| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/09704/И |
| Дугаар | 191/ШШ2026/00003 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2026/00003
| 2025 12 22 | 191/ШШ2026/00003 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Л.П нэхэмжлэлтэй,
Улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.*******,
Гэрч Ч.*******, Ө.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.******* миний бие 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс Боловсролын яамны харьяа Сургалт тоног төхөөрөмжийн засварын үйлдвэрт Радио техникчээр ажилд орж 1995 оныг дуустал ажилласан. Энэ үйлдвэр нь 1995 онд татан буугдсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал байгаач гарсан тушаал байхгүй. Боловсролын яамны харьяа Сургалт тоног төхөөрөмжийн засварын үйлдвэрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна.
Иймд намайг 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оныг дуустал Боловсролын яамны харьяа Сургалт тоног төхөөрөмжийн засварын үйлдвзрт Радио техникчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Үндэсний төв архивын тодорхойлолт /хх-3/, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт /хх-4/, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа /хх-5/, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-6/, 022601 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-7/, Ч.******* болон Ө.*******ын тодорхойлолт, иргэний үнэмлэх /хх-8-10/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 633 дугаартай шийдвэр /хх-11/, Л.*******ийн иргэний үнэмлэх /хх-12/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-13/, Сүхбаатар дүүргийн Нэг цэгийн үйлчилгээ, цахим мэдээллийн тасгийн баримт /хх-14/, Л.*******ийн цэргийн батлахны хуулбар /хх-15/, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-16-18/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2023/04233 дугаартай шийдвэр /хх-41,42/-ийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхийн бүрдүүлсэн баримт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9/11566 дугаартай албан бичиг /хх-24/, БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №173 /хх-25/, Хаягийн хуудас №7 /хх-26/, Төрснийг бүртгэх анкет №1775 /хх-27/, Төрөгсдийг бүртгэх анкет №1293 /хх-28/, Гэрлэснийг бүртгэх анкет №317 /хх-29/, Боловсролын яамны 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03/5182 дугаартай албан бичиг /хх-31/, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 337 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-32/, тус газрын 1275 дугаартай лавлагаа /хх-33/, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх-43-48/, гэрч Ч.*******, Ө.******* нарын мэдүүлгийг тус тус шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба тэрээр энэхүү хүсэлтийг гаргасан зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой гэж тайлбарлаж байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2а. Л.******* нь Ардын боловсролын яамны харьяа Сургалт тоног төхөөрөмжийн засварын үйлдвэрт радио техникчээр 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл улсад ажиллаж байсан болох нь
- түүнд 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ардын боловсролын яамны Сургалтын тоног төхөөрөмж, засварын үйлдвэрээс олгосон 022601 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар талд 1986.08.20, Цэргээс халагдсан тул үйлдвэрт Радио цехийн ажилчнаар авч ажиллуулав. АБЯ-ны харьяа сургалтын тоног төхөөрөмжийн засварын үйлдвэрийн даргын 1986.08.18-ны өдрийн 119 тоот тушаалаар гэх бичилт,
- Иргэний бүртгэлийн байгууллагын 1988 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үйлдсэн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №173 Хаатр-1/А/ маягтын ...14 дугаарт Ажилладаг-АБЯ сургалтын тоног төхөөрөмж, засварын үйлдвэрт 1986 онд ажилд орсон, радио техникч... гэх бичилт, мөн 1988 онд төрсөн Л.*******ийн хүү П.*******гийн төрснийг бүртгэх анкет №1775 маягт болон 1987 онд төрсөн Л.*******ийн хүү П.*******ийн төрөгсдийг бүртгэх анкет №1293 маягт,1987 онд Л.*******, Б.Нэргүй нарын гэрлэлтийг бүртгэсэн гэрлэлтийг бүртгэх анкет №317 маягтуудад Л.*******ийг тус газарт ажиллаж байсныг бичсэн бичилт,
- Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 337 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд Л.*******ийн ажиллаж байсан АБЯ-ны сургалт тоног төхөөрөмж засвар угсралтын үйлдвэр нь 1991, 1993, 1994.01-06 сард, АБЯ-ны сургалт үйлдвэрлэлийн төв нь 1992 онд шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-гаар тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийн тэтгэврийн санд төлж байсан болно гэж, тус газрын 1275 дугаартай лавлагаанд Л.******* нь 1995 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаар, Л.*******ид 1995 оны 3 дугаар сарын 08-ны өдөр олгосон 405839 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 2-3 талд бичигдсэн бичилт,
- гэрч Ч.*******, Ө.*******ын мэдүүлэг, тэдний тус байгууллагад ажиллаж байсныг гэрчлэх шүүхийн шийдвэрүүд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд дээрх үйл баримтуудыг дүгнээд нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/ нь Ардын боловсролын яамны харьяа Сургалт тоног төхөөрөмжийн засварын үйлдвэрт радио техникч-ээр 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл улсад ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ