Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 205/МА2019/00022

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.*******

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.*******сүрэн

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжиннямын даргалж шийдвэрлэсэн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 388 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.******* нь 1974 онд төрсөн. Боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 04 сараас Улиастай сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад, Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугартай захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ёс зүйн зөрчил гаргаагүй / 2удаа хариуцлага/ хүлээгээгүй гэж үзэж байна. Уг захирамжийн үндэслэл болсон Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн намайг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай сахилгын шийтгэл ноогдуулах тухай аймгийн засаг дарга захирамжийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр авч танилцаад эс зөшөөрч байна. Учир нь 2018 оны 02 дугаар сарын 15-наас өмнө цэцэрлэгийн эрхлэгчээр хуулийн хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргасан. Иймд аймгийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн хавсралтын өөрт холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүх хуралдаанаар хэргийг эцэслэж шийдвэрлэх хүртэл хугацаагаар гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймгийн Улиастай сумын 6-р сургуулийн эрхлэгч Намнангийн ******* Завхан аймгийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаар, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/443 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд

1.1. Захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд: Н.******* нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/224 дугаартай захирамжаарУлиастай сумын 9-р цэцэрлэгийн эрхлэгчээр анх томилогдсон. 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас 6 дугаар цэцэрлэгт хийгдсэн хөрөнгө оруулалтыг дур мэдэн эзэмшиж байсан болохыг тогтоож тус зөрчилд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/242 дугаартай захирамжаар үндсэн цалинг 2 сарын хугацаатай 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан. Мөн 2017 онд улирал бүр үр дүнгийн уурамшуулал 30-45 хувиар өөр дээрээ тушаал гарган авч байсан санхүүгийн зөрчлийг Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 156 дугаартай актаар тогтоогдож, тухай үед Н.*******ын өөрийн хүсэлтээр 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөж ажлын байраар хангах хүсэлт тавьж Засаг даргаас 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар Н.*******ыг чөлөөлж, ажлын туршлага болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж дахин 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/31 дугаартай захирамжаар 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилж, дээрх зөрчилд үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, цаашид хууль тогтоомж хэрэгжүүлж ажиллах чиглэл өгч тодорхой нөхцөлүүдийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Цэцэрлэгийн эрхлэгч нь Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ аймгийн Засан даргын Тамгын эрх бүхий алба тушаалтны дор /салбар/ сумын Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгдөг бөгөөд www.meduuleg.iaac.mn цахим хуудаст бүртгүүлэн цахимаар өгдөг.

Н.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 6 дугаар цэцрлэгийн эрхлэгчээр томилогдсноос хойш ХАСХОМ-ийг Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах үүргээ мэдсээр байж /2018.03.10-ны өдөр Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож Авилгын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаарх сургалтад хамрагдсан, мөн жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор ХАСХОМ өгдөг нийтийн албан тушаалтан /180 хоногийн дараа хугацаа хоцроож мэдүүлсэн болохыг илрүүлж, АТГ-ын хяналт шалгалтын ажлыгн хэсэг 2018 оны 10 дугаар сард ажиллах явцад уг зөрчлийг тогтоож, Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-т заасны дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Н.******* нэхэмжлэлдээ ...2018 оны А/443 дугаартай захирамжийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр авч эс зөвшөөрч байна гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт захирганы актыг зохих журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болохоор заасан үүний дагуу захиргаа боломжит бүх аргаар мэдэгдсэн гэж үзэж байна. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр www.zavkhan.gov.mn сайтад байршуулж, дээрх акт байршуулсан талаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн удирдлагын шуурхай хурал дээр танилцуулж, өөрийн биеэр аймгийн ЗДТГ-ын бичиг хэргээс гардаж авахыг мэдэгдсэн боловч 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд гардаж аваагүй тул 6 дугаар цэцэрлэгт албан ёсоор хүргүүлсэн. Ийм учраас бид захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэж заасны дагуу ажлаас халах захирамжид захирамжийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй болохыг мэдэгдсэн.

Хоёр. Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/19 дугаарт захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

Завхан аймгийн Засаг даргын 2019 оны Б/19 дугаартай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгэр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 9.3.18, 9.3.20 дахь хэсэгт заасныг үндсэлэн Н.*******тай байгуулсан хөдөрмөрийн гэрээг цуцалсан.

Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/147 дугаартай захирамжаар үндслэн цалинг 1 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 захирамжаар сануулах сахилгын шийтгэл тус тус хүлээсэн байдаг. 2019 оны 02 дугаар сард 6 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байсан 1 нас 11 сартай бяцхан хүүхдийн амь нас эрсдэж, түүний ар гэрийн гишүүд цэцэрлэгт байх үеийн камерийн бичлэгийг хуулбарлаж авах хүсэлт тавьж цэцэрлэгт нь ирэх бүрт цэцэрлэгийн эрхлэгч ёс зүйгүй үйлдэл гаргаж нуугдах, уулзахгүй байх, ам хэлээр доромжлоод, камерийн бичлэгийг өгөлгүй устгасан талаар нас барсан хүүхдийн ар гэр гомдол гаргаж аймгийн Боловсролын салбарын ёс зүйн зөвлөл хуралдаж Тус зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр ёс зүйн зөрчөл гаргасан нь тогтоогдсон.

Цэцэрлэгийн насанд хүрээгүй 1 нас 11 сартай хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхээ хэтрүүлж сургуулийн өмгөх боловсоролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, мөн хуулийн 71 дугаар 71.2, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил гаргасан учир Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Иймд аймгийн Засаг даргын 2018 оны А/443, 2019 оны Б/19 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирмжийн өөрт холбоотой хэсэг, мөн даргын 2019 оны 04 сарын 03-ны Б/19 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, 2019 оны 04 сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх цалингаа нөхөн төлүүлэх, нийгмийн даатгал болон, эрүүл мэндийн даатгалыг шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Би байгууллага хооронд сэлгэн ажиллуулахад дахин хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг гэдгийг мэдээгүй. Мөн би ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргаагүй учраас 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 тоот захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд би багшаас арга зүйч, эрхлэгч хүртэл дэвшин ажиллаж байна. Би 2018 онд 6-р цэцэрлэгт сэлгэж ажиллахаар томилогдсон. 6-р цэцэрлэгт ажиллаж байх явцдаа ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би хуулийн хугацаанд хөрөнгө орлогыг мэдүүлгийг гаргаж өгч байсан. Сэлгэн ажиллуулахад хөрөнгө орлогын мэдүүлгийг дахин гаргадаг гэдгийг мэдээгүй. Сахилгын шийтгэлийг 2019 оны сарын 18-ны өдөр авсан. Намайг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж дээрх шаардлагыг гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******д хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага тус бүр дээр тайлбараа гаргая. Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хурлын үед гаргасан тайлбартаа энэ захирамж бол хөдөлмөрийн гэрээтэй хамааралгүй. Энэ бол захиргааны акт гэж тайлбарлаж байна. Манай зүгээс үүнийг хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэж үзэж байгаа. Яагаад хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэж үзэж байгаа юм бэ гэхээр хүний хөдөлмөрлөх эрхийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд зохицуулсан байдаг. Аймгийн Засаг дарга Н.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулчихаад Авилгын эсрэг хууль тогтоомжоор арга хэмжээ авсан учраас Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж биш өөр байдлаар арга хэмжээ авсан гэж байна. Монгол улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хүрээнд тухайн салбар хуулиар арга хэмжээ авсныг тодорхой зааж өгч болно. Гэхдээ энэ харилцаа хөдөлмөрийн харилцаатай холбоотой учраас Хөдөлмөрийн тухай хуулиар хэрэгжинэ. Төрийн албан хаагчид сахилгын арга хэмжээ авч байгаа бол энэ нь Төрийн албаны тухай хууль тогтоомжоор хэрэгжинэ. Тийм учраас иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийг Н.*******д гардуулж өгсөн баримт хэрэгт авагдаагүй. Уг захирамжийг гардаж авснаас хойш 3 сарын хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн болон бусад маргаанд гомдол гаргах эрх нээлттэй байдаг. Уг захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан байна гэж үзэж байгаа. Н.*******д Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд зааснаар сануулах сахилгын арга хэмжээ авах үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа юм бэ гэхээр энэ талаар Авилгын эсрэг хуульд заасан байдаг. Үүнд хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаандаа гаргаж өгсөн эсэхэд хяналт хийх, хөрөнгө орлогын мэлүүлгээ гаргаж өгөхийг шаардлах эрхтэй гэж заасан. Гэтэл хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан Н.*******ыг хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаандаа өгөхийг шаардаагүй тул хуулийн дагуу арга хэмжээ авсан гэж ярьсан. Шинээр ажилд сэлгэн томилогдож байгаа тохиолдолд хөрөнгө орлогын мэдүүлгийг шинээр гаргаж өгөх үүрэгтэй. Гэхдээ үүнийг шаардах нь эрх бүхий албан тушаалтанд байсан. Мөн энэхүү тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэх ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслээгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулчихаад арга хэмжээ авч байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэх нь зүйтэй. Авилгатай тэмцэх газрын зөвлөмж нь 2019 оны 01 сард ирсэн байдаг. Гэтэл Авилгатай тэмцэх газрын зөвлөмж албан ёсоор ирээгүй байхад Н.*******д арга хэмжээ авсан байна. Үүнийг Авилгатай тэмцэх газраас шаардсан гэж үзэх боломжгүй байна. Дээрх байдлуудыг үндэслээд Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 сарын 03-ны А/443 тоот захирамж үндэслэлгүй учраас *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Уг захирамжийн үндэслэх хэсэг дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, мөн 131 дүгээр зүйлийн сахилгын хариуцлага ногдуулах гэсэн 2 заалтыг барьсан байна. Уг 2 заалтыг барьсан захирамж дээр Улиастай сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгч Н.******* нь 2018 оны 04 сарын 03-ны А/147 тоот захирамжаар үндсэн цалинг 1 сарын 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан, мөн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр ёс зүйн зөрчил гаргасан, мөн Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг, Боловсрол соёлын газрын албан бичиг, Н.*******ын тайлбар, сахилгын зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үүнээс үзэхэд ноцтой зөрчил давтан гаргасан гэдэгт нь эргэлзэж байна. Ноцтой зөрчлийг давтан гаргана гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2 буюу түүнээс дээш удаа зөрчил гаргасныг давтан гаргасан гэж үзнэ гэж заасан. Гэтэл Н.******* 6-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилогдоод хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тодорхойгүй байхад сахилгын шийтгэл авсан нь Улиастай сумын 6-р цэцэрлэг дээр зөрчил гаргасан гэж үзэх үү, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн ярьснаар Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамж нь хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын зөрчил биш гэж байгаа боловч 2019 оны ажлаас чөлөөлж байгаа захирамж дээр сахилгын зөрчил давтан гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж байгааг ойлгохгүй байна. Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийг үндэслэлгүй гэж манай тал маргаж байгаа учраас сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжид Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой гэж үзэх боловч Н.*******ыг сахилгын шийтгэл давтан гаргасан гэж хөдөлмөрийн тухай хуулийг бариад байгаа нь хөдөлмөрийн гэрээнд хамааруулж байна. Уг захиармжийг захиргааны акт гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Боловсрол соёлын газрын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр Н.*******ыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Боловсрол соёлын газрын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг албан ёсны дүгнэлт гэж үзэх боломжгүй. Учир нь захиргааны хэргийн шүүх үүнийг дүгнэлт биш санал байна гэж үзсэн. Мөн ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэнд дурдагдаад байгаагаар Н.******* иргэн ******* болон ажилчид, эцэг эх асран хамгаалагч нартай ёс зүйгүй харьцаж байсан уу гэдэг талаар тухайн үед хамт ажиллаж байсан багш *******, иргэн ******* нарын мэдүүлгээр ёс зүйгүй харьцсан асуудал харагдахгүй байна. Ёс зүйгүй харьцсан асуудал байхгүй байхад ёс зүйгүй байна гэж дүгнэсэн нь ямар учиртай юм бэ, энэ дүгнэлт хууль ёсны гаргасан гэдэгт эргэлзээтэй байна. Боловсролын газрын ёс зүйн зөвлөл уг дүгнэлтийг гаргахдаа ямар нэгэн нотлох баримтаар баталгаажуулаагүй. Цэцэрлэгийн эрхлэгч бичлэг өгөөгүй нь ёс зүйгүй байна гэж үзсэн. Бичлэг өгөөгүй учраас ёс зүйгүй байна гэдэг нь ямар журмаар нотлогдож байгаа юм бэ, бичлэг өгөх ёстой журам байна уу, уг бичлэгийг өгөх гэж оролдсон учраас үүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Н.*******д 9-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх үед гаргасан зөрчилд 6-р цэцэрлэгийн эрхлэгчээр томилонгуут нь хариуцлага тооцсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш хариуцлага тооцсон юм уу, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө авсан юм уу гэдэг нь тодорхойгүй байгаа учраас өмнө гаргасан зөрчил гэж үзэх боломжтой юу гэдэгт эргэлзэж байна. Мөн нэхэмжлэлийн дараагийн нэг шаардлага бол ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилсэн байгаа сахилгын шийтгэл давтан гаргасан гэж үзэх боломжгүй байдалд ажилд эгүүлэн томилох үед цалин хөлсний маргаан үүсдэг учраас үүнийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй эвлэрэх санал гаргахгүй гэсэн учраас тайлбараа шууд гаргаад явъя гээд манай байгууллагын зүгээс Н.*******ыг хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Н.******* Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны А/443 тоот захирамжийг мэдээгүй байсан гэж тайлбарлаж байна. Манай байгууллагад хөрөнгө орлогын мэдүүлгийн программ байдаг. Уг программд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргасан болон хугацаа хэтэрсэн талаар бүх мэдээлэл гарч ирдэг. Хөрөнгө орлогын мэдүүлгийн программд тухайн албан тушаалтан өөрөө мэдүүлгээ шивж оруулдаг. Мөн манай байгууллага удирдах албан тушаалтаны зөвөлгөөнийг 2018 оны 03 сард хөрөнгө орлогын мэдүүлгийн чиглэлээр Авилгатай тэмцэх газраас холбогдох албан тушаалтануудыг авчирч Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн талаар сургалт зохион байгуулсан. Н.******* хууль тогтоомжийг мэдээгүй байсан гэдэг нь хариуцлага хүлээлгэхгүй байх шалтгаан нөхцөл болохгүй. Тийм учраас хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад хугацаа хэтэрсэн, хугацаа хэтэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг талаар тухайн албан тушаалтан маань мэдэж байгаа. Сахилгын шийтгэл авсан тухай захирамж албажиж гарсныхаа дараа олон нийтийн мэдээллийн сайтад мэдээлэгддэг. Хэрвээ албан тушаалтанд хариуцлага ногдох юм бол тухайн сахилгын шийтгэлийн талаар 5 хоногийн дотор олон нийтийн мэдээллийн санд мэдээлэх журмыг хэрэгжүүлж ажилласан. Энэ талаараа тодорхой нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Авилгатай тэмцэх газрын вэб сайтанд тухайн албан тушаалтанд холбогдох сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг тавьсан. Үүнийг мэдснээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Энэ талаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэгдэх ёстой. Тийм учраас захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах ёстой. Уг захирамжийг хүчингүй болгуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хэргийн харьяалал буруу байна гэж үзэж байна. Н.*******д Завхан аймгийн 2018 оны 10 сарын 25-ны өдрийн сахилгын шийтгэл, мөн даргын 2019 оны 04 сарын 03-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Боловсролын салбарын ёс зүйн зөвлөл Н.*******ыг ёс зүйн зөрчил гаргасан болохыг нь тогтоогоод арга хэмжээ авахуулахаар аймгийн Засаг даргад албан бичиг ирүүлсэн. Мөн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4.1.4 дэх хэсэг, 7.1.2 дахь хэсэг, мөн Засгийн газрын 2011 оны 311-р тогтоолыг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр мэргэжлийн хяналтын байгууллагаас Н.*******ыг уг зөрчлийг үйлдсэн гэдэг талаар мэдэгдсэн. Н.******* хөдөлмөрийн гэрээний 9.1.3, 9.1.2 дахь заалтуудыг зөрчсөн учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахгүй. 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд харьяалагдахгүй. Тийм учраас иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Уг нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэлийг буцааж өгнө үү. Бусад шаардлагын тухайд хуульд заасан арга хэмжээ авсан учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Анхан шатны шүүх:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ыг Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас 6,552,658 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 119,792 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Намнангийн ******* нь Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох иргэний маргаанд миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 388 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай Н.*******д сахилгын шийтгэл ногдуулсан хүчин төгөлдөр нэгэнт биелэгдсэн захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эртэй гэснийг зөрчсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 388 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй учир шүүх хуралдааны товыг ******* дугаарт мэдэгдэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч талын төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонслоо. Анхан шатны шүүхийн шүүгчийн буюу Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 388 дугаартай шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Хариуцагч талын ярьж байгаа 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн захирамжийн тухайд хүчингүйд тооцсон нь шударга ёсонд нийцнэ гэдэг нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайлбал 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөглөөд 9 дүгээр цэцэрлэгт орсон байхад өмнөх хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл авсан нь хууль нийцэхгүй байх. Мөн хариуцагч талын ярьж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд биш шийдвэр байна гэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэсэн нь харагдаж байна. Тогтоох хэсгийн нэгдүгээр заалтад Н.*******ыг 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эргүүлэн томилж Аймгийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаар захирамжийн өөрт холбоотой хэсгийг хүчингүй болгох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Тогтоох хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн захирамжийн талаар ямар нэгэн үсэг дурдаагүй нь нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн байна. Харин шүүх үндэслэх хэсэгтээ өөрийн эрхийн хүрээнд тодорхой хууль ёсонд нийцсэн, нийцсэн эсэх талаар дүгнэлт хийсэн нь хууль ёсонд нийцсэн байна гэж үзэж байна.

Ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдож байгаа гэдэг зүйл яригддаг. Ёс зүйн зөвлөлийн гаргасан ёс зүйн дүгнэлт Н.******* нь тухайн иргэнд камерийн бичлэг өгөөгүй нь ёс зүйн зөрчил гаргасан байна гэж үздэг. гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд камерийн бичлэг биш тухайн хүүхдийг авсан нь ёс зүйн зөрчил байна гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Энэ нь ёс зүйн зөвлөлийн дүгнэлттэй зөрчилдөж байна. Тухайн дүгнэлт үндэслэлтэй гарж чадаагүй гэж үзэж байна. 1 нас 11 сартай хүүхдийг авсан нь сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9.7 дахь заалт, цэцэрлэгийн эрхлэгчийн бүрэн эрхэд зааж өгсөн боломжтой зүйл байна. Хэдийгээр Аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2 нас хүрээгүй хүүхдийг цэцэрлэгт хамруулж байгаа нь үндэслэлгүй байна энэ хамрагдалтыг зогсоох талаар арга хэмжээ авч ажил гэсэн албан бичиг ирүүлсэн байна. Арга хэмжээ авч ажил гэдэг нь зохион байгуулалтын арга хэмжээ авах гэсэн үг. Үүн дээр тусгайлан *******д арга хэмжээ авахыг хэлээгүй анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд бусад цэцэрлэгүүд тухайн үед бас 2 нас хүрээгүй хүүхэд авч байсан нь тогтоогддог. Тэгэхээр энэ нь Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гэж үзэх боломжгүй юм. *******ыг ёс зүйн зөрчил гаргасныг мэргэжлийн хяналтын газар дүгнэж дүгнэлт гаргаагүй. Иймд ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа болохоор ёс зүйн гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Сахилгын зөрчил давтан гаргасан эсэх нь эргэлзээтэй анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Имйд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Н.*******ыг аймгийн засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдийн Б/19 дугаар захирамжаар ажлаас нь халсан. Энэ захирамжаар халах үндэслэл гэвэл 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/147 дугаар захирамж, 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 болон Боловсролын тухай хуулуудийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Мөн Боловсрол соёл урлагын газрын Ёс зүйн хорооны дүгнэлтээр ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/147 дугаар захирамжыг харахад нэг сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Тухайн үед би 6-р цэцэрлэгт хяналт шалгалтаар очиж Санхүүгийн хяналт шалгалт дотоод аудитын албанаас санхүүгийн баримтад үзлэг хийхэд Н.******* нь өөрөө өөртөө урамшуулалыг шийдвэргүйгээр авдаг байсныг Санхүүгийн хяналт шалгалтын албаны Улсын байцаагч илрүүлээд акт тавьсан. Мөн Цэцэрлэгийнх нь ажилтан Солонгос улс руу сургуульд суралцахаар явахад нь тухайн актан дээр ажлаас нь чөлөөлөөгүй оронд нь ээжийг нь авч ажиллуулж байсан ноцтой зөрчил гарсан байсан. Тэр үед энэ зөрчлийг нь хэлэлцэж боломж олгож энэ зөрчлөө засаарай харин санхүүгийн хяналтаар илэрсэн зөрчил төсөвт учруулсан хохиролд акт тавигдана энэ актыг төлөөрэй гэсэн байдлаар ажлаас нь чөлөөлөх гэж байсан гэтэл 9 цэцэрлэгйин эрхлэгч нарт бүгдэд нь ийм ижил зөрчил илэрсэн. Өөрөө өөрсдөө урамшуулал авдаг зөрчил. Ахиж ийм санхүүгийн зөрчил гаргахгүй, ажилдаа хариуцлагатай хандана гэсэн нөхцөл байдлыг нь үндэслэн нэг боломж олгосон. Гэтэл Санхүүгийн албанаас яагаад санхүүгийн зөрчил гаргасан албан хаагчиддаа сахилгын шийтгэл ногдуулахгүй байгаа юм бэ энэ хүмүүс өөрсдөө ажлаасаа халагдахгүйгээр сахилгын шийтгэл авах хүсэлт гаргасан байна гэсэн. Тэр өдөр аймгийн зөвлөлийн хурал болж Б.******* өөрөө биеэрээ ирж оролцож, надад сахилгын шийтгэл ногдуулан ажилд хэвээр үлдээж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Тэр үед хүсэлтийг нь хүлээж аваад акт гаргасан. Актыг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан үүнээс хойш хууль бус шударга ёсонд нийцэхгүй байна, хүний эрхийг зөрчиж байна гэж үзэж байсан бол холбогдох эрх бүхий байгууллагад гомдол гаргах ёстой байсан. Энэ гомдлыг гаргаагүй энэ акт хүчин төгөлдөр биелэгдээд нэгэнт биелэгдсэн. Шүүхээс энэ актыг шударга ёсонд нийцүүлж байна гээд нэхэмжлэлийн шаардлагын хүрээ хэтрүүлж захирамжийг шударга ёсонд нийцэхгүй байна гэсэн нь зөрчилтэй байна гэж үзэж байна.

Тухайн үед захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар өгөхдөө би 1 нас 11 сартай хүүхдийг боловсролын тухай хууль зөрчөөгүй эцэг эхийнх нь хүсэлтээр өргөдөл гомдлыг нь авсан гэдэг. Гэтэл Б.******* дараа нь өөрөө цэцэрлэгийн эрхлэгчийн эрхийг хэн нэгэнд шилжүүлэх эсвэл энэ хүүхдийг цэцэрлэгт авах эсэхийг цэцэрлэгийн эрхлэгч л шийддэг байтал намайг байхгүй байхад манай багшид өгсөн байсан өргөдөл нь байгаа гэсэн тайлбар хэлсэн. Яагаад тухайн үед өөрөө шийдэх асуудлаа өөрөө шийдээгүй, өөрийн үүргээ хэрэгжүүлээгүй 1 нас 11 сартай хүүхдийг цэцэрлэгтээ элсүүлэхийг зөвшөөрөөд манай багш авсан гэсэн нь хууль зөрчөөгүй юу?

Анхан шатны шүүхийн дүгнэх хэсэгт ингэж хүүхэд авсан нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг зөрчөөгүй байна гэсэн байна. Гэтэл Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд хяналт тавьдаг Мэргэжлийн хяналтыг байгууллагаас энэ Боловсролын хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн албан бичиг ирүүлж, энэ хүндээ хариуцлага тооц гээл энэ зөрчлийг нь нотолсон байдаг. Мөн Б.******* эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа маш олон зөрчил гаргаж байсан. Тухайлбал хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэсэн 2017 онд өөрөө эзэмших ёсгүй хөрөнгийг эзэмшсэн байсан энэн дээр манайхаас хариуцлага тооцсон. 2019 оны 04 сарын 03-ны өдөр ажлаас нь халахдаа энэ тушаалын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан ч ажилдаа ямар ханддаг вэ? Ямар нөхцөл байдлаар ханддаг вэ? гэдгийг шүүх харгалзах үзэх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд хамгийн сүүлд ёс зүйн зөрчлийн тухайд гэвэл 1 нас 11 сартай хүүхдийг цэцэрлэгт авч хүмүүжилсэн нь Боловсролын тухай хуулийг зөрчсөн гэдэг нь шүүхэд цугларсан нотлох баримтуудаас харагдана. Өнөөдрийн байдлаар Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдэд 2 нас хүрээгүй хүүхдийг авч хүмүүжүүлж байгаа тохиолдол байхгүй байна. Үүн дээр хяналт тавьж байгаа гэтэл энэ үүргээ зөрчсөн байхад шүүх үүнийг боломжтой учир зөрчил биш дүгнэснийг хууль бус гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.*******сүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үнэн зөв бодит гараагүй гэж үзэж байна. Ямар үндэслэлээр тэгж үзэж байна вэ гэвэл нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн өөрт холбоотой хэсгийг хүчингүй болгох, Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 буюу ажлаас халсан захирамжийг хүчингүй болгох, ажилд эргүүлэн томилуулах, цалин хөлсийн олговор олгуулах гэсэн шаардлага гаргасан. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2018 оны 04 сарын 03-ны өдөр 1 удаагийн сахилгын шийтгэл, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сахилгын арга хэмжээ авсан. Энэ 2 удаагийн сахилгын шийтгэл авсанаар давтан ёс зүйн зөрчил авсан гэж үзсэн. Энэ нэгдүгээр үндэслэл болгосон. Хоёрдугаар үндэслэл нь 2 ой хүрээгүй хүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж ёс зүйн зөрчил гаргасан. Сахилгын шийтгэлийн 2 давтан зөрчлийн нэг нь 2018.04.03-ны өдрийн сахилгын арга хэмжээ өгсөн Аймгийн Засаг даргын захирамж байгаа нэхэмжлэгч энэ захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэтэл анхан шатны шүүхээс энэ сахилгын шийтгэл гаргасанаас хойш хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн боловч эрх зүйн байдлыг нь дордуулсан учир хууль бус шийдвэрийг хүчингүй болгох нь хууль ёсонд нийцнэ гэж үзэн хүчингүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн шийдвэрээ гаргасан. Өөрөөр Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүрээг нь зааж өгсөн. 1 дүгээрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангана. 2 дугаарт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгоно. Бас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно гэж хүрээг нь тогтоогоод өгсөн. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйл дээр өөрөө сайн дурын үндсэн дээр дүгнэлт хийгээд шударга ёсонд нийцнэ гэж хүчингүй болгосон. Энэ 2018.04.03-ны өдрийн сахилгын шийтгэл авсан захирамж нь хөөн хэлэлцэх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 102.1-д зааснаар өнгөрсөн байсан. Нэхэмжлэлд дурдаагүй асуудал дээр өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлээд шийдвэр, дүгнэлт гаргасан нь хариуцагч талын эрх зүйн байдлыг дордуулж байна. Мөн энэ шийдвэрийнхээ үндэслэлийг шударга ёсонд нийцсэнийг ямар хуулийн юунд заасан шударга ёс. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд талуудын тэгш эрхийн хүрээнд талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг ба хэргээ хянан шийдвэрлэдэг. Гэтэл шударга ёсны зарчим гэх зүйлийг гаргаж ирээд дүгнэлт хийсэн.

Хоёрдугаарт. 1 нас 11 сартай хүүхдийг авсан нь СӨБ-ын тухай хуулийн 9.7-д заасанд нийцсэн байна. СӨБ-ын тухай хуулийн 9.7-д энэ хуулийн 8.7, 8.8, 8.9, 8.10-т заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд 2 нас хүртэлх насны хүүхдийг асран хамгаалагчийнх нь хүсэлтээр асран хамгаалах, хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж болноо цэцэрлэг гэж заасан байдаг. 8.7- 8.10-т заасан нөхцөлийг хангасан тохиолдолд гэж заасан заалтад Аймгийн Мэргэжлийн хяналтын газар Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан 2 байцаагч дүгнэлтээ гаргаад тэр дүгнэлтийнх нь дагуу 8.7- 8.10-т заасан нөхцөл нь бүрдээгүй байна. Анги танхимын эрүүл мэндийн шаардлага хангагдахгүй байхад 2 хүртэлх насны хүүхэд авсан нь буруу байна гэж Улсын байцаагч нар дүгнэлт гаргаад энэ дагуу Аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга томилох эрх бүхий албан тушаалтан буюу Аймгийн Засаг дарга руу цэцэрлэгт 2 хүртэлх насны хүүхэд авсан байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.11, 4.1.1, 72 хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Ахин ийм зөрчил гаргахгүй бахыг анхааруулж байна. Ийм ноцтой зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооц гэсэн Мэргэжлийн хяналтын байцаагч нарын дүгнэлтэд үндэслэсэн албан бичиг ирсэн байна. Үүнээс сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9.7 дахь заалт буюу шүүгчийн үндэслэл болгосон заалтын 8.7-8.10-т заасан нөхцөл нь бүрдээгүй байхад 2 хүртэлх насны хүүхэд авсан байна гэдэг нь харагдаж байна. Шүүх заалтад дүгнэлт хийхгүйгээр улсын байцаагчийн акт хүчинтэй байхад зөрчөөгүй байна гэж дүгнэлт гаргасан нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

Гуравдугаарт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаар захирамжийн өөрт холбоотой хэсгийг хүчингүй болгуулах гэсэн энэ нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг томилогдсоноос хойш 30 хоногийн дотор гаргаагүй албан тушаалтнуудад нэхэмжлэгчийн нэр ирээд энэ хүмүүст Авлигын эсрэг хуулийн дагуу арга хэмжээ ав гээд нотдлогдоод ирсэн зөрчил дээр Аймгийн Засаг дарга арга хэмжээ авсан. Үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй байна гээл хэвээр үлдээсэн. Тэгэхээр 2 дахь сахилгын шийтгэл авсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаар захирамж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гаргасан гэж үзээд 2018 оны 04 сарын 03-ны өдрийн захирамжийг хүчингүй болгосон нь нэхэмжлэлийн шаардлагыг дурдаагүй дээрээс нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Энийг шүүх шийдвэрлэх эрх зүйн эрх байгаагүй байна нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч байна. Дээрээс нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргадаг. Ямар тохиолдолд энэ хүн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэнээ хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаагүй учир нэхэмжлэлийн шаардалагыг хүлээн авахгүй байх нөхцөл бүрдсэн байхад гаргаагүй шаардлагыг өөрийн санаачлагаар хүлээж аваад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад шийдээд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байхад хэтрүүлэн шийдсэн байна. Энэ хуулийн хүрээнд эрх хэмжээгээ хэтрүүлсэн ноцтой зөрчил байна гэж үзэж байна. Ийм үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна. Ёс зүйн зөрчил гаргасан нь мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Д.*******д холбогдуулан Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн өөрт холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, мөн аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Тус нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хүлээн авч шүүгч Т.Балжинням 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хувиарлана. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шүүхийн ерөнхий шүүгч ...хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасан зарчимыг зөрчиж, тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдоогүй шүүгч шүүх хуралдааныг даргалж, хэргийг шийдвэрлэжээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх заалттай нийцээгүй байна.

Мөн шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага ойлгомжгүй тодорхой бус байхад тодоруулаагүй, хэрэгт авагдсан баримтуудыг бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс маргааны үйл баримтыг хангалттай тогтоож, түүнд эрх зүйн дүгнэлт хийж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 388 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ж.БАТТОГТОХ 

ШҮҮГЧИД                         Б.НАМХАЙДОРЖ 

Б.АРИУНБАЯР