Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 274

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                          

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,   

Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706030750353 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

    Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан хотхоны 15 дугаар байрны орцонд Л.Бурмаагийн эд зүйлийг нь авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.                                                                                            

                                                                        /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706031560094 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Б.Э нь хохирогч Л.Бурмаагийн эзэмшлийн эд зүйлийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Л.Бурмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр орцруугаа орох гээд явж байтал 1 эрэгтэй намайг дагаад манай орцонд хамт ороод ирсэн. Тэгээд би цахилгаан шат дуудаад байж байтал тэр эрэгтэй миний хажууД зогсоод байсан. Тэгэхээр нь би айгаад шатаар гарсан. Тэгтэл тэр эрэгтэй араас ирээд 3 давхарт миний цүнхнээс татахаар нь би цүнхээ өгөхгүй булаацалдсан тэгтэл тэр эрэгтэй хоолойноос боож унагаагаад 3 давхараас 1 давхар хүртэл шатаар чирч буулгасан. Мөн намайг өшиглөж цохиж гэмтээсэн. Тэгээд миний цүнхнээс унасан гэрийн түлхүүрийг аваад явсан...уг эрэгтэйг би хараад танина их өндөр том биетэй эрэгтэй байсан. Саарал өмдтэй, цэргийн алаг хүрэмтэй эрэгтэй байсан. Баруун хэсэгтээ сорвитой байсан. Мөн их сонин нүдтэй хүн байсан. Намайг газар унаган шатаар 3 давхараас 1 давхар хүртэл чирч буулгаж байх үедээ миний цээж хэсэгрүү 2-3 удаа өшиглөсөн, миний уруул хэсэгрүү 1 удаа гараараа цохисон. Мөн бас намайг газар унагах үед би толгойгоороо унасан байх толгойн ар дагз хэсэг хавдаж гэмтсэн байна. Миний цүнхийг авах гээд бид 2 хоорондоо булаацалдах үед миний цүнхнээс унасан гэрийн түлхүүрийг авсан бөгөөд дараа нь манай хүүхдүүд тэр эрэгтэйг барьж авсны дараагаар миний түлхүүрийг шидчихсэн. Тэрийг нь авсан. Бид 2 хоорондоо зууралдаж байх үед миний гарт байсан гар утсны дэлгэц нь хагарч гэмтсэн байна гэх мэдүүлэг /хх-н 9-10 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 13602 дугаартай:

Л.Бурмаагигйн биед баруун шилбэнд зулгаралт, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, доод уруулын салстад язрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/

 

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2017 оны 11 сарын 16-ны өдрийн “Ай фоне 5 маркийн гар утас 192.000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/

 

Хохирогч Л.Бурмаа миний бие хохирол болох 192.000 төгрөгийг хүлээн авлаа. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх хохиролын мөнгө хүлээн авсан баримт /хх-ийн 48/

 

Шүүгдэгч Б.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 10 сарын 29-ний өдрийн 00 цаг 30 мнинутын орчимд Баянзүрх дүүргийн 16-р хороо Амгалан хотхоны 14-р байрны орцонд шатаар бууж явтал 2 юм уу 3-р давхарт шатан дээр 1 эмэгтэй таарсан. Тэгэхээр нь би цүнхийг нь булаах гэтэл өгөхгүй байсан. Тэгэхээр нь би түлхээд унагаасан. Тэгээд цүнхнээс нь татаад 1-р давхар хүртэл чирч буулгасан. Цүнхээ өгөхгүй байхаар нь орхиод гарах гэтэл цүнхнийх нь амсар хэсэгт улаан түрүүвч мэт зүйл цухуйхаар нь тэрийг нь аваад зугатаасан. Түц орж тамхи авчихаад унаа явахгүй болохоор нь буцаад эгчийндээ очьё гэж бодоод дээрх байрны гадна буцаад иртэл нөгөө эмэгтэй 2 залуутай хамт байсан. Тэгээд намайг барьж аваад халаасанд байсан түрүүвч мэт улаан өнгийн түлхүүрээ авсан. Шууд булаагаад зугтаачихъяа гэж бодсон ч их хэмжээний сонтолттой байсан бөгөөд дахиж архи ууя гэж бодоод мөнгөгүй болохоороо цүнхийг нь авчихъя гэж бодсон. Тэр эмэгтэйг түлхэж унагаасныхаа дараа уруул хэсэгт нь нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйлгүй гэх мэдүүлэг /хх-н 14-15, 38/

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 3-4/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: шүүгдэгч Б.Эгийн  иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23-28/, Б.Эгийн хувийн болон эрүүл мэндийн холбогдолтой баримтууд /хх-ийн 40-45/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Б.Эгийн хохирогч Л.Бурмаагийн эд зүйлийг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Хохирогч нь эд зүйл болон хохиролоо буцааж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Эд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулж, биечлэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлсөн байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон шүүх хуралдааны оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Б.Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь болон 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  4. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

    

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2018 оны 02 сарын 26-ны өдрөөс эхлэн тооцсугай.

  

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ