Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/68

 

2025         12          12                                            2025/ДШМ/68                       

 

 

 

Д.Л-д  холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд: прокурор Н.А,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.М, түүний өмгөөлөгч Г.Б, А.Э /цахимаар/,

шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч С.Н,

нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.М-ны    даргалж  хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Э-н гаргасан давж заалдах гомдлоор, Д.Л-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

2. Монгол улсын иргэн,

 

3. Шүүгдэгч Д.Л нь 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 17-19 цагийн үед Х аймгийн ... сумын ... дугаар баг ... гэх газарт байх малын хашааны хойд талд Б.О-г өөрийн эхнэр болох С.Г-тай хардсаны улмаас Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн гол төмрийн дугаар ..., замаг ... дугаартай ТОЗ-8 маркийн галт зэвсгээр ... улсын дугаартай, хөх өнгийн П маркийн машин дотроос буудаж алсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Л-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-г 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Л энэ хэрэгт цагдан хоригдсон 60 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Л-д авсан Монгол Улсын хилээр гарах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Д.Л-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцож 41,176,069 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-д олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөлөгчийн зардал 4,000,000 төгрөг, малчны зээл 11,000.000 төгрөгийг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь амь хохирогчийн олох байсан цалин мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай В маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТОЗ-8 маркийн гол төмрийн дугаар ..., замаг ... дугаартай галт зэвсэг 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргүүлж шийдвэрлэжээ.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “.. шүүх "малчны зээлийн төлбөрт шилжүүлсэн 11,000,000 төгрөгийг оршуулгын зардлаас хассан нь буруу. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийн дагуу талийгаачийн өмнө нь авсан малчны зээлийн 11,000,000 төгрөгийг хаахаар шүүгдэгч Д.Л "малчны зээл" гэх гүйлгээний утгатайгаар нийт 20,000,000 төгрөг шилжүүлснээс 11,000,000 төгрөг нь зээл хаахад, үлдсэн 9,000,000 төгрөг нь оршуулгын зардалд зориулагдсан нь баримтаар нотлогддог. Иймд уг 11,000,000 төгрөгийг оршуулгын зардлаас хасах нь бодит зарцуулалт, санхүүгийн баримттай нийцэхгүй, үндэслэлгүй байна. Шүүх хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нэг мөр шийдээгүй нь хууль зүйн ноцтой алдаа юм. Хэрэгт талийгаачийн 2024 оны 1-6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт бүрэн авагдсан байхад 2024 оны 7 дугаар сард тайлан гараагүй гэх шалтгаанаар "орлого тодорхойгүй" гэж үзэн Иргэний хуулийн 508.3-т заасан "сарын цалин, хөлс, орлогын дунджаар тэжээгчээ алдсаны нөхөн төлбөрийг нэг мөр шийдээгүй. Шүүх уг дүгнэлтийг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй үлдээсэн нь үндэслэлгүй. Уг заалтуудыг зөвхөн нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах боломжгүй, баримт дутуу үед хэрэглэдэг бөгөөд энэхүү хэрэгт орлогын дунджийг тогтоох бүрэн боломжтой байсан тул шүүх Иргэний хуулийн 508.2, 508.3, 508.4 дэх заалтыг шууд хэрэглэн хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны нөхөн төлбөрийг насанд хүртэлх хугацаагаар тогтоох ёстой байсан. Талийгаачийн 2024 оны 1-6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт хэрэгт авагдсан бөгөөд энэ нь амь хохирогч хөдөлмөр эрхэлж, цалин авч байсан нотлох баримт юм. Гэтэл шүүх "2024 оны 7 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тул орлого тодорхойгүй" гэж үзэн тэжээгчээ алдсаны нөхөн төлбөрийг тооцохоос татгалзсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйл-д дараах байдлаар хуульчилсан байдаг. 25.1. Ажил олгогч тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны дотор цахим, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулж, харьяалагдах нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, эсхүл нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана. Уг хуулийн зохицуулалтаар нийгмийн даатгалын тайланг 2024 оны 8 дугаар 5-ны дотор гаргах ёстой талаар гэж тодорхой заасан байна. Тиймээс, талийгаач 2024 оны 7 дугаар сарын 11-нд нас барсан нөхцөлд ажил олгогч нь 7 дугаар сарын цалин, шимтгэлийг дараа сарын буюу 2024 оны 8 сарын 5-ны дотор тайлагнах үүрэгтэй байсан бөгөөд тухайн үед ажилтан амь насаа алдсан тул тайлан гараагүй нь "цалин аваагүй" гэсэн утгатай биш, харин тайлагнах хугацаа дуусаагүй байсан гэсэн хууль зүйн тайлбартай. Ийм нөхцөлд шүүх "нийгмийн даатгал төлөгдөөгүй орлого тодорхойгүй" гэж үзэх нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн нотлох баримтыг үнэлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6-г зөрчсөн хууль хэрэглээний алдаа юм. Шүүх сэтгэл санаанд учирсан гэм хорыг тодорхойлохдоо хуулийг буруу тайлбарлаж, "Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр 4-р зэрэг гэсэн дүгнэлтийг тооцооны суурь болгосон нь Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн, Шинжээч нь зөвхөн сэтгэцэд хохирол учирсан эсэхийг тогтоох үүрэгтэй бөгөөд хохирлын хэмжээг Иргэний хуулийн 511.4, 511.5-д зааснаар объектив хэмжүүрийн дагуу тооцох ёстой. Эдгээр заалтад гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн сэтгэцэд учирсан гэм хорыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин эсвэл наслалтын зөрүү  ХХДХ х 5 гэсэн хэмжүүрээр тогтоохыг тодорхой заасан байдаг. Шүүх "шинжээчийн дүгнэлт"-ийг үндэслэн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 18.2, 22.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6. мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-д заасан шударга шүүхээр шийдвэрлүүлэх, хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчмыг зөрчсөн байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн гэм хор, хохирлыг тооцсон хэсэгт дараах өөрчлөлт оруулахыг хүсэж байна. Оршуулгын бодит зардлыг зорилго, зарцуулалтын баримтаар нь тусгаарлан бүрэн хэмжээгээр гаргуулах, Тэжээгчээ алдсаны нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 508.2, 508.3, 508.4-т нийцүүлэн талийгаачийн сүүлийн 6 сарын дундаж орлогоор насанд хүрэх хүртэлх хугацаанд тогтоох, Сэтгэл санааны (эдийн бус) хохирлыг Иргэний хуулийн 511.4, 511.5-д заасан хэмжүүрийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу наслалтын зөрүү ХХДХх5 хувилбараас хохирогчид ашигтайгаар тооцож тогтоох, хэдийгээр хүний амь нас нь мөнгөөр үнэлэх боломжгүй үнэт зүйл хэдий ч хууль тогтоогчийн зүгээс энэ асуудлыг хоёрдмол утгагүйгээр эрүүгийн хууль, Иргэний хуулиар тодорхой зохицуулж, гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон тохиолдолд учирсан эдийн болон сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх журмыг хуульчилсан байдаг. Ийм байхад анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн нь хууль зүйн үнэн зөв хэрэглээ, шударга ёсны зарчимд харш байна. Хэрэв энэхүү алдаатай дүгнэлтийг хэвээр үлдээвэл цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх практикт сөргөөр нөлөөлж, "хүнд гэмтэл учруулснаас хуний амь насыг хохироох нь хохирлын төлбөр багатай байдаг" гэх буруу жишгийг тогтоох, хохирогчдын эрхийг ул хамгаалсан аюултай үр дагавартай болохыг анхаарч үзэхийг хүндэтгэн хүсэж байна... ” гэв.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Э нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “...Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, харин шийтгэх тогтоолын 12 дугаар талд авагдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хийсэн дүгнэлтийг хийхдээ нотлох баримтыг буруугаар үнэлсэн, хууль тогтоомжийг буруугаар тайлбарласан, энэ талаар Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр анхан шатны шүүх шийдвэрлэсэн зэрэг үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна...” гэв.

 

        8. Прокурор Н.А нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ ... хохирогчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирлын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нотлох баримтыг шууд бичигдсэн агуулгаар хүлээн зөвшөөрөхгүй байгааг малчны зээлийг төлөх боломжтой эсэх талаар холбогдсон. Төлсөн. Оршуулгын зардлаас гадна, үлдэгдэл төлбөрийг оршуулгын зардалд төлөх байсан. Хууль тогтоомжийн буруугаар тайлбарлаж хэрэглэсэн. Талийгаачийн хувьд сард 1,200,000 төгрөгийн цалин аваад НД төлж байсан. Гэтэл шүүхээс яг хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байгаа учраас хохирогчийн эрхийг сэргээх ИХ-ийн 508 дугаар зүйлд маш тодорхой заасан байгаа. Энэ тооцооллоор 1 сард 1,200,000 төгрөгийн цалин хөлстэй байсан. Хүүхдүүд насанд хүртэл 337,950 төгрөг төлөх ёстой гэж үзэж байгаа юм. Авч байсан цалин хөлсийг тодорхой баримтаар авсан байгаа. 7 сарын цалингийн НД тодорхойлолт гарах боломжгүй байсан үүнийг залруулж өгөөч, мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхдээ хууль тогтоомжийг буруу тайлбарласан. Эхнэр нь хохирогчоор тогтоогдоод явж байгаа. Уг хэргээс шалтгаалж энэ тохиолдолд хууль хэрэглээний эрэмбэ дараалал тогтоогдох ёстой гэж үзэж байгаа. Хуулиа баримтлах ёстой гэж, 2025,11,17-ны УДШ-ийн тогтоол гаргасан. Агуулгын хувьд шинжээчийн дүгнэлт хохирол учирсан эсэхийг тогтоохоос биш, цалингийн доод хэмжээг энэний дагуу давж заалдах шатны шүүхээс энэ асуудалд дүгнэлт хийгээсэй гэж хүсч байна. Шүүх хуралдаанд урьдчилсан хэлэлцүүлгээр гаргаж өгсөн байгаа. Ашигтай хувилбараар тооцвол 165,320,000 төгрөг гаргахаар шийдэгдэх байсан. Шинээр оруулсан зохицуулалт хүний амь нас хохирсон тохиолдолд энэ агуулгаар шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “...Миний бие энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас оролцсон. Бидний зүгээс хэргийн үйл баримт болон зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан үүсгээгүй. Л-н хувьд оршуулгын зардал болон малчны зээлд 20 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Эрүүгийн хариуцлагын тухайд манайх эрүүгийн хариуцлагаас мултаръя, ял завшъя гэсэн байр суурьтай оролцоогүй. Нэгэнт ийм зүйл болсон энэ асуудал дээрээ хуулийн хариуцлага хүлээхээ мэдэж байсан. Хохирогч талаас 70 сая төгрөг өгье гэдэг асуудал яригдаж байна. Энэ бол мөрдөн байцаалтын шатнаас Л-н эгч нь хохирогч талд өгнө гэдэг асуудал яригдаж байсан. Манай зүгээс огт мөнгө өгөхгүй гэж яриагүй. Сэтгэл санааны хохирлын хор уршиг дээр нөгөө талаас анхан шатны шүүх хуралдаан дээр ярьж байсан. Мэдээж үүнтэй холбоотой Улсын дээд шүүхийн тайлбар, аргачлал гаргасан байгаа. Аргачлалын 3.3, 3.4, 3.8-д тус тус зааснаар бид шүүхийн шийдвэрийг харъя гэдэг байр суурьтай орж ирсэн. Л-н хувьд Зөрчлийн хуулиар ч арга хэмжээ авахуулж байгаагүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Цаашдаа сэтгэцэд учирсан хор хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа учраас ялыг багасгаж өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэв.

 

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Б нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “...Хэрэг гарснаас хойш М би нөхрийгөө харахгүй ч гэсэн 3 хүүхэд маань яг л энэнтэй адил, Л-н 4 хүүхэд ийм байдалтай байгаа шүү  дээ гээд М-н хувьд маш их тэвчээртэй хандсан. Эдний талаас анх 70 сая төгрөгт тохиръё гэж хэлж байсан. 70 сая төгрөг дээрээ тохироод явж байтал сүүлдээ маргаан болоод бараг төлөх ёстой юм уу гээд маргаж байсан. Л-н хувьд сумын сайн малчин гэдэг өргөмжлөл авч байсан. Өнөөдөр малын А дансаараа гарсан малаа хүний тавиул мал гээд ярьж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Бидний хувьд ялын асуудал  дээр манай талаас маргаан гаргаагүй. Ийм байхад та бүхэн хүний эцгийг эр нөхрийг алчихаад яг ямар бодолтой сууж байгаа юм бэ. Бидний гол хүсээд байгаа зүйл энэ М- гэдэг хүнд бодитоор л тусалчихаач гэж гуйх гээд байгаа юм. Э өмгөөлөгчийн гаргасан саналыг бүхэлд нь дэмжиж байна...” гэв.

 

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “...Миний зүгээс ял гэм буруугийн тал дээр маргаагүй. Нөхрөө алдсанаас миний болон хүүхдүүдийн маань сэтгэл санааны байдал маш хүнд байна. Ядаж бидэнд хохирлыг үнэн зөвөөр тогтоож өгөөч.  Нэгэнт миний ханийг босгоод ирэхгүйгээс хойш учирсан хохирлыг төлөөд өгөөч.  Би ханийгаа алдсанаас 3 сараас хойш ажилгүй байгаа. Банк болон банк бус санхүүгийн газарт нийтдээ 20-оод сая төгрөгийн өртэй болсон. Эхнээсээ хугацаа хэтрээд явж  байгаа. Миний хувьд 3 хүүхэдтэй бага нь 2 ой гарантай. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө анхаараад надад ажил хийх боломж байхгүй байна. Тийм учраас миний амьдралын боломжийг хангаж өгөөч гэсэн саналтай байна. Анхан шатны шүүх хурлаас хойш шүүгдэгч талаас үнэхээр гэмшиж байгаа бол холбогдох 3 хүүхэд чинь яаж байна гээд ядаж холбогдох болов уу гэж их харсан. Гэвч өнөөдрийг хүртэл бидэнтэй огт холбогдоогүй. Хүн хэдий гэмт хэрэг хийсэн ч гэмших сэтгэлтэй байх ёстой. Энэ хүмүүс надад санаа тавьдаг байвал би адилхан хүн шиг хандана. Хамгийн гол нь учруулсан хохирлоо барагдуулаач ээ, хүний ёсоор ард нь үлдсэн үр хүүхдүүдийг яаж байна гээд сэтгэл тавиасай гэж бодож байна...”гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Э-н  давж заалдах гомдлыг үндэслэн  шүүгдэгч Д.Л-д  холбогдох эрүүгийн хэргийн  хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн  шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

13. Мөрдөн  шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримт тогтооход үндэслэл болсон хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчин хууль бусаар хязгаарлаагүй. 

 

14. Шүүгдэгч Д.Л  нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд Х  аймгийн ... сумын ... дугаар баг, ... гэх газарт Ч.П-н малын хашааны хойд талд Б.О-г  эхнэр С.Г-тай хардсаны улмаас Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн гол төмрийн дугаар..., замаг ... дугаартай ТОЗ-8 маркийн галт зэвсгээр  хөх өнгийн п загварын ... улсын дугаартай машин жолоодон суудал дээрээсээ нөгөө талын нээсэн цонхоор буудаж алсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Үүнд:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-н “... Манай нөхөр О  2024 оны 7 дугаар сарын 11-ний өглөө хөдөө П-х  рүү мотоциклтой явж, П-н машинтай ирэн  5 бул цаап, шааргийг нь янзлуулан  буцаж мотоциклоо авахаар явсан боловч, 18 цаг өнгөрөөд гэртээ байж байтал хүргэн ах С бууны хэрэг гарчээ гэж хэлээд тосгоны төвөөс баруун зүгт Яргайт гэх газарт очсон  саравчны хойд талд манай нөхөр хөдлөхгүй байсан. Нийтдээ 140 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа. Энд оршуулга, өмгөөлөгчийн зардал, малчны зээл, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа.” гэх (1хх-31-41х),

 

-Гэрч Ч.П-н “... 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр найз О гэрт ирж  хамт яван миний эзэмшлийн ... улсын дугаартай, цагаан өнгийн, п загварын машины цаапны шааргийг нь Г тосгоны төв дээр очиж машинаа янзлуулсан. Тэгээд дэлгүүрээс 2 шил агар, хараа нэртэй архи, 2,5 литрийн 2 том пиво гэх зэргийг худалдан аваад манайхтай ойрхон нутагладаг Л гэх хүний гэрийн урдуур өнгөрөхдөө Л-р ороход нь Биндэр сум руу наадамлахаар байсан. С-д хандан баярын юм уух уу гэхэд зөвшөөрөөд хөдөө гэр лүү явсан. Тэгээд эхний 1 шил архиа задлаад ганц, нэг татаад байж байхад О, Х ахыг очоод аваад ирье мотоциклоо унаад авчран бид дөрөв архи, пивоо бүгдийг нь хувааж ууцгаасан. Тэгээд архи, пиво дууссан учир О, С хоёр С-н хонийг нь харахаар миний машинтай явсан. Х ах бид хоёр өөрсдийнхөө адууг харахаар гарах гэж байхад Л нь портер маркийн машинтайгаа ирсэн. Ойролцоогоор 17-18 цагийн үе л байсан байх, Тэгээд Л, С-г асуухад нь  миний машинтай хонио харахаар явсан гэж хэлсэн. Дараа нь Л нь машиндаа эхнэрээ суулгачихсан бид хоёр дээр ирээд хоёр пизда чинь шалдан, нүцгэн байна ш дээ, О-г буудаж алнаа гэж хэлээд гэр рүүгээ яваад өгсөн. Тэгэхээр нь бид хоёр О дээр очиход машины хойд талд ганцаараа зогсож байсан бөгөөд дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа өмд, хувцастайгаа л байсан. Намайг   Л шалдан нүцгэн байна гээд эхнэртэйгээ хардаад, машины түлхүүр аваад явчихлаа гэж хэлсэн. Миний машин хаваржааны хойно талд хашаатай жолоочийн эсрэг талаараа бараг нийлцэн зогсож байсан.  Тэгээд байж байхад Л нь машиныхаа цонхоор буу гозолзуулан хажуудаа эхнэрээ суулгачихсан урдаас буюу гэрийнхээ тэндээс хүрээд ирэхээр нь би Л-н машин дээр нь очоод бууг нь барьж авах гэж байгаад алдчихсан. Тэгэхэд Л нь машинтайгаа цааш яван тойрч эргэн машинаа зогсоогоод жолоочийн эсрэг талын цонхоор калибр /Тоз-8/ маркийн буугаараа О-г нэг удаа буудсан. Тэгэхээр нь Гурванбаян тосгоны цагдаа, эмнэлэгт нь энэ талаар хэлж ярьж мэдэгдсэн юм, Би, О, Х нар нь дунд зэргийн, С нэлээн л согтолттой байсан.”  гэх (1хх- 42-46х, 2хх- 96-101х),

-Гэрч С.Г-н “... Тэгээд бид дөрөв П-н гэрт хоёр шил архи хувааж уугаад ойролцоогоор 17-18 цагийн үед л байсан байх гэж бодоод байна. Манай хонинд явахаар болоод О нь П-н машиныг жолоодоод би жолоочийн хажуу талын урд суудал дээр нь суугаад явж байхад О нь П-н хаваржааны хашааны хойд талд нь машинаа зогсоогоод надтай бэлгийн харьцаанд ормоор байна гээд над руу дайрахаар нь түлхээд өөрөөсөө холдуулсан. Тэгэхэд О нь цээж нүцгэн байсан, доогуураа өмсөж байсан өмд, турсик, гутлаа тайлж, нүв нүцгэн болоод надтай бэлгийн харьцаанд ормоор байна гээд над руу дахиж дайрсан ба ингэж байхдаа миний өмсөж байсан эрээн өнгийн нимгэн өмд, хар өнгийн цэцэгтэй түрсик зэргийн  ар хэсгийг нь урчихсан. Би О-г гараараа түлхэж холдуулаад байж байхад манай нөхөр Л нь өөрийнхөө эзэмшлийн ... улсын дугаартай, хөх өнгийн, портер маркийн машинтайгаа О бид хоёр дээр ирээд миний зүүн хөлийн орчим нэг өшиглөөд өөрийн машиндаа суулгаад О-д хандан чи эхнэрийг минь янхан болгох гээ юу гэж хэлээд шууд машинтайгаа хөдлөөд явсан. Гэртээ очиж гэрийн баруун хойно шкабны хажууд байсан өөрийнхөө эзэмшлийн калибр /тоз-8/ маркийн буугаа аваад ална гээд П-н хаваржааны хашаан дээр нь очсон. Тэгэхэд О-с гадна П, Х ах гурвуулаа байж байсан. Тэгээд манай нөхөр Л нь О-г буудаж ална гээд автомашин дотроосоо буугаа гаргаад буудах гэхэд нь П болиулах гээд чадаагүй, машинаа хөдөлгөж тойрч эргээд зогсон жолоочийн суудал дээрээсээ О-г зогсож байхад нь шууд нэг удаа буудсан. Манай нөхөр намайг О-тэй хардсаны улмаас уурандаа л Од-г буудаж амь насыг нь хохироочихлоо, О-тэй бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Ойролцоогоор 2-3 метрийн зайнаас л буудсан байх. Нөхөр бид хоёр Улаанбаатар хотоос хэдэн ширхэг сум худалдан аваад гэртээ тавьчихсан байсан юм. гэх ( 1хх-47-51х),

-Гэрч Ц.Х-н “... Л нь өөрийн эзэмшлийн хөх өнгийн, портер маркийн машинтайгаа эхнэр С нь суучихсан байсан. Тэгээд Л нь машин дотроосоо бууж ирээд П-д хандан наад муу хоёр пизда чинь шав шалдан байна ш дээ, О-г буудаж алнаа гэх утгатай зүйлс хэлж яриад П-н нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон. П-н хаваржааны хашааны орчимд очиход Л нь машинтайгаа ирээд цонхоор буугаа гаргачихсан байсан. Тэгэхэд П нь шууд гүйж очоод цонхоороо гозолзуулаад байсан бууг нь барьж авах гэж байгаад алдчихсан. Тэгээд Л нь машинтайгаа тойрч машинаа зогсоогоод жолоочийн суудал дээрээсээ буугаа цонхоороо гаргаад П-н машины хойд талд нь зогсож байсан О-г нэг удаа буудчихсан, тэгэхэд ойчоод өгсөн.” гэх ( 1хх-52-56 дугаар тал),

-Гэрч Г.Э-н “...Би 2024 оны 07 дугаар сарын 11-ны өдөр ажил дээрээ жижүүр эмчтэй байх үед эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн утас болох ... дугаар руу Шар талын хойд энгэрт хүн буунд осолдлоо гэх дуудлага сувилагч О-т 18 цаг 30 минутад ирсэн. Тэгээд тосгоны төвөөс 19 цаг 05 минутад тухайн газар очиход цогцос ухаангүй, нүүр болон зүүн гарын хэсэгт амьсгал хурааснаас болж хөхрөлт үүссэн байсан.” гэх мэдүүлгүүд ( 1хх-61-64х),

 

 -Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 779 дугаартай  “... Д.Л нь  сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо хэрэг хариуцах чадвартай үнэн зөв мэдүүлэг чадвартай.” гэх дүгнэлт ( 1хх-132-134 х),

 

- Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Н-н  2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ... дүгээр  “... Талийгаачид өвчүүний голд 4, 5 дугаар хавиргатай бэхлэгдэх хэсэгт эдийн дутагдал бүхий бууны сум орсон шарх, цээжний зүүн талд 6 ,7 дугаар  хавирганы завсраар бууны сумны гарсан шарх, цээжний хөндий дэх 900 мл орчим бүлэгнэсэн болон шингэн цус, уушгинд урагдал, няцрал, үнхэлцэг хальсны урагдал, зүрх чихэлдэлт, зүрхний баруун, зүүн ховдлыг дайрсан сумны орсон шарх, цус хуралт цээжний гялтан дах цус хуралт, цээжний баруун талд цус хуралт бүхий зулгаралт гэмтэл тогтоогдож, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Энэ гэмтлийн улмаас зүрх чихэлдэж, цочмог цус алдаж нас барсан, Цээжин тус газар оносон сумны чиглэл нь урдаас арагш буудагдсан чиглэлтэй байна.” гэх  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2хх-16-30х),

-Хэргийн газар, тээврийн хэрэгсэл, талийгаачийн болон шүүгдэгчийн өмсөж явсан хувцсанд үзлэг  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-2-23х),

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн галт зэвсэг, С.Гансувдын өмсөж байсан өмд, дотуур хувцсыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл (1хх-24-29х),

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-13-15х),

- Хяналтын прокурор Н.А-н 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор хохирол төлүүлэх зорилгоор 11 сая төгрөгийн үнэ бүхий “В загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд (2хх-115-118х),

-Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай дүгнэлт (2хх-119-121х) зэрэг болно.

 

15. Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргээр зүйлчилсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            16. Шүүгдэгч Д.Л  нь  хүнийг алах үйлдэл нь хууль бус шинжтэй  болохыг буюу хүний амьд явах эрхэд халдаж байгаагаа ухамсарласан атлаа түүнийг хүсэж, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

            17. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь  Эрүүгийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны  зарчимд нийцсэн. 

18. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс малчны зээлд төлөх 11,000,000 төгрөг, өмгөөлөгч Г.Б-д өмгөөллийн хөлсөнд төлсөн 4,000,000 төгрөг тус тус нэхэмжилснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь  үндэслэлтэй байна.

19. Мөрдөгч  амь хохирогчийн эхнэр Д.М-н өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын арилгуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу  Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсгийн “гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл ... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно.” гэж тус тус зааснаар шинжээч томилж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1015 дугаартай “хууль ёсны төлөөлөгч Д.М-н сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрсэн тул сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна.”  гэсэн дүгнэлт гарсан байна. (2хх-205-207х)

20. Шүүхээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-н сэтгэцэд учирсан хор уршгийг  4 дүгээр зэрэглэлээр тогтоосныг  үндэслэн одоо үйлчилж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээ болох 792000 төгрөгийг 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр үржүүлэн 36,424,080 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж,  хохирогчийн хууль ёс төлөөлөгчид олгохоор шийдвэрлэжээ.   

21. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Э-н давж заалдах гомдол, түүний болон  өмгөөлөгч Г.Б-н давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргийг үндэслэн   Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн   511.5 дахь  хэсгийн “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл ... шүүхээс тогтооно.” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-н сэтгэцэд учирсан  хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед  мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар болов.

22. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгийн “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-с мөрдөн байцаалтын шатанд  хэрэгт хавсаргасан оршуулгын зардал  26,101,429 төгрөг, сэтгэл зүйн зөвлөгөө авсан төлбөр 650,550 төгрөг нийт  26,751,979 төгрөгөөр тооцож, түүнээс шүүгдэгчийн хохиролд тооцуулахаар төлсөн 22,000,000 төгрөгийг хасаж, оршуулгын зардал 4,751,979 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.  

23. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийн олох байсан цалин, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисныг  үндэслэлгүй гэж үзлээ.

24. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсгийн “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.” гэж, 508 дугаар зүйлийн 508.3.дахь хэсгийн “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.”гэж, 508 дугаар зүйлийн 508.4.дэх хэсгийн “Гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө.” гэж, 508 дугаар зүйлийн 508.4.1-д заалтын “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл.” гэж, 509 дүгээр зүйлийн 509.1. дэх хэсгийн “Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө.” гэж  тус тус заажээ.

25. Хэрэгт авагдсан нас барагч Б.О-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг үндэслэн нийт ам бүлийн нэг сарын дундаж цалин хөлс, орлогыг 1,200,000 төгрөгөөр тогтоож, нийт ам бүлийн тоо буюу тавт хуваахад 240,000 төгрөг, түүнээс нас барагч болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай эхнэрт оногдох хэсгийг хасаж,  2018 оны 07 дугаар сарын 19-нд төрсөн хүү Д, 2020 оны 01 дүгээр сарын 27-нд төрсөн  хүү А, 2023 оны 03 дугаар сарын 06-нд төрсөн  охин Ү нарын гурван хүүхдэд оногдох нэг сарын орлого 720,000 төгрөг байх бөгөөд түүнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр 542,000 төгрөгийг хасаж, хохирогч нас барсан буюу гэм хор учруулсны төлбөр 178,000 /нэг зуун далан найм/ төгрөгийг  сар бүр  арван зургаан нас хүртэл, суралцаж байгаа бол арван найман нас хүртэл шүүгдэгч төлөхөөр тогтоов.    /3хх-47-63х/

 

26. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Э-н давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  6,8 дахь заалтад өөрчлөлт оруулав.

 

27. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус зааснаар шүүгдэгчид   шийтгэх тогтоол гарснаас хойш  буюу 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш давж заалдах шатны шүүх хуралдаан болсон буюу 2025 оны 12 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  79 /далан ес/ хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Э-н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг  хангаж,  Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолд дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

1.1 Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Шүүгдэгч Д.Л-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцож 41,176,069 (дөчин нэгэн сая нэг зуун далан зургаан мянга жаран ес) төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-д олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-с “оршуулгын зардал 4,751,979 /дөрвөн сая долоон зуун тавин нэгэн мянга есөн зуун далан ес/ төгрөг, сэтгэцэд учирсан  хор уршгийн нөхөн төлбөр 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөг нийт 103,751,979 /нэг зуун гурван сая долоон зуун тавин нэгэн мянга есөн зуун далан ес/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-д олгосугай.“ гэж өөрчилсүгэй.

1.2 Тогтоох хэсгийн 8 дахь заалтын “Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М  нь амь хохирогчийн олох байсан цалин мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.”гэснийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3,  508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар  “шүүгдэгч Д.Л-с сар бүр гэм хор учруулсны төлбөр 178,000 төгрөгийг гаргуулж, 2018 оны 07 дугаар сарын 19-нд төрсөн хүү Д, 2020 оны 01 дүгээр сарын 27-нд төрсөн  хүү А, 2023 оны 03 дугаар сарын 06-нд төрсөн  охин Ү нарыг арван зургаан нас хүртэл, суралцаж байгаа бол арван найман нас хүртэл олгосугай.” гэж өөрчилсүгэй.

 

1.3 Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-н  цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

 

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Дөрөв. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.