| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 2525004360507 |
| Дугаар | 2026/ДШМ/07 |
| Огноо | 2026-01-07 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2026/ДШМ/07
2026 01 07 2026/ДШМ/07
П.Сд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Д
Шүүгдэгч П.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Э.Т
Хохирогчийн хууль ёсны төлөлөөгч Н.Х
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Н, А.О
Нарийн бичгийн дарга Г.Энэрэл нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч П.Сд холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овогт П-н С, Монгол Улсын иргэн
Шүүгдэгч П.С нь 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн орчимд аймгийн сумын баг байрны дугаар орцны давхарт Р.О-г “айлд агсам тавьж, хаалга үүд нүдлээ, цагдаа дуудаж өгнө, цагдаа иртэл байж бай” гэж хэлэн түүний цээж хэсэгт гараараа түлхэн унагаж, эрүүл мэндэд нь “биед гавал ясны дагзны сууриас суурийн том нүх дайрч суурь ясны 2 талаар дээш үргэлжилсэн шугаман хугарал, баруун талд хөхлөг сэртэн суурь ясыг дайрч ухархайн дээд хана этмойд хөндий хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, суурь яснаас зүүн тийш хөхлөг сэртэн дагасан шугаман хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, тархины бүх хэсгийг хамарсан, дух, чамархайн дэлбэн, баруун, зүүн тал бөмбөлөг завсар, суурийн цистерн, тенториум, 2 талын сильвиевийн ховилд аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэн, чамархайн дэлбэнд цусархаг няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий гэмтлийг болгоомжгүйгээр учруулж, улмаар Р.О нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлэгдэж байгаад 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: П.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч С овогт П-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч П.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.С-г 2 жил 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглож,
ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялаар тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х нь нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Д.Ч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х давж заалдах гомдолдоо:
“... П.С-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Тодруулбал гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, тухайн үйлдлийг хийхэд хүргэсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс нь шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах, хууль зүйн зөв дүгнэлт өгч мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй гэх зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан байна.
Анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/502 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор П.Сд оногдуулсан ял шийтгэл нь тохироогүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Эрдэнэт хүний амь насыг санаатайгаар алсан гэмт хэрэг үйлдэгдсэн байхад болгоомжгүй байдлаар хохироосон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх тал бүрээс нягтлахгүйгээр шийдвэрээ гаргасанд маш ихээр гомдож байна. Би өөрийн хань ижлээ бусдын гарт алдаад шаналж, уймарч, сэтгэл санаа тогтворгүй байх үедээ шүүх хурал дээр хэлэх гэсэн зүйлээ бүрэн хэлж, илэрхийлж чадахгүй дэмий л өмгөөлөгчдөө бүрэн итгэж суусандаа маш ихээр харамсаж байна.
Учир нь манай нөхөрт ямар нэгэн хууч өвчин, зовиур байхгүй, цоо эрүүл хүн байсан бөгөөд хань ижил, үр хүүхдүүддээ хайр халамжтай, ажилсаг, амьдралын төлөө гэсэн чин зүтгэлтэй, шударга, сайхан сэтгэлтэй хүн байсан юм.
Түүнчлэн талийгаач бусадтай маргалдаж, муудалцаад байдаггүй, эв эеийг хичээдэг бурхан шиг хүн байлаа. Гэтэл С гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг нь далимдуулан, санаатайгаар хүчтэй түлхэн унагааж амь насыг нь хохироосон нь илт байхад хохирогчийн амь насыг үл умартан гэмт этгээдэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зүй нь дээрх гэмт этгээдийг хийсэн гэмт хэргийнх нь нийгмийн хор аюул, бусадтай дээрэнгүй харьцаж байгаа харьцаа, хандлага зэргийг нь харгалзан нийгмээс тусгаарлан хуульд заасан үндэслэл журмын дагуу хорих ял оногдуулах ёстой байхад гадуур гэртээ зүгээр суугаад телевиз үзээд эрх дураараа чөлөөтэй байх боломжийг шүүхээс олгосонд хохироод үлдсэн би шүүх шударга бус шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд дурдсанаар: “... Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Д.Ч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ...” гэжээ. Энэ гэмт хэргийн улмаас хохирсон хүний хувьд хуульд заасны дагуу гомдох, түүнчлэн нэхэмжлэх зүйл байгаагаа илэрхийлье. Энэ тухайгаа давж заалдах шатны шүүх хурал дээр өмгөөлөгчийн хамтаар дэлгэрэнгүй тайлбарлаж мэдүүлэхээс гадна нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тухайгаа баримтад тулгуурлан хэлнэ. Хань ижил минь бусдын гарт амь нас нь хохироогүй бол дор хаяж 73 нас хүртлээ ажиллаж, хөдөлмөрлөх, эрүүл, өвчин зовиургүй хөнгөн шингэн дайчин хүн байсан. Эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан баримтуудаас авч үзэхэд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний эрх ашгийг хамгаалахгүй дорд үзэж, хүний амь насыг санаатайгаар хохироосон гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн, ялгамжтай байдлаар хандаж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй байна.
Хэргийг анхнаасаа шалгахдаа мөрдөгч, прокуророос шударга ёс, тэгш эрхийг эрхэмлэн нарийвчлан шалгахгүйгээр хүний эрхийг уландаа гишгэж, хууль мэдэхгүй байдлыг нь далимдуулан шийдвэрээ гаргасанд маш их гомдолтой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол ...” гэж заажээ. Гэвч хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар “болгоомжгүй” үйлдэл холбогдол нь нотлогдоогүй байхад анхан шатны шүүх “хүний амь насыг болгоомжгүй хохироосон” гэж таамаглан шийдвэрээ гаргасанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс туйлын ихээр гомдолтой байна. Иймд 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/502 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... ” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т, Р.Ц нар тайлбартаа: “... П.Сд холбогдох хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х, гэрч Ж.О, Г.Г, Г.Ч, П.И, О.Ө, М.Х нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл болон камерын бичлэг бүхий эд мөрийн баримтаар авагдсан сиди зэрэг нотлох баримтанд үндэслэсэн тул хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй.
Хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгч П.С нь амь хохирогчийг гадагш гаргахгүй цагдаа иртэл явахгүй байх шаардлага тавьж хохирогчийг өөрөөсөө холдуулах зорилгоор түлхсэн үйлдэл хийсэн болох нь “И” хотхоны байрны орцны хяналтын камерт тодорхой бичигдэн үлдсэн бөгөөд энэхүү бичлэгт үзлэг хийж, уг бичлэгийг сидинд хуулбарлан хэрэгт хавсаргасан тул амь хохирогчийн амь насыг хохироох, биед нь гэмтэл учруулах зорилгоор амь хохирогч руу чиглэсэн хөдөлгөөн хийсэн, цохисон, зодсон үйл баримт хэрэгт тогтоогдоогүй учир хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж дүгнэсэн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна.
Шүүгдэгч П.С нь гэмт хэрэг гарсан өдрөөс эхлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн бүх мэдүүлэгтээ хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн болно.
Оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээний хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн", 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад тусламж үзүүлсэн" зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Харин тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцсэн гэж үзэж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой асуудлын хувьд шүүгдэгч П.С нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн дагуу 90,000,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцах үедээ болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж оролцсон.
Шүүгдэгч П.С-н хувьд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид хохирол, төлбөр гарвал хуулийн дагуу төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн болно.
Анхан шатны шүүх хохирогчийн эрхийг хамгаалаагүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, ялгамжтай хандсан, мөрдөгч, прокурор хүний эрхийг уландаа гишгэж, хэргийг нарийвчлан шалгаагүй гэх гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хуулийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Хэдийгээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон боловч хэрэгт авагдсан баримтаар амь хохирогчийг санаатайгаар алсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан бүх баримтыг харьцуулсан судалсны үндсэн дээр хараат бусаар шийдвэр гаргасан болно ...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.С тайлбартаа: ... би түлхээд унагаая, хүнийг алъя гэж бодох нь байж болохгүй зүйл. Хэрэв би ална гэж бодсон бол цагдаа дуудахгүй шүү дээ ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т тайлбартаа: ... Цэвэр тохиолдлын шинжтэй үйл явдал болсон ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х тайлбартаа: ... Анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Н тайлбартаа: ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.О тайлбартаа: ... хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санаатай алсан байна гэж хэлснийг яагаад авч хэлэлцэхгүй байна вэ, хүчингүй болгож өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос П.С-г 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн орчимд аймгийн сумын баг “И” хотхоны дугаар байрны дугаар орцны давхарт Р.О-г “айлд агсам тавьж, хаалга үүд нүдлээ, цагдаа дуудаж өгнө, цагдаа иртэл байж бай” гэж хэлэн түүний цээж хэсэгт гараараа түлхэн унагаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсны улмаас Р.О нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлэгдэж байгаад 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч П.С-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хгээс “... шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй ..., хүнийг санаатайгаар алсан гэмт хэрэг үйлдэгдсэн байхад болгоомжгүй байдлаар хохироосон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн ..., ... гэмт этгээдэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэсэнд гомдолтой..., ... гэмт хэргийн улмаас хохирсон хүний хувьд хуульд заасны дагуу гомдох, түүнчлэн нэхэмжлэх зүйл байгаа...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Н.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой хэмээн холбогдох нотлох баримтуудыг гаргаж, хэрэгт хавсаргуулснаас гадна Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0825/2238 дугаартай дүгнэлтээр Н.Хгийн сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байгааг тогтоожээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.С нь хохирогчид 90.000.000 төгрөг төлсөн байх бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Н.Х нь “...нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлгийг өгсөн байх хэдий ч тэрээр “...би гомдолтой байна ...” гэж /2 хх 181/,
мөн түүний өмгөөлөгч Б.Б “... хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд 140.000.000 төгрөг тогтоогдсон, зарим нэг хохирол дээр хоёр тал харилцан ярилцаж 90.000.000 төгрөгийг тухайн үед гарсан хохирлыг төлж барагдуулсан гэдэг байдлаар хүлээн зөвшөөрсөн. Түүнээс биш хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх нь хүндрэлтэй. Хүний амь насыг 90.000.000 төгрөгөөр үнэлэхгүй ... ” гэсэн тайлбар /2 хх 181-182/-ыг гаргасан байна.
Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар огт дүгнэлгүйгээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зөвхөн “... шүүгдэгч П.С нь дээрх хохиролд 16.882. 555 төгрөг, 4.261.136 төгрөг, 17.424.000 төгрөг, 31.766.517 төгрөг, 16.099.722 төгрөг, 3.566.070 төгрөг, нийт 90.000.000 төгрөгийг төлж барагдуулсан ...” гэсэн нь ойлгомжгүй болжээ.
Тодруулбал: Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг зайлшгүй тусгах шаардлагатай юм.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн хэдий ч давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... намайг нэхэмжлэх зүйлгүй гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бичсэнийг зөвшөөрөхгүй ... гомдолтой байна ... ” гэсэн тайлбар гаргасан бөгөөд
анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт түүний нэхэмжилсэн оршуулгын зардал, хоног хураасантай холбоотой зардал, дутуу авсан цалин хөлс, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон бусад хор уршгийн дүнг хэрхэн тооцсоноо нэг бүрчлэн дурдаагүй орхигдуулсан байна.
Түүнээс гадна шүүгдэгчийн төлсөн 90.000.000 төгрөгийг аль хохиролд нь тооцсоныг тодорхой тусгаагүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгч нарын гаргасан “... сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, бусад нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрхэн тооцож, төлөгдсөн гэж үзсэн нь тодорхойгүй ...” гэсэн тайлбар, саналууд үндэслэлтэй байна.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож, хэрэгт хавсаргагдан ирүүлсэн аймгийн сумын багт байрлах “И” хотхоны дугаар байрны дугаар орцны давхрын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд зөвхөн тухайн давхарт байгаа хүмүүсийн дүрс, хөдөлгөөн тусгагджээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар “ ... бичлэгийг үзэхэд тэдгээрийн хоорондын яриа сонсогдож байсан ... ” гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад уг эд мөрийн баримтыг шинжлэн судлаагүй, өөрөөр хэлбэл анхан шатны шүүх зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн “... шүүгдэгч П.С нь цагдаа иртэл явуулахгүй, байж бай гэсэн шаардлага тавьсан ...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна.
Өөрөөр хэлбэл уг камерын бичлэгт хийсэн тэмдэглэл болон бичлэгт шүүгдэгч П.С, гэрч Г.Г, амь хохирогч Р.О нарын хоорондын яриа огт тусгагдаагүй байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр “...шүүгдэгч П.С нь цагдаа иртэл явуулахгүй, байж бай гэсэн шаардлага тавьсан ...” гэж дүгнэсэн байх тул
тухайн хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримт болох камерын бичлэгийг шалгаж, тухайн дүрсний бичлэгт бичигдсэн хүмүүсийн хооронд дуу яриа яригдсан эсэх, яригдсан тохиолдолд камерын бичлэгт дахин үзлэг хийж, тэдгээрийн дуу яриаг тэмдэглэлд тусгах шаардлагатай гэж дүгнэв.
Түүнээс гадна шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэн, эрх зүйн ухамсар, энэрэнгүй ёс, шударга ёсыг удирдлага болгож, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, түүний төрөл хэмжээнээс сонгож оногдуулах учиртай.
Ийнхүү эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үздэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Сд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүйгээс гадна
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадахгүй төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хгийн гаргасан давж заалдах гомдлын “...ял шийтгэлийн талаар гомдолтой ... ” гэсэн хэсгийг хүлээн авч, шүүгдэгч П.С-н гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул гомдлын бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисныг дурдав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан “...шинжээчийн дүгнэлт зөрүүтэй ... ” гэсэн тайлбар, саналын тухайд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гэж үзвэл хэргийн оролцогчид шүүх хуралдаанд тухайн дүгнэлт гаргасан шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад дүгнэлтийн талаар тодруулах боломжтой юм.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүгдэгч нь “шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй”, “дахин гэмт хэрэг үйлдсэн”, “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан” гэж үзэх үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 502 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хгийн давж заалдах гомдлын “... ял шийтгэлийн талаар гомдолтой ... ” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Г.ЖАРГАЛТУЯА
С.УРАНЧИМЭГ