Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 315/ШШ2026/00183

 

 

 

 

 

2026 03 11 315/ШШ2026/00183

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............................. тоотод байрлах, ......

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч ......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарахаар Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газарт бичиг баримт бүрдүүлэхэд Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт Хүрмэн блокийн цехэд 1981-1983 оныг дуустал ажиллаж байсан байдлыг, мөн 1988 оноос эхлэн 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийн газарт ачигчаар ажиллаж байсан байдлаа шүүхээр сэргээн тогтоолгож ир гэсэн. Би 1981-1983 онуудад аймгийн Барилга угсралтын конторт хүрмэн блокийн цехэд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, 1988-1991 оныг дуустал аймгийн Худалдаа бэлтгэлийн газарт ачигчаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийг хаяж үрэгдүүлсэн.

Иймд миний 1981-1983 оныг дуустал Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт ажиллаж байсан байдлыг Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 10 сарын 09-ний өдрийн 297 тоот ажилд томилсон тушаал, 1983 онд ээлжийн амралт олгож байсан 231 тоот тушаал,1982 онд өөр ажилд томилж байсан тушаал, мөн 1988-1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийн газарт ачигчаар ажиллаж байсан байдлыг 2006 оны 8 сарын 04-ний өдрийн 240/15 дугаар Сүхбаатар аймгийн Архивын газрын лавлагаа зэргийг үндэслэн сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

Иргэний үнэмлэхийн хуулбар,

Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 6 сарын 24-ний өдрийн 231 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал ,

Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 02 сарын 11-ний өдрийн 40 тоот Ажлаас түр чөлөөлж, өөр ажилд томилох тухай тушаал,

Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 10 сарын 09-ний өдрийн 297 дугаар Ажилд томилох тухай тушаал, хавсралт,

Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2006 оны 8 сарын 04-ний өдрийн 240/15 дугаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн албан бичиг,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт,

544724 дугаартай цэргийн батлахын хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх ...... нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...... нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт хүрмэн блокийн цехэд 1981-1983 оныг дуустал, Сүхбаатар аймгийн худалдаа бэлтгэлийн газарт 1988-1991 оныг дуустал ачигчаар, тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ...... нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт хүрмэн блокийн цехэд 1981 оны 10 сарын 09-ний өдрөөс 1983 оныг дуустал, Сүхбаатар аймгийн худалдаа бэлтгэлийн газарт 1988 оны 6 сарын 21-ний өдрөөс 1991 оныг дуустал ачигчаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 6 сарын 24-ний өдрийн 231 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 02 сарын 11-ний өдрийн 40 тоот Ажлаас түр чөлөөлж, өөр ажилд томилох тухай тушаал, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 10 сарын 09-ний өдрийн 297 дугаар Ажилд томилох тухай тушаал, хавсралт, Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2006 оны 8 сарын 04-ний өдрийн 240/15 дугаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн албан бичиг,

 

гэрч ...... шүүхэд өгсөн ...1981 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын барилга угсралтын конторын хүрмэн блокийн цех гэж байхад бид хамт ажиллаж байсан юм. Би 1981 оны 6 сард анх ажилд орсон намайг ажилд ороход ...... тус цехэд ажиллаж байсан бөгөөд хүрмэн блокийн цехийн шөнийн ээлжинд ажилладаг байсан. Бид нар 3 бригадад хуваагдаад ээлжилж ажиллаж байсан. Би жил гаран ажиллаж байгаад ажлаасаа гарахад ...... ажлаа хийгээд үлдсэн... гэх,

 

гэрч ...... шүүхэд өгсөн би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын барилга угсралтын конторын хүрмэн блокийн цехэд ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад 1981 онд ...... тус цехэд туслах ажилтнаар орж ирж байсан юм. Бид бөөндөө блок зуурах, блок ачих, зөөх зэрэг ажлыг хийдэг байсан. ...... 1983 он хүртэл ажиллаж байгаад цэрэгт яваад өгсөн гэх,

 

гэрч ...... шүүхэд өгсөн би ......тэй Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын бөөний бараа баазад 1988-1991 оны хооронд хамт ачигч буюу сумд руу гурил, будаа, хүнсний зүйл бараа гээд бүх зүйлийг ачиж явуулдаг байсан. 1991 онд зах зээл болоод бөөний бараа бааз цомхотгол хийх үед ...... ажлаасаа халагдсан. Би 1995 он хүртэл ажиллаад ажлаас гарсан гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

5. Иймд ...... нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт хүрмэн блокийн цехэд 1981 оны 10 сарын 09-ний өдрөөс 1983 оныг дуустал, Сүхбаатар аймгийн худалдаа бэлтгэлийн газарт 1988 оны 6 сарын 21-ний өдрөөс 1991 оныг дуустал ачигчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ...... Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт хүрмэн блокийн цехэд 1981 оны 10 сарын 09-ний өдрөөс 1983 оныг дуустал, Сүхбаатар аймгийн худалдаа бэлтгэлийн газарт 1988 оны 6 сарын 21-ний өдрөөс 1991 оныг дуустал ачигчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР