| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00587/И |
| Дугаар | 318/ШШ2026/00062 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 318/ШШ2026/00062
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У аймгийн Ө сумын С холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8,120,041.55 төгрөг, алданги 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б /цахимаар/,
Хариуцагч: О.У /цахимаар/,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ө.Н ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс хариуцагч тал манай талаас нэхэмжилж байгаа 12,180,062 төгрөгийг төлөхгүй байх татгалзлынхаа үндэслэлийг тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар үндэслэж үгүйсгэдэг. Тус тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтын талаар нэхэмжлэгч талаас хэлбэрийн төдий үйлдсэн буюу хоосон тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад захирал н.Б нь гарын үсэг зураад, тамга дараад өгөөд явуулж байсан. Бодитоор тухайн актыг хүсэл зоригоо илтгэж үйлдсэн үйл баримт огт байдаггүй. Энэ талаараа мэдэгдэж байсан. Тухайн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтын тухайд үйлдэгдсэн үйл баримтын дарааллын хувьд болон уг баримтыг үйлдсэн этгээдүүдийн мэдэгдэж байгаагаар тус баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах шаардлагыг хангаагүй гэдэг нь тогтоогдож байгаа. Тухайлбал гэрч Н.Э мэдүүлэгт тухайн баримт нь анх хоосон, зөвхөн нэхэмжлэгч талын гарын үсэг, тамгатайгаар ирж байсан бөгөөд араас нь 2023 оны өр төлбөргүй байсан гэдэг бичилтийг нөхөж үйлдсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар мөн нэхэмжлэгч талаас мэдэгддэг. Иймд тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж үзэж байгаа. Мөн хариуцагч талаас нэхэмжлэгч тал энэ талаар мэдэгдэж байгаагүй, мөнгөө нэхэж байгаагүй, нэгэнт төлсний дараа буюу 2 жилийн дараа нэхсэн, тариф нэмэгдсэн цаг хугацаанд мэдэгдээгүй гэдэг агуулгатай зүйлийг ярьдаг. Тухайн хариуцагчийн тайлбарууд нь ямар нотлох баримтаар үгүйсгэгддэг вэ? гэхээр хэрэгт авагдсан Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 8 тоот хүсэлт гаргах тухай гэх Увс аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Э хүргүүлсэн албан бичигт үнэ тариф Увс аймгийн хэмжээнд нэмэгдсэн, уг үнэ тарифыг ингээд төсвийн нэмэлт тодотголд оруулж өгнө үү гэж төсвийн байгууллагад мэдэгдсэн нь энэ баримтаар нотлогддог. Иймд Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс 2023 оны 9-12 дугаар саруудын дулааны төлбөр 8,120,041.55 төгрөг, алданги 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 гаргуулж Энержи-Импайр ХХК-нд олгож өгнө үү гэв.
3. Хариуцагч талаас нэхэмжлэгч нь сар сардаа нэмэгдсэн үнээр нэхэмжлэхээ ирүүлээгүй, ирсэн нэхэмжлэлийн дагуу төлсөн. Манай байгууллага Энержи-Импайр ХХК-д ямар нэгэн өр төлбөр байхгүй гэж үзэж байна. Тариф өөрчлөгдсөн талаар 2025 оны 8 дугаар сард шүүхэд нэхэмжлэл ирсний дараа л мэдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар Энержи-импайр ХХК-ийн Өндөрхангай сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн тогтоож, тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж эхлэхээр тогтоосон байна. Тус тогтоолын нэгдүгээр хавсралтад үйлдвэр, аж ахуйн нэгжийн халаалтыг 1м3 тутамд 1500 /НӨАТ-гүй/ төгрөг, төсөвт байгууллагын халаалтыг 1м3 тутамд 2122 /НӨАТ-гүй/ төгрөг, айл өрхийн халаалтыг 1м3 тутамд 1000 /НӨАТ-гүй/ төгрөгөөр тус тус тогтоож, тогтоолыг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж ажиллахыг Энержи-импайр ХХК-ийн захирал /Т.Б/-д даалгасан байна.
5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Зохигчдын хооронд байгуулсан 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 02 дугаартай дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээнээс үзвэл 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дараагийн халаалтын улирлын эхлэх хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн байрыг 1 м2 дулааны үнийг 1496 /НӨАТ орсон/ төгрөгийн дулааны эрчим хүчээр хангахаар тохиролцжээ.
Уг гэрээний 3.1-д Хэрэглэгч нь энэ гэрээний 1.1-д заасан хууль дүрмүүд ба бусад хууль эрхийн актуудад заагдсан хэрэглэгчид холбогдох эрх үүргүүдийг хүлээнэ. 4.1-д Хангагч, хэрэглэгчийн хоорондын дулааны төлбөр тооцоог аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан үнэ тарифыг мөрдлөг болгоно гэж тус тус харилцан тохиролцсон байна.
6. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан ба үндэслэлээ манай байгууллагад шинэчилсэн тарифын талаар албан ёсоор мэдэгдээгүй тул төлөх боломжгүй гэж маргасан.
Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ гэж заасан байх тул хариуцагчийн манай байгууллагад шинэчилсэн тарифын талаар албан ёсоор мэдэгдээгүй гэх тайлбарт нэхэмжлэгч талыг буруутгах боломжгүй байна.
Мөн гэрч О.Э Гэрээний хэрэгжилтийн явцад 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс шинэ тогтоол батлаад үнэ тарифыг нэмэгдүүлсэн талаар 2023 оны 7 дугаар сард Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс манай байгууллагад албан тоотоор тогтоолыг хавсралтын хамт ирүүлсэн. Талуудын төлбөр тооцооны харилцаа сар бүрийн 2-25-ны өдрийн хооронд тухайн байгууллагын нягтлангуудтай холбогдоод нэхэмжлэхээ шивдэг байсан. Тухайн байгууллагууд нь заримдаа 1- 2 сараар хоцроож шилжүүлдэг байсан. Сар бүрийн 20-ны өдрөөс хойш би тухайн байгууллагын нягтлан бодогч нартай холбогдож шинэ үнэ тарифаар нэхэмжлэхээ шивэх үү гэж асуухад Увс аймгийн Төрийн сангаас мөнгө нь орж ирээгүй байна. Төсөвт байгаа мөнгөнөөс хамаараад хуучин үнэ тарифын дагуу нэхэмжлэхээ шивээд өгөөч гэж гуйж байсан бид байгууллагынхаа өвлийн бэлтгэлээ хангахын тулд тухайн байгаа мөнгийг нь авдаг байсан. 2023 онд тухайн байгууллагын өртэй байгаа талаар тодруулахад Увс аймгийн төрийн сангаас тайлбар ирээгүй байна. гэж хэлж байсан. Би Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тухайн үед асуухад мэдэгдлээ хамт хүргүүлсэн байгаа гэдэг хариултыг өгч байсан. 2024 онд таны зүгээс Өндөрхангай сумын Соёлын төвийг төлбөрөө хэзээ төлөх вэ гэж асуухад Увс аймгийн Төрийн сангаас төсөв суулгахгүй гэх шийдвэр гарсан гэж хариулсан. Тиймээс би захиралдаа танилцуулсан. Тариф нэмэгдсэн талаар Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс үнэ тариф нэмэгдсэн тогтоолоо албан тоотоор хүргүүлсэн гэсэн учраас бидний зүгээс албан тоот өгөх шаардлагагүй байсан. Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс хүргүүлсэн үү гэж асуухад бүх сумын төсөвт байгууллагуудад хүргүүлсэн гэж хэлсэн. 6 жилийн хугацаанд Өндөрхангай сумын төсөвт байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангаж байсан. Гэрээнд заасны дагуу тус байгууллагын нягтлан бодогч нарын утсаар холбогдоход манай байгууллага энэ сард өргүй гармаар байна. Та байж байгаач, дараа сараас өгье гэдэг байсан. Энэ харилцаа цэвэр итгэлцэл дээр явагддаг харилцаа гэж мэдүүлжээ.
Зохигчдын хооронд шинэчилсэн тарифтай холбоотой бичгээр гэрээ байгуулаагүй байх боловч нэхэмжлэгч Энержи-импайр ХХК нь хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвийн 2767,85 м3 талбайг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуустал дулааны эрчим хүчээр хангасан, Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай тогтоолтой хариуцагч маргаагүй байх тул хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төв нь дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 8,120,041.55 төгрөгийг нэхэмжлэгч Энержи-импайр ХХК-д төлөх үүрэгтэй байна.
7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж, мөн хуулийн 31.4-т Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан. Нэхэмжлэгч Энержи-импайр ХХК нь хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Эрүүл мэндийн төвтэй шинэчилсэн тарифтай холбоотой дулааны эрчим хүчээр хангах гэрээг бичгээр байгуулаагүй байх боловч Эрчим хүчний тухай хуулиар хангагч болон хэрэглэгч байгууллагын хооронд бичгээр гэрээ хийсэн эсэхээс үл хамаарч хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол түүнд хангагч байгууллагаас алданги ногдуулахаар хуульчилсан байх тул хариуцагч байгуулагаас алданги 4,060,020.78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Талууд хоорондоо байгуулсан дулааны эрчим хүчээр хангах гэрээндээ Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан тарифыг нь баримталж дулааны үнийг тогтоохоор тохиролцсон болох нь гэрээний 4.1-д Хангагч, хэрэглэгчийн хоорондын дулааны төлбөр тооцоог аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан үнэ тарифыг мөрдлөг болгоно. Гэрээ хийх үед 1 м2 дулааны үнийг 1496 төгрөг, энэ үнэд НӨАТ орсон болно гэж зааснаар тогтоогдож байх тул хариуцагчийн шинэчилсэн тарифаар гэрээ байгуулаагүй тул дулааны төлбөрийг төлөх боломжгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т зааснаар эрчим хүчээр хангах, хангуулах буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хууль болон гэрээний дагуу Энержи Импайр ХХК нь төлбөрийн зөрүү, алдангийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.
8. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т зааснаар хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 8,120,041.55 төгрөг, алданги 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Энержи-Импайр ХХК-нд олгож шийдвэрлэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Энержи Импайр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,831 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс 209,831 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Энержи Импайр ХХК-нд олгох нь зүйтэй.
10. Хариуцагчаас гаргаж ирүүлсэн 1-р хавтаст хэргийн 102 дугаар хуудаст авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг гэрч Н.Энхзулын Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг нэхэмжлэгч талтай хамт суугаад үйлдээгүй... гэх мэдүүлэг, хариуцагчийн Тооцооны үлдэгдлийн баримт хуурамч үнэн эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Яагаад гэхээр манай нягтлан тухайн хүнтэй хийж байсан болохоор би мэдэхгүй байгаа. Энержи-Импайр ХХК мөнгөн дүн нэхэмжилж байна, тооцоо нийлсэн акт хаана байна вэ? гэхэд надад авч ирж өгсөн баримт нь тэр. Түүнээс биш тэр хүний худлаа үйлдсэн эсэхийг мэдэхгүй гэх тайлбар зэргийг үндэслээд нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 8,120,041.55 төгрөг, алданги 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Энержи-Импайр ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Энержи Импайр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,831 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Соёлын төвөөс 209,831 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Энержи Импайр ХХК-нд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-д зааснаар зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР