| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00100/И |
| Дугаар | 315/ШШ2026/00242 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 315/ШШ2026/00242
2026 03 27 315/ШШ2026/00242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................. тоотод байрлах, ......ийн,
Өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч ...... /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ...... нь өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний аав ......, ээж ...... нар 1952 онд гэрлэж, олон жил улс нийгэмдээ хөдөлмөрлөж хамтдаа амьдарсан. Би аав, ээжтэйгээ амьдарч байгаад 2000 онд өрх тусгаарлаж гарсан.
Аймгаас халамжийн чиглэлээр ахмадуудад зориулан аймгийн нэгдсэн эмнэлгийн зүүн талд нэг давхар улаан тоосгон байр барьж ахмадуудыг оруулж байсан. Аав, ээжид маань нэг байр өгч тэндээ хэдэн жил амьдарсан. Аав маань 2004 оны 12 дугаар сард нас барсан. Гэтэл аймгаас тухайн байрыг газарт оруулж суурин дээр нь одоогийн Даймонд хотхон баригдсан. Тухайн байранд байсан ахмадуудад одоогийн 1-р баг дахь таван шарын байранд нэг өрөө байрыг аймгаас олгож, нүүлгэн шилжүүлж, гэрчилгээ олгож байсан.
Ингээд ээжийн нэр дээр ...... тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 29 мкв талбайтай нэг өрөө байрны өмчлөгчөөр улсын бүртгэлийн ......дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.
Ааваас хойш ээж маань ганцаараа үлдсэн тул өвөлдөө бидэнтэй хамт амьдарч, зундаа өөрийнхөө байранд очиж бид эргэж тойрч, асарч тэтгэж, ээжийн итгэмжлэлээр тэтгэвэр тэтгэмжийн болон эх орны хишгийг нь авч өгдөг байсан. Ээж маань 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өвчний учир нас барсан. Ээжээс маань өв залгамжлалын гэрээслэл үлдээгээгүй бөгөөд байрыг өвийн журмаар өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл бичиг баримтын бүрдлээс шалтгаалан шийдвэрлэж чадаагүй болно.
Иймд ...... намайг миний ээж Зээрднэ овгийн ...... ......\-ын өмчлөлийн улсын бүртгэлийн ......дугаарт бүртгэлтэй ...... тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 29 мкв талбайтай нэг өрөө байрны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож өгнө үү гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...... тоот хаягт байрлах, 29 мкв талбайтай 1 өрөө орон сууцны өв залгамжлагчаар ......ийг тогтоолгоход миний зүгээс татгалзаад байх зүйл байхгүй. Миний бие 2026 оны 03 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хөдөө ажилтай тул оролцох боломжгүй, миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ......гийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ...... тоот хаягт байрлах, 29 мкв талбайтай 1 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ...... нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ...... нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 багийн Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2012 оны 6 сарын 07-ны өдөр ......аас ......д олгосон итгэмжлэл, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 багийн Засаг даргын 2023 оны 9 сарын 06-ны өдрийн ...... оршин суугаа хаягийн тодорхойлолт, ...... тэтгэврийн дэвтэр, ......гийн тайлбар, ......ын нас барсны бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 03 сарын 13-ны өдрийн албан бичиг, Хүн амын бүртгэлийн карт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх ...... нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ...... нь өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
3.1. ......, ...... нар нь 1952 оны 02 сарын 20-ны өдөр гэр бүл болж, хамтран амьдрах хугацаандаа ......г ......ын төрсөн дүү ......аас, ......ийг ...... төрсөн дүү Ж.......ээс үрчилж авсан бөгөөд тэдний дундаас өөр хүүхэд төрөөгүй болох нь зохигчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 03 сарын 13-ны өдрийн 3/11 тоот албан бичгээр тогтоогдож байна.
3.2. ...... нь 2004 оны 12 сарын 03-ны өдөр нас барж, ...... нь 2016 оны 4 сарын 09-ний өдөр нас барсан болох нь тэдгээрийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ, лавлагаагаар тогтоогдож байна.
3.3. ...... нарын хамтран амьдарч байсан байрыг Сүхбаатар аймгаас газарт оруулж, ......д ...... тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 29 мкв талбайтай нэг өрөө байрыг шилжүүлэн өгч, улсын бүртгэлийн ......дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон болох нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
гэрч ......ийн ...... хоёр нь хүүхэдтэй болоогүй. ...... нь өөрийнхөө дүү ......ээс ......ийг өлгийтэй байхад нь үрчилж авсан. ...... нь өөрийнхөө төрсөн дүү ...... гэх 2 хүнээс ......г өлгийтэй байхад нь үрчилж авсан. ...... нь ......ээс ах бөгөөд ......ээс өмнө нь үрчлүүлсэн. ...... нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт өндөр насны тэтгэвэрт гараад амьдарч байгаа. ......, ...... хоёрыг яг хэдэн онд нас барсныг сайн санахгүй байна. ...... бол миний ээжийн төрсөн дүү. ...... Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд амьдарч байгаа. Ноднин жил тэтгэвэртээ гарсан. 3 дугаар сургуульд багшилж байсан. Одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа. Одоо ......, ...... нарын байранд хүн амьдраагүй, талийгаач нарыг нас барснаас хойш хүн амьдарч байгаагүй. ......гийн хувьд уг байрны өвлөгчөөр тогтоолгохоор ......тэй маргалдах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байгаа. ...... ам бүл 4-үүлээ. 2 хүүхэдтэй бөгөөд 1 хүүхэд нь өрх тусгаарлаж, 1 хүүхэд нь хотод их сургуульд сурч байгаа. ......гийнх ам бүл 5 бөгөөд 3 хүүхэд нь тусдаа гарчихсан. Одоо эхнэрийн хамт амьдардаг гэх,
Гэрч ......ийн Би 2000 онд ...... гэх хүнтэй гэрлэсэн. Одоо 26 жил болж байна. Бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд. ......, ...... гэх хоёр хүн нь ......, ...... гэх хоёр өргөмөл хүүхдээс өөр хүүхэд байхгүй. ...... ах нь, ...... дүү нь. Манай хадам аав ...... өөрийн төрсөн дүү ...... гэх хүнээс том хүү ......г бага байхад нь өргөж авсан. ......ийг хадам ээж ...... өөрийн төрсөн дүү ......ээс бага байхад нь өргөж авсан. ......, ...... нар нь намайг ......тэй танилцаад хүргэн болж байхад Бага дөрвөлжийн ард талд амьдардаг байсан. Тэр үед хаягжилт байхгүй байсан. 6 дугаар баг гэж явдаг байсан. Хадам аав ...... нь 2004 онд бурхан болсон. Үүнээс хойш хадам ээж ...... нь ганцаараа амьдарч байгаад Даймонд хорооллын газрыг чөлөөлөхийн тулд тэнд амьдарч байсан хүмүүсийг 180 айлын орон сууц руу шилжүүлсэн. Шинээр баригдаад ахмадуудыг оруулж байсан. Тэнд хадам ээж ганцаараа, ихэвчлэн манайхаар байдаг. ...... тэтгэвэр, тэтгэмжийг итгэмжлэлийг нь авдаг. Гэр орныг нь цэвэрлэж, асардаг байсан. Хадам ээж ...... нь 2016 оны 4 сард нас барсан. Түүнээс хойш одоог хүртэл уг байр эзэнгүй 10 жил болж байна. Байрны гэрчилгээ нь хадам ээжийн нэр дээр байдаг. Хүний өмч болохоор эзэнгүйдэх гээд миний эхнэр өв залгамжлагчаар тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Миний мэдэхээр ......тэй 26 жил хамт амьдрахад энэ хоёроос өөр хүүхэд байхгүй. ......ийг уг байрны өвлөгчөөр тогтоолгоход түүний ах ......гийн зүгээс татгалзахгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Бүтэн 10 жил байр эзэнгүй, энэ асуудлыг хөөцөлдөх хүн байхгүй байсан гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
3.4. ...... нь 2016 оны 4 сарын 09-ний өдөр нас барж, нас барахаасаа өмнө тухайн байрыг ямар нэгэн хүний өмчлөл, эзэмшилд үлдээх талаар гэрээслэл үлдээгээгүй бөгөөд түүнийг нас барснаас хойш одоог хүртэл ...... тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 29 мкв талбайтай, улсын бүртгэлийн ......дугаартай 1 өрөө орон сууцанд хүн амьдраагүй байна.
4. ...... нь 2016 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-т Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ гэж зааснаар өв нээгдсэн байна.
5. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1. Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1. нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, 520.1.2. энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ гэж тус тус заасан.
6. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар талийгаач ......ын үрчилж авсан хүүхдүүд нь ......, ...... болох нь тогтоогдож байна.
7. ......ийн ах ...... нь өөрийн хүсэлтээр Баруун-Урт сумын 1-р баг, 180 айлын 9 дүгээр байр 15 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 29 мкв талбайтай, улсын бүртгэлийн ......дугаартай нэг өрөө байрны орон сууцны өв залгамжлагчаар тогтоолгохоос татгалзаж байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар ......ийг тухайн орон сууцны өв залгамжлагчаар тогтоож шийдвэрлэлээ.
8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...... нь эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ......ийн ...... тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 29 мкв талбайтай, улсын бүртгэлийн ......дугаартай нэг өрөө байрны орон сууцны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР