| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/01246/И |
| Дугаар | 191/ШШ2026/01239 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2026/01239
| 2026 01 21 | 191/ШШ2026/01239 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ХХК холбогдох
******* ******* ХХК-тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20/05 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-нээс татгалзаж, орон сууцны төлбөр 77,724,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 03 тоотод байрлах, ******* ХХК /регистрийн дугаар *******/,
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.
/Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******ын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хэргийн оролцогч нар гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Н.*******ын охин Х.******* нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2610/С дугаар шийдвэрээр хариуцагч С.аас 50,000 ам доллар буюу 78,957,500 төгрөг, хариуцагч Л.гээс 30,000 ам доллар буюу 47,374,500 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлүүлж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 60 дугаартай тус шүүхийн Гүйцэтгэх хуудас бичигдсэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, төлбөр төлөгч С. нь төлбөртөө 0 тоот, 68,72 м2 бүхий орон сууцыг төлбөр авагч Х.*******т өгөхөөр тохиролцсоноор төлбөр авагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 97 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гарсан болно. Гэвч дээр дурдсан 0 тоот, 68,72 м2 бүхий орон сууцны өмчлөх эрхийг Х.*******т шилжүүлээгүй тул төлбөр төлөгч С. нь тухайн 50,000 ам доллар буюу 78,957,500 төгрөг гаргуулах төлбөрт 0 дугаар цэргийн хотхонд байрлах Эрчим Арт ХХК-ийн газар дээр баригдсан 80 айлын орон сууцны Б блокын 7 дугаар давхар, 43.18 м2 талбай бүхий орон сууц (айл №5) (Орон сууц)-ыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр болсон. Ийнхүү нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр ******* ******* ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20/05 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ (гэрээ)-г байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохироцсон юм. Дээрх гэрээг Х.******* өөрийн төрсөн аавын нэр дээр хийсэн бөгөөд тухайн үед Х.******* нь өөрийн биеэр хариуцагчтай уулзаж, талууд харилцан тохиролцож захиалгын гэрээг байгуулсан болно. Гэрээний 3.2-т Төлбөрийн нөхцөл, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсанаар гэрээний төлбөр болох 77,724,000 төгрөгийг 100% барагдуулсан болно, мөн гэрээний 4.7- д Захиалагчийн захиалсан орон сууцны байрыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй, мөн гэрээний 4.8-д Барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус төсөл хэрэгжүүлэгч буюу хариуцагчийн гэрээгээр хүлээх үүргийг тодорхой заасан. Гэтэл хариуцагч гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ биелүүлэхгүй байх тул энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүсэж, өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид ямар нэгэн орон сууц, эсхүл төлбөрийг буцаасан үйлдэл хийгээгүй байна. Мөн энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг тус шүүхээс хангаж шийдвэрлэснээр орон сууцны өмчлөлийн талаарх мэдээлэл болон түүний Б блокыг улсын комисс хүлээн авсан акт гаргасан эсэх, ашиглалтад орсон эсэх тухай албан мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5/12661 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичигт ... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 70 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээ, орон сууцны зориулалттай дуусаагүй барилгын өмчлөх эрх иргэн Г. //-ын өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар захиалагч, хөрөнгө оруулагч иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд жагсаалтаар салж бүртгэгдээгүй байна, мөн Хяналт шалгалтын газраас ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1184 тоот Тайлбар хүргүүлэх тухай албан бичигт ... барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулаагүй болно гэж тус тус шүүхэд ирүүлсэн байна. Ийнхүү нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, хариуцагчтай байгуулсан гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу гэрээний 3.2-т заасан төлбөрийг харилцан буцаан шаардаж байгаа болно.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, гэрээний 3.2-т тус тус заасны дагуу хариуцагчаас 77,724,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.******* нь манай компанитай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан боловч гэрээ байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрээний 3.1-д заасан Ц.Тулгын Хаан банкны тоот дансанд 77,724,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Төлбөрийг хийчихнэ гэсэн болохоор нь итгээд төлбөрөө бүрэн барагдуулсан гэж тусгасан, төлбөр төлсөн ямар нэгэн баримт байхгүй юм. Л., С. нарын хувьд энэ хүмүүсийн хооронд хийсэн асуудал бөгөөд энэ хүмүүс манай компанитай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй.
4. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /1хх-1,2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-3/, Х.*******ийн иргэний үнэмлэх /1хх-4/, нэхэмжлэгчийн итгэмжлэл /1хх-5,6,99,100,101,202/, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №20/05 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ /1хх-7,8/, 2-7-р давхрын байгуулалт /1хх-9/, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /1хх-10,11,12/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2610/С дугаартай шийдвэр /1хх-13-18/, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 478 дугаартай магадлал /1хх-19-25/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаартай тогтоол /1хх-26-29/, хариуцагч С.аас татгалзсан хүсэлт /1хх-53/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоол /1хх-59/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /1хх-60/, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар /1хх-102/, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /1хх-241-243/-ыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагч ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэм /1хх-46-49/, итгэмжлэл /1хх-45/, хариуцагчийн хариу тайлбар /1хх-58/ ирүүлсэн, өөр бичгийн баримтыг ирүүлээгүй байна.
Гуравдагч этгээд Эрчим арт ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /1хх-172-173/, гуравдагч этгээдийн итгэмжлэл /1хх-174,199/, гуравдагч этгээдээр оролцох хүсэлт /1хх-168-ийг ирүүлж, нэхэмжлэлийн талаарх тайлбар болон холбогдох баримтыг ирүүлээгүй.
5. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 9/6117 дугаартай албан бичгээр ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, шийдвэр болон дүрэм /1хх-75-81/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5/6140 дугаартай албан бичгээр Эрчим арт ХХК-ийн өмчлөлийн 000489727 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-82,83/, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10/1573 дугаартай албан бичиг /1хх-84/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4-158/24733 дугаартай албан бичгээр 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаартай гүйцэтгэх хуудас /1хх-114/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2610/С дугаартай шийдвэр /1хх-115-125/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоол /1хх-126/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1/8289, 1/8290, 1/8288 дугаартай албан бичиг /1хх-127-129/, Л.гийн хүсэлт /1хх-130,140/, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол /1хх-131,132/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2/6655 дугаартай албан бичиг /1хх-133/, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэл /1хх-134/, Л. болон С. нарын иргэний үнэмлэх /1хх-135/, С.ын хүсэлт /1хх-136/, хариу мэдэгдэх хуудас /1хх-137/, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгийг хураасан тогтоол /1хх-138,139/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 15,28-ны өдрийн 3/43611, 3/44863 дугаартай мэдэгдэл /1хх-141,143/, Х.*******ийн хүсэлт /1хх-142,146/, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол /1хх-144/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3/1092 дугаартай мэдэгдэл /1хх-145/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 97 дугаартай тогтоол /1хх-147/, гэрч С.гийн мэдүүлэг /1хх-150-152/, гэрч С., Л. нараас 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр авсан мэдүүлэг /1хх-189-198/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5/12661 дугаартай албан бичгээр 001299925 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээр /1хх-225,226/, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1292 дугаартай албан бичиг /1хх-227/, Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1184, 01/1186 дугаартай албан бичиг /1хх-230,237/-ийг тус тус бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ХХК, С. нарт холбогдуулан 0 дугаар цэргийн хотхонд байрлах, Эрчим арт ХХК-ийн газар дээр баригдсан 80 айлын орон сууцны Б блокын 7 дугаар давхарт 43,18 мкв талбайтай орон сууц /айл-5/-ыг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20/05 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу түлхүүр гардуулж, үл хөдлөх эд хөрөнгийн газарт өмчлөх эрхийг бүртгүүлж, орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.
1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Ш. нь 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч С.аас татгалзсан байх бөгөөд одоо итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.******* энэхүү хүсэлтийг дэмжиж оролцож байна. /1хх-53/
1б. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ******* ******* ХХК-тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20/05 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-нээс татгалзаж, орон сууцны төлбөр 77,724,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
2. Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэгч нь манай компанитай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан боловч гэрээний дагуу төлбөрийг гэрээнд заасан дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, төлбөрийг хийчихнэ гэсэн болохоор итгээд төлбөрөө бүрэн барагдуулсан гэж тусгасан, Л., С. нарын хувьд энэ хүмүүсийн хооронд ямар харилцаа үүссэн бөгөөд эдгээр нь манай компанитай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2610/С дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 478 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаартай тогтоолоор ... Л.гээс 30,000 ам.доллар буюу 47,374,500 төгрөг, С.аас 50,000 ам.доллар буюу 78,957,500 төгрөгийг тус тус гаргуулж, Х.*******т олгохоор шийдвэрлэжээ.
3б. Дээрх шийдвэрт 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 60 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар ажиллагаа явагдаж, төлбөр авагч Х.******* 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Миний бие *******ын ******* нь төлбөр төлөгч С., Л. нараас нийт 129 сая төгрөгийн авлагатай. Хоорондоо тохиролцсоны үндсэн дээр энэ үнийнхээ дүнд Хан-Уул дүүргийн Ивээл хотхоны 41В, 702 тоот, 68.72 мкв байрыг С., Л. нараас авахаар болсон. Иймд С.ын 0 тоот байрыг 2016 оны 01 дүгээр сарын 22-нд болох албадан дуудлага худалдааг зогсоож өгнө үү. ДИХАШ 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны 2610/С дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй С.тай холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хааж дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргажээ.
Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 97 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар төлбөр төлөгч С.т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон байна. /1хх-147/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 16 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хаахаар зохицуулсан ба 16.1.2-т төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн гэж заажээ.
3в. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Л. нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр болон 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд ... С.аас 79,352,300 төгрөг гаргуулах Х.*******т олгохоор шийдсэн шийдвэр гарсан, энэ төлбөрийн хариуцлагыг бүгдийг хариуцахаа Л. миний бие бүрэн хариуцан төлбөр тооцоог барагдуулах болно гэсэн хүсэлтийг гаргаж байсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.гээс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахад тэрээр ... С.т би угаасаа төлбөртэй, тэгээд Х.*******т өгөх төлбөрийг нь би төлнө гээд С.т хэлсэн. ******* ******* ХХК-тай тохироод орон сууц авч өгөхөөр байсан юм, тэгсэн компани өөрөө дампуураад барилга нь баригдаагүй, оршин суугчдын маргаантай гээд шүүх цагдаа болоод өгч чадахгүй байна гэхээр нь би 2022 онд Х.*******т барилга ашиглалтад орохооргүй болчихлоо төлдөгөөрөө төлье гээд шүүхийн шийдвэр дээр шийдвэрийн дагуу боломжоороо төлөөд явж байгаа, ... 80-90 сая төгрөг үлдсэн байгаа... гэсэн мэдүүлэг өгсөн байна. Эдгээрээс үзвэл Л.д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй, одоог хүртэл ажиллагаа хийгдэж байгаа болох нь тогтоогдож байна.
4. ******* ******* ХХК болон Н.*******ыг төлөөлөн Х.******* нар нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 20/05 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Эрчим арт ХХК-ийн 2036 мкв газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок орон сууцны 7 дугаар давхар 43,18 мкв талбайтай /айл-5/ 2 өрөө орон сууцыг захиалахаар, захиалгын байрны үнэ нь 77,724,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна. /1хх-7,8/
Дээрх гэрээний 3.2-т Төлбөрийн нөхцөл: Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээний төлбөр болох 77,724,000 төгрөгийг 100 хувь барагдуулсан болно гэж заасан боловч уг төлбөр нь бодитоор төлөгдөөгүй, 3.1-д зааснаар Ц.Тулгын Голомт банкны тоот дансанд төлбөрийг төлөхөөр тохирсон ч энэхүү дансанд төлсөн талаарх баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй.
4а. Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаартай тогтоолын дагуу явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны С.аас авах төлбөртөө тооцсон гэсэн агуулгаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байх боловч С.т холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгоход талуудын тохиролцсон 0 тоот, 68.72 мкв байр биш, өөр байршилд байрлалтай орон сууцыг захиалахаар тохирсон, ямар шалтгааны улмаас харилцан тохиролцсоноос өөр орон сууцыг авахаар болсон нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн ******* ******* ХХК болон Л., С. нарын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн эсэх нь ч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, гэрч Л.гийн ...Х.*******т барилга ашиглалтад орохооргүй болчихлоо төлдөгөөрөө төлье гээд шүүхийн шийдвэр дээр шийдвэрийн дагуу боломжоороо төлөөд явж байгаа ... гэх мэдүүлэгээс үзвэл ******* ******* ХХК-тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 20/05 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ бүхэлдээ хэрэгжих боломжгүй болсон байна.
5. Зохигчийн хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан боловч ажлын үр дүнг бодитоор хүлээн авах боломжгүй болсон буюу гэрч Л. нь ******* ******* ХХК-ийн барилга ашиглалтад орохооргүй болсон тул шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг төлнө гэдэг хүсэл зоригоо Х.*******т илэрхийлсэн, мөн гэрээний дагуу Н.******* нь ******* ******* ХХК-д бодитоор гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн гэх төлбөрийг буцаан шаардаж буй нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Харин нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг буруутай этгээдүүдээс шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******т шүүх хуралдааны товыг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр түүний дугаарын утсаар мэдэгдэхэд тэрээ За ойлголоо гэсэн хариуг өгсөн, өнөөдрийн шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн бусад оролцогчид түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан ******* ******* ХХК-тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20/05 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-нээс татгалзаж, орон сууцны төлбөр 77,724,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ