Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/67

 

2025         12          12                                            2025/ДШМ/67                        

 

 

 

 

Ц.О-т  холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд: прокурор Н.А,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Б /цахимаар/,

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Г.Б, Г.Б,

нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Х-н    даргалж  хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б-ы гаргасан давж заалдах гомдлоор, Ц.О-т холбогдох ............. дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

3. Шүүгдэгч Ц.О нь 2024 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн .......... гэх жоншны нөхөрлөлийн талбайд байх гэрт А.Б-согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар тухайн архиндаа согтуурхаж маргалдан, уг гэрт байсан хутгаар түүний зүүн өгзөгт хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О-д холбогдох ........ дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц. О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц О- 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  5.6  дугаар  зүйлийн  4  дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 230 дугаар зүйл, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-с сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 11,088,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нийслэлийн ...........тоотод оршин суух А.Б (РД:.....)-д олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13 см урт ажлын хэсэгтэй, 8 см урт бариултай, нийт 21 см урттай шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, амь хохирогч А.Бхар өнгийн зузаан өмд 1 ширхэг, хар саарал өнгийн өмд 1 ширхэг, цайвар саарал өнгийн урт ханцуйтай цамц 1 ширхэг, цайвар саарал өнгийн майк 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн 1 хос оймс, шүүгдэгч Ц.Оын гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж байсан гэх ногоон өнгийн богино саравчтай малгай 1 ширхэг, урт ханцуйтай хар хөх өнгийн цамц 1 ширхэг, хөх саарал өнгийн фудволк 1 ширхэг, ногоон эрээн өнгийн өмд 1 ширхэг, хүрэн бор өнгийн нимгэн өмд 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, түрийндээ алаг судалтай саарал өнгийн 1 хос оймс, хар өнгийн үдээстэй 1 хос пүүзэн гутал зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлж шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/... тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь Шүүх шинжилгээний ерөнхий газраас ирсэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн албан тоотод шарилыг дахин шинжлэх шаардлагатай бичигдсэн байгаа ч шарилд дахин шинжлэх хүсэлт гаргахад хүлээн аваагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар 1-т заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус байна гэж үзэж байна. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “О-ын хувьд 2024 оны 6 дугаар сарын 27-28-ны өдрийг шилжих шөнө иргэн Б- өгзгөн тус газарт хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож анхан шатны шүүхээс түүнд 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд О- нь иргэн Б- хутгалж амь насыг хохироогоогүй гэсэн байр суурьтай оролцсон боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Тийм учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. О-ыг бусдын амь насыг хохироосон талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй. Хавтаст хэргийн 33 дугаар хуудаст О-ын биед үзлэг хийхэд түүний биед ямар нэгэн хөхөрч няцарсан зүйл байдаггүй. Тэгэхээр О- Б-той ямар нэгэн байдлаар маргалдаж мэтгэлцсэн зүйл байхгүй гэдэг нь нотлогдож байгаа байгаа юм. Б- хутгалсан гэх хутгат үзлэг хийхэд О-ын гарын хээ хутган дээр байдаггүй. Харин архины шилэн дээр О-ын хурууны хээ байдаг. Мөн хавтаст хэргийн 142 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт дээр шар бариултай хутгаснаас О-ын цус гарын хээ илрээгүй гэсэн дүгнэлт байгаа. 156 дугаартай ......... дугаартай шинжээчийн дүгнэлт дээр 2 гарын 10 хурууны хумснаас биологийн гаралтай ул мөр илэрсэн үү гэж үзэхэд О-аас илрээгүй байдаг. Энэ хэрэг яагаад гарсан бэ гэхээр би цагдаагаас оргож явна. Би цагдаа дээр очихгүй гээд өөрийгөө хутгалж, амь насаа хохироох гэж байна гэж О-ын мэдүүлэгт байдаг. Тэгээд Б- хутгаа бариад цамнаж байх үедээ цай нь дээр хальтарч унаад өөрийнхөө өгзгөн тус газар хутгалсан үйл баримт тогтоогдсон байдаг. Гэтэл үүнийг анхан шатны шүүх үүнийг хүлээж аваагүй. Учир нь хавтаст хэргийн 41 дүгээр талд хууль ёсны төлөөлөгч Б-гэж хүн байдаг. Миний дүү Б- зөв гартай буюу баруун гараараа юм хийж, бичдэг учраас хутгыг зүүн гараараа барих ёсгүй гэж мэдүүлсэн байдаг. Хавтаст хэргийн 72 талд шүүх шинжилгээний эмч Н мэдүүлэгтээ  амь хохирогч баруун гартай гэж гэрч гэрчүүд мэдүүлдэг. Зүүн өгзгөнд босоо байрлалтай ардаасаа урагш доош чиглэлийн ир нь дээшээ, мөр нь доошоо 7 см гүн хутгалагдсан учраас энэ хүн өөрөө өөрийгөө хутгалсан гэх боломж байхгүй гэж  мэдүүлсэн байдаг. Шар бариултай хутганаас цус илрээгүй талаар өмнө нь хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн зүгээс хүсэлтээ өгсөн. Хэрэгт О-ыг хутгалсан гэх нотлох баримт алга. Тийм учраас бид шүүх эмнэлгийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна гээд Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт хүсэлт явуулсан. Уг хүсэлтийн хариуд Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас шарилыг дахин шинжлэх шаардлагатай гэсэн хариу ирдэг. Прокурор шүүх шинжилгээний дүгнэлтийг хохирогч Баярмаад танилцуулахад би дүүгийнхээ шарилыг дахин хөндүүлэхгүй гэдэг. Тэгэхээр прокурор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хөндүүлэхгүй гэж байгаа учраас хүсэлтийг нь хангаад хариу өгчихсөн. Ингээд энэ хэргийг цааш шинжилж, О- хутгалаагүй, хутган дээрээ ойчиж амь насаа хохироосон гэдгийг тогтоох ул мөрийг баллачихаж байгаа юм. Прокуророос яллагдагчаар татах тогтоол бичихдээ О- нь Б- санаатайгаар хохироох буюу түүнийг алсан болох нь хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсугай гэж байгаа юм. Гэвч хэрэгт нотолбол зохих зүйлийг нотолж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл буюу  нотолбол зохих байдлыг бүрэн хангаж байж яллах ёстой. Хэн талийгаачийн амь насыг хохироосон юм бэ? Өөрөө уначихаад амь насаа хохироочихсон юм уу? Эсвэл О- хутгалчихсан юм уу гээд аль нэгийг нь тогтоох ёстой. Гэтэл тэгж тогтоогоогүй байж яллах дүгнэлт дээрээ хангалттай нотлогдсон гэж бичээд байгаа юм.   Тэгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний төв, ерөнхий газар шүүх шинжилгээний эмчийн Нийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж бичээгүй. Тэр ямар нэгэн эргэлзээтэй учраас дахин шинжилгээ хийе гэсэн. Ийм учраас үүнийг хангалттай нотлох баримт гэж үзэж болохгүй. Эцэст нь хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуулийг тайлбарлах эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1.8 дугаар зүйлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна уу гэж Б- өөрийгөө хутгалсан байна, О хутгалсан байна гээд  хэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгуулах нөхцөл байдал байна. Ийм учраас миний үйлчлүүлэгчийг бусдын амь насыг санаатайгаар хохироосон гэсэн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.

 

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “...Миний үйлчлүүлэгч О-тай би давж заалдах шатны шүүхээс гэрээ хийж оролцож байна. Миний үйлчлүүлэгч О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4-т заасан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэргийг бүхэлд нь харвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг бүрэн тогтоогоогүй буюу 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал, яаж үйлдсэн 1.3-т заасан гэмт хэргийн санаа зорилго, гэм буруугийн хэлбэр 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан мөрдөгч, прокурор тал бүрээс нь шалгаж тогтоосны үндсэн дээр бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Бүхий л хуульд заасан арга хэмжээг аваад эргэлзээгүйгээр тогтоох ёстой. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13-т хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх ёстой гэсэн эдгээр заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Цогцост хийсэн 85 дугаартай шинжилгээг манай талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дахин дүгнэлт гаргуулах хүсэлтээ гаргасан. 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн .. дугаартай прокурорын тогтоолоор шинжилгээ хийх шинжээчдийн багийн тогтоолыг гаргасан. Энэ тогтоолд хариу тайлбар ирэхдээ шарилд дахин задлан шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн хариу ирсэн. Үүн дээр юуг онцолж хэлэх гэсэн бэ гэхээр эрүүгийн хавтаст хэргийг буцаан хүргүүлэв гэж байсан. Хавтаст хэрэгт бүх шалгагдаж байсан бүх зүйлүүд орсон. Өөрөөр хэлбэл Н эмчийн мэдүүлэг хүртэл орсон байгаа. Хэдийгээр 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тогтоол нь үйлдэгдсэн байгаа боловч Нийн мэдүүлэг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн байдаг. Гэхдээ прокурорын тогтоол гэрч Нийн өгсөн мэдүүлэг зэргийг шинжлэв гэж онцолж заасан байдаг. Тэгэхээр Н гэдэг эмчийн мэдүүлэг нь хэргийн материалтай хамт явсан байна гэж миний зүгээс үзэж байгаа. Шүүх шинжилгээний ерөнхий газар хэргийн материал болон шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцаад шарилд дахин шинжлэх хэрэгтэй гэж дүгнэчихээд байхад  өнөөдөр хүртэл энэ ажиллагааг хийгээгүй байгаа нь хэт нэг талыг барьж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөө талаас харвал шүүгдэгч О би тэр хүнд гар хүрээгүй, хальтираад уначихсан гэж мэдүүлэг. Харин шинжээч эмч Н юу гэдэг вэ гэхээр ийм боломжгүй гэдэг. Гэтэл хэргийн материалаас харахад О-ын хэлээд байгааг баталсан зүйл байхгүй. Нийн хэлээд байгаад дүгнэлт хийгээд мэдүүлгийг нотолсон баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл энэ хоёрыг аль нь яг үндсэндээ нотлох баримтаар нотлогдсон зүйл байхгүй. Тэгэхээр энэ хоёрын яг аль нь зөв юм бэ гэдгийг нотлохын тулд заавал бүрэлдэхүүнтэй шинжээч томилох нь зүйтэй байна гэж харж байна. Энэ хэрэгт нийтдээ 14 шинжээчийн дүгнэлт байдаг. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх шинжилгээний дүгнэлтэд юу гэж тэмдэглэсэн байдаг вэ гэхээр химийн шинжилгээнд 5мл цус авав гэж хэлсэн. Гэтэл О-аас авсан гялгар уут, тариур, бент энэ 3 дээр шинжээч томилоход харьцуулсан шинжилгээнд амь хохирогчийн цус очоогүй.  Хутган дээр биеологийн ул мөр цус илэрсэн гэж байгаа боловч харьцуулсан шинжилгээнд амь хохирогчийн цус очоогүй. Мөн архины шилэн дээр бэхжүүлж авсан 12 хурууны мөр байдаг. Энэ шинжилгээнд ч гэсэн амь хохирогчийн хурууны хээг бас л явуулаагүй зэрэг алдаанууд байна. Гэхдээ энэ бүхнээс харах юм бол шинжээчийн дүгнэлтүүд дээр юу гэсэн бэ гэхээр О-ын нэг хурууны хээ тохирч байна гэж гарсан. Дээр дурдсан дүгнэлтүүдээс харахад О-ын цусны ДНК нь тохирохгүй байна. Амь хохирогчийн харьцуулж шинжилсэн шинжилгээ ирээгүй гэдэг асуудлыг ярьдаг. Шинжээч томилсон тогтоолыг харахад амь хохирогчийнхыг харьцуулаад дүгнэлт гаргаарай гэсэн байдаг. Ийм хариуцлагагүй байдал байна. Энэ нь яагаад тогтоох шаардлагатай юм бэ гэхээр нэг асуудал гараад байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-т юу гэж заасан бэ гэхээр хэнд ч гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж байж болохгүй гэж заасан байгаа. Гэтэл өнөөдөр О- л хамт байсан юм чинь О- л алсан байж таараа гэдэг байдлаар хэргийг шийдчихээд байна гэж харж байна. Хутган дээр байгаа цус үнэхээр амь хохирогчийн цус мөн юм уу? Гэрч Б мэдүүлэгт манайд зөндөө олон хутга байгаа гээд хэлчихсэн. Хутган дээр байгаа хохирогчийн цус мөн юм уу, үгүй юм уу гээд маш олон зүйлийг тогтоогоогүй, ажиллагаа дутуу хийгдсэн гэж харж байна. Яллах дүгнэлтэд 13 шинжээчийн дүгнэлт байдгаас хоёрыг нь  яллах дүгнэлтэд дурдсан. Үүний нэг нь Шүүх шинжилгээний криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт байдаг. Энэ дүгнэлтийг яагаад чухалчлаад байгаа вэ гэхээр хохирогчийн өмсөж явсан саарал өнгийн цамц, дотуур өмсөж явсан подволкыг шинэ зүсэлт гэмтэлтэй байна  гэж үзсэн. Мөн турсикийг шинэ урагдалт гэж үзсэн. Үүнийг прокурор яллах дүгнэлт дээрээ юу гэж үзсэн бэ гэхээр яг саяын миний хэлдэг гэмтлүүдийг дурдаад энэ гэмтэл нь татах чангаах үйлдлийн улмаас үүссэн урагдалт байна гэж дүгнэж үзэхэд амь хохирогч Б- О- нарын хооронд үл ойлголцол идэвхтэй маргаан өрнөж улмаар О- нь Б-ын зүүн өгзөгт хутгалж алсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзсэн. Мөн эдгээр гэмтлийг дурдаад О- нь идэвхтэй довтолгоо хийсэн болохыг давхар нотолж байна гэж яллах дүгнэлт дээрээ дурдсан байдаг. Хэргийн материалаас үзэхэд анхны хэргийн газар очсон үзлэгт саарал өнгийн ноосон цамцтай гэж дурдсанаас ямар нэгэн урагдалттай, зүсэгдэлтэй байна гэж тэмдэглээгүй. Хэргийн газрын үзлэгээс гарсан 5 кадр  зургаас харахад амь хохирогчийн хувцас бүрэн байдаг. Хэргийн материалаас үзвэл энэ хэзээ шинэ урагдалт, зүсэлт бий болсон бэ  гэдэг талаар ямар ч нотлох баримт байдаггүй. Мөн цогцост задлан шинжилгээ хийх гээд Н шинжээчийг ороход цогцос нүцгэн байсан. Хэн хэзээ хувцсыг нь тайлсныг мэдэхгүй. Энэ талаар хийсэн тэмдэглэл байхгүй. Гэтэл яллагдагчид энэ талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр миний үйлчлүүлэгчийг чи идэвхтэй үйлдэл хийж, алах гэж хувцас хунарыг нь зүссэн байна гэдэг байдлаар яллаж байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Тиймээс дээр дурдсан эргэлзээтэй байдлуудыг тодруулахын тулд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр хэргийг  прокурорт буцааж өгнө үү...” гэв.

 

9. Прокурор Н.Ань  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ ... Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас дахин шинжилгээ хийлгэхээр тухайн шарилыг буцааж гаргах шаардлагатай гэсэн хариу ирсэн болохоос биш. Шүүх шинжилгээний газар дахин шинжилгээ хийлгэх эсэхийг шийддэг субьект биш. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиараа прокурор юм уу шүүх шийддэг асуудал. Дараагийн асуудал шинжээч эмч Нийн шинжилгээ хийсэн дүгнэлт мэдүүлгийг нотолсон баримт байхгүй байна гэж яриад байх юм. Энэ хүмүүс чинь тусгай мэдлэгтэй хүмүүс, ийм хүмүүсийн гаргасан дүгнэлтийг өөр нотлох баримтаар нотлуулна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Амь хохирогчийн бие дээр ямар гэмтэл үүсээд юунаас болж үхсэн гэдгийг нь мэдэхгүй болохоороо тэр хүнийг томилсон. Энэ хуулийн зохицуулалт зорилго нь өөрөө ийм. Шинжээч эмч анх гаргасан дүгнэлтээ шүүх хуралдааны явцад өөрөө тайлбарласан. Мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг. Ямар тохиолдолд дахин шинжилгээ хийлгэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүх шинжилгээний хууль дээр тодорхой заасан байдаг. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй буюу үндэслэлгүй тохиолдолд дахин шинжилгээ хийдэг. Прокурорын зүгээс шинжээчийн дүгнэлт дээр ямар нэгэн эргэлзээ байхгүй. Үүн дээр анхан шатны шүүх ч гэсэн дүгнэлт хийсэн тул хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байна. Гол хэргийн нотлох гээд байгаа асуудал бол О- гэдэг хүн Б- гэдэг хүнийг хутгалж алсан уу, үгүй юу гэдэг дээр гол анхаарлаа хандуулах ёстой. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд О- мэдүүлэг өгөхдөө  Б- хальтарч унасан гэж ярьдаг. Үнэхээр хальтарч унахад ийм гэмтэл үүсэх боломжтой юу үгүй гэдэг талаар шүүх шинжилгээний эмчээс асуухад шинжээч эмч тийм боломгүй талаар маш тодорхой хариулж, дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бага зэргийн хууль хэрэглээний зөрчил гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь ноцтой зөрчил байна уу, энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил байна уу үгүй юу гэдгийг анхаарах ёстой. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслээд анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан тул тухайн шийдвэр хүчинтэй гэж үзэж байна. Тэгэхээр улсын яллагчийн зүгээс тухай шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг 2024 оны 6 сард үйлдэгдсэн. Анхан шатны шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор хохирлын хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчилснээр буюу 790,000 төгрөгөөр тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар тухайн  үед мөрдөгдөж байсан хуулиар буюу 660,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй юм аа гэсэн саналыг гаргаж байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

10. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б-н давж заалдах гомдлыг үндэслэн  шүүгдэгч Ц.От  холбогдох эрүүгийн хэргийн  хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн  шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

11. Мөрдөн  шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримт тогтооход үндэслэл болсон хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчин хууль бусаар хязгаарлаагүй. 

12. Шүүгдэгч Ц.О нь 2024 оны 06 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн .............. гэх жоншны нөхөрлөлийн талбайд байх гэрт А.Б-согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар маргалдан хутгаар түүний зүүн өгзөгт хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны  шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд: 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “... Миний дүү А.Б- нь 1976 онд Хэнтий аймгийн .......... А- 3 дахь хүү нь болж төрсөн. Дээрээ хоёр эгчтэй байсан. Харин эх нэгтэй эцэг ондоотой бөгөөд 5 дүүтэй байсан. Бага насандаа ............... бүрэн бус дунд боловсролыг эзэмшиж, сургуулиа төгссөн цагаас хойш .......... амьдардаг байсан. Сумын сайн дурын уран сайханч ажилтай, дуу дуулж, шүлэг бичдэг байсан. Талийгаач дүүтэйгээ бараг уулзалдаагүй, хааяа л утсаар холбогдож ярьдаг байсан. Талийгаач төлөв даруу, зөөлөн хүн, гэхдээ хааяа нэг согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэж сонсогдож байсан. Мөн дотогшоо зантай. Ном их уншдаг. Хааяа энд тэнд ажил хийж байгаа гэж ярьдаг байсан. Миний дүү гэр бүлгүй, ганцаараа амьдардаг байсан. Бид нарыг бага байхад эцэг, эх салж тусдаа өссөн. А  гэдэг хүний Б-, Б , Б гээд 3 хүүхэд байдаг. Б  нь Ц.О гэх хүний дүүтэй сууж байгаад нас барчихсан. А.Б- дүү маань нас барж бидэнд маш хүнд хохирол амсууллаа. Сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Оршуулгын зардал нэхэмжлэхгүй.” гэх, (1хх-32-41х 2хх-33-34х),

 

- Гэрч Г.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... О- нь экскаватор хариуцаад жоншны талбайд үлдсэн байсан. Тэр үед жоншны талбайн гэрт Б- ганцаараа О- очоод хоёулаа хоносон. Маргааш өглөө нь буюу 06 дугаар сарын 28-ны өглөө 05 цаг өнгөрөөгөөд намайг гэртээ унтаж байхад О- хөдөө гэрийн утаснаас “Би экскаваторынхоо хажууд унтаж байгаад сая ороод ирсэн чинь Б- нил цус болоод нас барчихсан байна” гэж ярьсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.” гэх (1хх-48-50х),

 

- Гэрч П.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “........” нөхөрлөлийн эзэн Б эзэмшлийн экскаваторыг жолооч Ц.Оын хамт Хэрлэн сумын 8 дугаар баг “Дэл хоёр” гэх газарт байрлах жонш олборлолтын талбайд хүргэж өгсөн. Тэр үед О- ах цүнхнээсээ 1 ширхэг 0.5 граммын савтай лаазтай пиво гаргаж өгч байхаар нь би А.Б-, Ц.О хоёрт “Та хоёр архи дарс битгий уугаарай. гялс ажлаа амжуулаарай” гэж  хэлээд Хэнтий аймаг руу буцсан.” гэх (1хх-64-66х),

 

            - Шинжээч эмч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “... амь хохирогч өөрөө хутган дээр унах үед тухайн гэмтэл үүсэх боломжгүй. Яагаад гэвэл хатгагдаж зүсэгдсэн шарх нь нэмэлт зүслэг үүсгэгдэх ёстой.  Нэмэлт зүслэг гэдэг нь энэ хүн хутган дээрээ унаад арагшаа ойчсон мэтээр ярьж байна. Хэрэв тэгж ойчсон байсан бол нэмэлт зүслэг буюу арай ташуу байрлалтай  үүссэн байх боломжтой гэсэн үг. Гэтэл шархны хувьд босоо байрлалтай байгаа. Хутгаа дарж ойчсон тохиолдолд хутганы чиглэл өөрчлөгдөнө гэсэн үг. Нэмэлт зүслэг гэдэг нь хатгагдаж зүсэгдсэн шархны төгсгөл болон төгсгөлийн ойролцоох газарт нэмэлт зүслэг үүсгэгдэх ёстой. Хутганы ажлын хэсгийн урт 13 см, шархны гүн 7 см байгаа. Хэрэв хутгаа дарж унавал ажлын хэсэг бүхлээрээ орох боломжтой. Хэрэв хутгаа зүүн гартаа барьж байгаад ардаа бариад уналаа гэж бодоход  шархны чиглэл өөрчлөгдөх боломжтой гэсэн үг. Шархны гүн 7 см орж хутгалагдсан хүн үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Гэхдээ шинжилгээний явцад цочмог цус алдалт илэрсэн гэж бичсэн байгаа. Бөөр их хэмжээгээр цус алдсаны улмаас цус багадалтын шинж тэмдэг илэрч цайвар цагаан өнгөтэй болж өөрчлөгддөг.  Зүүн өгзөг рүүгээ баруун гараараа хатгаж болох ч 7 см гүн оруулах боломжгүй. Амь хохирогч нь баруун гартай гэж хууль ёсны төлөөлөгчөөс мэдээлэл авсан. Биед үүссэн гэмтэл нь зүүн өгзөгт босоо байрлалтай, ардаас урагш, доош чиглэлтэй, ир нь дээрээ 7 см гүн хэмжээтэй хутгалсан байсан. Энэ тохиолдолд баруун гартай хүн зүүн өгзөгт хутгалвал, тохойн нугалах хөдөлгөөнөөр чиглэл өөрчлөгдөх боломжтой  гэдэг үүднээс дүгнэлтийг гаргасан.” гэх мэдүүлгүүд (1хх-71-72х),

 

            - Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ...дугаартай “... Талийгаачийн цогцост зүүн өгзөгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байх ба ардаас урагш доошоо чиглэлтэй үйлчилсэн. Үүссэн гэмтлийг амь хохирогч өөрөө өөртөө учруулах боломжгүй гэмтэл байна. Хэвтээ болон босоо аль ч байрлалд үүссэн байх боломжтой. Багаж мэсний хэлбэр мөр нь доороо ир нь дээрээ байрлалтай байна.

            Цусанд 2.7 промиль спиртийн зүйл илэрсэн. Согтолтын хүнд зэрэг байна. Зүүн өгзөгний хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдалтын шокоор нас баржээ. Гадна үзлэгээр нас бараад 24-с дээш цаг болсон байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-116-124х),

 

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн.....  дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмдөнд үүссэн 19 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, саарал өнгийн майканд үүссэн 158 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, саарал өнгийн цамцанд үүссэн 755 мм хэмжээтэй гэмтэл хурц иртэй зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, 20 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, 54х8 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-76-83х),

 

            - Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ..... дүгээр “... Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрэхгүй байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-87-91х),

 

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн .....  дүгээр “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А овогтойБ-/РД:...../-ийн сэтгэцэд 2024 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт (2хх-41-43х),

 

            - Хэргийн газарт болон бие, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх- 8-31х),

 

            - Эд мөрийн баримтаар шар өнгийн бариултай 21 сантиметрийн хутга, талийгаачийн болон шүүгдэгчийн өмсөж байсан хувсцыг    хураан авах тухай тогтоол, тэмдэглэл (2хх-47,50-51,55х),

 

            - Шүүгдэгчийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шалгахад амьсгал дахь спиртийн агууламж 1,71 хувь промиль болохыг тогтоосон тэмдэглэл (1хх-162х) зэрэг болно.

            13. Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүн алах” гэмт хэргээр зүйлчилсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

           

            14. Шүүгдэгч Ц.О-н  хүнийг алах үйлдэл нь хууль бус шинжтэй  болохыг буюу хүний амьд явах эрхэд халдаж байгаагаа ухамсарласан атлаа түүнийг хүсэж, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

15. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь  Эрүүгийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны  зарчимд нийцсэн. 

 

16. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-д  сэтгэцийн гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан тул шүүх иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан 11,088, 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            17. Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр А.Б- нь архиа хувааж уугаад сууж байхад данхтай цай асгаснаа мартаад босоод явахдаа хальтирч унаж, босохдоо өөрийгөө хутгалснаас зүүн өгзөгнөөс цус гарчихлаа  гэж хэлсэн.”  гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт, шинжээч Д.Н-н  мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.   (1хх-71-72, 116-124, 211-213х),

 

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус зааснаар шүүгдэгчид   шийтгэх тогтоол гарснаас хойш  буюу 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойш давж заалдах шатны шүүх хуралдаан болсон буюу 2025 оны 12 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  108 /нэг зуун найм/ хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б-ны давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг  хэрэгсэхгүй болгож,  Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Гурав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-н  цагдан хоригдсон 108 /нэг зуун найм/ хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

 

Дөрөв. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.