Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 828

 

        Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч Д.У, шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт М.Одгэрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн .......... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч М.О нь 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монелын 33-246 тоотод Э.А маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ: Хохирогч А нь манай төрсөн эгчийн охин байгаа юм. Үнэндээ А ээж нь архи уугаад байдаг юм. Тэр өдөр над руу архи уучихсан гэртээ орж чадахгүй байна гээд утасдаад байхаар нь очсон. А-г би “чи яагаад ээжийгээ хөөж явуулдаг юм бэ, хэдий архи уудаг хэдий ч гэсэн ээжийгээ гудамжинд хөөж явуулж болохгүй ш дээ” гэхэд чихэвч зүүчихээд тоохгүй байсан. Манай эгч нөхрөөсөө  салчихсан хүүхдүүдтэйгээ байдаг юм. Хүүхдүүд нь ээжийгээ тоохгүй, эгч маань нөхрөөсөө салж, байраа алдаад сэтгэл санааны хямралтай уучихдаг болсон. Би идэж уух юмыг нь бэлдэж, харж ханддаг байсан. А бол ер нь аавынхаа ах дүү нарын санаагаар л иймэрхүү байдал гаргаад байгаа гэж бодож байгаа. Тэгээд намайг ярихаар үл тоож сонсохгүй байхаар нь би нэг алгадсан юм. Тэгэхэд зүгээр л байсан. Биед нь ямар нэгэн гэмтэл улаасан, хавдсан зүйл байгаагүй. Тэгээд дараа нь би хөргөгчийг нь онгойлгоод харахад юу ч байхгүй байхаар нь дагуулаад зах ороод хүнсний зүйл авч өгөөд л явуулсан. Уул нь энэ хэргийг хаасан гэж байсан. Гэтэл нэг өдөр дуудсан. Би ганц хоёрхон алгадахад ийм хэмжээний гэмтэл гарсанд их гайхаж байна. Би өөрөө эмч хүн. Эгчийгээ хэдэн хүүхэдтэй нь асууж, эргэж тойрдог юм. А хувийн байдал тааруу. А бол ер нь жоохон замбараагүй болчихсон. Ээж нь юм хэлдэггүй. Интернэтэд хаа хамаагүй зураг тавьж, олон хүнтэй уулзаж байсан гэдгийг сонсож байсан болохоор би “чи сэтгүүлч болох гэж байгаа хүн байж эхлээд ёс зүйтэй байх хэрэгтэй, интернэтэд ингэж хамаагүй зургаа тавьж болохгүй” гэж загнаж байсан. Худлаа ярьж аль болох ээжийгээ хөөж явуулчихаад дураараа байх гээд байдаг юм. Эгч хүний хувьд шаарлага тавихад тоохгүй байхаар нь ганц нэг алгадсан. Ямар нэгэн сүртэй, гэмтэл учраагүй гэв.

Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-20/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.А өгсөн мэдүүлэг /хх-н 25-28/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Б өгсөн мэдүүлэг /хх-н 29-30/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Э өгсөн мэдүүлэг /хх-32/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8832 дугаартай дүгнэлт /хх-н36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 78/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 56/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд тус дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.О 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монелын 33-246 тоотод Э.А маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хэргийн үйл баримтаас харахад 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Монелын 33-246 тоотод М.Одгэрэл нь өөрийн төрсөн эгч О охин Э.А ээжийгээ харж хандсангүй гэх шалтгаанаар маргалдан улмаар зодож, түүний биед нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж, мөн 2 дахь хэсэгт “гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.19-т “садангийн хүн” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6-д зааснаар “садангийн хүн” гэж зааснаар Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг;” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “ Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл М.О нь төрсөн эгчийнхээ охин болох Э.А зүй ёсны шаардлага тавьсанд хохирогч Э.А илтэд үл хүндэтгэсэн байдлаар харьцсанаас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, нагац эгч М.О маргалдсанаар хохирогчийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин М.О гэм буруугүйгээр бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид тусгагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна гэж үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэгт тус тус заасны дагуу шийдвэрлэхээр заасан хэдий ч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтлана” гэж заасны мөн хуулийн 17 дугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг баримтлан шийдвэрлэнэ гэжээ.    

Гэтэл яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаагүй, прокурор тогтоол гаргаагүй атлаа прокурор 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт прокурорын санал танилцуулан, яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулсан талаар тэмдэглэл үйлдэн М.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, гаргасан саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан танилцуулсан тэмдэглэл үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасны дагуу хохирогчийн хувийн байдлыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байгаа зэргийг дурдав.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.