Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 318/ШШ2026/00084

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: Л овогт Д.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт О.Э холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 49,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч О.Э нөхөр М.Ц бол манай нөхрийн хар багийн найзууд, андууд гэгдэж олон жил нөхөрлөж ирсэн. М.Ц 2009 онд их сургуулиа төгсөөд эхнэр О.Э хамт гадаад улсад ажиллаж амьдарч 10 гаруй жилийг өнгөрүүлсэн. Найзыгаа гадаад улсад амьдарч байх хугацаанд бид ямар нэгэн санхүүгийн дэмжлэг хүсэх болон эд материалын зүйлс авч байгаагүй болно. 2021 онд найзууд маань гадаад улсаас ирж аав ээжээ түшиглэн байж Увс аймагт амьдран суухаар болсон юм. Олон жил бие биенээ хараагүй найз нөхдүүд гэнэт гадаадаас ирээд хотод биш Увсад амьдрах болсонд бидэнд их л сайхан санагдаж байлаа. Удалгүй жилийн дараагаас нэгэн бизнес эхлүүлэх тухайгаа О.Э надруу утсаар хэлж өөрөө 100 хувь худалдан авч чадахгүй байна ямар нэгэн арга боломж юу билээ гэхээр нь нөхөр бид хоёр ярилцаж байгаад 2022 оны 5 сард нөхрийн нэр дээр цалингийн зээл аваад дээр нь хувь хүнээс болон өөрт байсан эргэлтийн хөрөнгөөс мөнгө гарган 80,000,000 төгрөг О.Э хаан банк дахь дансруу шилжүүлэн өгсөн. Тухайн үед найз нөхдийн нөхөрлөлийн үнэ цэнэ, цэвэр итгэлцэл, итгэл үнэмшил дээр энэ асуудал хийгдсэн болно. О.Э, М.Ц нарын худалдан авсан үл хөдлөх нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг болохоор нөхөр бид хоёр өдөр бүр, сар бүр банкны зээлийн төлөлт шиг нэхэл дагал болж нэхэж байсан удаагүй, боломжоороо мөнгөө өгөөд байх байлгүй гэсэн бодлоор найз нөхдийн харилцааг эрхэмлэн маш хүлээлттэй хандсан. 2022 онд 5 сая төгрөг, 2023 онд 7,000,000 төгрөг, 2024 онд 19,000,000 төгрөг нийт 31,000,000 сая төгрөг өгсөн бөгөөд 2025 онд ямар нэгэн мөнгө бидэнд өгөөгүй бөгөөд иймд үлдэгдэл 49.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч О.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие О овогтой Э нь  нэхэмжлэгч Д овогтой Н нэхэмжлэлтэй уншиж танилцсан болно. Мөн уг нэхэмжлэлд дурдсан 49,000,000 төгрөгийг манай талаас төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хурлыг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие хариуцагч О.Э холбогдуулан 49,000,000 төгрөг гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд О.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбартаа танилцлаа.  Иймд миний бие хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд санал нэг байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч О.Э холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 49,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Н 49,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч О.Э хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийн тал хувь болох 201,475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 201,475 төгрөг, хариуцагч О.Э 201,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Н олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Н зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 49,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Э төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийн тал хувь болох 201,475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 201,475 төгрөг, хариуцагч О.Э 201,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Н олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР