Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 315/ШШ2026/00184

 

 

 

 

2026 03 11 315/ШШ2026/00184

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ................ оршин суух ......

 

Малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч ......,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...... нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Миний бие 1968 онд төрж, аав ээжийг даган мал маллаж өссөн. Миний бие 1984 онд 16 нас хүрч Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд орж, мал маллаж цалин авч эхэлсэн. Би 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж эхлээд 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1988 оны 9 сараас Гайхамшигт нэгдэлдээ үргэлжлүүлэн малчнаар ажиллаж 1990 оныг дуустал уг нэгдэлдээ малчнаар ажилласан. Миний бие одоо өндөр насны тэтгэвэртээ малчнаар ажилласнаар гарах гэсэн боловч миний цалингийн лавлагаа зарим он, сарууд дутуу гарсан. Мөн Хөдөлмөрийн дэвтэрт миний ажилд орсон тушаалыг 1984 оны 10 сард гаргаснаар бичсэн, ажлаас гарсан тушаал дэвтэрт бичигдээгүй зэргээс шалтгаалан дээрх хугацаанд ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Би 1984 оны 6 дугаар сарын 01-нээс эхэлж малчнаар ажилласан боловч миний тушаал мөн оны 10 дугаар сард гарсан юм. Тушаал гараагүй байсан ч би цалин авч, малчнаар ажиллаж байсан. Иймд ...... миний Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ...... нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн цалингийн лавлагаа, 214 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 7505 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх ...... нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...... нь малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. ...... нь Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн цалингийн лавлагаа, 214 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 7505 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

 

4. Гэрч ......: ...Би 1986 онд Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малын эмчээр ирж байсан. ...... нь намайг ажилд ороход тус нэгдэлд байсан бөгөөд адууны талд нэгдлийн адуун сүргийг маллаж байсан. Тэгээд ...... нь 1990 он хүртэл ажиллаад хувьдаа гарсан. 1990 онд өмч хувьчлал явагдаад хүмүүс хувь хувьдаа малаа аваад хөдөө гарцгаасан. Тэгэхэд ...... нь мал авч хөдөө гараад одоог хүртэл мал маллаж амьдарч байгаа...гэх,

 

5. Гэрч ......: ......... нь Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1980 оноос эхлээд туслах адуучнаар ажилладаг байсан бид багаасаа нэг нутаг усанд амьдарч байсан учир бие биеээ сайн мэднэ. Би Баянтэрэм сумын бага сургуульд багшаар ажилд орсон. Баянтэрэм сум нь Мөнххаантай нэгдээд Мөнххаан сум бий болсон. ...... нь 85, 86 оны орчимд цэрэгт яваад 1988 он гэхэд эргэж ирээд нэгдэлдээ адуун сүрэг дээрээ ажиллаж байгаад 1990 онд нэгдэлд татан буугдахад хувиараа мал аж ахуй эрхлээд гарсан. Одоог хүртэл малаа маллаад амьдарч байгаа... гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

6. Иймд ...... нь Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Баянхаан овогт ......ыг Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР