Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/45

 

 

 

 

  2026             01             08                                            2026/ДШМ/45

 

Б.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Урангоо,

шүүгдэгч Б.Н,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2355 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2510022060994 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Б.Н, ............................. /РД: ..................../;

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 580 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр торгох ялыг эдэлсэн.

Б.Н нь согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ........ тоотод хохирогч Б.М-тай “найз охиныг мууллаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн талын 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Н-ийн цагдан хоригдсон 20 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 160 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцон, биечлэн эдлэх ялыг 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогч Б.М-ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.069.140 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчээс 248.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад оногдуулсан ялыг торгуулийн ялаар сольж өгч тусална уу.

1. Миний бие ам бүл 2, ээжийн ээж болох эмээ Г.Д-тэй хамт Төв аймгийн Зуунмод сум, ... дугаар баг, ..... тоотод оршин суудаг. Манай аав, ээж Налайх ... дүгээр зөрлөгийн, Баянбүрдийн .... дүгээр багийн ......-д 2015 оноос хойш амьдарч байгаа. Би эмээтэйгэээ 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл хоёулаа амьдарч, эмээгээ асардаг юмаа.

2. Би “Ш” цахилгаан, агааржуулалтын угсралт, хүргэлтийн компанид 2024 оны 11 сарын дундуур анх ажилд орж цахилгаанчнаар ажилладаг, 1 сард 2.600.000 төгрөгийн цалин авдаг. Би Төв аймгийн политехникийн коллежид 2015 онд цахилгаанчнаар төгссөн. Сургуулиа төгсөөд “Эрхэт төв констракшн” компанид 2018-2023 оны 11 дүгээр сар хүртэл барилгын мужаан, туслах ажилтан гээд бүх ажлыг нь хийсэн. Би хувийн байдал болон ам бүл, ахуй амьдрал, ажлын байдлаа мөрдөгчид бүгдийг нь хэлсэн, мэдүүлсэн. Гэтэл намайг ажилгүй, орлогогүй гээд үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн байна. Би өмгөөлөгчгүй байсан тул уг байдлаа шүүхэд хэлэх боломж надад олгоогүй, яриулаагүй юм.

3. Би үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөө мэдүүлсэн, хохирогч Б.М-аас уучлалт гуйж хохирлын 1.069.140 төгрөгийг дансаар шилжүүлсэн бөгөөд хохирогч хохирогч шүүх хуралдаанд биечлэн оролцож гомдол саналгүй, хохирол бүрэн төлөгдсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, Б.Н-д оногдуулах ял шийтгэлийг аль болох хөнгөрүүлж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэдгээ биечлэн ороод хэлсэн юмаа. Бид харилцан эвлэрсэн, би хохирогчийн хохирлоо бүрэн төлж, уучлалт гуйсан бөгөөд цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхаа амлаж байгаагаа илэрхийлж байна, үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байгаа болон миний хувийн байдал, ар гэрийн байдал, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй болсон, би үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, миний ажлын байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 340 цагийн хугацаагаар шийдвэрлэснийг өөрчилж, хөнгөрүүлэн надад торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгч тусална уу.

Миний 2024 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа “Ш” компани нь Улаанбаатар хотод байдаг. Хотын бүх дүүрэгт захиалга авч ажилладаг, одоо би компанийнхаа шугамаар Сүхбаатар дүүргийн 120-ын Тэмээтэй хөшөөний зүүн талын орон сууцны “А” төслийн босоо шугамыг хийж, Баянгол, Гурвалжингийн баруун талд “Т” компани барилгын сэнсийг нь угсарч ажиллаж байгаа. Иймд би тогтсон, эрхэлсэн ажилтай, эмээдээ тус болж асардаг учраас энэ байдлыг минь харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгч тусална уу. Би нийтэд тустай ажил хийхээр одоо хийж байгаа ажлаасаа халагдаж, орлогогүй болж маш хэцүү байдалд орох болоод байгаа миний амьдралын байдлыг минь харгалзан үзэж 450 нэгжийн торгуулийн ялыг оногдуулж өгнө үү.

Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 248.000 төгрөгийг өмнө нь яаж төлдгийг мэдэхгүй, төлөх ёстой мөнгө гэж мэдээгүй, хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж энэ хохирлыг төлөөгүй гэж дүгнэн ял шийтгэлийг хүндрүүлсэн байна гэдгийг өмгөөлөгчөөс саяхан зөвлөгөө аваад ойлгосон бөгөөд энэ мөнгийг ойрын хугацаандаа нөхөн төлж барагдуулах болно...” гэв.

Прокурор Б.Урангоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, оргон зайлсан учраас түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн анхан шатны шүүх хуралдааны болоход шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 248.000 төгрөгийг нөхөн төлөөгүй, эрхэлсэн тодорхой ажилтай талаарх баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хэмжээнд мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын төрлөөс сонгон хэрэглэж, шүүгдэгчид 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1-1-4 тоотод хохирогч Б.М-тай “найз охиныг мууллаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн талын 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.М-ын “...Намжилдорж манай гэрт хоёр хоносон. Тэрээр манай гэрээс гараад ууж орж ирчихээд намайг “янхан, балай авгай, зайл” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би “танай найз охин ч гэсэн янхан шүү дээ” гэхэд босож ирээд хөлөөрөө миний баруун хөл рүү өшиглөхөд би газарт унасан. Миний ар нуруу руу хэд хэдэн удаа өшиглөхөд би амьсгал авч чадахгүй дээшээ хараад хэвтэж байхад миний цээжин рүү хөлөөрөө гурван удаа дэвсэлсэн. Тэр үед Дөк гэх найз нь ирээд салгасан...” /хх 9-12/,

гэрч С.Т-ын “...Б.М эгчийнд Б.Дөлгөөнжаргал, Б.Н нарын хамт архи уусан. Бид нар архи ууж байхад Б.М, Б.Н-ийн найз охиныг болон ээжийг нь явдалтай гэх мэтээр муугаар яриад байсан. Тэгсэн Б.Н найз охиноо өмөөрч Б.М-тай маргалдаж байгаад түүний цээж хэсэг рүү гараараа түлхэж унагаагаад зүүн талын хавирга орчимд баруун хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь Б.Дөлгөөнжаргал Б.Н-ийг татаад салгасан...” /хх 18/,

гэрч Б.Д-ын ”...Б.М-ын гэрт архи хамт уусан. Тухайн үед Б.М, Б.Н нар хоорондоо маргалдсан. Б.Н нь Б.М-ыг гэрийн баруун талд байсан ор руу гараараа түлхэж унагаагаад зүүн талын хавирга руу 1 удаа өшиглөөд авахаар нь би тэр хоёрыг салгасан. Тэрнээс өөр зүйл болоогүй. Тухайн үед тэнд байсан бусад хүмүүс Б.М-ыг цохиж зодоогүй. Хэрүүл маргаан, зодооны дараа Б.М “зүүн талын хавирга өвдөөд байна, яачихсан байна, хараад өгөөч” гээд бид нарт харуулсан. Намайг харахад зүүн талд нь 3х3см хөхөрсөн байсан...” /хх 22/,

шүүгдэгч Б.Н-ийн яллагдагчаар өгсөн “…Б.М эгчийнд Б.Д, С.Т нарын хамт архи уусан. Бид нар архи ууж байхад Б.М-г манай найз охиныг муу яриад байхаар нь би найз охиноо өмөөрч маргалдсан. Тэгээд уурандаа Б.М-ыг түлхэж унагаад зүүн талын хавирга орчимд баруун хөлөөрөө нэг удаа өшиглөөд дээрээс нь дэвсэх гэсэн чинь Т намайг татаад салгахаар нь тэндээс явсан...” /хх 38/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ЕГ0725/6510 дугаар “...Б.М-ын биед зүүн талын 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвартыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 27-28/,

эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх 61/, хохирогчийн өвчний түүх /68-70/, хохирлын баримтууд /хх 73-74/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Н-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Н-ийн дээрх гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Улмаар түүнд тухайн зүйл хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 20 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 160 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн тооцон, биечлэн эдлэх ялыг 340 цагийн хугацаагаар тогтоосон нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зохицуулалтуудын хүрээнд тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор зохих эрүүгийн хариуцлагыг сонгон хэрэглэхдээ шүүгдэгчийн хувийн байдлаас эхлээд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр болон бусдад учруулсан хохирлыг төлсөн эсэх, эсхүл төлөхөө илэрхийлсэн зэрэг бүхий л нөхцөл байдлыг харгалзан үздэг бөгөөд шүүгдэгч Б.Н-ийн хувьд анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон, хүнд биш байна.

Иймд шүүгдэгч Б.Н-ийн “...надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад шүүгдэгч Б.Н нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 248.000 төгрөгийн /хх 151/ хохирлыг нөхөн төлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2355 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Н нь Эрүүл мэндийн даатгалын санд 248.000 /хоёр зуун дөчин найман мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                            ДАРГАЛАГЧ, 

                                 ЕРӨНХИЙ   ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

 

                                                      ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

 

                                                      ШҮҮГЧ                                     Ц.МӨНХ-ЭРДЭНЭ