| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/11100/И |
| Дугаар | 191/ШШ2026/00645 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/00645
| 2026 01 12 | 191/ШШ2026/00645 |
|
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: К ХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.М холбогдох,
Цахим зээлийн гэрээний үүрэгт 26,286,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Харилцагч А.Мөнхтулгын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1-д хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр МN87003000******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 30,119,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* банк дахь ******* тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч А.*******ас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байх тул зээлийн гэрээг цуцалж, МN87003000******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 25,828,678 төгрөг, хүүд 449,083 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,138 төгрөг, нийт 26,286,900 төгрөг байна.
Иймд талуудын хооронд байгуулсан цахим гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагчаас 26,286,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч А.Мөнхтулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Миний бие Э.******* нь ******* банкны нэхэмжлэлтэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. А.*******ас нэхэмжилж байгаа 26,286,900 төгрөгийг хүлээн зөвшөөрч, эвлэрэх санал гаргаж байна. Миний төлөөлж буй А.******* нь шланз том оврын тээврийн хэрэгслээр ачаа тээвэр зөөж орлогоо бүрдүүлдэг юм. Тус машин нь мөн зээл лизинг төлдөг тул давхар өндөр зээл төлөх боломжгүй санхүүгийн эрсдэл гараад байгаа учир та бүхэн миний хүсэлтийг харгалзан үзэж хугацаа тохирох саналтай байна. ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож, 12 сарын хугацаа тохирлоо, сар бүр төлөх дүн нь ижил тэнцүү байна гэсэн тул сар бүр 2,190,575 төгрөгийг сар бүрийн 05-ны өдөр төлөх саналтай, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс төлж эхэлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч А.*******д холбогдуулан 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн МN87003000******* дугаартай цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 25,828,678 төгрөг, хүүд 449,083 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,138 төгрөг, нийт 26,286,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Мөнхтулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 26,286,900 төгрөгийн төлбөрийг 12 хувааж нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. ******* банк ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05/3013 дугаартай итгэмжлэлээр Б.******* нарт ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай, хариуцагч А.******* нь 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Э.*******өд эвлэрэх, мөн хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай тус тус олгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, А.*******д холбогдох цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт нийт 26,286,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 26,286,900 /хорин зургаан сая хоёр зуун наян зургаан мянга есөн зуу/ төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сарын бүрийн 05-ны өдөр ижил тэнцүү хэмжээгээр буюу сар бүр 2,190,575 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-д бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,385 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 144,692.5 /нэг зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун ерэн хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөгийг ******* банк ХК-иар дамжуулан 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, тал хувь болох 144,692.5 /нэг зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун ерэн хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөгийг хариуцагч А.*******ас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ