Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/82

 

  

 

 

 

 

М.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;    

прокурор Б.Оргилболд,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Баяртогтох, И.Хонгор, Х.Ургаа

хохирогчийн өмгөөлөгч Г.БаярЖ /цахим/

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Нямцэцэг нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Баяртогтох, И.Хонгор, хохирогчийн өмгөөлөгч Г.БаярЖ нарын гаргасан давж заалдсан гомдлоор шүүгдэгч М.Ад холбогдох 2119002881691 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

* (РД:*), 

урьд буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсгээр 1 жил хорих ялаар,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 6 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, шүүхээс ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 276 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 21 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоож байсан.

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.А нь Дорноговь аймгийн Д сумын нутаг дэвсгэр, "Олон овоот" гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр "А ” ХХК-ийн эзэмшлийн талбайд “Ю ” ХХК-ийн дэд захирал А.Г, жолооч Ц.Б нарыг өөрсдийнх нь ажиллаж буй хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг явуулахад саад учруулж, хясан боогдуулж, хутга тулгаж, хүч хэрэглэхээр заналхийлж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ц.Нгаас Хаан банкин дахь өөрийн нэрээр эзэмшдэг * дугаартай дансаар дамжуулан 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

3.Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1дүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Оюунцэцэгээс шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “...шүүгдэгч * Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч * Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 

Эрүүгийн хуулийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 3 жил 4 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Агийн цагдан хоригдсон 164 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

хэрэгт хавсаргаж ирүүлсэн 4 ширхэг СиДиг хэрэгт үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ. 

5.Шүүгдэгч М.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би энэ хүмүүст хутга тулган гэмт хэрэг үйлдэж, дээрэмдэж заналхийлсэн, айлган дарамталж мөнгө авсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл Жаргила гэдэг хүн өөрөө надад ковш оруулаад өгөөч гэсний дараа ажилд авъя гэж энэ мөнгө төгрөгийг өгсөн. Энэ хүн намайг ийм юманд ингээд унагасныг би хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс дүгнэхдээ шийдвэрт ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, нотлох баримтыг харилцан зөрөөтэй байхад аль нэгнийгээ авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг огт заагаагүй. Зөвхөн яллах талын баримтыг тогтоолдоо дурдаж, өмгөөлөгч нарын дүгнэлтийг няцаан үүссэн үндэслэлийг огт бичээгүй. Энэ нь үндэслэл бүхий хууль ёсны шаардлага хангаагүй гэж үзэж байгаа. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр  Дорноговь аймгийн Эрүү, иргэн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан давж заалдах шатны магадлал нь бол биелэгдээгүй байгаа.

Хоёрт, анхан шатны шүүх шүүгдэгч М.А бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн болох нь хохирогч А.Г , хохирогч Ц.Б , хохирогч Н , гэрч А ын мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн. Гэвч хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болох холбогдогч Б , Б , С , С , У , А , С нарын мэдүүлгээр М.Аийг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, хүний биед халдсан, хутга барьж айлган сүрдүүлсэн үйлдэл гаргаагүй гэдгийг нотолдог. Ингээд дээр дурдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр буюу нотлох баримтыг харилцан одоо зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг огт заагаагүй, нотлох баримтаар үнэлсэн, гэрчийн мэдүүлгийг үнэлсэн эсэх, үнэлээгүй бол түүнийг үндэслэл хэрхэн няцаасан, үүссэн талаарх одоо тодорхой хууль зүйн дүгнэлтийг огт хийгээгүй.

Гуравт, шүүхээс гэм бурууг эргэлзээгүй баримтаар тогтоосон байхыг шаарддаг атал, эргэлзээтэй баримтад тулгуурлан гэм буруутайд тооцож байгаа нь хууль ёсны шаардлага буюу зарчимд харшилж байна  гэж үзэж байгаа юм. М.Агийн гэм буруугийн асуудал эргэлзээтэй, хөтөлбөргүй, нотлон тогтоогдоогүй үйл баримтуудын хооронд шалтгаант холбоо байхгүй, нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, дүгнэж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан.

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болох эргэлзээ, зөрүүтэй нотлох баримтыг заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой. Хэрвээ няцаан үгүйсгээгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу эрх зүйн нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэх ёстой. Энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүхийн хуралдаанаар 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар  тогтоолоор тодорхой тайлбарласан байдаг. ...иймээс Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбарыг үзвэл нотолгооны зөрүү үүссэн бол хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд тайлбарын агуулгаас үзэгдэх эрүүгийн хэрэгт үүссэн нотолгооны зөрүү, тоо хэмжээ, агуулгаас үл хамааран тэдгээрийг нэг ч зөрөөгүй байхыг шаарддаг, нотолгооны стандартыг тогтоон тайлбарласан. Шүүгдэгч гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болсон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоох явдал юм. ...энэ хэрэгт гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул М.Ад холбогдох хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн гомдол гаргасан байгаа.” гэв.

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяртогтох давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.Хонгор өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлтийг бол дэмжиж байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зөрчлүүдийг бий болгосон гэж үзэж байгаа.

1-т, дэд захирал А.Г , Ц.Б  нарыг өөрсдийнх нь ажиллаж буй компанид үйл ажиллагаа явуулж байгаа нь эсрэг саад учруулж байгаа гэдэг объектив талын шинжийг  дүгнэхдээ А.Г , Ц.Б  гэдэг хүн яг Ю гэдэг компанийн ажилчид мөн үү, биш үү гэдгийг эргэлзээгүй тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтад үнэхээр энэ  А.Г  гэдэг хүн энэ компанийн дэд захирал мөн юм уу, ажиллаж байгаа тушаал нь байгаа юм уу, хөдөлмөрийн гэрээ нь байгаа юм уу, энэ жолооч гээд байгаа хүнд нь бас тушаал, хөдөлмөрийн гэрээ байгаа юм уу, энэ талаар одоо мэтгэлцсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн үндэслэлээ анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолд тусгаж өгөөгүй.

2-т М.А хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагаа явуулахад саад учруулсан гэж дүгнэдэг. Гэтэл Ю компанийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан, саад учруулсан идэвхтэй үйлдлийг хийж, түүгээрээ дамжуулан тус компанийн мөнгө шилжүүлсэн гэдэг үндэслэл тогтоогдохгүй байгаа. ...М.Аийг гэм буруутай гэх дүгнэх болсон бичгийн нотлох баримтуудаар зөвхөн А.Г , Ц.Б , Н , Ж гэх 4 хүний мэдүүлгээр ялладаг. Гэтэл энэ 4 хүний өгөөд байгаа мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар хэрхэн яаж нотлогдож байгаа юм бэ гэдэг баримт хавтаст хэрэгт байхгүй. Нөгөө талаар А.Гын 2021 оны 11 дүгээр  сарын 22-ны өдрийн мэдүүлэг, хохирогч гээд байгаа Ц.Б ын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлгийн үг үсэг, цэг таслал нь яг адилхан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит нөхцөл байдлыг мөрдөгч, прокурорт эргэлзээгүй бодитойгоор үнэн зөвөөр тогтоох ёстой. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэт нэг талыг барьж явсан гэж би өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинж байхгүй, огт нотлогдоогүй. Энэ нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус зөрчсөн болохыг харуулж байна. ...миний үйлчлүүлэгчийн хэлээд байгаа гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээр тухайн үед энэ ковшийг ачуулаад өгөөч гэсэн. Мөн камерын бичлэгт хийсэн үзлэгээр энэ нөхцөл байдлууд маш тодорхой харагдана. Өнөөдөр хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үндэслээд миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа нь шударга ёсны зарчим болон хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.

Урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болно, тэглээ гээд энэ гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэдэг байдлаар Эрүүгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн харьяаллыг зөрчөөд хууль бусаар 2 хүүхэд байгаа гэрт нь очиж гүйцэтгэх ажиллагаа хийгээд толгойд нь юм углаад аваад явж байсан. Гэтэл миний үйлчлүүлэгч насанд хүрээгүй 2 хүүхэдтэйгээ ар гэрээ тэжээн тэтгэх, мөн одоо 2, 3 компанид давхар ажил хөдөлмөр эрхэлж байна, гэр бүлийнх нь хүн 2019 онд хилээр гараад явчихсан баримтууд хавтаст хэрэгт маш тодорхой авагдчихсан байж байгаа.

Гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй хэн нэгнийг ч гэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж тооцохгүй байх, зөрчсөн эрхийг сэргээх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтын хүрээнд үнэхээр эргэлзээтэй нөхцөл байдал байх юм бол үүнийг шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатын шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. Тэгэхээр Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаагч, прокурор бодит байдлыг нотлоогүй. ... Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байгаа учраас хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүй болгож миний үйлчлүүлэгчийг цагаатгаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэв.

8.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэрэгт хохирогчоор 3 хүнийг тогтоодог, хохирогчоор тогтоосон А.Г  гэх хүн тухайн хэргийн улмаас хэрхэн яаж хохирсон нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар тодорхойгүй. ...аль, аль талаас нь хамгаалалтын албаны 10 гаруй хүмүүс байсан гэтэл ганцхан М.А гэдэг хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болоод гараад ирэв, хохирогч А.Г  болон Ц.Б ын мэдүүлэгт 2.500.000 төгрөг, 2.500.000 төгрөгөөр 2 хуваагаад өгчих юм уу гэдэг асуудал яригддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд  заасан нотолбол зохих байдал, гэмт хэргийн санаа сэдэл зорилгыг заавал тогтооно  гээд хуульчилсан. Улсын дээд шүүхээс ч гэсэн энэ асуудлыг анхаарч гэмт хэргийн сэдэл санаа зорилгыг заавал тодорхойлж байж шийдэх ёстой гэсэн байдаг.

Жагирила надад худал орчуулга хийж өөрийн ашиг сонирхлын төлөө энэ мөнгийг шилжүүлээд Алтанхуягтай нийлж миний бизнесийг шахсан нөхцөл байдал байсан, энэ хүн бол тухайн үедээ М.Аг ажилд авч байна, би чамд тусалъя, ажилд орж байгаа учраас мөнгө хэрэгтэй бол энэ мөнгийг өгье гээд Н  руу яриад мөнгө  шилжүүлчихсэн. Энэ нь буцаж яваад өнөөдрийн 17.6 дугаар зүйлийн гэмт хэргийн гол зангилаа болоод байгаа юм. Анхан шатны шүүх А  компанийн хүмүүс өөртөө туслах Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх дүгнэлтдээ тусгасан байдаг. Мөн хохирогч Н  бол би хохирогч биш гэдгээ хэлдэг бөгөөд хохирогчийн өмгөөлөгчийн гомдол дээр бас маш тодорхой энэ байдлуудыг дурдсан. Энийг мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хангалттай мөрдөн шалгах ажиллагааны үед нягтлан, тогтоож чадаагүй байна. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ нотолгооны байдлыг ангилах боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй нотолгооны ач холбогдолтой гэж нотлох баримтаар авч үзэж байгаад нотлох баримтуудыг адил түвшинд үнэлэх шаардлага үүссэн. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйл Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй, түүний эрх, эрх чөлөө гэж бол баталгаажуулсан. Тэгэхлээр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байна уу, зөвхөн субьектив, яллах ажиллагаа явагдсан юм байна. Гэмт хэргийн объектив шинжийг яаж тогтоов гэдэг асуудал тодорхой биш байна. Өмнө нь бас давж заалдах шатны шүүхээр нэг удаа ороод, энэ нөхцөл байдлаас болоод буцаж байсан. Тэгээд тэрнээс хойш тодорхой ажиллагаа бас хийгдээгүй ийм нөхцөл байдлууд байгаа юм байна. Тэгэхлээр өмнөх 2 өмгөөлөгчдийн санал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар тухайн нөхцөл байдлыг шалгахад  магадлан тогтоосон боловч, шүүгдэгчид ашигтай нөхцөл, нотлох баримт нь илүү давамгай ийм нөхцөл байдал үүсэж байгаа учраас шүүгдэгч ашигтайгаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэв.

9.Хохирогчийн өмгөөлөгч Г.БаярЖ давж заалдсан гомдол болог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт гаргаагүй байгаа тул Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй  учраас хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүй болгож өгнө үү” гэв.

10.Прокурор Б.Оргилболд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...М.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл эс үйлдэхийг хууль бус  шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж, үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан байх бөгөөд биеийн хэлэмжийн хувьд танхайрч, бусад руу хутга тулган чичилж байгаа үйлдлүүд нь бусдын хөрөнгийг авахаар заналхийлсэн арга хэлбэр юм. Харин хэрэгт авагдсан баримтуудаар М.А нь дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэхээс өмнө харуул хамгаалалтын Т ХХ компанийн ажилчидтай тохиролцоо хийсэн болох нь тогтоогдохгүй. Мөн гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэмт хэрэг бусадтай хамтран оролцох гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүхийн шийдвэрээр түүний үйлдсэн гэм буруу, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршигт, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх тул Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Баяртогтох, И.Хонгор, хохирогч Ц.Нгийн өмгөөлөгч Г.БаярЖ нарын гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан эх сурвалжийг магадлан үзвэл:

1.Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокурор Б.Оюунцэцэгээс шүүгдэгч  М.Аг Дорноговь аймгийн Д сумын нутаг дэвсгэр, "Олон овоот" гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр "А ” ХХК-ийн эзэмшлийн талбайд “Ю ” ХХК-ийн дэд захирал А.Г, жолооч Ц.Б нарыг өөрсдийнх нь ажиллаж буй хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг явуулахад саад учруулж, хясан боогдуулж, хутга тулгаж, хүч хэрэглэхээр заналхийлж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ц.Нгаас Хаан банкин дахь өөрийн нэрээр эзэмшдэг * дугаартай дансаар дамжуулан 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэж, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд шүүгдэгч М.Аг “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий байна.  

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалж,  дүгнэлт хийжээ.

2.Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцээд хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан дүгнэсний зэрэгцээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, шүүгдэгчийн гэм бурууд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч М.А болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол, тайлбарт заасан үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруугүй гэж цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Тухайлбал шүүгдэгч М.А 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “А ” ХХК-ний эзэмшлийн талбайд “Ю ” ХХК-ний дэд захирал А.Г/1хх24/, жолооч Ц.Б нарын ажиллаж буй хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг явуулахад саад учруулж, хясан боогдуулж, хутга тулгаж, хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогч Ц.Нгаас 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн болох нь:

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хохирогч А.Гын “...тус компани Дорноговь аймгийн Д сумын нутаг Олон овоотод байрлах газрыг 2021 оны 3-р сард 60 саяар түрээслэн нүүрс ачиж буулгах, талбай, байшин барьж, гаалийн тусгай зөвшөөрөл авч ашиглаж, эхэлсэн, 14-ний шөнө баахан залуучууд ирж, ажилчдыг хөөж, компаний хашаанд дайрч орсон ба  энгийн хувцастай хулгайч нар шиг яриа хөөрөөтэй хүмүүс байсан, 15-ны орой тэр хүмүүсийг тодруулахаар жолоочтой хамт очиход шөнө бид хоёрыг уул руу дагуулан аваачиж хутга тулган, айлгаж 10 сая төгрөг одоо өгвөл явлаа гэхээр нь айгаад компани руу ярьж компаний данснаас  М.Аий * данс руу 10 саяыг шилжүүлсэн, айлгаж дарамталж мөнгө авсныг шалгаж, хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн гомдол,

хохирогч А.Г/1хх238-241/, хохирогч Ц.Ц.Б /2хх25-27, 2хх31-32/, хохирогч Ц.Н/2хх63, 3хх114-115/, гэрч О.Ж /2хх16-17, 2хх20-22, 3хх45-46/, гэрч Б.А /3хх61-62/, М.А, Жагирила нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлгийн тэмдэглэл/3хх120-124/, Хаан банк дахь Ц.Нгийн эзэмшдэг * данснаас “14-r talbai haasan asuudal shiideh zardal” гэсэн утгаар М.Аий * дугаар данс руу шилжүүлсэн мэдээлэл бүхий дансны дэлгэрэнгүй хуулга/1хх147/, царай таньж олуулах/6хх29-33/, шүүхийн шийдвэр, магадлал зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна.   

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээж оролцдог этгээд бөгөөд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, хэрэв худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээдэг болохыг тэдэнд тайлбарлан өгч, сануулж мэдүүлгийг авдаг бөгөөд энэ хэргийн хувьд хохирогч А.Г, Ц.Ц.Б , Ц.Н нар мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлсэн байх тул мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцнэ.

Харин гэрч Д.Б  /3хх52-53, 6хх147-148/, Н.Б  /3хх56-57/, Б.С  /2хх78-83/, Б.С  /2хх35-38/, Г.А  /3хх49-50/, М.С /2хх94-95/, Б.У /3хх41-42/ нарын мэдүүлгээс үзвэл М.Аг хүний биед халдсан, хутга мэс хэрэглэсэн үйлдэл гаргаагүй гэж хохирогч нарын мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэхдээ мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж,  мэдүүлээгүй байх тул шийтгэх тогтоолд хохирогч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж  хэргийг шийдвэрлэсэн үндэслэлтэй.

Мөн Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх журамд заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” гэсний дагуу оролцогчийн тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шийтгэх тогтоолд шүүгдэгч М.Аг “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн...” байхыг энэ гэмт хэргийн үндсэн шинж байхаар, халдлагын зүйл нь бусдын эд хөрөнгө буюу бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардсан идэвхтэй үйлдэл байна гэж хуульчилсан. 

Тиймээс хохирогч А.Гын “...тухайн үед хажуугаар А гэгч жижиг кноптой  хутга гаргаж ирээд тойроод алхаад байсан. Альфард загварын машинтай хүмүүс ирэхэд  А гэх хутга барьж байсан залуу “нөгөө пиздаанууд дахиад хүрээд ирж, очоод алаад хаячихъя” гэж хэлээд бөөнөөрөө хөдлөөд явсан. ...А гэгч нь утсаараа А  гэгч хүнтэй видео калл хийгээд А , А та хоёр арыг нь даана гэж хэлээ биз дээ, энэ хоёрын хэнийг нь алах юм” гэж яриад А  гэх хүндээ бид хоёрын нүүрийг харуулаад хутгаараа чичээд байсан. ...Ж талбайн камерыг гар утаснаасаа хянадаг бөгөөд камер харж байгаад М.А гэгчийг хараад өмнө нь зүс таньдаг, we chat-aap холбогддог байсан тул М.А рүү холбогдоод 10,000,000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх1хх238-241/,

хохирогч Ц.Ц.Б ын “...тухайн үед хажуугаар А гэгч жижиг кноптой хутга гаргаж ирээд тойроод алхаад байсан. Тэгтэл Гаалийн талбайн гадна талд байгууллагын сувдан цагаан алфарьд загварын машинтай хүмүүс ирэхэд А гэх хутга барьж байсан залуу “Нөгөө пиздаанууд дахиад хүрээд ирж, очоод алаад хаячихъя” гэж хэлээд бөөнөөрөө хөдлөөд явсан. ...А гэх хутга бариад яваад байсан залуу “Энэ хоёрыг алаад хаячихъя” гэж хэлээд хутгаа гаргачихсан явж байсан. А гэгч нь утсаараа А  гэгч хүнтэй видео калл хийгээд “А , А та хоёр арыг нь даана гэж хэлээ биз дээ, энэ хоёрын хэнийг хатгах юм” гэж яриад байсан. А  нь “чи наанаасаа холдоод яриадах” гэж хэлэхэд “Хуцаад байгаарай пиздаа минь, ажлаа алдаад энд ирчихлээ” гэж хэлэхэд Балуу “ахын дүү наад А тэй чинь би яръя, утсаа өгчих” гэхэд А нь “Чи хэзээ миний ах болчихсон юм, ална шүү чамайг” гэж хэлсэн. Балуу хариу юу ч хэлээгүй бөгөөд А нь утсаа аваад цаашаа явсан. Тухайн үед А гэгч нь намайг тойрч алхаж байхдаа хутгаараа нэг удаа миний гэдэсний баруун хэсэг рүү хатгах шиг болсон ба хутганыхаа кнопыг дарсан байсан тул цаашаа хураагдсан...” гэсэн мэдүүлэг /2хх25-27/,

хохирогч Ц.Нгийн “...тухайн үед Ж гээд манай нөхөр над руу залгаад энэ талбай дээр байгаа хамгаалалтын албыг буулгах гэж байна, тухайн данс руу 10 сая төгрөг шилжүүлчих гэж хэлсэн юм, ...М.А 2022 оны намар он, сарыг нь мэдэхгүй байна надтай 3 дугаар эмнэлгийн урд талын зочид буудал дээр манай ажил дээр ирж уулзаад өөрийгөө танилцуулаад би өмнө хэрэгт холбогдож байсан, одоо дахиад хэрэгт холбогдох юм бол ял шийтгэл нь хүндэрнэ, би эхнэр хүүхэдтэй хүн, би таны мөнгийг буцаагаад өгье, тухайн үед хүмүүсийг дагаж яваад саагаад онгирчихсон юм аа алдаа гаргасан байна гэж хэлсэн, тэгээд мөнгө төгрөг олдохгүй байна гэж байгаад намайг дөнгөж төрсний дараахан 10,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /3хх114, 115/-ээр шүүгдэгч М.А хохирогч нарт хутга гаргаж, айлган, сүрдүүлж, 10,000,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь дээр дурдсан гэмт хэргийн шинжид тохирч байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй бөгөөд харин шүүгдэгчийн “...хоёулаа хамтарч ажиллах юм чинь, ах нь чамд вагоны мөнгө гээд урьдчилгаа өгье, надад ажилд ор, гэж хэлээд миний дансыг надаас аваад данс руу мөнгө хийсэн. Тухайн үед би хэдэн төгрөг хийснийг мэдэхгүй байна. Яагаад гэвэл надад мэдэгдэл ирдэггүй”/1хх248-р тал/ гэсэн мэдүүлэг үндэслэлгүй бөгөөд  мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй мөн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул мэдүүлэг нь дангаараа шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй учиртай.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсанд нийцүүлэн үзэхэд Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Ад оногдуулсан 2 жил хорих ял түүний гэм бурууд тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн ба энэ хорих ялд өмнөх шийтгэх тогтоол/хх3хх215-4хх48/-оор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 21 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 21 хоног гэж түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцжээ. 

4.Харин анхан шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 4660 дугаартай шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүүхдүүдийг эцэг М.Агийн асрамжид үлдээсэн шүүхийн шийдвэрийг анхаарч үзээгүй, бага насны хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлээгүй байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна.

 Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3-т зааснаар “...эцэг нь...  хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй болсон” нөхцөл байдал үүссэн байх тул мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар охин А.Н , хүү А.М нарт асран хамгаалагч харгалзан дэмжигч томилохыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгох хүртэл нийт 73 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/245 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар М.Аий Н /РД:*/, М.Аий С /РД:*/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэж нэмж, тогтоолын 5, 6, 7, 8 дугаарыг 6, 7, 8, 9 гэж дугаарлан, бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 73/далан гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН

ШҮҮГЧИД А.САЙНТӨГС

Н.БОЛОРМАА