2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2026/00081

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 24

191/ШШ2026/00081

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Ш нэхэмжлэлтэй,

 

Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Барилгын цэргийн 223 дугаар ангид 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж, 1986 онд халагдсан. Нагац ах н.*******гийнд Төв аймгийн Баянцагаан суманд 1973 онд сургуульд орж, 1981 онд Улаанбаатар төмөр замын Техникумд суралцаж байх хугацаандаа 1983 онд Улаанбаатар хотын Октябрийн районоос *******гийн ******* нэрээр цэргийн албанд татагдсан. Миний жинхэнэ овог нэр маань *******ын ******* юм. Батлан хамгаалахын яамны төв архиваас *******гийн ******* нэрээр лавлагаа гарсан. Цэргийн батлахаа хаяж гээгдүүлсэн тул сүүлд батлахаа нөхөн авахад *******ын ******* нэрээр нөхөж авсан. Миний бие өмнө нь уг цэргийн батлахын эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Барилгын цэргийн 223 дугаар ангид 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-3/, С.*******гийн иргэний үнэмлэх /хх-4/, 01119847 дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх /хх-5,32,33/, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 08/3127 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа /хх-6/, Ц.Соёл-Эрдэнийн тодорхойлолт /хх-7,9/, түүний цэргийн батлах /хх-8,34-36/, Г.Нарангэрэлийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-29/, цэргийн хувцастай зураг /хх-30/, цэргийн үүрэгтний үнэмлэх /хх-31/, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

3. Шүүхийн бүрдүүлсэн баримт: Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 526 дугаартай албан бичгээр тус архивын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08/3476 дугаартай Хугацаат цэгийн алба хаасны архивын лавлагаа болон УБ Октябрын районоос 1983 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет /хх-16-18/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 9/17596 дугаартай албан бичгээр БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №057 маягт болон Хаягийн хуудас №7 баримт, 1115 дугаартай төрөгсдийг бүртгэх анкет /хх-19-22/, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 162 дугаартай албан бичиг /хх-23/, гэрч Ц.Соёл-Эрдэнийн мэдүүлэг /хх-41-43/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5/13725 дугаартай албан бичгээр 76 дугаартай төрөгсдийг бүртгэх анкет болон Г.*******, Г.*******, Г.******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45-49/, гэрч Ж.*******ын мэдүүлэг, иргэний үнэмлэх /хх-53-56/-ийг тус тус шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* нь Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цэргийн алба хаасан болохыг тогтоолгох-оор хүсэлтийн шаардлагаа өөрчилсөн ба тэрээр энэхүү нэхэмжлэлийг гаргасан зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж тайлбарлаж байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2а. С.******* нь 1965 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрснийг иргэний бүртгэлд 1965 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлсэн байх бөгөөд түүнийг эх *******аар овоглосон, тэрээр өөрийн овог, нэрээ өөрчлөөгүй, Улаанбаатар хотын 2 дугаар төрөхөд төрсөн боловч үндсэн захиргаа нь Төв аймгийн Баянцагаан сум байсан болох нь Төрөгсдийг бүртгэх анкет №1115 баримт, БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №057 маягт болон Хаягийн хуудас №7 баримт, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр олгосон иргэний үнэмлэх зэргээр тогтоогдож байна.

 

2б. Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08/3476 дугаартай Хугацаат цэгийн алба хаасны архивын лавлагаа-гаар *******гийн ******* БХЯ-ны сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Улаанбаатар хот (Октябрийн район)-оос 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 223 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1986.08.08-ны өдрийн 282 дугаар тушаалаар 1986.08.17-ны өдөр 532516 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ.

 

УБ Октябрын районоос 1983 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет-д *******гийн *******, 1964.11.13 төрсөн 19 настай, халх, үндсэн захиргаа Төв аймаг, Баянцагаан сум, УБТЗ-ын техникумд 8 дугаар анги төгсөж ирээд 1981-83 онд суралцаж байсан, ямар нэгэн курс төгсөөгүй, ...Ам бүл 10, ах ******* 50 настай Баянцагаан суманд малчин, эх Олзбаяр малчин, 3 дүү дунд сургуульд, ах Наранхүү цэрэгт ... гэх бүртгэл хийгдсэн ба уг анкетад *******гийн овоглосон *******г түүний ах гэсэн бичилт хийгдсэн байна.

 

2в. Дээрх анкетад бичигдсэн ах Х.******* болон эх гэх Д.Олзбаяр нар нь нэг гэр бүлийн гишүүд ба тэдний дундаас 1968 онд Г.*******, 1975 онд Г.Нарангэрэл, 1979 онд Г.*******, 1981 онд Г.******* нар төрсөн ба С.*******гийн ээж Ж.*******ын нагац ах *******ын *******гээр овоглож, цэргийн албанд татагдсан болох нь 76 дугаартай төрөгсдийг бүртгэх анкет болон Г.*******, Г.*******, Г.******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа, гэрч Ж.*******ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

2г. С.******* нь цэргийн батлахаа үрэгдүүлж, улмаар Баянзүрх дүүргийн Цэргийн штабаас 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 01119847 дугаартай Цэргийн үүрэгтний үнэмлэх-ийг нөхөн авч, холбогдох мэдээллүүдийг тусгасан байна.

 

2д. Гэрч Ц.******* нь Улаанбаатар хотын Найрамдалын районоос цэргийн албанд татагдаж, С.*******тэй хамт Барилгын цэргийн 223 дугаар ангид 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан болох нь түүний 524304 дугаартай цэргийн батлах, түүний мэдүүлэгээр тогтоогдож байна.

 

Иймд дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл С.******* нь анх төрөхдөө ээж Ж.*******аар овоглож, өөрийн овгийг өөрчлөөгүй, улмаар сургуульд байхдаа нагац ах Х.*******гийн амьдарч байхдаа цэргийн албанд Х.*******гээр овоглон татагдаж, Барилгын цэргийн 223 дугаар ангид 1983-1986 оны хооронд цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/ нь Улаанбаатар хотоос 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 223 дугаар ангид алба хааж, 1986 оны 8 дугаар сарын 17-ны өдөр цэргийн албанаас халагдсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ