| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0234/Э |
| Дугаар | 281 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Д.Уянга,
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Хохирогч Т.Алтансүх
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1806007160218 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Касабланка” бааранд иргэн Т.Алтансүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806007160218 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
хохирогч Т.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Тухайн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Касабланка бааранд өөрийн найз Төмөрөөгийн хамт сууж байсан юм. Тэгсэн чинь гэнэт миний ардаас толгой руу архины шилээр нэг хүн цохисон бөгөөд эргээд харсан чинь нэг залуу ширээний хажуугаар гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/
Түүний шүүх хуралдаанд өгсөн:
“Би 2018 оны 01 сарын 16-ны шөнө найзуудтайгаа Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах бааранд сууж байхад нэг залуу араас шилээр цохиод унагасан.” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2018 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө манай нөхөр Т.Алтансүх нь залгаад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Касабланка” бааранд хүрээд ирээч гээд дуудахаар нь яваад очсон. Намайг таксинаас буугаад баар луу орох үед цагдаагийн машин зэрэгцэж ирээд зогссон ба би хажуугаар нь гараад бааранд ортол манай нөхрийн толгойноос цус гойжсон байдалтай, түүнийг тойроод бааранд байсан хүмүүс зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
Гэрч С.Төмөрбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2018 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө өөрийн найз Т.Алтансүхийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Касабланка” нэртэй бааранд орсон юм... Тэгээд бүжиглэж байсан чинь гэнэт түс тас хийсэн чимээ гараад хүмүүс хашгираад хөгжим зогссон ба юу болов гээд эргээд харсан чинь манай найзыг тойроод 3 залуу зогсчихсон байсан бөгөөд яваад очсон чинь манай найзын толгойноос цус гарсан байсан. Юу болсон талаар асуухад ардаас цохисон байх гэж хэлсэн... Тэгтэл манай найзыг цохисон бололтой хэдэн залуучууд уучлаарай гээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
Гэрч Ц.Энхтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2018 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө өөрийн найз Б, Хүрэлсүх нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Касабланка” нэртэй бааранд орсон юм... Би бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь цаана хүмүүс шуугилдаад эхлэхээр нь яваад очсон чинь манай найз Батжаргал “хүний толгой хагалчихсан” гээд байж байсан. Тэгээд би юу болсон талаар асуусан чинь Батжаргал “Хүрлээ бид хоёрыг маргалдсан чинь дундуур хүн орж ирээд цохиулчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Гэрч Б.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2018 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө өөрийн найз Б, Энхтулгай нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Касабланка” нэртэй бааранд орсон юм... Ингээд байж байсан чинь манай найз Б 00 дотор хүнтэй муудалцсан гээд гартаа жижиг стакан барьсан явж байхаар нь би “чи юу хийгээд байгаа юм бэ” гээд уурласан юм. Тэгсэн чинь миний өмнөөс хэрэлдээд маргалаад би Батжаргалын гэдэс рүү гараараа зүгээр бай гэж цохичихоод ширээ рүү явсан чинь миний ардаас намайг цохих гэж явж байгаад бүжгийн талбайн хажуу талын ширээн дээр сууж байсан залуугийн толгой руу барьж явсан стаканаараа цохисон юм шиг байна лээ. Би цаашаа хараад явж байсан болохоор яг цохиж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 1552 тоот:
“Т.Алтансүхийн биед тархи доргилт, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/
Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:
“...00 орчихоод гараад явж байтал нэг залуу намайг мөрлөсөн юм. Тэгэхээр нь би тэр залуутай маргалдаж байгаад найзууд дээрээ очсон. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь манай найз Хүрэлсүх надруу дайраад байсан юм. Би найзыгаа аятайхан бүжиглэ лдээ гэсэн чинь өмнөөс би чөлөөтэй баймаар байна гээд бид 2 маргалдаж байгаад салаад эргэсэн чинь нөгөө коридорт маргасан залуутайгаа дахиад тааралдсан. Тэгээд дахиж маргалдаад улмаар тэр залуугийн ардаас яваад ширээн дээр нь очоод уурандаа ширээн дээр нь байсан жижиг стаканийг аваад толгой руу нь нэг удаа цохисон юм.” гэх мэдүүлэг /хх-н 34-35/
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 3/
-“Натур” эмнэлгийн компьютер томографийн оношилгоо /хх-ийн 21/\
-хохирогчийн хохирлын талаарх баримтууд /хх-ийн 23-24/
-шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25-27/
-хохигогч Т.Алтансүхийн цагдаагийн байгууллагад нэмж гаргасан хүсэлт, гэрэл зураг /хх-ийн 28-30/ зэрэг болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Б нь иргэн Т.Алтансүхийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч болон хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөг өгч авахаар шүүх хуралдааны үед тохиролцосныг дурдаж, хохирогч нь хохиролын талаар тохиролцсон учир цаашид өөр хохирол нэхэмжлэхгүй, уг тохиролцсон мөнгийг аваад дуусвал гомдол саналгүй, шүүгдэгч нь хохиролд өнөөдөр 300.000 төгрөг өгнө, энэ 7 хоногтоо багтааж 200.000 төгрөгийг өгөөд хохирол төлж дуусна гэж хохирол төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохиролд 500.000 төгрөг хохирогчид өгөхөөр тохиролцсон болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ