Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 26

 

Н.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.*******

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******

Нарийн бичгийн дарга: Б.Алтансолонго нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзулын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 610 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн иргэн Н.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.******* миний бие 2013 оны 9 сарын 9-ны өдөр хуралдсан Товцог багийн ИНХ-д оролцсон 324 иргэний 221 санал авч багийн Засаг даргаар сонгогдон улмаар 9-р сарын 19-ний өдөр Улиастай сумын Засаг даргаас батламжлагдан багийн Засаг даргаар сонгогдсон билээ. Гэтэл 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улиастай сумын ИТХ-н дарга Б.*******, Засаг дарга Б.******* нараас Монгол Улсын Үндсэн Хуулийн жаран хоёр дугаар зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно.....гэсэн заалт, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэг: Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.... гэсэн заалт, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг: Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна..... гэсэн заалт, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт... багийн Засаг даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно...гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Товцог багийн ИНХ-ыг хууль бусаар далд зарлан хуралдуулсан, мөн багийн Засаг дарга Н.******* миний биеийг үүрэгт ажлаас хугацаанаас өмнө хууль бусаар чөлөөлсөн болох нь:

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн/2017оны 05 сарын 03-ны өдрийн 29 тоот шийдвэр/

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн/2017 оны 06 сарын 17-ны өдрийн 221/МА2017/0427 тоот магадлал/

Захигааны хэргийн Хяналтын шатны шүүхийн /2017оны 11 сарын 14-ний өдрийн 470 тоот тогтоол/ зэрэг 3 шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож Товцог багийн ИНХ-ын 2016 оны 12-р сарын 18-ны өдрийн 01, 02, 03 дугаар тоот тогтоолуудыг хүчингүй болгож, мөн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 марын 19-ний өдрийн б/141, б/144 тоот захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Н.*******гийн бүрэн эрхийн хугацаа нь 2017 оны 09 сарын 09-ний өдөр дуусгавар болохоор байсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг нөхөн олгуулахаар шийдвэрлэсэн байгаа.

Гэвч Улиастай сумын Засаг дарга Б.******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандсан байгаа болно.

Шүүхийн шатны явцад Н.******* надаас болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******аас гарсан бусад зардал, итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлсөн ажлын хөлс, 2017 оны 05 сарын 03-аас хойшхи цалин зэргийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, бусад зардлыг шийдвэрлүүлэхээр хандаж байна.

Иймд 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 сарын 19-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин /Нийт: 99 хоног 33,319=3,298,581 төгрөг/-г хариуцагчаас гаргуулах

1. Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт очиж хойшлуулсан, биеэр оролцсон замын зардал /195,200 төгрөг/-ыг хариуцагчаас гаргуулах

2. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид гэрээний дагуу төлсөн хөлс /2,100,000 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулах

3. 2017 оны 09 сарын 19-ны өдрөөс 2018 оны 04 сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд /107 хоног 33,319=3,565,133төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулах

4. Захиргааны хэргийн шүүхэд материал нотариатаар баталгаажуулж өгөхөд нотариатчид төлсөн мөнгийг хариуцагчаас гаргуулах /24,800 төгрөг/ гэжээ.

 

Хариуцагч Б.******* анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Н.******* нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3,298,581 төгрөг гаргуулах, замын зардлын 195,000 төгрөг, гэрээний хөлс 2,100,000 төгрөг, нотариатын зардал 24,800, мөн 2017 оны 09 дүгээр сарын 19-нээс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл 3,565,133 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийдвэрээр Н.*******г Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосон боловч, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны 470 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж , Н.*******г Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 09-р сарын 19-нд багийн засаг даргаар сонгогдоод бүрэн эрхийн хугацаа 2017 оны 09-р сарын 19-ний өдрөөр тасалбар болох байсан боловч 2016 оны 12-р сарын 09-ний өдөр хууль бусаар миний ажлыг авсан. Тэгээд би Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдэд хандаж Хяналтын шатны шүүхээс миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Одоо 2017 оны 05-р сарын 03-наас 2018 оны 04-р сарын 09-нийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын хөлсөнд өгсөн 2.100.000 төгрөг, мөн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт биеэр очиж хойшлуулсан замын зардлыг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Захиргааны хэргийн шүүхэд материал нотариатаар баталгаажуулж өгөхөд нотариатчид төлсөн мөнгөө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа. Албан ёсны шүүхийн тогтоол гарсан тэдгээрийг баталгаажуулж түүний дагуу хяналтын шатны шүүхэд өгч хурлаа хойшлуулсан. 2017 оны 05-р сарын 03-ны өдөр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Ингээд 2017 оны 05-р сарын 03-наас 2017 оны 09-р сарын 19-ныг хүртэл миний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байсан. Энэ хүртэлх хугацааныхаа цалинг нэхэмжилсэн. Хяналтын шатны шүүх хуралдаан 2017 оны 11-р сарын 14-нд болсон. Тэгээд 2017 оны 12 сарын 22-ны өдөр хяналтын шатны шүүхийн тогтоол ирж, би албан ёсоор танилцсан. Тогтоолд ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас хангах боломжгүй, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байсан. 2017 оны 12 сарын 22-ны өдөр мөн хариуцагч тал хяналтын шатны шүүхийн тогтоолтой танилцсан байгаа. Энэ хугацаанд 2017 оны 12-р сарын 22-нд намайг үүрэгт ажлаас чөлөөлөөд багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр тавих ёстой байсан боловч ажлаас чөлөөлөөгүй, 2018 оны 04-р сарын 03-ны өдөр багийн ИНХ болж багийн засаг даргын сонгууль болсон. Үүнээс хойш 2017 оны 04-р сарын 09-ний өдрөөр тасалбар болгон намайг багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн захирамжийг Улиастай сумын Засаг дарга ******* гаргасан. Энэ захирамжийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс 2017 оны 09-р сарын 19-ний өдрийг хүртэл, 2017 оны 09-р сарын 19-ний өдрөөс 2018 оны 04-р сарын 09-ний өдрийг хүртэл гэж 2 тасалж бодсон. 2018 оны 04-р сарын 09-ний өдрийг хүртэл бодолтоо хийхдээ хоногуудаа алдаж бодсон байна лээ гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд Улиастай сумын засаг даргын Тамгын газрыг төлөөлж оролцож байна. Нэгдүгээрт: Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2017 оны 05-р сарын 03-наас хойш нэхэмжилсэн шаардлагыг манай зүгээс хангах боломжгүй гэж үзэж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11-р сарын 14-ны өдрийн 470 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон байгаа. Тус нэхэмжлэлийн шаардлага нь Товцог багийн Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилд эгүүлэн томилуулах гэсэн шаардлагууд гаргасан байсан. Тэгээд анхан шатны шүүхээр 2017 оны 05-р сарын 03-ны өдөр ороод нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Маргаан үргэлжилж хяналтын шатны шүүхийн тогтоолоор ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тийм учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй. Хэрэв хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан бол ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өгөх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Мөн 2017 оны 05-р сарын 03-ны өдөр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Ингээд 2017 оны 05-р сарын 03-наас 2017 оны 09-р сарын 19-ныг хүртэл миний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байсан. Энэ хүртэлх хугацааныхаа цалинг нэхэмжилсэн. Хяналтын шатны шүүх хуралдаан 2017 оны 11-р сарын 14-нд болсон. Тэгээд 2017 оны 12 сарын 22-ны өдөр хяналтын шатны шүүхийн тогтоолыг би албан ёсоор авч танилцсан. Тогтоолд ажилд эгүүлэн тогтоох, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас боломжгүй, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байсан. 2017 оны 12 сарын 22-ны өдөр мөн хариуцагч тал хяналтын шатны шүүхийн тогтоолтой танилцсан байгаа. Энэ хугацаанд 2017 оны 12-р сарын 22-нд намайг үүрэгт ажлаас чөлөөлөөд багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр тавих ёстой байсан боловч ажлаас чөлөөлөөгүй, 2018 оны 04-р сарын 03-ны өдөр багийн ИНХ болж багийн засаг даргын сонгууль болсон. Үүнээс хойш 2017 оны 04-р сарын 09-ний өдрөөр тасалбар болгон намайг багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн захирамжийг Улиастай сумын Засаг дарга Б.******* гаргасан. Энэ захирамжийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс 2017 оны 09-р сарын 19-ний өдрийг хүртэлх, 2017 оны 09-р сарын 19-ний өдрөөс 2018 оны 04-р сарын 09-ний өдрийг хүртэл гэж 2 тасалж бодсон. 2018 оны 04-р сарын 09-ний өдрийг хүртэл бодолтоо хийхдээ хоногуудаа алдаж бодсон байна лээ гэв.

Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.*******гийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртлэх хугацааны цалинтай тэнцэх олговор болох 6863714 төгрөгийг Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Монгол Улсын Иргэний тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас Хяналтын шатны шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт очиж оролцсон замын зардал 195,200 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчид гэрээний дагуу төлсөн хөлс 2,100,000 төгрөг гаргуулах, баримт бичиг нотариатаар гэрчлүүлсэн зардал 24800 төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт олгох 6863714 төгрөгнөөс түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас тэмдэгтийн хураамжид 124,769 төгрөг гаргуулж улсын орлого болгож, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Н.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3.298.581 төгрөг гаргуулах, замын зардлын 195000 төгрөг, гэрээний 2,100,000 төгрөг, нотариатын зардал 24800 төгрөг, мөн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3,565,133 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 610 дугаартай шийдвэрийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна:

Үүнд:

Нэгдүгээрт: Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3.298.581 төгрөг гаргуулах, замын зардлын 195.000 төгрөг, гэрээний 2.100.000 төгрөг, нотариатын зардал 24800 төгрөг мөн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3.565.133 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэхдээ зөвхөн цалин хөлсний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх , дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх гэж үүсгэсэн байна.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Засаг дарга буюу сонгуулийн үр дүнгээр тодорхойлогддог улс төрийн албан тушаалд Улиастай сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 103 дугаартай захирамжаар томилогдсон бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дахин томилогдож сумын засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 144 дугаартай захирамжаар сонгуульт ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд үүнийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд Улиастай сумын Товцог багийн Засаг даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, НДШ-ийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Уг хэрэгт миний бие Улиастай сумын Засаг даргыг төлөөлж оролцож байсан ба Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийдвэрээр Н.*******г Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Улиастай сумын Засаг дарга Б.******* Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.******* Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын гомдол гаргасан.

Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны 470 дугаартай тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн магадлалыг хүчингүй болгож Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийдвэрт Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулж Н.*******г Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөр хэлбэл: 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэрт 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Н.*******г ажилд нь эгүүлэн тогтоогоогүй.

Ийнхүү Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийдвэр нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр болохдоо нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоогүй буюу уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийдвэр нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр болж түүнээс хойш 28 хоногийн дараа Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны 470 дугаартай тогтоолыг нэхэмжлэгч Н.******* болон миний бие 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гардан авсан.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны 470 дугаартай тогтоолоор Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийг чөлөөлсөн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 144 дугаартай захирамжийг хүчингүй болгосон боловч, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй.

Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй учраас 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш цалин хөлс гаргах боломжгүй юм.

Гуравдугаарт: Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цалин хөлсний олговрыг гарган шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 03-наас 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговорыг зохицуулсан ба 69.1-т Энэ хуулийн (Хөдөлмөрийн тухай хууль) 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно гэж... Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн авах тухай харилцааг зохицуулсан ба 36.1-т ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй гээд, 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж заасан байна. Дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаас дүгнэхэд нэхэмжлэгч Н.*******г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Улиастай сумын Товцог багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажил албан тушаалд нь авах хүртэл буюу ажилгүй байсан хугацаанд нь цалин хөлсний олговрыг олгохоор байна.

Өөрөөр хэлбэл: Нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар олгохын тулд

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон байх

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байх

Гэтэл нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тухай шүүхийн шийдвэр байхгүй,/хэрэгсэхгүй болгосон/ байхад ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэггүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т зааснаар ажилгүй байсан бүх хугацаан цалин хөлсний олговор гаргах боломжгүй юм.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч Н.*******гийн цалин хөлсний олговрыг гаргахдаа: ...Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 144 дугаартай захирамжаар Улиастай сумын Товцог багийн Засаг даргыг ажлаас чөлөөлсөн байна. Энэхүү захирамжийг УДШ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны 470 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэжээ. Тэгэхдээ Н.*******д нөхөн олговрыг олгохоор шийдвэрлэснийг хууль бус гэж дүгнээгүй байна...гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь: Хариуцагч байгууллагаас 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх цалин хөлсний олговрыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид олгосон байгаа ба уг асуудалд маргаагүй харин 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойшхи цалин хөлсийг гаргуулах, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон байх, Хөдөлмөрийн тухай хууль тухайлсан зохицуулалттай байгаа учраас дээрх хугацааны цалин хөлсний олговрыг гаргах боломжгүй гэж мэтгэлцэж байгаа. Анхан шатны шүүх : Нэхэмжлэгчийг чөлөөлсөн захирамжийг шүүхээс хүчингүй болгосон учраас дахиж чөлөөлөх хүртэл цалин хөлсөө авах эрхтэй гэж дүгнэсэн байна.

Цалин хөлсний олговрыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг бөгөөд Улсын Дээд шүүхээс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоогоогүй ба ажил олгогч буюу Улиастай сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй буюу дахин ажил хийлгэх боломжгүй, зөвхөн дахин чөлөөлөх эрх хэмжээ олгогдсон.

Гэтэл нэхэмжлэгч нь би ажиллах ёстой байсан гэж үзэж ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буюу Товцог багийн Засаг даргын албан тушаалд шүүхээс эгүүлэн тогтоогоогүй боловч, түүнийг чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгосон.

Иймд шүүхээс ажилд эгүүлэн тогтоогоогүй боловч эрх бүхий албан тушаалтан нь хөдөлмөрийн харилцааг зогсоосон захиргааны акт гаргах хүртэл цалин хөлсөө авах эрхтэй гэж шүүхээс үзэхээр бол нэхэмжлэгч Н.******* нь цалин хөлс олгохгүй байгаа маргаанаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй байсан.

Нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг зогсоосон Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 144 дугаартай захирамжийг хүчингүй болгосон бол нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирамж гаргахаас өмнөх үеийн нөхцөл байдалд эрх нь сэргэсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл: Нэхэмжлэгч нь Товцог багийн засаг даргын цалин хөлс авах эрх нь хэвээр байгаа тохиолдолд буюу цалин олгохгүй байгаа 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 3 сарын дотор шүүхэд цалин олгохгүй байгаа талаар нэхэмжлэл оруулах байсан байна.

Учир нь: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т ...Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан ба төрийн албан хаагч нь цалин хөлс олгохгүй байгаа гомдлоо эрх бүхий байгууллага, албан тушаалтан эсхүл шүүхэд гомдол, нэхэмжлэлээ гарган эрх ашгаа хамгаалуулах эрхтэй ба энэ нь хуулиар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай.

Нэгэнт эрх бүхий албан тушаалтан, байгууллага нь ажлаас халсан тушаал шийдвэр гаргаагүй боловч цалин хөлс олгохгүй байгаа маргааныг хөдөлмөрийн тухай хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан.

Хөдөлмөрийн тухай хуулинд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй байсан.

Гэтэл Н.******* нь Улсын Дээд шүүхийн 470 дугаартай тогтоолыг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гардан авсан ба түүнээс хойш 3 сарын дотор цалин хөлсний нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан болно.

Иймд нэхэмжлэгч нь намайг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр байхгүй байгаа учраас цалин хөлсөө нэхэмжилж байна гээд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацааны дотор цалин хөлсөө нэхэмжлэл гарган шүүхэд нэхэмжлэл гаргах байсан.

Өөрөөр хэлбэл: Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойшх цалин хөлсөө 2018 оны 03 дугаар сарын 12-ны дотор нэхэмжлэл гарган шүүхэд хандах байсан боловч нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд хандсан байна.

Дээрх гомдлын агуулгыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хангалттай тайлбарлаж мэтгэлцсэн боловч шүүхийн шийдвэртэй дээрх тайлбарыг оруулаагүй, уг тайлбарт няцаасан дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоогоогүй байхад ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны бүх цалин хөлсийг гарган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг баримтлан цалин хөлсний олговор гаргаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн буюу ажилд эгүүлэн тогтоож, ажил олгогч урьд эрхэлж байсан ажилд нь авах үүрэг хүлээсэн, ажилд нь авахгүй байгаа эс үйлдэхүй байж болох боломжтой гэж үзнэ.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 610 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.*******гийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хэдийгээр манай нэхэмжлэгчийн зарим шаардлагыг хангаагүй ч гэсэн хууль тогтоомжид нийцэж гарсан байна гэж үзэж байна. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар хийгээд явахад давхар хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******ын гомдолд давхар тайлбар болоод явах байх гэж бодож байна. Давж заалдах гомдлыг яагаад зөвшөөрөхгүй байгаа гэдгээ тайлбарлая. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах гомдолдоо процессийн алдаа гаргасан гэж тайлбарласан. Энэ нь юу юм бэ? гэхээр анхан шатны шүүхээс иргэний хэргийг анх үүсгэхдээ цалин хөлсний маргаан, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхээр хэрэг үүсгэсэн байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд нэмэгдүүлээд байхад түүнийг нэмэгдүүлсэн гэж үзээгүй нь хууль бус гэж үзээд байх шиг байна. Тэгсэн мөртлөө давж заалдах гомдлын гол шаардлага нь болохоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах гээд байна уу, анхан шатны шүүх хуралдаанд энэ хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах гээд байгаа юм уу, энэ хэргийг хэрэгсэхгүй болгох гээд байгаа юм уу, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шаардлага тавиад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Дээр тавьсан нэхэмжлэлийн ерөнхий шаардлагаасаа процессийн хувьд зөрөөд байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үү гэвэл нэмэгдүүлээгүй байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тооцоололын алдаа гаргасан байсан. Энэ нь ямар учиртай юм бэ? гэхээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж байгаа хугацаа нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болж байдаг. Харин анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойшхи 04 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаандаа нэг өдрийн цалиндаа хуваагаад ажлын ажлын хоногтоо үржүүлэхдээ алдаа гаргасан байдаг. Энэ тооцооллоо зөв болгож залруулсан болохоос биш, мөнгөн дүнгээ өсгөөд нэмэгдүүлсэн, илүү олон хоногийн цалин нэмэгдүүлсэн зүйл байхгүй. Ерөнхий шаардлагаа мэдэж байгаа. Тооцооллын алдаа гаргасан ба ямар нэгэн процессийн алдаа бол байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүх бүрэлдэхүүнтэй хурал хийсэн. Шүүх хэлэлцээд шаардлагын дүнгээ нэмэгдүүлээгүй гэж үзсэн байгаа. Иргэний хэрэг үүсгэхдээ ерөнхий шаардлагаа бичсэн бөгөөд түүнээс биш ноцтой алдаа гаргасан гэдэг нь эргэлзээтэй байна.

Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй учраас 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш цалин хөлс гаргах боломжгүй гээд байгаа. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг ажилд нь томилсон. Давж заалдах шатны шүүхээс болохоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон, хяналтын шатны шүүхээс Н.*******г ажлаас нь чөлөөлж Б/141, Б/144 захирамжууд, Иргэдийн нийтийн хурлын холбогдох тогтоолуудыг хүчингүй болгосон байгаа. Н.*******г ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгоод Н.*******гийн оронд байсан Даваадэмбэрэлийг томилсон захирамжийг мөн хүчингүй болгосон. Энд юу үүсч байна вэ ? гэхээр Н.*******гийн анх томилсон бүрэн эрх үргэлжилж байсан. Тэр анх томилогдож байсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр үйлчилж байна гэж үзэж байна. Хэдийгээр ажилд нь томилоогүй ч /энэ хүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил/ энэ хугацаандаа бүрэн эрх нь нээлттэй байна гэж хариуцагч талын эрхийг зааж өгсөнөөр Н.*******г ажилд нь эгүүлэн томилж болохгүй гэсэн утгатай байна. Харин нэхэмжлэгч Н.*******г яаж ажлаас чөлөөлж болох байсан бэ? гэхээр хариуцагч байгуулагын захирамжаар. Харин тэр нь Иргэдийн нийтийн хурлын шийдвэрээр 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийсэн, мөн оны 12 дугаар сарын 10-даар юм уу эсвэл өвөл хийсэн бол боломжтой байсан. Энэ байдлаараа дахин бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэх байдлаар тогтоол гаргах байсан. Дээд шүүхээс ажилд нь эгүүлэн томилоогүй гээд хүний ажиллаж байсан эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Улсын дээд шүүхээс нэхэмжлэгч Н.******* гэдэг хүнийг ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгосноор энэ хүн багийн Засаг даргын ажилдаа үлдсэн. Өөрөөр хэлбэл: Багийн Засаг даргын статус дээрээ байгаа гэж үзэх бүрэн боломжтой байгаа. *******гийн бүрэн эрхийн хугацаа хэзээ дуусгавар болсон юм гэхээр 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Товцог багийн Иргэдийн нийтийн хурал хуралдсанаар дуусгавар болж байгаа. Үүнтэй холбоотой баримтуудыг хэлье.

Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад зааснаар дараагийн Засаг дарга томилогдсоноор өмнөх Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог байгаа. Дараагийн Засаг дарга хэзээ томилогдсон бэ? гэхээр 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр болсон багийн Иргэдийн нийтийн хурал хуралдаад тэндээс олонхийн санал авсан хүн томилогдоод Н.*******г чөлөөлөгдсөн байгаа гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байгаа. Давж заалдах гомдолд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг үндэслэсэн нь буруу гэж маргаж байгаа. Энэ нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгохдоо... ажилд нь эгүүлэн тогтоосон байхыг шаардана гэтэл ажилд нь эгүүлэн тогтоогоогүй байхад цалин хөлс олгож байгаа нь үндэслэлгүй гэж байгаа. Анхан шатны шүүх болон Хяналтын шатны шүүхээс Н.******* гэдэг хүнийг ажлаас чөлөөлсөн захирамж, хурлын тогтоолыг хүчингүй болгосноор энэ хүн ажилдаа эгүүлэн томилогдож байна гэсэн үг. *******г ажлаас чөлөөлсөн албан ёсны захирамжлалын бичиг баримт байхгүй. Иймд энэ хүн ажилдаа эгүүлэн томилогдсон гэсэн үг буюу ажлаа үргэлжлүүлэн хийх бүрэн эрх боломжоор хангагдаж байгаа. Тэр боломж нь дараагийн Иргэдийн нийтийн хурал болж энэ хүнийг чөлөөлөөд дараагийн хүнийг томилж байгаа нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар дуусгавар болж байгаа үйл явдал харагдаж байна. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг үндэслэж байгаа нь үндэслэлтэй байна. Мөн давж заалдах гомдолд... Хөдөлмөрийн тухай хуулинд заасан цалин хөлстэй холбоотой гомдлоо 3 сарын дотор нэхэмжлэл гаргах ёстой байсан. Энэ нь 2017 оны 12 сарын 13-ны өдөр Хяналтын шатны шүүхийн тогтоолоо аваад 04 сар гаргасан нь удсан гэж байна. Харин энэ хүнйи цалин хөлстэй холбоотой маргаан гаргах эрх нь хэдийгээр хязгаарлагдаж байна вэ? гэхээр ажлаа өгсөнөөс хойш. Тэрнээс өмнөх цалин нь үргэлжлээд явж байгаа. Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэх боломжгүй бөгөөд ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгосон. Тийм учраас гурван сарын хугацаагаар буюу 04 дүгээр сард нэхэмжлэл гаргасан нь энэ хугацааг зөрчөөгүй, хугацаандаа нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Хугацаа тасалдсан зүйл байхгүй. Хугацаа тасалдаад өөр үйл явдал болоогүй нэг л үйл явдал байгаа. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхэд хариуцагч байгууллагын төлөөлөгч, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие давж заалдах гомдол гаргасан байгаа.

Нэгдүгээрт: Анхан шатны шүүхээс иргэний хэргийг анх үүсгэхдээ цалин хөлсний маргаан, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн зүйлээр нэхэмжлэлийг хүлээн авч хөдөлмөрийн эрх үүсгэсэн. Ингэж иргэний хэрэг үүсгэсэн боловч энэ дотор маш олон төрлийн шаардлага байхад эдгээр шаардлагуудыг харгалзан үзээгүй, зөвхөн цалин хөлстэй холбоотой гэж иргэний хэрэг үүсгэсэн байгаа.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн эсэх талаар нэлээн маргасан. Өмнө бол: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээ багаар оруулж ирсэн боловч яг шүүх хуралдаан дээр ямар нэгэн шалтгаангүйгээр өмнө байсан нэхэмжлэлийн шаардлагын дүнгээ нэмэгдүүлэн нэхэмжлэлийн шаардлага тавьсан тул үүнийг нь хариуцах боломжгүй гэж үзсэн. Процессийн алдаа гэж үзэж байгаа. Хүссэн нэхэмжлэлийн шаардлага бол 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн захиргааны хэргийн шүүхээс шүүхийн шийдвэр гарч ажилд нь эгүүлэн тогтоосон. Энэ хүртэлх хугацааны цалин хөлсийг нь сумаас гаргаж өгсөн. Түүнээс хойш талууд маргаж явсаар байгаад 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн хуралдаанаар ороод анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэс. Иймд 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойших цалин хөлсийг гаргах боломжгүй. Цалин хөлсийг ямар нөхцөлд гаргаж байгаа юм бэ? гэхээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх шаардлагатай гэж үзэж байгаа. Гэтэл ажилд эгүүлэн томилсон шийдвэр гараагүй. Тэрийг нь хэрэгсэхгүй болгосон байгаа учраас цалин хөлсийг олгох боломжгүй гэсэн үүднээс давж заалдах гомдол гаргасан байгаа. Цалин хөлсийг яагаад гаргахгүй гэхээр анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ...энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно гэсэн байдаг. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэсэн заалт хэрэгжсэн гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгчийн зүгээс Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн тогтоолыг 2017 оны 12 дугаар сарын 12-нд надтай болон Товцог багийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч ******* бид гурав хамт нэг өдөр авч байсан. Үүнээс хойш би өөрөө ч гэсэн хэлж байсан, манайх нэгэнт ажилд эгүүлэн томилсон шийдвэр хүчингүй болсон байгаа тул цалин хөлсийг нь тухай бүрт нь нэхээрэй гээд хэлээд байхад нэхэхгүй явсаар байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан ...цалин хөлснийхөө талаар зохих байгуулага буюу шүүхэд хандаагүй байгаа учраас манайх энэ дээр хянах хууль зүйн боломжгүй юм. Яагаад гэвэл: Хэрвээ ажилд нь эгүүлэн томилсон тохиодолд хэдий хүртэл ажилласан тэр хугацааны цалинг өгөх боломжтой гэж маргаж байгаа. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаад ажилд нь томилоогүй байгаа. Нэгэнт ажилд нь эгүүлэн томилоогүй байхад Улиастай сумын Засаг даргын тамгын газраас цалин хөлс олгоод байвал захиргааны акт тавигдана. Ийм учраас манайх цалин хөлсийг олгох боломжгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгч Н.*******гийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Хуулинд заасан тохиолдолд эрх нь зөрчигдсөнөөс хойш гурван сарын дотор цалин хөлсөө нэхэх боломжтой байсан. Хөдөлмөрийн тухай хуулиар бол ажилтан нь ажлыг хийхгүй байгаа, хийлгэхгүй тэгсэн мөртлөө ажлаас чөлөөлөгдөөгүй байгаа тохиолдолд цалин хөлсийг нь бүгдийг нь олго гэсэн заалт байдаг. Гэхдээ нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй учраас цалин хөлсийг нь нөхөн олгох боломжгүй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгч Н.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх,шүүх хуралд очиж оролцсон замын зардал, итгэмжлэгдсэн төлөөлөгчид гэрээний дагуу төлсөн хөлс, шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэний зардал зэргийг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Ажил олгогч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/144 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Н.*******г Улиастай сумын Товцог багийн засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

Ажил олгогчийн дээрх захирамжийг нэхэмжлэгч Н.******* эс зөвшөөрч Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүх 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийдвэрээр Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/141, Б/144 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.*******г Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосон байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх шүүхийн шийдвэрийг хянаж үзээд ...нэхэмжлэгч Н.*******г ажлаас чөлөөлсөн захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн тул захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна. Харин уг шийдвэрийг биелүүлэх цаг мөчид буюу 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Н.*******гийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоор байсан учраас түүний ажилд нь эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн тогтоолоос харахад Н.*******г ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль бус байсан нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч Н.*******гийн засаг даргаар ажиллах бүрэн эрх хуульд зааснаар дуусгавар болсон байна гэсэн үндэслэлээр түүнийг ажилд эгүүлэн тогтоогоогүй нь ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд ажилгүй байсан хугацааны олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Харин хууль болон хяналтын шатны шүүхийн тогтоолд зааснаар Н.*******гийн засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон байхад Н.*******г 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллах боломжтой байсан гэж үзэж, түүний ажилгүй байсан хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл тооцож, нөхөх олговор олгохоор тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай байна.

 

Учир нь: Н.******* нь Улиастай сумын Товцог багийн засаг даргын үүрэгт ажилд 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр томилогдож, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр чөлөөлөгдсөн байх бөгөөд Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх түүнийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон боловч дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хугацаанд буюу 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар түүний засаг даргаар ажиллах бүрэн эрх дуусгавар болсон байна.

 

Гэтэл ажил олгогч нь Н.*******г ажилд нь эгүүлэн аваагүй атлаа 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Н.*******г Товцог багийн засаг даргын ажлаас чөлөөлсөн захирамжийг дахин гаргасан нь ойлгомжгүй ба энэ захирамж агуулгын хувьд давхацсан, дүр үзүүлсэн хуульд нийцээгүй шийдвэр болжээ.

 

Хэрэгт авагдсан дээрх захирамжийг үндэслэн Н.*******г 2017 оны 05 дугаар сарын 03-наас 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Н.*******гийн ажилгүй байсан хугацааг 2017 оны 05 дугаар сарын 03-наас 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл тооцож, нийт 99 хоногийг нэг өдөрт ногдох дундаж цалин болох 38.930 төгрөгөөр тооцож, нийт 3.854.070 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хохирол нэхэмжилсэн зарим шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 08 дугаар сарын 27-ны өдрийн 610 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.*******гийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор 3.854.070 төгрөгийг Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Н.*******д олгохоор тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3.009.644 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай гэж

Шийдвэрийн 4 дэх заалтын улсын тэмдэгтийн хураамжид 124.769 төгрөг гэснийг 76.615 төгрөг гэж тус тус шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Ж.БАТТОГТОХ

 ШҮҮГЧИД                                     Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР