Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 282

 

 

 

 

 

 

 

 

                              

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,   

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806006380148 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд
шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах
нийтийн байранд хамт архи уух явцдаа маргалдан, улмаар хохирогч
Д.Болдбаатарыг зодож бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.                                                         /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806006380148 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Г.Э нь хохирогч Д.Болдбаатарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Д.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

... Эрдэнэсайханы гэрт ирээд Маналжав шууд унтаад Э бид 2 үлдсэн архиа хувааж уугаад сууж байсан чинь ахиад үгээр өдөж дайраад миний хоолой руу гараараа шахаад хана руу тулгахаар нь гарыг нь мулталаад 2 сугаар нь тэврээд авсан чинь миний өмссөн байсан цамцны захаар хоолой боогоод би тавиулж чадахгүй ухаан алдаж унасан. Ингээд сэргэсэн чинь Маналжав бас миний хажууд уначихсан байсан. Тэгээд би Маналжавыг утсаа өгөөч гээд утсыг нь авах гэсэн чинь Эрдэнэсайхан гуталтай хөлөөрөө нүүр рүү өшиглөөд эрүү эвгүй болчихсон. Өмссөн байсан цамцаар боож хүзүү зулгалсан" гэх мэдүүлэг /хх-ийн 10/

 

Гэрч Д.Маналжавын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 01 сарын 09-ний өдөр Эрдэнэсайхан бид 2 уулзаад гэр рүү нь явсан. Очоод 1 шил архи аваад гэрт нь уугаад сууж байхад Болдбаатар орж ирсэн. Бид 3 архи дуусгаад дахиад нэгийг аваад дуусгалгүй гараад сансарын тэнд бааранд орсон. Бүжиглэж байгаад буцаж Эрдэнэсайханыд ирээд би шууд унтсан. Тэгээд унтаж байсан чинь нөгөө 2 чанга орилолдоод байхаар нь сэрсэн чинь Болдбаатар газар уначихсан гараараа толгойгоо хамгаалсан байдалтай Э дээр нь гарчихсан хүзүүнийх нь шилэн дээр дарчихсан цохиж байх шиг байхаар нь би очиж салгасан. Болдбаатарын хүзүү шалбарч зулгарсан байдалтай байсан бөгөөд эрүү рүү өшиглчихлөө, эрүү эвгүй болчихлоо гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 11/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 1420 дугаартай:

Д.Болдбаатарын биед эрүү ясны далд хугарал, хамар ясны хугарал, тасдавчийн мурийлт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн доод 2-р шүдний хугарал, угийн буйл, доод уруулын дотор салст, эрүүний цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг  учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 15/

 

Шүүгдэгч Г.Эы мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн:

2018 оны 01 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө найз Мондуу бид 2 Баянзүрх дүүргийн 14-р хороонд байх миний амьдардаг нийтийн байранд 1 шил 0,75 литрийн архи, 2,5 литрийн пиво аваад хувааж уусан. Болдбаатар гаднаас 20 цаг болж байхад орж ирээд хамт архи уусан. Ахиад 1 шил 0,75 литрийн архи авч гуравуулаа уусан. Сүүлд авч ирсэн архийг ууж дууссанаас хойш юу болсоныг санахгүй байна. Бааранд явж байх шиг санагдсан. Баар орсон эсэхийг мэдэхгүй байна. Ингээд маргааш өглөө нь эрүүлжүүлэхэд сэрсэн. Ухаанаа алдтал согтсон байна. Өөрийн ухаантай байсан бол найзыгаа тэгэж зодохгүй. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Найзынхаа эмчилгээний зардалыг  барагдуулж байгаа  гэх мэдүүлэг /хх-ийн 12, 30/

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 2-3/

-толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 16/

-ГССҮТ-ийн 00254 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 34-41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: шүүгдэгч Г.Эны  иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19-20/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Эны бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна. 

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч Г.Э болон хохирогч Д.Болдбаатар нар нь согтууруулах ундаа хэрэглсэн, согтуурлын байдалд байхдаа хэрүүл маргаан үүсгэсэн нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Г.Эныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ