| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2519000000187 |
| Дугаар | 2026/ДШМ/03 |
| Огноо | 2026-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/03
Э.Зд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ц.Цэрэндулам,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/592 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэлд үндэслэн яллагдагч Э.Зд холбогдох 2519000000187 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Яллагдагчийн биеийн байцаалт:
*, урьд
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5410 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн/хх37/,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Яллагдагч Э.З нь Дорноговь аймгийн * багийн нутаг дэвсгэрт 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Тоёота приус-41 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,
мөн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн * улсын дугаартай Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас яллагдагч Э.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Зд холбогдох эрүүгийн 2519000000187 дугаартай хэргийг прокурорт буцааж,
хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн эс зөвшөөрч байна. Үүнд:
Яллагдагч Э.З нь хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт буцааж болно.” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан.
Прокуророос хүсэлтийг хүлээн авч хэргийг бүхэлд нь хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлгийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй”, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэх хуулийн зохицуулалтад хамаарах нөхцөл байдал тогтоогдоогүй тул яллагдагчаас гаргасан хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол гаргасан.
Мөрдөгчөөс Э.Зд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3, 7.4, 7.5, 7.6, 7.7, 25.1, 28.1, 31.11, яллагдагчаар мэдүүлэг авахдаа 5.2, 7.3, 7.4, 7.5, 7.6, 7.7, 7.8, 7.9, 25.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасан эрх, үүргүүдийг тайлбарлан, гарын үсэг зуруулан баталгаа гаргуулсан, мөн прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасан 6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тусгайлан тайлбарлан танилцуулсны дараа яллагдагч оногдуулах ялын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байхад яллагдагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах эрхийг зөрчсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн Э.Зд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан эсэх, өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон эсэх талаар тодруулж асуусан прокурор, шүүгчийн асуултад мөрдөгч өмгөөлөгч авах эрхийн талаар тайлбарлаж хэлсэн, өмгөөлөгч авах шаардлагагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох талаараа хангалттай илэрхийлж хариулсан болно.
Гэвч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид яллагдагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргаагүй, тухайн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээргүй байна гэж дүгнэж хэргийн прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэх хуулийн зохицуулалтын аль ч заалтад хамаарах нөхцөл байдал тогтоогдохгүй байхад хэргийн прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.3, 36.7, 36.8, 36,9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан тул Дорноговь аймаг дахь анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/592 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.”гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
1.Хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан эх сурвалжийг магадлан үзэхэд прокуророос, шүүгдэгч Э.Зг Дорноговь аймгийн * багийн нутаг дэвсгэрт 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр болон мөн оны 06 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн Тоёота приус 41 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
2.Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд “...шүүгдэгч Э.З хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргаагүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээргүй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
3.Энэ хэрэгт шүүгдэгч Э.Згаас ямар нэгэн хүсэлт гаргаагүй буюу түүний “...хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” хүсэлтийг баримтаар авч, хэрэгт хавсаргаагүй, түүнчлэн прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрөх, эсхүл татгалзсан талаарх баримтгүйгээр “...яллагдагч Э.Згаас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг хүлээн авч” гэж дүгнэн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн прокурор тогтоол гаргасан нь тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн.
Хэрвээ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийг зүйчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.
Мөн яллагдагч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, өмгөөлөгч авахаас татгалзсан бол түүнд өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь мөрдөгч болон прокурорын үүрэг бөгөөд эдгээр дурдсан нөхцөл байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлага учир үүнийг прокуророос цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэх нь зүйтэй байна.
4.Гэхдээ дараахь байдлаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой юм. Учир нь Анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг хүлээн авч улмаар шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товыг тогтоож, гэм буруугийн шүүх хуралдааныг явуулжээ.
Тус шүүх хуралдаанд шүүгдэгч Э.З “..эхнэр төрөх гээд төрөхийн бэлтгэл хийж байгаа учир өмгөөлөгч авах мөнгө байхгүй, өмгөөлөгч авахгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж улмаар “...прокурортой тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сар хасах, 3,000,000 төгрөгөөр торгох ял тохирсон” гэж мэдүүлсэн байх тул “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжид заасан “...шүүгдэгч Э.З хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргаагүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн бодит байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ыг хуульчилсан ба энэ дагуу шүүх нэгэнт тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг явуулах учиртай.
Иймд эдгээр дурдсан үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийг ханган, “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/592 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн , хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ
Н.БОЛОРМАА