| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2519001770183 |
| Дугаар | 2026/ДШМ/02 |
| Огноо | 2026-01-09 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/02
Г.Аөд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ц.Цэрэндулам,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/591 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Г.Аөд холбогдох 2519001770183 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Яллагдагчийн биеийн байцаалт:
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Г.А нь Дорноговь аймгийн * дүгээр байрны гадна зогсоол дээр байсан Тоёота приус-41 маркийн * улсын дугаартай Д.Дий эзэмшлийн тээврийн хэрэгслийн цонхыг чулуугаар цохиж хаглан бусдын эд хөрөнгийг хууль бусар устгасны улмаас 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас яллагдагч Г.Аөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Аөд холбогдох эрүүгийн 2519001770183 дугаартай хэргийг прокурорт буцааж,
хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Аөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Аөд холбогдох хэргийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд прокурорт хэргийг буцаах тухай 591 дугаартай шүүгчийн захирамжийг гаргасан, тухайн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаарын 1 дүгээр хавсралтад баталсан журмын заалтуудыг тус тус зөрчсөн учраас тухайн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн, шүүгдэгч Г.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч авах хууль зүйн туслалцаа авах эрхийг танилцуулж сэжигтнээр мэдүүлэг авахад өмгөөлөгчгүй мөрдөн шалгах ажиллагаанд оролцоно гэдэг мэдүүлгийг өгдөг, мөн хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа Г.А нь өөрийн гараар өмгөөлөгч авахгүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөх тухай хүсэлтийг бичгээр үйлдэж хэрэгт хавсаргасан байхад, шүүгч өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр хавсаргаж хэрэгт ирүүлээгүй, мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүдэн гарах үр дагаврыг ойлгохгүй байна үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа тул Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
1.Хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан эх сурвалжийг магадлан үзэхэд прокуророос, Г.Аийг Дорноговь аймгийн * дүгээр байрны гадна зогсоол дээр байсан Тоёота приус-41 маркийн * улсын дугаартай Д.Дий эзэмшлийн тээврийн хэрэгслийн цонхыг чулуугаар цохиж хаглан бусдын эд хөрөнгийг хууль бусар устгасны улмаас 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
2.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6-д заасан нөхцөл байдал хангагдаагүй үндэслэлээр 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2025/ШЗ/591 дугаартай шүүгчийн захирамж гарган хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч “ ... анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэрийг гаргаж, хуульд заагдаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан” гэсэн агуулга бүхий үндэслэлээр эсэргүүцэл гаргасан.
3.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаасан тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан шуурхай явуулж, шүүхээр хэргээ шийдвэрлүүлж байгаа хохирогч болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг чирэгдүүлэхгүйгээр прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журам.
Энэ талаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ыг гаргасан ба журамд зааснаар ердийн журмаар хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанаас богино, хялбар байдлаар шүүх хуралдааныг явуулах нөхцөлийг тодорхой заасан, журмын гуравдугаар бүлгийн 3.4-т “...шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдаагүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон, эсхүл хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, цагаатгах нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хэргийг прокурорт буцаах, эсхүл хэргийг шүүхэд шилжүүлж ердийн журмаар шийдвэрлэх, журмын тавдугаар бүлгийн 5.3-т “...эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд шүүхээс гаргасан шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргахгүй байх”-аар тус тус заажээ.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо төлсөн учраас мөрдөн байцаалт, прокурорын шатанд өмгөөлөгчгүй оролцсон талаар, ...ялын талаар прокуророос гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байгаа” талаар тус тус мэдүүлсэн ба шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ шүүхэд бичгээр гаргасан, шүүх хуралдааны явцад гэм буруугийн талаар маргаагүй талаар тус тус тэмдэглэгджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заанаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохыг заасан
Гэтэл шүүгч мэтгэлцээн гараагүй нөхцөл байдал буюу “...Г.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргаагүй, ...шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээргүй” гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасан шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно” гэх нөхцөл байдал бий болсон.
4.Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Аийг мөрдөн байцаалт, прокурорын шатанд өмгөөлөгчгүй оролцоно гэх хүсэлтийг бичгээр гаргаагүй гэх нөхцөл байдлыг прокурорт буцааж хийлгэхийг заасан нь үндэслэлгүй болсон. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо шүүгдэгч бичгээр гаргасан тул шаардлагагүй байсан.
5.Иймд эдгээр үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийг ханган, “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/591 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ
А.САЙНТӨГС