Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 315/ШШ2026/00215

 

2026 03 19 315/ШШ2026/00215

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  .................. гэх газар нутаглах, ......

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч ......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 1985 оноос эхлэн 1988 оны 10 сар хүртэл Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдэлд барилгын бригадад ажиллаж байсан. Өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан боловч 1985-1988 онуудад ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа шүүхээр сэргээн тогтоолгож ир гэсэн. Иймд миний 1985 оноос 1988 оны 10 сар хүртэл Сүхбаатар аймгийн Наран сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

Иргэний үнэмлэхийн хуулбар,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн зөвлөлийн даргын тушаал,

Сүхбаатар аймгийн архивын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар цалингийн лавлагаа,

Сонингийн нийтлэл,

Цэргийн алба хаасны архивын лавлагаа зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх ...... нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...... нь 1985 оноос эхлэн 1988 оны 10 сар хүртэл Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ...... нь 1985 оноос эхлэн 1988 оны 10 сар хүртэл Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн архивын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар цалингийн лавлагаа, Сонингийн нийтлэл,

 

гэрч ............ийн шүүхэд өгсөн ...... нь 1985-1987 онд мал маллаж байсан. 1988 онд цэрэгт явсан. ...... нь багаасаа хөдөө мал маллаж байсан. Би 1994 онд Баруун-Урт суманд Хөдөө аж ахуйн биржийн малчнаар ирсэн учраас цэрэгт явснаас хойших үеийг нь мэдэхгүй байна. Надаас нэлээн дүү. Би 1985-1987 онд 40 хэдэн настай байсан. ...... нь Наран сумын Оргил нэгдэл гэж байхад тэнд мал маллаж байсан гэх,

 

гэрч ...............ы шүүхэд өгсөн ...... нь 2 дугаар ангид байхдаа сургуулиас гарч Наран сумын Улсын аварга малчин Цэрэндоржийн очиж мал малладаг байсан. Цэрэгт явахаасаа өмнө уг айлд мал маллаж байсан. Цэргээс ирээд ч энэ айлд мал маллаж байсан. Нарийн зүйлийг сайн мэдэхгүй байна. Мал хувьчлагдсаны дараа өөрсдийнхөө малыг маллаад явсан. Нарийн огноог сайн мэдэхгүй байна. Цэрэгт явахдаа 152 дугаар ангид 2-3 жил цэргийн алба хаасан. Оргил нэгдэл байхад оргил нэгдэлд мал маллаж байсан. Мал хувьчлагдсанаас хойш одоог хүртэл Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багт, сумаас урагшаа өөрийнхөө малыг маллаж байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

5. Иймд ...... нь 1985 оноос эхлэн 1988 оны 10 сар хүртэл Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Намсрай сахиус овогт ...... 1985 оноос эхлэн 1988 оны 10 сар хүртэл Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР