Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/63

 

 

2025        12           11                                           2025/ДШМ/63

 

 

 

 

 

Ж.А-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

 

Прокурор: Н.А,

Шүүгдэгч: Ж.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М нарыг оролцуулан,

 

 Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.А-н давж заалдах гомдлоор, түүнд холбогдох  эрүүгийн 2539000000251 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Ж.А нь 2025 оны 7 дугаар сарын 28-аас 29-ний шилжих шөнө Хэнтий аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Ж.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

           Шүүгдэгч Ж.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 250 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан гэмт хэргээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн юм. Миний бие өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш ихээр гэмшиж байна. Ж.А нь эхнэр, 7 настай А, 12 настай М нарын хамт амьдардаг байсан боловч эхнэр маань 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бурхан болж би 2 охинтойгоо үлдсэн. Манайх Г сумын малчин айл бөгөөд эхнэрээ талийгаач болохоос өмнө  би мал дээрээ байж, намар, өвөлдөө эхнэр маань 2 охиноо сургууль цэцэрлэгт нь оруулж аймгийн төвд байж зундаа хамт бид хамт хөдөө малаа малладаг байсан. Эхнэрээ талийгаач болсноос хойш би 2 охиноо сургууль цэцэрлэгт нь оруулахын тулд өөрөө аймгийн төвд орж Хэнтий аймгийн "Х" ХХК-д дэлгүүрийн туслах ажилтнаар ажиллах болсон. Дэлгүүрийн туслах ажилтан нь 1 өдөр гараад 2 өдөр амардаг тул амарсан хоёр өдрөө би хөдөө малаа маллаж, эргэж тойрч амьжиргаагаа  залгуулдаг юм. Энэхүү хэргийг үйлдсэн нь миний буруу, би гэм буруу бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Бусдад төлөх төлбөр байхгүй болно. Иймд миний дээрх ар гэрийн хүндрэлтэй нөхцөл байдал, хөдөө мал малладаг, ганц бие эцэг зэрэг нөхцөл байдлыг маань харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү хэмээн хүсэж байна...“ гэжээ.

 

Шүүгдэгч Ж.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...: Гэм буруу дээрээ ямар нэгэн байдлаар маргаагүй юм байна. Шинээр 2 хүүхдийн асрамжтай холбоотой баримтуудыг өгсөн байна. Гомдолтой холбоотой нэмэлт тайлбар байхгүй байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын талаар гомдолд тодорхой дурдагдсан байгаа. Эхнэр нь нас бараад бага насны 2 охиноо асрамжлан хамгаалж үлдсэн. Үндсэн амьжиргаагаа залгуулдаг хэрэгсэл нь мал малладаг хөдөөний хүн байгаа. 2 хүүхдээ сургуульд оруулахын тулд Х-д ирж ажиллаад хөдөө, аймгийн төвийн хооронд ирж очин амьжиргаагаа залгуулдаг. Гэм буруу, хэргийн үйл баримт дээр маргаан байхгүй. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учир нь зорчих эрхийг хязгаарлах ял хувийн байдалд нь тохирохгүй байна. Хүндрэл үүсгээд байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлээд тэнсэж өгнө үү. Эсвэл тэнсэх боломжгүй бол торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Торгууль төлөх боломжтой талаараа нотлох баримтаа өгсөн. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсэн заалтыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн учраас тэнсэж өгнө үү. Хэрвээ тэнсэх боломжгүй бол торгох ялаар сольж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-н гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

 Шүүгдэгч Ж.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Хэнтий аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр тал),

 

-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар тал),

 

-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

 

-Гэрч Б.Э-н “...2025 оны 7 дугаар сарын 28-29-ний шөнө 00 цаг 30 минутын үед ахлах дэслэгч Г.М-н хамт ... сумын ... дугаар баг Төв Хаан банкны баруун талын замаар хойд талаас урд зүгт явж байсан цагаан өнгийн ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Ж.А-г цагдаагийн байгууллагын цахим төхөөрөмж ашиглан шалгахад 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Мөн жолоочоос илт архи согтууруулах ундаа үнэртэж байсныг цагдаагийн газар авчирч драгер багаж үлээлгэн шалгахад 1.91 хувийн согтолттой гарсан тул холбогдох тэмдэглэл үйлдэж мөрдөгчид шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дүгээр тал),

 

-Шүүгдэгч Ж.А-н сэжигтнээр өгсөн: “...Би 2025 оны 7 дугаар сарын 28-ны орой 22 цагаас хойш ... сумын ... дугаар баг Б гудамжны зүүн талд байх Цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд өөрийн эзэмшлийн цагаан өнгийн ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо 500 граммын хэмжээтэй 3 лааз пиво уучихаад 2025 оны 7 дугаар сарын 29-ний шөнө 00 цаг өнгөрч байхад машинаа жолоодоод гэртээ харих гээд явж байхад цагдаа зогсоож шалгасан. Цагдаагийн алба хаагч намайг цагдаагийн газар авчирч драгер багаж үлээлгэхэд миний согтолт 1.91 хувьтай гарсан. Би өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1 жилийн хугацаатай хасуулчихсан. Би өөрийн гэм буруутай үйлдэлдээ маргах зүйл байхгүй, буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд болж өнгөрсөн үйл явдлыг бодитойгоор тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Түүнчлэн эрүүгийн хэргийг шалгаж, хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.А “...би хөдөө малаа маллаж, эргэж тойрч амьжиргаагаа  залгуулдаг ...ганц бие эцэг зэрэг нөхцөл байдлыг маань харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү....” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ." гэж заасан.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.А-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ж.А-н давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.А-н давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй27