| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/10140/И |
| Дугаар | 191/ШШ2026/01072 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2026/01072
| 2026 01 19 | 191/ШШ2026/01072 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.З нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.Я холбогдох
200,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.******* нар оролцов.
/Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ц.******* нь З.*******тай 2019 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд удаа дараагийн үйлдлээр мөнгө зээлдүүлсээр нийт 200,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2024 ондоо багтаан төлж барагдуулна гэж өөрийн гараар баталгаа гаргаж өгсөн боловч удаа дараа шаардсаар байтал огт төлөлт хийгээгүй. Ингээд талууд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр З.******* нь зээлж авсан 200,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч мөн л гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөлгүй өдийг хүрсэн.
2019 оны 01 дүгээр сард эхлээд 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай авахаар тохироод хүүг нь хасаад 39,500,000 төгрөгийг З.*******гийн дансанд шилжүүлсэн, сарын 7 хувийн хүүтэй гэж өөрөө санал тавьсан. Үүнээс хойшхи зээлүүдийг зээл гэсэн утгаар битгий шилжүүлээрэй, барааны үнэ гэсэн утгаар хийгээрэй гэж З.******* гуйсаны дагуу 2021 оны 6 дугаар сарын 09-нд 20,000,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 02-нд 95,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 06-нд 10,000,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 31-нд 10,000,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 02-нд 7,000,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 18-нд 4,400,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 15-нд 2,300,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 21-нд 1,500,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 15-нд 2,400,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 15-нд 3,386,000 төгрөг, нийт 205,986,000 орчим төгрөг болсныг бид тооцоо нийлсэний үндсэн дээр тэгшитгээд 200,000,000 төгрөгийг хариуцагч нь надад өгөхөөр тохирч, гэрээ байгуулсан. З.******* нь мөн барилгын материал зардаг, би бас барилгын материал зардаг, хааяа манайхаас бараа авч, буцаагаад мөнгийг нь шилжүүлдэг байсан.
Иймд хариуцагч З.*******гаас зээлүүлсэн 200,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч З.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
З.******* миний бие 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 39,500,000 төгрөг орж ирсэн бөгөөд иргэн Ц.******* нь 7 хувийн хүүтэй зээл өгч, өгсөн мөнгийг нь бараа болон дангаар шилжүүлж өгсөн боловч одоо 200,000,000 төгрөг нэхэмжлээд байгааг ямар үндэслэлтэйг нотлох хэрэгтэй. 2025 онд нотариатын гэрээг өөрийн дураар ямар ч данс тооцоо нийлээгүй байгуулсан бөгөөд ковид-19 үед миний гаалиар оруулж ирсэн барааг хэд нугалж зарж ашиг олсон. Иймд дээрх мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгааг дансны хуулга болон хар дэвтэр, ачаа хүргэж өгсөн жолооч, гаалийн бичиг зэргээр нотолж байна. Хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1,2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, нэхэмжлэгчийн итгэмжлэл /хх-4/, 2024 оны 12 дугаар сарын 07-нд З.*******гийн бичсэн баримт /хх-5/, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ /хх-6,7/, Ц.*******гийн ******* тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-8-17,127,128/-ыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагчийн хариу тайлбар /хх-28/, Иргэн Ц.*******гаас авсан зээл хүснэгт /хх-29-31/, З.*******гийн ******* тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-32-68/-ыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
4. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Нэхэмжлэгч Ц.*******гийн гар утсанд хийсэн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх-102-116/-ийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч З.*******д холбогдуулан зээлд 200,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч З.******* нь 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 39,500,000 төгрөгийг Ц.******* нь 7 хувийн хүүтэй зээлүүлж, уг мөнгийг бараа болон дангаар шилжүүлж өгсөн, 2025 онд нотариатын гэрээг өөрийн дураар ямар ч данс тооцоо нийлээгүй байгуулсан зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна заасан журмын дагуу хариуцагчийн хаягийн дагуу баталгаат шуудангаар болон хорооны Засаг даргад хүргүүлэх, бичиг хүргэгчээр шүүх хуралдааны тов мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг хүргүүлэх зэрэг ажиллагааг хийсэн, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хариуцагчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэж, хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Хаан банкинд нэхэмжлэгч Ц.******* нь ******* тоот, хариуцагч З.******* нь ******* тоот дансыг тус тус эзэмшдэг болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар тогтоогдож байна.
3б. Дээрх Ц.*******гийн ******* тоот данснаас хариуцагч З.*******гийн ******* тоот дансанд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,300,000 төгрөгийг тор замаск зулаа, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 7,000,000 төгрөгийг зул бара, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 3,386,000 төгрөгийг зул фанер, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2,400,000 төгрөгийг зул төмөр утас хадаас, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөгийг зул 100 тор, 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 39,500,000 /50,000,000 төгрөгөөр тооцсон/ төгрөгийг *******д 3 сарын хугацаатай зээлдүүлэв 50 сая төг, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 95,000,000 төгрөгийн 50,000,000 төгрөг нь зул барааны үнэ, 45,000,000 төгрөг нь зул хавтангийн үнэ, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 4,400,000 төгрөгийг осб зул 200, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөгийг хавтан үнэ зул, 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг /5009094358 тоот дансанд/ зул хавтангийн үнэ, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг зул хавтангийн үнэ гэсэн утгаар тус тус шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.
3в. Хариуцагч З.******* нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр З.******* би Ц.*******д барааны үнэ гэсэн утгаар зээлдэн авсан 200 сая төгрөгийг 2024 оны 12 сард багтаан төлнө. Ямар нэгэн маргаан байхгүй .... өөрийн ******* дансанд 3-4 хувааж барааны үнэ гэх утгаар зээлдэн авсан гэх баримтыг үйлдсэн байна. /хх-5/
3г. Улмаар нэхэмжлэгч Ц.******* болон хариуцагч З.******* нар нь өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, амаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 200,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор З.******* нь Ц.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-6,7/
4. Дээрх үйл баримтыг дүгнэвэл хариуцагч З.*******гийн хүсэлтээр нэхэмжлэгч Ц.******* нь мөнгө зээлдүүлэхдээ зээлийн утгыг өөр агуулгаар буюу бараа материалын нэр бичиж шилжүүлж байсан, үүнийг хариуцагч нь өөрөө хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид баталгаа баримт бичиж өгсөн, түүнчлэн талууд өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр зохигчийн хооронд иргэд хоорондын зээлийн гэрээг амаар байгуулагдсанд тооцох үндэслэлтэй байх бөгөөд үүнийгээ баталгаажуулан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байна.
5. Харин хариуцагч З.******* нь нэхэмжлэгчээс 39,500,000 төгрөгийг зээлсэн, уг зээлийг бараа болон дангаар шилжүүлсэн, тооцоо нийлээгүй зэргээр тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх боловч зохигчийн хооронд байгуулсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй, энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Түүний хариу тайлбартаа хавсарган ирүүлсэн Ц.*******гаас авсан зээл болон эргэн төлсөн гэх хүснэгт, Хаан банкны дансны хуулга зэргээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зээлээс гадна зохигчийн хооронд бараа материал өгч, авалцсан, төлбөрийг буцаан төлсөнтэй холбоотой гэж үзэхээр байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжид 1,157,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
7. Хариуцагч З.******* нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсон бөгөөд уг өдрийн шүүх хуралдаанд талуудын харилцсан мессежинд үзлэг хийлгэхийг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авсныг тэрээр мэдсэн, улмаар хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, шүүх хуралдааны товыг лавладаггүй, шүүхийн зүгээс боломжит бүхий л байдлаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагааг явуулсан, үзлэгийг хариуцагчийн эзгүйд хийсэн боловч энэ баримтыг түүний мэдэж байгаа баримт гэж үзсэн, мөн нэхэмжлэгчээс өөрийн дансны хуулга 2 хуудас баримтыг сүүлд ирүүлсэн ба дээр дурдсан талуудын данс хооронд 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр болон 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдрүүдэд мөнгө шилжүүлсэн баримттай холбоотой буюу мөн л хариуцагчийн өөрийн мэдэж байгаа баримт гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн болно. Хариуцагчийг удаа дараа шүүх хуралдаанд оролцуулж мэтгэлцэх эрхийг хангах, хэргийн материалтай танилцуулах зэргээр шүүх хуралдааныг хойшлуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч З.*******гаас 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 1,157,950 /нэг сая нэг зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ