч Н.Тд танилцуулж, гарын үсэг зуруулсан баримт хавтаст хэрэгт авагджээ /хх 3, 5, 176/.

 

Түүнчлэн мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу яллагдагчид дээрхи тогтоолуудын хувийг гардуулсан болох нь давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан яллагдагч Н.Тн тайлбар, гардан авсан тогтоолын хуулбарууд зэргээр тогтоогдож байх тул яллагдагчийн эрхийг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин мөрдөгч, прокурор нь уг тогтоолыг яллагдагчид гардуулсан баримтыг хэрэгт хавсаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг зөрчсөн байх боловч энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрчилд тооцогдохгүй юм.

 

Мөн шүүгчийн захирамжид дурдсан  “...тухайн нутаг дэвсгэр нь Булган, Орхон аймгуудын алинд харьяалагддаг болохыг баталгаажуулах...” гэсэн үндэслэлийн тухайд:

 

хэргийн үйл баримт болсон “З” гэх газар нь    аймгийн         сумын    багийн нутаг дэвсгэр, тодруулбал      тоотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг талаар хэрэгт авагдсан Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13/,

 

уг газрыг ажиллуулдаг гэх Д.Б-н гэрчээр өгсөн “...би 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс     аймгийн      багт байрлах “З” жуулчны баазыг ажиллуулж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 34/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг энэ хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулна” гэж заасан бөгөөд тухайн хэрэг нь харьяаллын бус болох нь мэдэгдвэл мөрдөгч харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт даруй хүргүүлэх үүрэгтэй.

 

Гэтэл хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хэргийн үйл баримт болсон гэх “З” гэх газар нь        аймгийн нутаг дэвсгэрт харьяалагддаг болох нь нотлогдож тогтоогдож байх тул мөрдөн шалгах ажиллагааны харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн шүүгчийн захирамжид заасан “...гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэх талаар прокурор яллах дүгнэлтдээ үндэслэж дүгнэх шаардлагатай...” гэсэн үндэслэлийн хувьд:

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарахаар заажээ.

 

Гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд дунд тэдгээрийн хувийн таарамжгүй байдлаас шалтгаалан үйлдэгдсэн гэмт хэрэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх нь үндэслэлгүй юм.

 

Хэдийгээр яллагдагч, хохирогч нар нь урьд тодорхой хугацаагаар хамтран амьдарч байсан гэх боловч 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тэдний хооронд болсон үйл баримтыг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна.

 

Мөн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт тодорхой заасан.

 

Харин гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч нарын  мэдүүлэг, шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой юм.

 

Иймд шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй буюу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл болон яллагдагч Н.Тн гомдлыг тус тус хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх яллагдагч Н.Тн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд яллагдагч нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэх үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1011 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Прокурорын эсэргүүцэл болон яллагдагч Н.Тн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ХОСБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                                                     Г.ЖАРГАЛТУЯА

 

                                                                                                            С.УРАНЧИМЭГ