Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 279

 

 

 

 

 

 

 

 

   2018         02          26                                          2018/ШЦТ/60

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

Улсын яллагч Ш.Алтанцэцэг, 

Хохирогч Л.Ариунтуяа,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 1706036260156 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  

     Үйлдсэн хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 87-р байрны гадна иргэн Л.Ариунтуяагаас тендерт орох гэж байгаа дансанд мөнгө байршуулах шаардлагатай байна яаралтай зээллээд 30 хоногийн дараа 10 хувийн хүүтэй өсгөж өгье гэж хууран дүр үзүүлсэн гэрээ хийж 20.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тендерийн худалдан авах хорооны хүмүүст хахуульд өгөх гэсэн юм мөнгийг чинь өсгөөд өгнө гэж хууран 10.000.000 төгрөг авч нийт 30.000.000 төгрөг залилсан гэмт хэрэгт  холбогджээ.                                                                                /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Б.Б нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

            Хохирогч Л.Ариунтуяагийн шүүх хуралдаанд өгсөн:

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай нөхрийн эгчийнх нь нөхөр Бөх-Очир яриад та хоёр байрны урьдчилгаанд хадгалаж байгаа мөнгөө зээлэх үү гэж асуухаар  нь зээлнэ гэж хэлсэн. Тэгэхэд манай ойр дотны дүү маань гутал зардаг найдвартай хүн байгаа. Аав, ээж нь гайгүй хүмүүс байгаа. Манай ээжийн ахын хүүхэд тийм учраас санаа зоволтгүй. Мөнгөний хэрэг гарчихаад байгаа юм байна чи тэр мөнгөө зээлчих барьцаа байхгүй гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр барьцаагүй зээлэхгүй гэхэд аав, ээж нь 1000-т малчин хүмүүс байгаа. Бүүр болохгүй бол ах нь олоод өгнө. Би тусалчихмаар байна гэхээр нь за тэгвэл тэгье миний утсыг өгчих гэж хэлсэн. Ингээд Б яриахаар нь хүрээд ир гэсэн. Ирээд нотариатаар орья гэхээр нь тэгье гээд 3-н сартай хүүхдээ тэврээд гарч очиж уулзсан. Эхэндээ Бөх-Очир ахын ярьсанаар 10.000.000 төгрөг зээлээч гэж байна гэж байсан. Ирээд нотариатаар ороод гэрээ хийнэ гээд ороход өөртэй чинь ахиад ярих зүйл байна гэсэн. За гэхэд хоёулаа машинд орья гэсэн. Тэр үед нэг жижиг машин унчихсан явсан. Машинд нь орж суухад Бөх-Очир ахын ярьсанаар бол чи ойлгосон байх би тендэрт орох гэж байгаа гэхээр нь би ямар учиртай тендэр вэ гэж асуухад манай хүргэн ах Сонгинохайрхан дүүргийн газрын албанд ажилладаг тэр хүнтэй нийлээд тендэрт оролцоод газар авч зарж байсан. Энэ удаад Хэнтий аймагт ашигт малтмалтай, доороо алттай газар яригдаж байгаа. Чамаас 10.000.000 төгрөг биш 20.000.000 төгрөг зээлэе өнөөдөр сүүлийн хугацаа, одоо цаг нь хаагдах гээд байна. Тэр хүртэл мөнгөө байршуулах гээд яараад байна гэсэн. Би Хасбанкинд ажилладаг тендэрийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй. Тэгээд Бөх-Очир ахаас энэ хүн чинь 20.000.000 төгрөг зээлээч гэж байна яахуу гэхэд харин хүмүүсээс мөнгө цуглуулаад байгаа гэсэн. Эхний ээлжинд өгчих ах нь олоод өгөх юм чинь санаа зоволтгүй гэсэн. Тэгэхээр нь би нөхөрлүүгээ ярьж асуухад хүргэн ах хариуцаад олоод өгнө мөн хугацаа нь бага юм чинь өгчих гэсэн.  20.000.000 төгрөг дээр нотариатаар орж гэрээ байгуулаад Хасбанк руу орж бэлнээр 20.000.000 төгрөг гаргаж өгсөн. Тэр үед тендэр бүтчихэнэ. Үүнээс гадна зөндөө мөнгө байршуулсан байгаа гэж хэлсэн. Яг хэзээ өгөх вэ гээд хугацаан дээр ярилцаад 1 сар болгоё гэсэн. Би сар болгох урт байна гээд 25 хоног болгосон. Тэр үед 20.000.000 төгрөгийг 22.000.000 төгрөг болгож өгнө гэж ярьсан. Тэр үед машин унаж явж байсан учраас энэ машинаа барьцаанд тавьж болохгүй юм уу гэхэд болно би яараад байна барьцаанд тавихаар зөндөө ажил болоод удна бас чи нялах хүүхэдтэй байна гэхээр нь за за тийм байна тэгээд ч энэ машин 20.000.000 төгрөгний барьцаанд хүрэхгүй юм байна гээд больсон. Тэгээд манайх гэр бүлээрээ Хөвсгөлд амраад явж байх үе буюу 8 дугаар сарын 2-нд надруу их олон удаа Батхуяг, Бөх-Очир ах, Солонго эгч нар залгасан байсан. Тэгээд юу болсон бэ гээд залгахад энэ хүн нэмээд 10.000.000 төгрөг байна уу гээд залгаад байна чи өөрөө ярчих гэж Бөх-Очир ах хэлсэн. Тэгтэл Батхуяг надруу залгаж таарсан. Тэгээд ярихад нөгөө тендэрт орох гэхэд хүний гар хүндрүүлэх буюу хахууль өгөхгүй бол мөнгө чинь хойшлох гээд байна гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь надад үнэхээр өгөх мөнгө алга гэхэд чи хүнээс сураглаад олоод өгөөч гэхээр нь нөхрийнхөө дансанд байсан 3.500.000 төгрөг, ээжтэйгээ ярьж байгаад хадгаламж барьцаалсан зээл авхуулаад тэр мөнгийг нь нийлүүлж нөхрийн дансруу оруулж байгаад тэр данснаасаа Б руу шилжүүлсэн байгаа. Өөрөө надад 8 дугаар сарын 15-нд тендэр болчихоно. Тэгээд мөнгийг өгнө гэж хэлсэн. Тэгээд 8 дугаар сарын 15-н болоход надруу яриад тендэр хойшлоод байна би чамтай уулзмаар байна гэсэн. Юу болсон бэ мөнгөө шилжүүлээ би чамтай хугацаа тохирсон зүйл байгаа гэхэд хүүг нь төлж байя үлдсэн мөнгийг нь цөөхөн хэдхэн хонгоор хойшлуулая гэсэн. Тэгээд удаа дараа тэдэнд өгье гээд хойшлуулдаг байсан. Хүүг нь төлье гээд ярьж мэссэж бичдэг байсан. Мөн сүүлийн авсан 10.000.000 төгрөгийг би буцаагаад ээждээ төлөх ёстой байсан. Тэгтэл хүүнд нь тэдийг өгье гээд хойшлуулаад, тэгж байгаач ингэж байгаач гээд байсан. Би Бт хамаг үнэнээ ярьж байсан. Тэр хүн нь Солонгос явах гээд барьцаанд тавих байсан мөнгө байсан гээд хэлсэн. Мөн бид хоёр дахиад хүнээс зээлээд тэр хүндээ мөнгөө төлсөн. Энэ хүний ажлыг бодоод энэ хүний аясаар яваад байсан. Би хүүхдийнхээ үсийг авах гээд мөнгөө авья гэхэд за тэгүүл би чамд 2.000.000 төгрөг өгч байя гээд тохироод хойшлоод байсан. Бөх-Очир надаас Бт мөнгө аваад өгсөн учраас хамт хөөцөлдөж байсан. Утсаар ярихаар би тэнд явж байна гэдэг болсон. Эхэндээ бол өөрөө утасдаад ирээд уулзаад байдаг байсан. Тухайн үед ийм шатанд хүрнэ гэж бодоогүй. Гэтэл худлаа яриад яваад байдаг байсан. Тэр нь би шонхорт явлаа гээд бараг сар алга болсон. 3-н шонхор авчирч байгаад зараад чамд мөнгийг нь өгнө шонхор хамгийн багдаа 40.000.000-50.000.000 төгрөг болно. Тэгээд авч өгнө гээд 100.000 төгрөг, 400.000 төгрөг, 500.000 төгрөг гээд амлаад өгөөд яваад байдаг байсан. Би барьцаагүй мөнгөө өгчихсөн. Хэзээ өгөхийг нь мэдэхгүй болохоор энэ хүний аясыг хараад байсан. Сүүлдээ шонхорт явна гэж худлаа ярьж байсан юм шиг байна лээ. Бас шонхороо зарахаар явлаа гэж алга болсон. Би шонхороо зарах гээд Хэнтий явлаа тэнд Арабууд байгаа арабууд өдийд ирдэг гэж хэлсэн. Тэгээд сүүлд ирэхдээ ногоон өнгийн ланд 80-тай ирээд би хөдөөгүүр явж байгаад ирлээ. Шонхор гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд 9 сард хүүхэд төрлөө гээд бас шалтаг тоочсон. Би нялах хүүхэдтэй болохоор за гээд хойшлуулаад байсан. Тэгээд аргаа бараад гэр орноор нь очсон. Тэгтэл одоо тэндэнд өгнө, эдэнд өгнө гээд байсан. Тэгээд Бөх-Очир, Солонго хоёр хамаатан саднаас нь сураглаад аав, ээжээс нь асуухад аав нь 10.000.000 төгрөг зохицуулаад өгнө гэсэн. Бид нар цагдаад өглөө гэдгээ 10 сараас эхэлж ярьж эхэлсэн. Тэгтэл аав нь ямар хэцүү юм бэ наад хүн чинь их олон хүнд өртэй өрийг нь бид нар дараад яваад байгаа яагаад ингээд байдаг хүүхэд юм бол 10.000.000 төгрөг олж өгье гэсэн. Мөн байр барьцаалаад мөнгө өгнө гэсэн боловч худлаа хэлсэн байсан. Тэгээд ээж нь Улаанбаатар хотруу ирсэн. Энэ хүний ажлыг зохицуулна гэж ирчихээд уулзахад намайг загнах хандлагатай байсан. Тэр үед би ганцаараа очсон. Тэр өдөр их хүйтэн өдөр байсан би настай хүн учраас олоод өгөх байх гэж найдаж, итгэж байсан. Гэтэл та нар ямар их хүү авдаг юм гээд байсан. Тэгээд дараа нь буцаад явчихсан байсан. Яасан гэхэд асуудлыг шийдээд буцсан гэсэн байсан. Гэтэл аав нь өрийг нь дийлэхгүй байна Амеркид эгч нь байгаа Америк руу явуул тэгж байж зохицуул гэж байна гэж сонсоод өнөөдөр нисчих ч юм билүү гээд айгаад, нисэх буудал дээр хонох уу дээрээ тулж байсан. Лангуу дээр нь зөндөө их хүн очдог байсан юм байна лээ. Тэгээд Налайх явж байна гэж ярихаар нь лангуун дээр нь очиход лангуун дээрээ сууж байдаг байсан. Тэгээд цагдаад өглөө гэхэд 5.500.000 төгрөг өгсөн. Тэгээд би аргаа бараад Бөх-Очирыг дуудаад нөхртэйгээ дөрвүүлээ уулзахад нэг байр сав олоод барьцаанд тавиад өгнө гэсэн. Ийм их мөнгийг өнөө маргаашгүй өгнө гэж юу байхав гээд 14 хоногийн хугацаа өгсөн. Тэгээд 5.500.000 төгрөгийг үндсэн мөнгөөс нь хасая гээд тохироод гараар бичиж өгсөн. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд надад цагдаагаар явж байгаа тохиолдолд хүү авахгүй гэж ойлгуулсан. Тийм учраас би үндсэн мөнгнөөсөө 15.800.000 төгрөгийг нь хасаад 14.200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ хэргийг хурдан дуусгамаар байна. Би энэ хүний мууг үзэх сонирхол байхгүй байна. Тиймээс энэ хүнээс миний мөнгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэх мэдүүлэг

 

            Гэрч С.Бөх-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            Анх манай үеэл Б.Б 2017 оны 06 дугаар сард утсаар яриад "Бөхөө ахаа дүү нь нэг тендерийн ажилд орох гээд мөнгө хайгаад байна мөнгө олчивол тендерийн мөнгө гээд дансанд байршуулаад мөнгөтэй болох гээд байна. Хүү нь ямар ч хамаагүй зээл гаргадаг хүн байна уу дүүд нь элдэв барьцаа авдаггүй хүн байвал олоод өгчих. Дүү нь итгэлийг нь алдахгүй. Би мөнгө аваад 15-20 хоногийн дотор буцаагаад өгнө хэд ч байсан болно. Хамаатан садандаа туслаач" гэж хэлэхээр нь би "за би нэг хүнрүү яриад асуугаад хэлье" гэж хэлээд таслаад өөрийн эхнэрийн дүүгийнх нь эхнэр болох Ариунзаяа руу утсаар яриад "манай дүү тендерт орох баталгааны мөнгө хайгаад байна чамд мөнгө байна уу. Чи 15-20 хоног тэр хүнд зээлж чадах уу буцаагаад найдвартай өгнө гэж хэлээд байна" гэхэд "танд итгэж байна та найдвартай гэж үзэж байвал надруу явуулчих" гэхээр нь би Бруу залгаад "энэ хүнтэй яриж байгаад уулз" гэж хэлээд дугаарыг нь өгсөн. Тэгээд удалгүй буцаад надруу Ариунтуяа залгаад "нөгөө хүн чинь ирсэн байна. 10 сая биш 20 сая болгоод өгчих гээд байна. Энэ хүн чинь найдвартай биз дээ мөнгө өгч болох юм уу яах юм" гэж хэлэхээр нь би "гайгүй байх чи өөрөө мэдээд өгчихгүй юу" гэж хэлээд тасалсан. Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа Ариунтуяа надруу яриад мөнгө төгрөгөө өгөхгүй байна" гэхээр нь би "за" гэж хэлээд Батхуягруу яриад асуухад мөнгө төгрөг болох гээд байна хугацааг нь жоохон сунгаад өгөөч" гэж хэлээд байсан. Тэгээд дараа нь надад тэр 2 ямар нэгэн зүйл хэлээгүй Ариунтуяа Б нар яриад 10.000.000 төгрөг Б нэмээд авсан байна лээ. Тэгээд нийт 30.000.000 төгрөг аваад хугацаа сунгаад одоо болтол явж байна. Энэ мөнгөнөөс Ариунтуяад буцааж өгсөн эсэхийг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-н 19/

           

            -хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, дансны хуулга, зээлийн гэрээ, Б.Бийн бичсэн өргөдөл /хх-ийн 4-8/

            -Б.Бийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39-43

            -Б.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 44-47/

-Хохирогч Л.Ариунтуяа шүүгдэгч Б.Баас авсан мөнгөний тооцоо болон дансны хуулга /хх-ийн 51-58/

 

            Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн:

            Би 2017 оны хавар ноолуурын наймаа хийж хүмүүсээс ноолуур аваад ченжүүдэд өгсөн боловч буцаад ноолуурын мөнгө орж ирээгүй юм. Тэгтэл хүмүүсээс авсан ноолуурын мөнгө нэхэгдээд байхаар нь хамаатны ах Бөх-Очир ахаас хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу гэж асуусан. Тэгтэл Бөх-Очир ах миний таньдаг хүнд мөнгө байж магадгүй гэж хэлсэн. Ингээд Бөх-Очир ах намайг Ариунтуяа гэдэг хүнтэй уулзуулж өгсөн юм. Тэгээд би Ариунтуяатай уулзаад надад хэдэн төгрөг хэрэгтэй байна. Зээлэх юм бол буцаагаад удаахгүй өгнө гэж хэлсэн. Ариунтуяа надаас хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм гэхээр нь би 20 сая төгрөг хэрэгтэй байна гэсэн. Ингээд Ариунтуяа зөвшөөрч 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр БЗД-ийн цагдаагийн хажуу талд байрлах Номинтой байрны Хас банкин дээр очоод надад 20 сая төгрөгийг өгсөн. Ингээд би Ариунтуяагаас зээлсэн 20 сая төгрөгийг нөгөө ноолуурыг нь авсан хүмүүст тарааж өгсөн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 04-ний үед байх өдрийг нь санахгүй байна. Дахин Ариунтуяаруу залгаад 10 сая зээлчих буцааж өгөхдөө 20 сая төгрөгтэй чинь нилүүлээд 30 сая төгрөгийг өгье гэж хэлсэн. Тухайн үед Ариунтуяа нь Хөвсгөл аймагт явж байсан тул шууд мобайл банкаар шилжүүлсэн. Ингээд би Ариунтуяагаас 30 сая төгрөгийг авсан. Эхний 20 саяыг ноолуур авсан хүмүүсрүүгээ шилжүүлсэн. Дараа нь авсан 10 сая төгрөгний 4.500.000 төгрөгийг ноолуур авсан хүмүүсрүүгээ шилжүүлсэн. 5.500.000 төгрөгийг өөрийн хэрэглээндээ хэрэглэсэн гэх мэдүүлэг. /ХХ-ийн 16, 24/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 87-р байрны гадна иргэн Л.Ариунтуяагаас тендерт орох гэж байгаа дансанд мөнгө байршуулах шаардлагатай байна яаралтай зээллээд 30 хоногийн дараа 10 хувийн хүүтэй өсгөж өгье гэж хууран дүр үзүүлсэн гэрээ хийж 20.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тендерийн худалдан авах хорооны хүмүүст хахуульд өгөх гэсэн юм мөнгийг чинь өсгөөд өгнө гэж хууран 10.000.000 төгрөг авч нийт 30.000.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдлоо.  

 

Иргэд хоорондоо зээлийн гэрээ байгуулан аливаа таваарыг зээлдүүлэх болон зээлэх эрх нээлттэй байх хэдий боловч тухайн зээлийн зориулалт, зарцуулалт нь тухайн гэрээ байгуулах болсон шалтгаантай уялдаа холбоотой байх нь Үндсэн хууль болон Иргэний хуульд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Б нь баримт бичиг үйлдэн өөрийн бодит байдал болох мөнгө зээлэх болсон шалтгаанаас өөр шалтгаан нэрлэн түүнийгээ хохирогч болон гэрч нарт ойлгуулан мөнгө зээлсэн. Харин тухайн зээлж авсан мөнгөө урьдах ноолуур авсан хүмүүстээ өгөх болон өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан гэж зээлэх болсон шалтгаанаас өөр зүйлд заарцуулсан болохоо өөрөө мэдүүлсэн болно.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б нь хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Б.Б нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь хохирогч Л.Ариунтуяад 2018 оны 04 сарын 01-ний өдрийн дотор 14.200.000 төгрөгийг төлж барагдуулах боломжтой байгаа гэснийг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн болон төлөхөө илэрхийлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хүү алданги авахгүйгээр үндсэн 14.200.000 төгрөгөө аваад дахиж холбогдохгүйгээр энэ хэргээс салах хүсэлтэй байна. Б.Бт ял шийтгэл оногдуулах сонирхол хүсэлт алга гэж шүүх хуралдаанд гаргасан санал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрглэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцохдоо эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоос төлсөн, бусад хохиролыг төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгчийн зүгээс хохирогч Л.Ариунтуяад нийт 15.800.000 төгрөгийг төлсөн байна.

Шүүгдэгч Б.Баас 14.200.000 төгрөгийг гаргуулаж хохирогч Л.Ариунтуяад хохиролд тооцон шүүгдэгчийн өөрийн санал болгосон боломжит хугацаагаар тогтоож олгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь :

 

            1. Шүүгдэгч Б.Бийг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт  гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон мөн эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 14.200.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Ариунтуяад олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Бийн хохирогч Л.Ариунтуяад 14.200.000 төгрөгийн хохиролыг нөхөн төлөх хугацааг 2018 оны 03 сарын 30-ны өдрийн дотор төлхөөр тогтоосугай.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шүүгдэгч Б.Бт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

   11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ