| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0214/Э |
| Дугаар | 256 |
| Огноо | 2018-02-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Прокурор Н.Гэрэлмаа,
Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
Хохирогч Б.Гат-Оргил,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох эрүүгийн 1806008030186 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Парис нэртэй баарны гадна Б.Гат-Оргилтой харилцан зодолдож, үүний улмаас Б.Гат-Оргилын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806008030186 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Гат-Оргилтой маргалдан, улмаар зодолдож түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Б.Гат-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
"...Би 2018 оны 01 сарын 10-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрлах Парис бааранд орсон. Бааранд архи, пиво ууж бүжиглэсэн. Хамтявсан Бямбатөр, Эрхэс нар нэг мэдэхэд бааранд байхгүй байхаар нь Бямбатөр рүү залгахад "Кемпински" зочид буудлын урд байна гэхээр нь баарнаас гараад явж байтал нэг залуу гал асуусан. Би "байхгүй, тамхи татдаггүй" гэж хэлээд явах гэхэд тэр залуу надаас бариад "хоёулаа ийшлээдхэе" гээд намайг чирэхээр нь би ганцхан залуу юм чинь гэж бодоод Парис баарны модтой буланд очоод хоорондоо цохилцож, зодолдсон. Зодолдож байхад араас нэг залуу ирээд хавирч унагаах шиг болсон. Түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Нэг сэрэхэд цагдаагийн хэлтэс дээр ирсэн байсан ба намайг зодсон гэх 2 залуу хамт ирсэн байсан... Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хамар хугарсан, дээд уруулын дотор тал язарсан, баруун нүд хавдсан байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 08-09/
Түүний шүүх хуралдаанд өгсөн:
Тухайн өдөр парис гэдэг бааранд сууж пиво ууж бүжиглэсэн. Бид 2 маргалдаад "хоёулаа ийшлээдхэе" гээд намайг чирэхээр нь би ганцхан залуу юм чинь зодолдъё гэж бодоод Парис баарны модтой буланд очоод хоорондоо цохилцож, зодолдсон. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй, адилхан залуу хүмүүс мөн Б.Г нь эмээ болон 2 дүүгийн хамт амьдардаг, миний бие эрүүл зүгээр байгаа, тухайн үед би өөрөө ч бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буруу байгаа учраас нэхэмжилсэн мөнгөнөөсөө татгалзаж байна гэх мэдүүлэг.
Гэрч А.Энхтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
"...2018 оны 1 сарын 10-ны өдрийн 23 цагаас 2018.01.11-ний 06 цаг хүртэл Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэсвгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд ахлагч Ж.Хадбаатарын хамт хяналт тавьж шалгаж явахад 2018 оны 01 сарын 11-ний 03 цагийн үед Парис баарны урд талын Хеннеси пабын хажууд харанхуй буланд 2 залуу заамдалцаад, орилж маргаж байхыг харсан. Маргааныг салгахаар очиж байхад тэр 2 залуу зууралдаад модны ёроол руу унаад Бат-Оргил нь Гантулгын дээр гарч суугаад толгой руу нь цохиод байсан. Би салгах гээд хойноос нь татахад дийлдэхгүй байсан. ахлагч Ж.Хадбаатар ирээд тэр хоёрыг салгаад босгоход Бат-Оргилын нүүр нь цус болчихсон, Гын биед ил харагдах шарх сорив байгаагүй. Өөрөө нүд рүү хуруугаа хийчихлээ гээд дараад байсан... Хэлтэс дээр ирсны дараа Бат-Оргил татаад байгаа бололтой газар унаад тийчлээд байхаар нь 103 руу залгаж дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг/хх-ийн 13-14/
Гэрч Б.Тогоонтөмөрийн мөрдөн байцаалтын өгсөн:
"...01 цагийн үед Оакланд баарнаас гараад Кемпински зочид буудлын хажуугаар явж байхад циркт цуг ажилладаг байсан Нандинсувд, найз Цэндээ болон 2 эрэгтэйгийн хамт дөрөвүүлээ явж байсан. Би "Нандинсувдаа" гээд дуудахад тэр эргэж хараад намайг гичий гэж хэллээ гээд намайг цохиж алгадсан. Тэгээд Г намайг татаж авах гэж байхад Нандинсувдтай цуг явсан нэг залуу нь Гыг аваад харанхуй газар руу орсон... Би Нандинсувдтай маргалдаж байхад нөгөө залуу нь Гыг цохиж байсан... Тэгээд бид хоёрыг цагдаагийн кобон дээр авчраад учраа олоод явах гэж байхад өөр цагдаа нар Г болон өргөдөл гаргасан залуу хоёрыг авчирсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 15-16/
Гэрч Д.Нандинсувдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
"2017 оны 01 сарын 10-ны өдөр 21 цаг өнгөрч байхад манай найз Цэндсүрэн залгаад "2-уулаа гарч жоохон суух уу" гээд би зөвшөөрөөд гарсан. Цэндсүрэн "манай дээд курсын ах найзтайгаа байгаа хоёулаа тэд нартай жоохон сууж байгаад танай очоод хоночхоё гэж хэлсэн... Парис баарны гадаа дээд курсын ах болох Бямбатөр тосч аваад бааранд орсон. Тэнд Бямбатөрийн 2 найзтай нь танилцсан ба нэгийг нь Оргил гэж байсан. Бид нар 3 цаг орчим авсан юмаа ууж сууж байгаад баарнаас гараад алхаж яваад хамт циркэд ажиллаж байсан Тогоонтөмөр тааралдаад ойр зуурын юм яриад зогсож байгаад салаад явах гэхэд Тогоонтөмөр "хөөе гичий минь" гэж хэлсэн бөгөөд би өөрийгөө хэлж байна гэж бодоод Тогоонтөмөрийг алгадсан. Тэгээд тэнд Тогоонтөмөртэй маргалдаад байж байхад Оргил байхгүй болсон байсан ба хаана байгаа талаар нь мэдэх хүн байхгүй байсан... Тэгэхэд цагдаа нар ирээд "та нартай цуг явсан 2 хүн чинь хоорондоо зодолдоод цагдаагийн хэлтэсрүү явсан" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1391 тоот:
"Бат-Оргилын биед тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, 2 хөмсөгний голд цус хуралт, дээд уруулын зүүн дээр зулгаралт, дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/
Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 01 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Сансарын парис баарны гадна Б.Гат-Оргилтой зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Холбогдсон хэрэг тодорхой учир өмгөөлөгч сонгож авахгүй. Тэр мөнгөөрөө хохирол болон торгуулийн ялаа төлсөн нь дээр. Өөр нэмж ярих зүйлгүй гэ мэдүүлэг /хх-ийн 30-31,
-хохирогч Б.Гат-Оргилын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 05/
-цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 6/
зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх-ийн 56-57, 67-72/
-хохирогч Б.Гат-Оргилын компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 23/, хохиролын талаарх баримт /хх-ийн 40-42/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 43-54/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Гантулгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Гийн иргэн Б.Гат-Оргилын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Б.Гат-Оргил нь шүүх хуралдааны үед хавтаст хэргийн материалд авагдсан байгаа 378500 төгрөгийн хохирол нэхэмжилхээс “адилхан залуу хүмүүс мөн Б.Г нь эмээ болон 2 дүүгийн хамт амьдардаг, миний бие эрүүл зүгээр байгаа, тухайн үед би өөрөө ч бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буруу байгаа гэх зэрэг байдлыг харгалзан татгалзаж байна” гэсэн учир шүүгдэгч Б.Гийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг найман сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ