Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 24

 

З.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч/онлайн/: М.Гомборагчаа

Хариуцагч/онлайн/: Э.*******

Хариуцагчийн өмгөөлөгч/онлайн/: Г.Баттулга

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов. 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасангийн даргалж, шийдвэрлэсэн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 263 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгч Г.Баттулгын давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг Даваатын ам гэх газар иргэн Э.*******ыг мотоциклтой явж байхад нь мотоциклоор дайрч унаган, цохиж зодоод Э.*******ын биед гэмтэл учруулсан гэх асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгуулсан. ...Намайг 3 шатны Прокурорын шийдвэрээр Э.*******ын биед гэмтэл учруулаагүй болохыг баталж шийдвэр гаргасан учир Э.*******ын эмчилгээний төлбөрт өгсөн 2,300,000 төгрөгийг нэхэмжилж байгаа учир намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. ...Нутгийн хүн, өвчтэй зовлонтой байгаа байдлыг нь харгалзан 300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэжээ.

Хариуцагч Э.******* анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч З.******* нь 2,300,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэл гаргасныг миний бие Э.******* зөвшөөрөхгүй байна. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор бригадын нутаг Даваатын ам гэдэг газарт намайг эрүүл саруул явж байхад З.******* нь араас мотоциклтой согтуу ирж, мөргөж унагасны улмаас би мотоциклтойгоо унаж, гэмтэл авч, ухаан алдаад эмнэлэгт хүргэгдсэн. Цагдаагийн байгууллагаас асууж шалгаад ямар ч арга хэмжээ авахгүй болохоор нь би Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасны улмаас З.******* 14 хоног баривчлагдах арга хэмжээ авагдсан юм. Тухайн үед би энэ асуудлаас болоод хүнд гэмтэл авч, 10 хавирга хугарч, уушгиндаа нөлөөлөн 2 удаа Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн бөгөөд З.******* нь өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч надад эмчилгээний зардал 2,300,000 төгрөг өгсөн боловч үүнийгээ буцаан нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...З.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон учир Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан заалттай нийцнэ гэж үзэж байна. Мөн З.*******ын үйлдэл /эс үйлдэхүй/ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд хамаарна гэж үзэж байна. Тиймээс З.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******аас 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч З.*******т олгож, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баттулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

З.*******ын нэхэмжэлтэй Э.*******т холбогдох Үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө буюу 2300000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 263 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

З.*******ын болгоомжгүй үйлдлийн улмаас Э.*******ын эрүүл мэндэд учруулсан хохиролд эмчилгээний зардал 2.300.000 төгрөг өгсөн бөгөөд тухайн мөнгийг авснаар Э.*******ын хөрөнгө ямар нэгэн байдлаар нэмэгдээгүй байна. Харин мөнгийг өөрийн эмчилгээний зардалд зарцуулсан нь Иргэний хуульд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, тухайн хуулийн заалтын шаардлагын үндсэн шинжүүд бүрдээгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөс үүсэх үүрэг нь...Эд хөрөнгө олсон эсхүл хадгалсан, Эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан, Эд хөрөнгө олсон, хадгалсан нь хууль болон гэрээнд үндэслэлгээгүй байх гэсэн гол нөхцөлүүдийг хангаж байж үүсдэг бөгөөд дээрх тохиолдолд энэ нөхцөлүүдийг хангаж чадахгүй байгаа тул шүүх үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь анх гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн харилцаанаас үүссэн маргаан байх бөгөөд тухайн маргааныг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн харилцаа анх ямар нөхцөл шалтгаанаас үүссэнийг бүрэн тодорхойлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч З.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон явж Э.*******ыг мотоциклоор хөөсөн үйлдлийн улмаас Э.******* нь мотоциклоос унаж түүний биед хүнд гэмтэл учирсан гэж үзэж болохоор байна. Харин шүүх гурван шатны прокурорын тогтоолд З.*******ыг гэм буруугүй гэсэн байгаа учир Э.*******ын эмчилгээний зардалд өгсөн 2000000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэж заасан байдаг бөгөөд Прокурорын хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол нь З.*******ыг гэм буруугүй гэж тогтоосон биш тухайн үйлдэл, гэм буруу нь эрүүгийн хэргийн шинжгүй, зөрчлийн хэргийн шинжтэй байна гэсэн агуулга бүхий тогтоол бөгөөд гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх шийдвэрлэхээр хуульчилсан байна. Харин шүүх дээрх тогтоолыг шүүхийн шийдвэр гаргахдаа үндэслэж байгаа нь нь хууль зүйн хувьд учир дутагдалтай байна. Хэдийгээр эрүүгийн хэргийн шинжгүй гэх боловч шүүх холбогдох нотлох баримтыг үндэслэн гэм хорын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой юм. Иргэний хуульд заасан гэм хор нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас учирсан гэм хор буюу хохирлоос өөр ойлголт бөгөөд илүү өргөн хүрээтэй байдаг. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсдэг бөгөөд 8 дугаар зүйлийн 8.1.5 заасан гэм хор учруулах үйлдэл нь хууль бусаар санаатай болон болгоомжгүй учруулахыг ойлгодог. Нэхэмжлэгч З.*******ын согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас Э.******* нь мотоциклоос унасан нь хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр бүрэн нотлогдож байна. Иймд хариуцагч Э.******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг З.*******аас нэхэмжлэх бүрэн боломжтой байсан байна. Хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд байх 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Иргэн З.******* нь Замын хөдөлгөөний дүрмэнд заасан тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол улсын болон олон улсын жолооны үнэмлэхтэй байна, 2.7а заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөн нь осол гарахад шууд нөлөөлсөн байна... гэсэн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр З.******* нь осол гаргасан нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дүгээр зүйлд ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл З.*******ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хууль бус, мөн Э.*******ыг мотоциклоор хөөсөн нийгмийн зан суртахуун, зүйг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас түүний 10 хавирга хугарч, уушгиндаа нөлөөлж хүнд гэмтэл учирсан нь хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр бүрэн нотлогдож байна.

Тухайн өдөр З.******* нь хууль зөрчиж согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоогүй бол өнөөдрийн маргаан үүсэхгүй Э.******* нь эрүүл, саруул байх бүрэн боломжтой байсан. З.*******ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Э.*******ыг мотоциклоор хөөсөн үйлдэлтэй хариуцагчийн биед учирсан гэмтэл, хохирол нь шууд шалтгаант холбоотой байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

З.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүсэх үр дагварыг мэдсэн байх боломжтой бөгөөд, түүнээс зайлсийх боломжийг ашиглаагүйн улмаас бусдын эрхэнд халдаж Э.*******ын биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан байгаа учир нэхэмжлэгч З.******* нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу эрүүл мэндэд учирсан хохирол болох эмчилгээний зардлыг төлж барагдуулах үүрэгтэй. Хариуцагч Э.******* нь 2.300.000 төгрөгийг өөрийн эмчилгээнд зарцуулсан нь хавтаст хэрэгт байгаа эмчилгээний баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээ биелүүлсэн бөгөөд үүнийг буцаан шаардах эрхгүй байна.

Мөн нэхэмжлэгч З.******* нь тухайн осол болсоны дараа хариуцагч Э.*******т сайн дураараа, хэн нэгний шахалт шаардлагагүй, албан тушаалтны шийдвэрээр биш, ямар нэгэн болзолгүйгээр тухайн мөнгийн өгсөн нь нэхэмжлэгч, хариуцагчийн нарын тайлбараар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд хуульд заасан хэлцэл байгуулагдсан гэж үзэх бүрэн боломжтой байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүүг хэлцэл гэнэ..., 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ...Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө талд түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно..., 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт ...Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ..., 43 дугаар зүйлийн 43.1.1 ...хэлцлийн гол нөхцөлийг талууд хэлэлцэн тохиролцсон...бол хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасан байна. З.******* нь өөрийн үйлдлийг ухамсарлаж ямар нэгэн болзолгүйгээр эмчилгээний зардалд анх 2.300.000 төгрөг өгсөн нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэж болохоор байх бөгөөд хариуцагч Э.******* нь тухайн хүсэл зоригийн илэрхийлэл болсон 2.300.000 төгрөгийг хүлээн авсан байна. Талууд тухайн хэлцлийг амаар байгуулсан нь хуульд харшлаагүй байх бөгөөд хэлцлийн гол нөхцөл болох 2.300.000 төгрөг дээр талууд хэлэлцэж тохиролцсон байна. Иймд сайн дураараа, хэн нэгний шахалт шаардлагагүй, албан тушаалтны шийдвэрээр биш, ямар нэгэн болзолгүйгээр хийсэн хэлцэл байх бөгөөд уг хэлцлээр бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн байх тул нэхэмжлэгч нь тухайн мөнгийг шаардах эрхгүй байна.

Шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 263 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баттулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.*******ын нэхэмжлэлтэй Э.*******т холбогдох иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэргийн 492 дугаар зүйлд зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхыг шаардаг. Гэтэл тухайн этгээдийн өгсөн мөнгө нэмэгдээгүй түүнийг Э.******* эмчилгээний зардалдаа өгсөн. Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн үндэслэл бүхийн ойлгомжтой байна гэсийг зөрчсөн байна. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны 263 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтанд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэж заасан байгаан нь ойлгомжгүй, ерөнхий утга агууллагаар нь хэрэглэсэн байна гэж үзэж байна. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр З.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Энэ бол гэрч Буянжаргал, Жаргалсайхан, *******, хариуцагчийн мэдүүлгээр тодорхой мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэгч ******* нь *******ыг чи мал хулгай хийсэн чамайг ална гэснээс болж уг маргаан үүссэн байдаг. Тэгээд Э.******* мотоциклоо унаад хөдөлж байхад нь араас нь хөөгөөд мөргөж унагаасны улмаас Э.*******ын 10 хаварга нь хугарч биед нь гэмтэл учирсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ 3 шатны прокурорын дүгнэлтийг үндэслэж байна. Тухайн тогтоол энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнгүй, Иргэний хэргийн хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байгаа тогтоол болохоос биш яг З.*******ын буруутай юу буруугүй юу гэдгийг тогтоох тогтоол биш шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцдаа тухайн үйл явдлыг харсан гэх гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулаад гэрчээр асууж ажиллагаа хийгээд явах бүрэн боломжтой байсан. Энэ ажиллагаа дутуу хийгдсэн байна. Тухайн хэрэг маргаан ямар маргаанаас болж үүссэн юм бэ? гэхээр З.******* согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод явсаны улмаас Э.*******ын бие хүнд гэмт учирсан гэж Иргэний хуульд зааснаар санаатай болон болгоомжгүйгээс болж гэм хорын шинжтэй үүссэн хохирол үүнийг зөв тодорхойлж хэргийг хянан шийдвэрлээгүй гэж үзэж байна. Хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт байдаг. З.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож бусдын биед гэмтэл учруулсан байна. Үүнээс харахад З.******* архи ууж явснаас тухайн осол гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлыг тайлбарласан Дээд шүүхийн тайлбарт тухайн хэргийн санаатай болон болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэргийг хууль зөрчсөн эвсэл нийгмийн зан үйл ёс суртахуун ёс зүйг зөрчсөн үйлдэл байхийг шаарддаг. З.******* тээврийн хэрэгслийг согтуугаар бариад явж байгаа нь хууль зөрчиж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод Э.*******ыг араас хөөж байгаа нь Нийгмийн зан үйл ёс суртахуун ёс зүйг зөрчсөн байна. Үүнээс үүдэн Э.*******ын биед гэмтэл учирсан байгаа нь шууд шалтгаантай холбоотой байна. Тухайн үед З.******* нь өөрийгөө гэм буруутай юм гэдгээ хүлээн зөвшөөрөөд ямар нэгэн болзолгүй, хэн нэгэн албан тушаалтаны шийдвэргүйгээр 2.300.000 төгрөгийг өгсөн байдаг. Үүнийг Иргэний хуульд заасны дагуу хэлэлцэл гэж үзэх бүрэн боломжтой. Хэлцэлд юу гэж заасан гэхээр хэргийг үйлдсэн буруутай этгээд бусдын бие мах бодит гэмтэл учруулсан хохиролыг нөхөн төлсөн байх тул үүнийг буцааж нэхэмжлэх эрхгүй. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 263 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө гэж хүсч байна гэв.

 

Хариуцагч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2017 оны 11 дүгээр сарын 03-нд алдсан малаа хайж яваад айлд очтол тэнд З.******* байсан намайг малын хулгайд хардаж шүдлэн үхэр, бяруу 2 авсан гээд дайраад байсан. Би айлд маргалдаад яах уу гээд гарсан араас гарч ирээд чамайг алчихаад 20.000.000 төгрөг өгөөд гараад ирнэ гээд дайраад байсан. Тэгээд би цааш нь түлхчихээд мотоциклоо унаад явсан араас нэлээд хаазтай мотоцикл дугараад байхаар нь харсан З.******* хүрч ирсэн нэлээд согтуу байсан яаж магадгүй гээд би зам тавьж өгөх гээд зогстол араас ирж мөргөсөн. Тэгээд би ухаан алдаж Их-Уул сумын эмнэлэгт ирсэн. Сумын эмнэлгээс Тосонцэнгэл сумын эмнэлэгт ирж Тосонцэнгэл сумын эмнэлгээс хот шилжиж гэмтлийн эмнэлэгт 18 хоног хэвтэж эмчлүүсэн. З.******* нь өөрөө буруугаа хүлээж надад 2.000.000 төгрөг өгөөд би бүүр ухаангүй болчихсон байсан байна гээд намайг хотод байхад яриад эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг өгнө гээд хадам эгчид 1.000.000 төгрөг өгөөд намайг ирсэний дараагаар 1.300.000 төгрөг өгөөд нийт 2.300.000 төгрөг өгснөө эргүүлж авна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхны мэдүүлгийн эхний хэсэгт чамайг ална тэгээд 20.000.000 төгрөг өгөөд гараад ирнэ гэж хэлсэнийг мэдүүлэгт хэлсэн боловч бичигдээгүй байгаад гомдолтой байна. Тухайн үед З.******* согтуугаар мотоцикл жолоодож араас хөөж, зам тавьж өгсөөр байтал араас ирж мөргөж эрүүл мэндэд гэмтэл учруулсанд гомдолтой байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Э.*******ын өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол нь иргэний хуулийн 494 дүгээр зүйлд заасан бусдын бие эрүүл мэнд гэмтэл учруулсан гэм хор гэж дүгнэсэн байна. Үүнийг манай үйлчүүлэгч болон миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч З.******* тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодсон Э.*******ыг мотоциклоор хөөсөн нь хэргийг үүсгэх шалтгаант холбоотой байна гэж хэргийг дүгнэсэн байна. Үүнийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч З.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь эрх бүхийн албан тушаалтаны нотлох баримтаар нотлогдсон байдаг. Харин Э.*******ын хойноос хөөж хурдтай явсан мөргөж унагасан нь нотлогдоогүй. Тухайн үйл явдлыг харсан гэх гэрч Урантуяагийн мэдүүлэгт мотоцикл унаад энэ 2 хүн хөдөлж байсан би хойноос нь хойт талынхаа хамар дээр гарсан чинь 2 мотоциклтой хүмүүс явж байсан урд талд явж байсан мотоциклтой хүн босоод урд талынхаа мотоцикл дээр мордоод хойд талд унасан мотоциклтой хүнээ дуудаж байх шиг байсан. Тэгээд өмнө нь мотоциклоосоо унасан хүн мотоциклоосоо буугаад нөгөө мотоциклтой хүн дээрээ очиж байгаа харагдсан удалгүй мотоциклийн дуу гарч доошоо уруудаад явсан гэж хэлсэн байдаг. Хэрэг учралын газрын тэмдэглэл дээр мөн мөргөсөн, шүргэсэн ул мөргүй гэдгийг нь тэмдэглэсэн байдаг. Явж байсан мотоцикл 2 удаа шарваж, хажуу талруугаа унасан ул мөр байдаг. Эдгээр байдлаас харахад З.******* болгоомжгүй байдлаар Э.*******ыг хөөж гэм хор учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна. Харин Э.*******ын ослын шалтгаан шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйлд жолооч замын хөдөлгөөнд аюул саад учирч болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасч зогсоох арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн. Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Э.*******ыг осолд орсон байхад эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг аварсан байдаг.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийг согтуугаар мотоцикл жолоодсон гэж үзэхээс хөөсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Тосонцэнгэл сумын шүүхээс мотоцикл жолоодсон гэх үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн байдаг. Хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч З.*******ыг хариуцагч Э.*******т ямар нэгэн болзол, шахалт шаардлага, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бус өөрийн сайн дураар тухайн мөнгийг өгсөн. Иргэний хуульд заасан хэлцэл гэж үнэлж дүгнэж байгаа. Үүнтэй санал нийлэхгүй байна тухайн үед нэхэмжлэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрт нь буруутай байдлаар хуулийн байгууллага дуудаж шалгаад хариуцагчийн гэр бүлээс чи согтуу тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай гэдэг байдлаар хэлж байсан. Нэхэмжлэгч өөрийн хууль зүйн мэдлэггүйн улмаас 2.300.000 төгрөгийг өгсөн байдаг. Тухайн үед өөрөө хөдөө мал маллаад тухайн цаг үеийн байдлаас болоод өөрийгөө би ч буруутай юм болов уу гэдэг байдлаар өөрийн эрх зүйн байдлаа дордуулсан байна. З.******* нь тухайн мөнгийг Э.*******т өгье гэсэн түүний хүсэл зориг харагдахгүй байна. Эдгээр хүмүүс хамаатан садан биш учраас бэлэгдлийн журмаар өгч байгаа иргэний хэлцэл биш гэж дүгнэж байна. Тийм учраас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 263 дугаартай шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэр гэж үзэж байгаа учраас хэвээр үлдээх хүсэлтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан үндэслэлгүйгээр өгсөн 2.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч З.*******ыг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасаны улмаас иргэн Э.*******ын эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад З.*******, түүний эхнэрийн хүсэлтээр Э.*******т гэм хорын хохиролд 2.300.000 төгрөг өгсөн үйл баримтууд тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч З.*******т холбогдох хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газар шалгаад гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй гэж үзэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гаргасаныг дээд шатны прокуроруудын шийдвэрээр тус тус үндэслэлтэй гэж үзжээ.

Анхан шатны шүүх нь иргэний хэрэгт эрүүгийн журмаар цуглуулсан баримтуудыг хэргийн оролцогчийн хүсэлтээр хуулбарлан авч хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44. 2, 44.4 дахь хэсгийг зөрчөөгүй байх ба шүүх уг баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, баримт гэж үнэлсэнийг буруутгах боломжгүй байна.

Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, З.*******, Э.******* нарын унаж явсан мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл гэж тус тус нэрлэгдсэн бичмэл баримтууд болон бусад баримтуудаар хариуцагч Э.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зам тээврийн осолд орж, биедээ хүнд гэмтэл авсан асуудалд хариуцагч З.*******ын гэм буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь тогтоогдохгүй байна.

Иймээс Э.******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр З.*******аас гэм хорын хохиролд 2300.000 төгрөг өгөхийг шаардах эрхгүй байсан байна.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хариуцагч З.*******аас 2.300.000 төгрөгийг шаардаж авч хэрэглэсэн нь үндэслэлгүй байх тул З.******* нь Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1 дэх хэсэгт зааснаар 2300.000 төгрөгийг Э.*******аас буцаан шаардах нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч З.******* нь Э.*******ын биед гэмтэл учруулсан үйлдэлд гэм буруутай учраас хохиролыг хариуцах төлөх үүрэгтэй. Э.******* уг мөнгийг авснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдал тогтоогдохгүй байна гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна.

Харин З.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2000.000 төгрөг болгон багасгаж, 300.000 төгрөгний нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч зүйлчлэлийг нарийн сонгоогүй, мөн нэхэмжлэгчийн 300.000 төгрөгний татгалзалыг батлаагүй орхигдуулсан байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 263 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг гэснийг 492.1.1 гэж,

2 дахь заалтаар Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч З.******* нь 300,000 төгрөгний нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталсугай гэж шийдвэрт тус тус өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

Шийдвэрийн 2,3, 4 дэх заалтуудын дугаарыг 3,4,5 гэж дугаарласугай.

3. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ж.БАТТОГТОХ

 ШҮҮГЧИД   Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР