Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/66

 

2025         12          12                                            2025/ДШМ/66                         

 

 

 

 

Д.Б-д  холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд: прокурор   Д.Ч,

хохирогчийн өмгөөлөгч: Л.Н,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Ө /цахимаар/,

нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Э-н    даргалж  хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Ө нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

2.1 Монгол улсын иргэн,

 

3. Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар баг, “Б” гэх газарт Ж.Э-т өөрийгөө “адуу мал зарж, тэжээдэг, Х аймгаас нэг залуу надад сайн их морь захиад байгаа юм. Захисан залуугийн маань өөрийн морь нь хөгширсөн. Одоо шинэ сайн морь авах гээд надад захиад байгаа юм. Одоо надад мөнгө гээд байх юм байхгүй. Би угаасаа өөрөө авахгүй, би чамд хэлээд байсан Х  аймгийн морь захиад байсан залуу авна. Одоо тэр залуу Х аймагт мал, мах өгч байгаа бой дээр оочер авчхаад байгаа гэсэн. Найдвартай хүн ирэх долоо хоногт арван хоёр сая төгрөгийг чинь бүтээж өгнө гээд чи итгэхгүй бол морийг чинь худалдан авч байгаа хүнтэй ярь гээд өөрийн гар утаснаасаа нэг дугаар руу залгаж Ж.Э-г яриулан” Ж.Э-н найман настай хул морийг хууран авч, Х  аймагт авна гэсэн хүндээ заралгүй, өмнө нь огт таньдаггүй байсан, мөн Х  аймгаас урьдчилан ярьж тохироогүй байсан хүн болох Б.Т-д 12,400,000 төгрөгөөр зарж, уг морины үнэ болох 2,400,000 төгрөгийг бэлнээр авсан, 10,000,000 сая төгрөгт бодож өгсөн Б.Т-н ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг Ж.Э-т өгөлгүй түүний 12,000,000 төгрөгийн эд хөрөнгийг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д  холбогдох ...  дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 3,000  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-д сануулж, шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-с 2,500,000  төгрөгийг гаргуулж, хохирогч Х  аймгийн Х сумын ... дугаар баг ... тоотод оршин суух Ж.Э-т олгож шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Ө-н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Д.Б-д 2023 оны 11-р сарын 10-ний өдөр Х  аймгийн М сумын ...-р баг "Б" гэх газарт Ж.Э-н найман настай хул морийг хуурам авч Х аймагт Т-д 12.400.000 төгрөгөөр зарж, уг морины үнэ болох 2.400.000 төгрөг бэлнээр авсан, 10.000.000 сая төгрөгт ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг авч Ж.Э-т өгөлгүй түүний 12.000.000 төгрөгийн эд хөрөнгийн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан "Залилах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож 3.000 нэгжээр буюу 3.000.000 сая төгрөгөөр торгож, хохирогч Ж.Э-т хохиролд найман настай хул морь, хүлээлгэн өгөхөөс гадна 5.000.000 сая төгрөгийг гаргуулахаар болж 2.500.000 төгрөгийг хохирогч Ж.Э-н хаан банк дахь ... дансанд төлүүлсэн. 2025 оны 09-р сарын 19 өдөр 16:00 цагт шүүгдэгч Д.Б-д холбогдох хурал Хэнтий аймаг дах сум дундын анхан шатны шүүхэд нээлттэйгээр болж 3 цаг гаран үргэлжлэн шүүгдэгч Д.Б-г гэм буруутай тооцож, өмгөөлөгч Г.Ө  болон Б.Г, шүүгдэгч Б бид хохирол төлөх 5 хоногийн завсарлагаа авч 2025 оны 9-р сарын 26 өдөр эрүүгийн хариуцлагын хурлыг хийсэн. 2025 оны 09-р сарын 19 өдрийн шүүх хуралдааны гэм буруугийн хуралд шүүгдэгч Д.Б нь Ж.Э-с 3 адуу авсан боловч нэг адуу нь хөл муу байсан учир 2 адууг нь авсан хохирогч Ж.Э-н эхнэр Н  овогтой Ц-н хаан банкны ... дугаар дансанд 2 адууны мөнгө 2.600.000 мянган төгрөгийг шилжүүлж нэг үрээг 600.000 төгрөг, найман настай хул морийг 2.000.000 төгрөгөөр бодож 2023 оны 10-р сарын 11 өдөр шилжүүлсэн, авсан 2 морь нь бичиг баримт медаль өргөмжлөлгүй гэх..... мэдүүлгийг шүүхийн шийдвэрт тусгаагүй байна. Гэрч Ц.Э  нь шүүх хуралд гэрчээр тайлбар гаргахдаа Д.Б нь манай гэрийн гаднаас морь ачиж явахдаа 2 адуу ачиж явсан нэг үлдээсэн гэж тайлбарладаг. Ц.Э  нь адуугаа манайд хохирогч Ж.Э-тай нэг нутаг, багш шавийн барилдлагатай гэж мэдүүлсэн байдаг гэрч Ц.Энхбатын мэдүүлгийг шүүх хуралдааны явцад өөр өөр байдлаар мэдүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16. 3.8.2 зааснаар хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй. Шинжээч Б.Б  тус шүүх хуралд оролцсон шинжээчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт тусгаагүй тус хуралд шинжээчээс асуултаар тодруулахад та ямар эх сурвалж ашиглан тус найман настай хурдан удмын морийг үнэлсэн гэж асуухад мөрдөгчийн тогтоолд 9 настай, хурдан удмын. 12.000.000 төгрөгөөр зарагдсан гэж дурдсан байсан, тогтоолд тусгасан байхаар нь яр тэр байдлаар үнэлсэн гэж тайлбарласан. Шинжээч нь дахин асуухад та уг морийг харсан уу? удам угшил талаар баримт хавтас хэрэгт байсан уу? ямар эх сурвалж ашигласан талаар асуухад Google. Facebook ашигласан харьцуулалтаар 2 морь зураг хавсаргасан энэ морь хэдэн настай, ямар удам угшилтай талаар мэдээлэл байхгүй Ж.Э-н найман настай морийг хараагүй үзээгүй, удам угшлын талаар баримт байхгүй байхад хурдан удмын найман настай хул морь мөрдөгчийн тогтоол дээр 9 настай, 12.000.000 сая төгрөгөөр зарагдсан гэж дурдсан байсан тийм учраас 12.000.000 төгрөгөөр үнэлгээг гаргасан нь үндэслэлгүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 д заасан гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Өөрсдөө тохиролцсон бол тэр зах зээлийн үнэ байх боломжтой, хурдан удмын адуу биш бол тухайн зах зээлийн үнээр тогтоох боломжтой гэж тайлбарласан Шүүх хуралдаан тэмдэглэлийн 20 дугаар хуудас, хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 хохирлын үнэлгээ хийх, 4.1.8 шинжээчийн дүгнэлт гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг, 17 дугаар зүйлд 17.1 Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна гэж заасныг гэтэл шинжээч Б.Б  нь мөрдөгчийн тогтоолд дурдсан байгаа учраас ийм дүгнэлт гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Хохирогч Ж.Э  нь асуултад хариулахдаа морио авах талаар асуухад хамаагүй би морио авч болно гэж тайлбарлан, аймгийн алдарт уяач гэх баримтыг шүүх хуралд өгсөн шүүхийн хэлэлцүүлгийн үе асуухад жил ойролцоогоор 100 гаран адуу байгаа хул зүсмийн байгаа гэж тайлбарласан. Дээрх Дээрх тайлбараас үзэхэд Сэцэнханы хүлэг морин спорт уяачдын холбооны ... дугаартай албан тоот, хавсаргасан баримтууд нь өөр хул зүсмийн морины амжилт байж магадаггүй, дээр хавтаст хэрэгт авагдсан 70-75 хуудасны өргөмжлөл нь нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй дан хуулбар хувь байсан. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3. 3 Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн зүгээс хул морийг хохиролд өгөх талаар илэрхийлэхэд мөнгөн хэлбэрээр гаргуулж шивэрлэсэн нь үндэслэлгүй хохирогч Ж.Э  нь морио авах талаар шүүх хуралд саналаа илэрхийлж байсан. Мөн эрүүгийн хариуцлагын хуралд хул зүсмийн 9 настай морь дээр нэмж 5.000.000 сая төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Д.Б-н аргагүй байдалд оруулж дахин эд хөрөнгөөр хохироосон үйлдэл болсон. Харин хохирогч Ж.Э-н хувьд хохирол төлбөрөө авсан дээр нь 5.000.000 төгрөг нэмж авч өмнө урьд 2.600.000 төгрөгөөс буцааж өгөөгүй тул Ж.Э-н хувьд 7.000.000 сая төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Дээрх үндэслэлүүд нь эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 нотлогдвол зохих байдал нотлогдоогүй тул мөн хуулийн 1.15.2. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зохицуулалтай. хохирогч Ж.Э, Д.Б нарын хооронд морь худалдсан асуудал нь иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах харилцаа буюу иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Иймд Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09-р сарын 26 өдрийн 2025/ШЦТ/253 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэл нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.1.2 т зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... ” гэв.

 

7. Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Ө нар нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “ ... Гомдол гаргасан үндэслэл юу вэ? гэхээр анхнаасаа энэ харилцаа нь худалдах худалдан авах  гэрээний харилцаа байсан гэдэг дээр маргаж орсон. Анхан шатны шүүхээс хурдан удмын морийг 12 сая төгрөгөөр үнэлээгүй гэдэг байдлаар шинжээч Б  гэдэг хүнийг шүүх хуралдаанд оролцуулахад  тухайн морийг 12 сая төгрөгөөр үнэлсэн нь мөрдөгчийн тогтоол дээр дурдсан үндэслэлээр л 12 сая төгрөг гэж дүгнэсэн талаараа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тайлбарлаж хэлсэн байдаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.8,  4.19 –р зүйлд зааснаар шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг батлах ёстой. Энэ үндэслэл дээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 6-д зааснаар 12 сая төгрөгийн хохирлын асуудал яригддаг. Гэтэл хуульд зааснаар хохирлыг үнэн бодитойгоор тогтоох тухай асуудал яригдана. Энэ асуудал дээр шинжээч үнэн бодитой дүгнэлт гаргасан уу? гэхэд нэг талаасаа эргэлзээтэй, эх сурвалжаа тодорхой заагаагүй. Мөрдөгчийн тогтоол дээр л тэгж байсан гэдэг талаар тайлбарладаг. Энэ морийг авахдаа 2,600,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Анхан шатны шийдвэр дээр тус мөнгийг шийдвэрлээгүй. Бидний зүгээс морийг биет байдлаар нь буюу морийг мориор нь төлье гэдэг байдлаар илэрхийлсэн. Гэвч анхан шатны шүүх дээр хохирогч морио л авна гээд байсан учраас шүүхийн зүгээс мөнгөн хэлбэрээр гаргуулж байгаа нь үндэслэлгүй юм. Морио өгье гэж байхад хохирогч дээр нь нэмээд 5 сая төгрөг нэмж өг гэж шаардсан. Энэ шаардлага нь миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал анхан шатнаас гэм буруутайд тооцон тооцох хүртэл хохирлоо төлөхгүй байх ийм нөхцөл байдлаас болж хохирогч Э  нь үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байгаа асуудал байгаа юм. Мөн Э  гэж гэрч байгаа. Гэрч гэж хэргийн үйл баримтын талаар мэдэж байгаа хүнийг хэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дахь зүйлийн 8-д зааснаар тухайн хүнтэй хамраалтай этгээдийн мэдүүлгийг гэрчийн мэдүүлгээр үнэлэхгүй гэж заасан байгаа. Гэнэт орж ирээд хохирогчтой нэг нутаг усны ах дүүгийн барилдлагатай, адуу малын өглөг авлагатай гэдэг байдлаа илэрхийлсэн байдаг. Ийм учраас гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна гэдэг агуулгаар давж заалдах гомдлыг гаргасан. Анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг гомдлын хүрээнд хязгаарлахгүй бүхэлд нь хянаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохиох зүйл нотлогдсон боловч тухайн хэрэг нь гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдалтай нийцэхгүй байх тул миний үйлчлүүлэгчийг  Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах худалдан авах гэрээ байсан тул шийдвэрийг үндэслэж Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

8. Прокурор Д.Ч  нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ ... Тухайн хурдан удмын хул морийг сум орон нутгийн наадамд ямар амжилт үзүүлж байсныг Сэцэн хаан морин спорт уяачдын холбооны албан бичиг, хавсралт зураг, хавтаст хэргийн 70-75, 99 дүгээр хуудаст авагдсан байгаа. Энэ баримтуудыг үндэслэж хөрөнгийн үнэлгээний ... дугаартай дүгнэлт авагдсан байгаа.  Тэгэхээр өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан хул морь нь хурдан удмын морь биш, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэдэг гомдлын үндэслэл үүгээр няцаагдаж байна гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр тухайн хул морийг наймаа хийхэд яг хажууд нь байсан гэрч Э-н мэдүүлэг хавтаст хэргийн 34-36 талд авагдсан байдаг. Тус морийг 12 сая төгрөгөөр зарахыг би сонссон гэж мэдүүлсэн байдаг. Мөн Э-с дахин мэдүүлэг авч, тодорхой зүйлийг тодруулахад 12 сая төгрөгөөр морийг  худалдаж авсан гэдэг талаараа тодорхой мэдүүлсэн байдаг. Нөгөөтэйгүүр 3 адууг худалдаж авсан мөнгийг нь өгсөн гээд Болдсүхийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарладаг. Гурван адууны мөнгө болох 2,600 төгрөгийг өгсөн. 1,300,000 төгрөгөөр хул морио үнэл гэж хэлдэг. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй байгааг тайлбарлахад 2,600,000 төгрөгөөс хул морины үнэ болох 1,300,000 төгрөгийг хаслаа гэж бодоход  1,300,000 төгрөг үлдэнэ. 1,300,000 төгрөгөө 2 хуваахаар 650,000 төгрөгөөр хэрэг гарсан тухайн үед ийм ямар ч зах зээлийн ханш байхгүй. Тэгэхээр энийг 3 адууны мөнгийг өгсөн гэдэг энэ нөхцөл байдал болон гэрч Э-н мэдүүлгээр няцаагдаж байгаа. Анхнаасаа хул адууны мөнгийг өгөөгүй бусдад худалдан борлуулаад мөнгийг нь өгнө гэж тохиролцсон талаар гэрч, хохирогчийн мэдүүлгүүдээр удаа дараа тогтоогддог. Үүн дээр яагаад бодит байдлыг нуун дарагдуулж зохиомол байдлыг бий болгосон гэхээр тухайн морийг худалдаж авч байгаа хүн хохирогчийг хуурч, хэн гэдэг нь мэдэгдэхгүй тийм хүнийг утсаар яриулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг бий болгох замаар  бусдын хурдан удмын адууг хууран авч өөрийн болгож, 12 сая төгрөгөөр машин аваад тухайн мөнгийг өгөөгүй нөхцөл байдал хангалттай нотлогдож тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж прокурорын зүгээс үзэж байна. 7 сая төгрөгөөр үндэслэлгүйгээр хөгжсөн гэдэг талаар сая өмгөөлөгч тодорхой тайлбарласан. Иймд анхан шатны хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

9. Хохирогчийн өмгөөлөгч Л.Н  нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “ ... Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 3 үндэслэлээр гомдлыг гаргасан байна. Нэгт хурдан морь гэдэг нь эргэлзээтэй байна. Хоёрт шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй. Гуравт Э  гэдэг хүн үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна. Морио авсан мөртлөө дээр нь мөнгө авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж гомдлын үндэслэлээ тайлбарласан. Хурдан морь гэдэг дээр эргэлзээ төрөх нөхцөл байдал байхгүй. Тухайн морь нь овооны наадамд 3 удаа, сумын наадамд 3 удаа байр эзэлсэн өргөмжлөл медалиуд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас эргэлзэх нөхцөл байдал байхгүй. Байр эзэлсэн нөхцөл байдлыг өргөмжлөл, медаль, мөрдөгчийн тогтоол бусад нотлох баримтуудыг  үндэслэн Хэнтий аймгийн үнэлгээний газар дээр мэргэжилтэн нотлох баримтуудыг үнэлээд дүгнэлтээ гаргаад Улаанбаатар хот руу Б гэж хүн рүү явуулж гарын үсэг зуруулсан гэдэг талаар шинжээч шүүх хуралдаанд оролцохдоо хэлж байсан. Мөрдөгчийн тогтоол дээр үндэслэж дүгнэлт гаргасан гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн морь нь ямар амжилттай юм бэ гэдэг нотлох баримтуудыг үндэслэн шинжээч дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас шүүхээс хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлээд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байна гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг асуудал байхгүй байгаа. Ө  өмгөөлөгч өөрөө шүүх хуралдаан завсарласны дараа над руу яриад манайх хохирол төлбөрөө төлмөөр байна. Морийг чинь өгөөд дээр нь хэдэн төгрөг өгөх вэ гээд над руу ярихаар нь би наад асуудлыг чинь шийдэхгүй ээ. Та Э гэдэг хүнтэй өөртэй нь холбогдоо гээд дугаарыг нь өгсөн. Өөрсдөө ярьж байгаад хоорондоо тохиролцсон байгаа. Б, Ө, өмгөөлөгч, Э 3 хоорондоо ярьж байгаад 12 сая төгрөгийг чинь өгөх боломжгүй. Мал мах хямдхан байна гэдэг зүйлийг өмгөөлөгч нь ярьсан. Боломж бололцоог нь харгалзан үзээч ээ морийг чинь өгөөд дээр нь хэдэн сая төгрөг өгөх вэ гэдэг талаар гурвуулаа хоорондоо тохиролцоод морийг нь өгөөд дээрээс нь 5 сая төгрөг нэмж өгье гэдэг асуудал яригдсан. Шүүх хуралдаан дээр шүүгч асууж тодруулж байсан. Хүсэлтээ бичээд баталгаажуулаад хэрэгт өг гэдэг шаардлага тавиад хүсэлтээ бичиж өгсний үндсэн дээр шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Түүнээс шүүх мөнгөн төлбөрөөр төл, морийг нь өг гэдэг ч юм уу ийм шаардлага тавиагүй.  Шүүх хуралдааны үеэр шүүгч хохирогчоос хохирлоо гаргуулах юм уу, морио авах гээд байгаа юм уу гэхэд хохирогч миний морийг 2,3 жил эдэлж хэрэглэсэн. Харахад надаас авсан морь танигдахын аргагүй ядарч эцсэн байсан. Шүүх хуралдааны үеэр тухайн морийг ачиж авчирсан байсныг манай үйлчлүүлэгч хараад морио авах боломжгүй юм байна. Үнэлгээгээрээ хохирлоо гаргуулж авъя гэсэн саналыг шүүхэд гаргасан. Шүүх хохирогчийн хүсэлтийг хүлээн авч мөнгөн дүнгээр буюу 12 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Иймд Э-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

10. Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Ө нарын давж заалдах гомдлыг үндэслэн  түүнд  холбогдох эрүүгийн хэргийн  хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн  шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

11. Мөрдөн  шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримт тогтооход үндэслэл болсон хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчин хууль бусаар хязгаарлаагүй. 

 

12. Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны  өдөр Х аймгийн М сумын ... дугаар баг, “Б” гэх газарт Ж.Э-т “Х аймгийн хүн хурдны сайн морь захиад байгаа, 8 настай хул зүсмийн хурдан морийг чинь  зарж, 12,000,000 төгрөг өгнө”  гэж хэлэн машинаар авч яван 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр Х аймгийн Т сумын иргэн Б.Т-д 2,400,000 төгрөгийг бэлнээр, 10,000,000 төгрөгт бодож, “Т” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч, энэ байдлаа хохирогчид утсаар хэлж, Б.Т-г яриулсан атлаа  Ж.Э-т “хул зүсмийн морины үнэ 12,000,000 төгрөгийг машинаа зарж байж өгнө” гэж хэлсэн боловч, хохирогчтой  утсаар залгахдаа машин чинь бага үнээр зарагдах байх гэж хэлэн хоног хугацаа өнгөрүүлсээр хохирогч 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:

 

- Хохирогч Ж.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би Б гэгч миний найман настай хул морийг сонирхоход нь үзүүлсэн амжилт болон гар утсанд бичигдсэн наадамд уралдаж байсан бичлэгүүдийг үзүүлсэн юм. Х аймгаас нэг залуу надад сайн их морь захиад байгаа юм, арван хоёр сая төгрөгт өгчих гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч, 2023 оны 10 дугаар сарын 11-ний М сумын ... дугаар багт Б-т байх адуу руу П маркийн ... улсын дугаартай өөрийн машинтай ганцаараа явж гурван адуугаа ачиж, Х сумын ... дугаар багт Малчдын хороонд байх Ц.Э ахынд очиж буулгасан.  2023 оны 11 дүгээр сарын сүүлээр Б залгаад" Би хул морийг чинь Х аймгийн Т суманд байдаг Т гэдэг залууд бэлнээр гурван сая төгрөг, үлдсэнийг нь А загварын машинаар солилоо. Удалгүй ... дугаарын утаснаас нэг эрэгтэй залгаад" Би Б-д бэлнээр гурван сая төгрөг өгч, өөрийн А маркийн машинаа арван хоёр сая төгрөгт бодож, нийт арван таван сая төгрөгт авч байгаа шүү.” гэж хэлсэн. Нэг залгахад  машин чинь 5-6 сая төгрөгөөс дээшээ авахгүй юм байна  гэхээр би уурлан чамаас арван хоёр сая төгрөгөөр л авмаар байна, чадахгүй бол миний морийг авчирч өг гэж хэлээд  гээд дахин холбогдоогүй.” гэх /1хх-12-31х/,

 

- гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б бид хоёр Ж.Э-н адуун дээр очоод хул морийг зарахаар болж, 12 сая төгрөгөөр зарна гэж байхыг бол сонссон.” гэх /1хх-32-40х/,

 

- гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Д.Б 2023 оны 12 дугаар сард Х аймагт морь зарна гэж ирээд хул морь нь зарагдахгүй болохоор Т суманд ирэхэд нь хул зүсмийн морийг 12, 400,000 төгрөгөөр бодож, 2,400,000 төгрөгийг бэлнээр, 10 саяд өөрийнхөө 2014 онд Монголд орж ирсэн “Т” загварын ... улсын дугаартай машинаа өгсөн. Тэр үед морины эзэн Ж.Э-тай утсаар яриулж наймааны талаар хэлсэн. Б-с машины талаар асуухад хүнд зарсан бололтой байсан.” гэх мэдүүлгүүд /1хх-54-61х/,

 

- “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээч Б.Б, Э.О нарын  2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ШД-417 дугаартай дүгнэлт /1хх-65-69х/,

 

- “Сэцэнханы хүлэг” морин спорт уяачдын холбооны 2024 оны ... дугаартай албан бичиг, өргөмжлөл, гэрэл зургууд /хх-70-75, 99х/,

 

- Хохирогч Ж.Э-н Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /1хх-8х/ зэрэг  болно.

 

13. Прокурор шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргээр зүйлчилсэн нь хуулийн зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний.... эд хөрөнгөд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж гэмт хэргийн ойлголт, шинж, хохирол, хор уршгийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

15. Шүүгдэгч Д.Б нь  бусдын эд хөрөнгийг зээлээр авч, түүнийг зарж борлуулан  үнийг төлөөгүйг хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж байгаа атлаа өөрийн эрх ашиг сонирхол, ашиг олох гэсэн шунахай сэдэлт зорилгын үүднээс хүсэж, үнэ төлбөрийг нь төлөхгүй хохирол, хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

16. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн бөгөөд шүүхээс Д.Б-г тухайн гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон нь үндэслэлтэй байна. 

 

17. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны  зарчимд нийцсэн. 

 

18. Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө хул зүсмийн морийг хохирогчид биеэр өгч, дээр нь  5 сая төгрөг өгөхөөр тохиролцож, хохирогч Ж.Э-н эзэмшлийн Хаан банкины ...  дугаарын дансанд 2,5 сая төгрөгийг шилжүүлсэн байна. /2хх-61х/,

 

19. Шүүхээс хохирогч, шүүгдэгч нарын тохиролцооноос үлдсэн 2,5 сая төгрөгийг нь Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор дурдсан нь үндэслэлтэй юм.

 

20. Шүүгдэгч Д.Б  нь зээлээр худалдаж авсан эд хөрөнгөө бусдад зарж борлуулсан атлаа үнийг нь төлөөгүй үйлдлийг  урьдын харилцааны явцад бий болсон бусдын итгэлийг эвдэж, урвуулан ашиглах аргаар залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Ө нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж  шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Ө нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг  хэрэгсэхгүй болгож,  Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

Гурав. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.