Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 25

 

 

С.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                      Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

                               заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

                                                                                   Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

                                                                        Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.*******аа

Хариуцагч: А.*******

                                            Нарийн бичгийн дарга: Б.Алтансолонго нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Отгонхишигийн даргалж шийдвэрлэсэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 258 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч А.*******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багт оршин суудаг, одоо аав, ээж дүү нарын хамт амьдардаг. А.Жигмиддорж нь 2000 оноос өдийг болтол манайхтай нэг өвөлжөөнд хамт байсаар ирсэн юм. 2010 оны 9 дүгээр сарын дундуур А.Жигмиддоржтой бэлгийн харьцаанд орсны улмаас жирэмсэн болж тухайн үед мэдэхгүй явсаар томорсон тул төрөхөөс өөр аргагүй болж, 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүү С.*******ыг төрүүлсэн юм. Хүүгийн эцгийн талаар А.Жигмиддорж нь янз бүрээр ярьдаг боловч шүүхэд хандахаар  яахыг нь мэдэхгүй байна. Эцэг нь биш гэж маргах юм бол шүүх шинжилгээний албаар эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх бодолтой байна. А.Жигмиддорж нь хүүхдийг өдий болтол өсөх хугацаанд нэг ч удаа тусалж байгаагүй тул хүүхдийн сурч боловсроход нь эцгийн хувьд тэжээн тэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн зүгээс эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******аа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний охин С.******* нь 1982 онд төрсөн, оюуны хомсдол өвчтэй, хөдөлмөрийн чадвараа 70% алдсан, одоо миний асрамжид байдаг. 2010 онд жирэмсэн болж, 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүү С.*******ыг төрүүлсэн юм. Хүүхэд нь одоо эрүүл саруул, манай эхнэр бид хоёр асарч хүмүүжүүлж байна. Хүүхдийн эцэг нь А.******* гэдэг нь үнэн учраас хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байна. Би А.*******ийг янз бүрээр доромжилж, харааж, зодож цохиж байсан удаа байхгүй, өөрөө гэр бүлтэй хүн байж миний өвчтэй охиныг доромжилсон, улмаар хүүхэдтэй болгосонд нь би гомдож явдаг, нэг удаа уур хүргээд байхаар нь араас нь боорцог авч шидэж байсан нь үнэн. Одоо нэгэнт хүүхэд нь мөн гэсэн шинжилгээний хариу ирсэн учраас маргах зүйл байхгүй байх гэж бодож байна. Хүүхдэд эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв. 

Хариуцагч А.Жигмиддорж нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  хариу тайлбартаа:

 “...А.Жигмиддорж миний бие 1960 онд төрсөн одоо эхнэр, охины хамт ам бүл гурвуулаа амьдардаг. 2010 онд С.*******тай бэлгийн харьцаанд орсон нь үнэн. Хүүхэд нь миний хүүхэд мөн гэдэгт эргэлзэж байсан боловч одоо шүүх шинжилгээний дүгнэлтээр миний хүүхэд мөн гэсэн учраас надад маргах зүйл байхгүй байна. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлөхөд татгалзах зүйлгүй. Харин энэ хүмүүс буюу С.*******гийн аав Н.*******аа болон ээж, ах дүү нар нь намайг байнга уурлаж, янз бүрээр доромжилж зодож цохидог байсан. Намайг С.*******г хүчиндсэн, энд тэнд жалга руу чирч авч явсан гэх мэтээр гүтгэж Цагдаагийн байгууллагад хүртэл өгч шалгуулж байсанд нь гомдолтой байгаа. Уг нь шүүх хуралдаанд С.******* өөрөө оролцсон бол надад хэлэх үг байсан юм. Би С.*******тай сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон болохоос түүнийг өвчтэйг далимдуулж хүчирхийлсэн зүйл байхгүй. Хүүхэд нэгэнт миний хүүхэд мөн учраас би тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй...” гэв.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 6 дугаар сарын 14-нд төрсөн хүү ******* овогт *******гийн *******ын эцэг нь ******* гэрүүд овгийн ын******* мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү ******* овогт *******гийн *******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг А.Жигмиддоржоор тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшний хэмжээг өөрчлөгдөх бүрд хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг тэтгэлэг авагчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Жигмиддоржоос улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ...хүүхдүүд эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй бөгөөд эцэг А.Жигмиддоржийг хүү              С.*******той уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх зэрэг хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг эх С.*******д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие А.******* нь С.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар орсон. Миний хүсэлтээр эцэг тогтоох ДНК шинжилгээг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд хүргүүлсэн. Миний өөрийн хавьтал нь хугацаа, уламжлалт аргаар жирэмслэлтээс сэргийлсэнтэй таарахгүй тул 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 258 дугаар шийдвэр, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хариу нь ойлгомжгүй байгаа учраас түүнийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн гарсан гэж бодож байгаа. Манай хоёр гэр нэг өвөлжөөнд олон жил өвөлжиж мөн намаржаандаа хамт айл байдаг байсан. Манай охин С.******* нь жаахан оюун ухааны хомсдолтой, яг тухайн үеийн юмаа сайн ойлгодоггүй, бидний хяналтанд байдаг. Манайх ойрхон нүүх болоод манай охин үхрээ тууж яваад малын бэлчээрт А.*******той тааралдаад хавьтал болоод өнгөрсөн юм байна лээ. Тэгээд 11 сард өвөлжөөндөө ороод байж байтал бие нь өвдөөд болохгүй болохоор  нь эмчид үзүүлсэн нь жирэмсэн болсон байна гэсэн. Тэгээд асуусан чинь ерөөсөө хэлэхгүй байсан. Арай гэж аргалж байгаад хэлүүлсэн чинь А.*******той харьцаанд орсон, өөр хүнтэй хавьтаагүй гэж хэлсэн. Тэгээд хүүгийн эцгийг А.******* юм байна гэж мэдэж авсан. Тэгээд тэр үед жаахан уур хүрээд чи яачихсан амьтан юм вэ гээд А.******* руу боорцог шидсэн байгаа. Дарамталсан зүйл байгаагүй. Нэг өвөлжөөний айлууд юм чинь нэг дор таарч тохирохоос гэж бодоод өнгөрсөн. Тэгээд тэр жилдээ хүү минь төрөөд, одоо сургуульд орчихсон хоёр дугаар ангид сурч байгаа. Түүнээс  хойш би юм хэлээгүй. Намайг намаржаан дээрээ хашаа барьлаа гээд дарамталсан. Үүнийг нь би дарамт гэж бодохгүй байгаа. Энэ хүн болохоор дарамталсан гэж ярьж байна. Би ч бас дарамтлуулж байгаа. Тэгээд ер нь эцэг тогтоолгоё, шинжилгээ хийлгээд шүүхээр явъя гэж бодсон. Ээж нь хүүхдээ асраад явах боломжгүй байгаа. Энэ хүүхдэд нь алсдаа хэдэн төгрөг нь хэрэг болох болов уу гэж бодоод эцэг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. С.******* мөнгө төгрөг ч тоолж мэдэхгүй, дэлгүүр ч ороод ирж мэдэхгүй, тийм л хүн байгаа гэв.

Хариуцагч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шинжилгээний хариунд би ерөөсөө итгэхгүй байна. Лабораториос гарсан юм болохоор би сайн мэдэхгүй байна. Мэргэжлийн хүнээр үзүүлээд давж заалдвал яадаг юм бол гэж бодож давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтийн 1-ээс 5 дахь зүйлүүд ойлгомжгүй байгаад байгаа юм.  Ингээд би ерөөсөө шүүх шинжилгээний дүнг ойлгохгүй байна. Би С.*******тай ойр зуурын бэлгийн харьцаатай байсан. Саяхан Н.Сумъяабазарын хүүхэд малын бэлчээрт таараад намайг ороолгосон, иймэрхүү байдлаар дарамт үзүүлээд байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч С.******* хариуцагч А.*******ид холбогдуулан “эцэг тогтоолгох”, “хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6865 дугаартай шинжээчийн дүгнэлт, зохигчидын тайлбараар хариуцагч А.******* нь С.*******ын эцэг мөн болох нь тогтоогджээ.

Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв баримтууд байх бөгөөд дээрх баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудтай нийцжээ.

Хариуцагч А.******* нь С.*******ын эцэг нь мөн болох нь тогтоогдсон тул тэрээр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү С.*******ыг тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

 Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг нотлох баримтанд үндэслэн дүгнэлт хийж, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйл, 40 дүгээр зүйлүүдийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.*******ийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 258 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                                      Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР