| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0460/Э |
| Дугаар | 525 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Н.Уранбайгаль,
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Арван найман насанд хүрээгүй хохирогч Х.Бат-Орших, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Хосбаяр, тэдгээрийн өмгөөлөгч О.Санчирбал
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн 1803000010072 дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 13 цаг 05 минутын орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Батлан хамгаалах яамны урд замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 74-45 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио, асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” мөн дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч /8 настай, эрэгтэй/ Х.Бат-Оршихыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Д.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио, асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” мөн дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Арван найман насанд хүрээгүй хохирогч Х.Бат-Оршихын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед хичээлдээ явахаар ангийн багш Д.Алтанбаяртай хамт Офицеруудын ордны хойд автобусны буудлаас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа явган хүний гарцаар явган зорчигч явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл ассаны дагуу гарчаар гарч явахад миний зүүн гар талаас машин ирж мөргөсөн. Миний хөл өвдөөд босч чадахгүй байсан. Цагдаа, түргэний машин ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэрч Д.Алтанбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ангийн хүүхэд Х.Бат-Оршихийн хамтаар Батлан хамгаалах яамны урд талын автобусны буудлын гэрлэн дохиотой явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахад зүүнээс баруун тийшээгээ явсан Тоёота Приус маркийн автомашин улаан гэрлээр шууд орж ирээд Х.Бат-Оршихын зүүн гар талаас хүчтэй мөргөөд унагасан... Мөргүүлсны дараа Бат-Орших босч чадахгүй байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 30/
Гэрч А.Тамирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд Батлан хамгаалах яамны урд байрлах 14 дүгээр сургуульд хүүхдээ хүргэж өгчихөөд явган зорчигч явахыг зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явахад замаар гарч явсан хүмүүсийн урд нэг эрэгтэй хүүхэд явж байсан. Гэрлэн дохион дээр машинууд зогсож байсан. Тэгтэл зүүнээс баруун тийшээгээ Приус маркийн автомашин гэрлэн дохиог зөрчиж, дунд зэргийн хурдтайгаар улаан гэрлээр орохдоо хойноосоо урагшаа гарч явсан эрэгтэй хүүхдийг машины баруун булан хэсгээрээ мөргөөд 10 гаруй метр газар яваад 3 дугаар эгнээндээ зогссон. Машинд мөргүүлсэн эрэгтэй хүүхэд явган хүний гарц дээр унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 442 дугаартай:
“Х.Бат-Оршихын биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн шилбэнийн шарх, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх зүүн шилбэний шаант ясны ил хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдагдахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 46/
Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд өөрийнхөө эзэмшлийн 74-45 УНӨ улсын дугаартай “Т.Приус” маркийн автомашиныг жолоодоод эхнэр Батцэнгэлийн хамт Амгалангийн автовокзалаас гэртээ харихаар Офицеруудын ордны тойргоор эргээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ Батлан хамгаалах яамны урд талын замаар 3-р эгнээгээр 20-25 км цагийн хурдтай гэрэл дохиотой явган хүний гарцтай замаар шар гэрэл анивчихаар нь тэр чигээрээ явган хүний гарц руу орох үед миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа явган хүний гарцаар нэг хүүхэд зам хөндлөн гүйж орж ирээд машины баруун хойд хаалга орчимд мөргөсөн. Би шууд тормос гишгээд явган хүний гарцыг өнгөрөөд тухайн эгнээндээ зогссон. Тэгээд машинаасаа буугаад харахад нөгөө хүүхэд явган хүний гарц дээр унасан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/
-Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн хохирогч Х.Бат-Оршихын өвчний түүх /хх-ийн 48-57/
-зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гар зурагаар дүрсэлсэн бүдүүвч зураг, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-09/
-жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 10/
-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/
-тээврийн хэрэгсэл саатуулсан болон баримт бичиг түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 12-13/
-БЗД-ийн замын цагдаагийн хэлтэст гаргасан насан хүрээгүй хохирогч Х.Бат-Оршихын эцэг, эхээс гаргасан өргөдөл /хх-ийн 24-26/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ЦЕГ-ын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 66-68/, Д.Бийн эзэмшлийн 7445 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт /хх-ийн 72-73/, Д.Батбилэгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/, хохирогчийн эмчилгээний зардалд Б.Бээс гаргаж өгсөн төлбөрийн баримтууд /хх-ийн 75-78/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2002 онд үйлдвэрлэсэн, Тоёота Приус маркийн автомашины зах зээлийн үнийг тодорхойлсон үнэлгээ /хх-ийн 87/ Тээврийн прокурорын газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 89-92/ Тээврийн прокурорын газарт насан хүрээгүй хохирогчийн ар гэрээс бичгээр гаргасан хохирлын талаарх тайлбар, түүнд хавсаргасан хохирлын баримтууд /хх-ийн 96-134/ гэх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.
Арван найман насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэргийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Бийг гэм буруутайд тооцох болон түүнд эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлоос сайн дураар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан үзлээ.
Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн, арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Т.Хосбаярын “шүүгдэгч Д.Бт хорих ял оногдуулах хүсэл надад байхгүй байна. Бидэнд учирсан хохиролыг бүрэн төлж өгөх, хүүхэд минь эрүүл болохыг хүсч байна гэсэн санал, хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Д.Бт хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэх боломжтой байна.
Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон дариу биелүүлж, хугацааг тооцохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Бийн 510516 дугаартай жолоочийн үнэмлэхийг холбогдох байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн Д.Бийн эзэмшлийн 74-45 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулаагүй тохиолдолд битүүмжилсэн эд хөрөнгөнөөс гаргуулах боломжтой байхаар шийдвэрлэлээ.
Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Хосбаярын нэхэмжилсэн нэхэмжлэлээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа 3.381.874 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө шүүгдэгч Д.Б нь хохиролд 1.480.000 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах 3.381.874 төгрөгөөс хасаж, үлдэгдэл 1.901.874 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгов.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг тодорхой хугацаанд нөхөн төлөхөө шүүх хуралдааны үед илэрхийлсэн учир арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлөх хугацааг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар тогтоох нь зүйтэй.
Харин арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн бусад нэхэмжлэлийг нотлох хуульд заасан шаардлагыг хангасан бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа учир хэлэлцэхгүй орхив.
Шүүхээс цаашид гарах эмчилгээний төлбөрийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шийдвэрлэх үндэслэлгүй юм. Ирээдүйд ямар үр дүн гарах эсэхийг тооцон хохирогчид хохирол гаргуулах үндэслэлгүй ба зөвхөн бодитоор учирсан хохиролыг гаргуулж шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай.
Иймд арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн, мөн цаашид уг гэмт хэргийн улмаас учран гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Бээс дахин нэхэмжлэх эрхийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн ялтан Д.Бт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бээс 1.901.874 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Хосбаярт олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн хохирол төлөх хугацааг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тогтоосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн эзэмшлийн 74-45 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, түүний ВС ангиллын 510516 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Хосбаяр нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдьсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ