Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 826

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н улсын яллагч Н.Г, шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Г-с  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А.Түвшинжаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........ дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч А.Т нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шөлөндөө хоолны газрын урд М.С гуянд хутгалж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ: “…“…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

             Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-7/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.С-г хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-15-16/, гэрч Б.Д өгсөн мэдүүлэг /хх-17-18/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15047 дугаартай дүгнэлт /хх-24/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-75-78/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Г шүүгдэгч А.Т нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шөлөндөө хоолны газрын урд М.С гуянд хутгалж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч А.Т нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шөлөндөө” хоолны газрын урд М.С гуянд хутгалж, биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.С хохирогчоор өгсөн: “...урд шөнө Шөлөндөөгийн гадаа тааралдсан чинь миний шилэн хүзүүн дээрээс бариад юу байна ахын дүү гэхээр нь би өө тайван юу байна гээд байж байсан чинь миний баруун хөл бадайраад гишгэж болохгүй болохоор нь харсан чинь миний баруун гуя руу хутгалчихсан, нөгөө ах гартаа хар өнгийн иштэй хутга барьчихсан байсан. ...40 орчим настай, халзан толгойтой, зүүн талынхаа шанаан дээр нэлээн том хээ шиг шивээстэй, шивээс Т гэдэг хочтой юм байна лээ...... " гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Д гэрчээр өгсөн: “.....хэрэг болсон шөнө 01 цагийн үед ...Шивээс Т буюу Т намайг хөдөө аж ахуйн буудлын шөлөндөө дээр ирэхэд ирсэн байсан. Тэгээд шөлөндөөгийн үүдэнд С хүзүүгээр нь тэвэрсэн зогсож байсан. Намайг харж байхад С хөлөө бариад хойшоо ухарч эхэлсэн. Тэгээд сайн хартал хөлнөөс нь цус гараад эхлэхэд нь би машиныхаа цонхыг буулгаад С наашаа суу гэж дуудсан” гэх мэдүүлэг /хх-17-18/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15047 дугаар,

          1. М.С биед баруун гуяны гүн шарх гэмтэл тогтоогдлоо,  

          2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

          3. Дээрх  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-24/, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

             Хохирогч М.С нь эмчилгээний талаарх баримт гаргаж өгөөгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-90/ гэсэн байх тул  шүүгдэгч А.Т энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүхээс шүүгдэгч А.Т ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.