| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2410038980203 |
| Дугаар | 2026/ДШМ/46 |
| Огноо | 2026-01-08 |
| Зүйл хэсэг | 21.1.2., 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Номин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2026/ДШМ/46
2026 01 08 2026/ДШМ/46
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Номин-Эрдэнэ,
яллагдагч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,
яллагдагч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Очбадар,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/6317 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Номин-Эрдэнийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 109 дүгээр эсэргүүцлээр Ж.Б, Д.Д нарт холбогдох эрүүгийн 2410038980203 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х овгийн Ж.Б, ..................................., /РД: ................................/;
2. Б овгийн Д.Д, ...................................., /РД: .............................../;
Яллагдагч Д.Д нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан ахлах байцаагч буюу хууль сахиулагч, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ.”-ийн 37.1.1-д “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх...”, 37.1.13-д “...албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах...”, 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-д “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”, 39.1.4-д “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл”-ийн 7.1.6-д “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...”,
Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, тэргүүлэн ашигласан болон ёс зүйн хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх”. 2.3.6-д “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгоор ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэснийг тус тус зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна”,
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/401 дугаартай тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилтын “...1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд биечлэн хариуцах, хуулиар харьяалуулсан зөрчил шалган шийдвэрлэх”, 1 дүгээр зорилтын 1.9-д заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах, хуулиар харьяалуулсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах” гэж заасныг тус тус зөрчиж,
албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ж.Бтой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,
зөрчлийн 2410001757 дугаартай “2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаарын хорооны нутаг дэвсгэрт байрлах “Japan town” орон сууцны хорооллоос “Хүннү 2222” орон сууцны хорооллын урд зам хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* *** улсын дугаартай “Тесла” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, “Japan town” орон сууцны хорооллын зогсоолд байсан ******* *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн ослыг гаргаж, ослын газрыг орхин 1,08 км зугтаасан гэх хэрэгт холбогдсон Х.Ад оногдуулах зөрчлийн шийтгэлийг хөнгөрүүлэх зорилгоор,
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ж.Б нь дээрх зэм тээврийн ослын дуудлага мэдээллээр очиж, Х.Агийн согтолтын зэргийг шалгаж, 3,25 хувийн согтолтын зэргийг тогтоож, тэмдэглэл үйлдсэн боловч зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий согтолтын зэрэг тогтоох /драйгер/ багажийн бүртгэл, багаж үлээлгэж байгаа бичлэг, ослын газрын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг нууж, зөрчлийн 435 дугаартай гомдлын бүртгэлд бүртгэн,
улмаар дээрх зөрчлийн гомдлыг Д.Д нь хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Ж.Бын үйлдсэн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” гэх 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг “Х.Агийн согтуурлын хэмжээг 3,25% гэснийг 0,25 гэж засварлаж,
2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны саналд Х.Агийн согтуурлын хэмжээг 0,25 хувь согтолттой гэж тусган тус саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлж Х.А-д давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
яллагдагч Ж.Б нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч буюу хууль сахиулагч, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ.”-ийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх...”, 37.1.13-д “...албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах...”, 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-д “...албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх...”, 39.1.4-д “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл”-ийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...”,
Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, тэргүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх”, 2.3.6-д “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгоор ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна”,
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/401 дугаартай тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилтын “...1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд биечлэн хариуцах, хуулиар харьяалуулсан зөрчил шалган шийдвэрлэх”, 1 дүгээр зорилтын 1.9-д заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах, хуулиар харьяалуулсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах” гэж заасныг тус тус зөрчиж
албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Д-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,
зөрчлийн 2410001757 дугаартай “2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаарын хорооны нутаг дэвсгэрт байрлах “Japan town” орон сууцны хорооллоос “Хүннү 2222” орон сууцны хорооллын урд зам хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* *** улсын дугаартай “Тесла” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, “Japan town” орон сууцны хорооллын зогсоолд байсан ******* *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн ослыг гаргаж, ослын газрыг орхин 1,08 км зугтаасан гэх хэрэгт холбогдсон Х.Ад оногдуулах зөрчлийн шийтгэлийг хөнгөрүүлэх зорилгоор,
дээрх зам тээврийн ослын дуудлага мэдээллээр очиж, Х.Агийн согтолтын зэргийг шалгаж, 3,25 хувийн согтолтын зэргийг тогтоож, тэмдэглэл үйлдсэн боловч зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий согтолтын зэрэг тогтоох /драйгер/ багажийн бүртгэл, багаж үлээлгэж байгаа бичлэг, ослын газрын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг нууж, зөрчлийн 435 дугаартай гомдлын бүртгэлд бүртгэн,
улмаар дээрх зөрчлийн гомдлыг Д.Д нь хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Ж.Б-ын үйлдсэн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” гэх 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг “Х.А-гийн согтуурлын хэмжээг 3,25% гэснийг 0,25” гэж засварлаж,
2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны саналд Х.Агийн согтуурлын хэмжээг 0,25 хувь согтолттой гэж тусган тус саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлж Х.А-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Д, Ж.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүхээс яллагдагч Ж.Б-ын өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар гаргасан хүсэлтийг хангаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн гэж хуульд тодорхой заажээ.
Энэ хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар дүгнэлтээр “3,25” гэсэн нөхөх хэсгийн тоон бичвэрийг “3” гэсэн тоон бичвэр дээр өөр өнгийн будагчтай бичиг хэрэгслээр нэмэлт зурлага үйлдэж засварласан байна. Уг баримтын арын нүүрний бусад гэсэн хэсэгт байх “03” гэсэн нөхөх хэсгийн тоон бичвэрийн “3” гэсэн тоон бичвэр дээр “6” гэж нэмж бичиж засварласан байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт авагджээ.
Энэхүү шинжээчийн дүгнэлтээр зөрчилд холбогдогчийн согтолтын зэргийг 3,25 гэж бичсэнийг 0,25 гэж засварласныг тогтоосон байх бөгөөд яллагдагч Д.Д засварласан гэх нотлох баримт байхгүй байна. Иймд Шүүх шинжилгээний ерөнхий газрын тусгай мэдлэг бүхий криминалистикийн шинжээчээр засварласан бичвэр яллагдагчийн бичвэр, гарын үсгийн хэв маягтай тохирч байгаа эсэхийг тогтоолгон шинжээчийн дүгнэлт гаргуулах, яллагдагч Ж.Бын хувьд зөрчилд холбогдогч Х.Агийн зам тээврийн осол гаргасныг нуусан нь нотлох баримт гэх ойлголтод нийцэж байгаа эсэх, хэргийн хохирогч, гэрчээс гаргаж өгсөн баримт сэлт мэдээлэлд хамаарах эсэх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт мөн эсэхийг тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; 1.4-т заасан Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоосноор нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхэд ач холбогдолтой болно.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй болно.
Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараагийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч Д.Д, Ж.Б нарт холбогдуулан ирүүлсэн хэргийг тус прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч нарт урьд хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Захирамжид дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй гэжээ.
Прокурор Э.Номин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн хэргийг прокурорт буцаах тухай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл “Хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаар”-ийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана.”, 2 дахь хэсэгт заасан “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж хуульчилжээ. Дээрх хуулийн зохицуулалтад нийцүүлэн Ж.Бын үйлдсэн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” гэх 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг “Х.А-гийн согтуурлын хэмжээг 3,25% гэснийг 0,25 гэж” засварласан эсэхийг тогтоох зорилгоор шинжээч томилсон бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар дүгнэлтээр “3,25” гэсэн нөхөх хэсгийн тоон бичвэрийг “3” гэсэн тоон бичвэр дээр өөр өнгийн будагчтай бичиг хэрэгслээр нэмэлт зурлага үйлдэж засварласан байна. Уг баримтын арын нүүрний бусад гэсэн хэсэгт байх “03” гэсэн нөхөх хэсгийн тоон бичвэрийн “3” тоон бичвэр дээр “6” гэж нэмж бичиж завсарласан байна” гэж дүгнэсэн байна. Дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн “3,25” гэсэн нөхөх хэсгийн тоон бичвэрийг “3” гэсэн тоон бичвэр дээр өөр өнгийн будагчтай бичиг хэрэгслээр нэмэлт зурлага үйлдэж засварласан нь Ж.Б, Д.Д нарын аль бичгийн хэв, зурлагатай тохирч байгааг тогтоолгохоор дахин шинжээч томилсон бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЕГО125/1093 дугаартай дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 28-ны огноотой “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн тухай тэмдэглэл” гэсэн баримтын нүүрэн талын дунд хэсэгт хяналтын төхөөрөмжийн заалт гэсний ард хар өнгийн будагчтай бичигт хэрэгслээр бичигдсэн “3,25” гэсэн тоон бичвэр “3”-ын тоог засварласан нэмэлт зурлага болон 2024 оны 07 дугаар сарын 01-ний “Шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны санал баримтын доод хэсэгт байх “5.1” гэх хэсгийн 1-н тоо, 2024 оны 07 дугаар сарын 01-ний “Зөрчлийн хэрэг нээх тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоолын тогтоох нь хэсгийн.. 5.1-д гэх хэсгийн “1”-ийн тоог “2” гэж бичсэн тоон бичвэрт агуулагдах хувийн онцлог шинж тэмдэг нь адилтгалын шинжилгээ хийхэд хангалтгүй байх тул харьцуулах загвараар ирүүлсэн Ж.Б, Д.Д нарын гэх бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй байна” гэх дүгнэлтийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, дээрх шинжээчийн дүгнэлтээр “3” гэсэн тоог “0” гэж засварласан засвар нь бичвэр биш зурлага учраас тоон бичвэрт агуулагдах хувийн онцлог шинж тэмдэг нь адилтгалын шинжилгээ хийх боломжгүй талаар дүгнэсэн байна.
Харин хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар гэрч Б.Ж-ийн “...Зохицуулагч Ж.Б-ын Х.А-гийн согтуурлыг шалгасан тэмдэглэлд 3,25 хувь гэсний 3-ийн тоог 0 болгож засварлаж өөрчилсөн харагдсан, осол гаргасан тухай акт хавсаргах ёстой байсан боловч ослын схем зураг болон драйгер үлээсэн бичлэг зэргийг хавсаргаагүй байсныг дараа нь Ж.Б-оос хүлээж авсан...” /1хх 93-95/, “...Драйгер үлээж байгаа бичлэг, драйгер үлээсэн зураг, драйгерын заалт, ослын газрын схем зургийг Ж.Б-оос авсан. Намайг баримтууд авъя гэхэд Ж.Б би үлээлгэж байгаа бичлэгээ олохгүй байна гэсэн. Тэр үед үлээлгэсэн драйгер багажийг нь хуучин гээд Тээврийн цагдаа руу хүргүүлсэн байсан. Би Ж.Б-ыг “чи тээврийн цагдаагийн алба руу яваад драйгерын заалтыг нь хуулбарлаад аваад ир” гэхэд авчирч өгсөн, ослын газрын схем зургийг өөрийн өдөр тутамдаа ашигладаг дэвтрээсээ салгаж өгсөн. Энэ баримтуудаа манай өрөөнд байхдаа өөрөө гаргаж өгсөн. Үүнээс 2-3 хоногийн дараа бичлэгээ олчихлоо гээд миний Viber-pyy явуулсныг би диск рүү хуулбарласан...” /3хх 224-225/, гэрч Г.Э-ын “...Тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн зөрчлүүдийн материалыг надад өгч байсан. Би өөрийнхөө болон хүмүүсийн өгсөн материалуудыг аваад тухайн шөнөдөө зөрчлийн бүртгэлийн цахим санд мэдээллийг нь шивж оруулаад зөрчлийн гомдлын дугаар авсан. Дугаар авсан зөрчлийн материалуудыг Тээврийн цагдаагийн албаны жижүүрт хүлээлгэж өгөх ажлыг хариуцаж хийсэн, ...би бүртгэлд оруулахдаа материалыг нь үлээлгэсэн драйгер багажийн заалттай нь тулгаж байгаад бүртгэлд оруулж байсан. Драйгерын заалт, зөрчил илрүүлсэн алба хаагчийн бичсэн тэмдэглэл хоёр дээрх мэдээллээр цахим санд бүртгэл хийсэн. Энэ үед 3,25 промили хэмжээтэй байсан нь дээрх 2 баримтаар тогтоогдсон учраас цахим санд 3,25 промили согтолттой талаар мэдээлэл оруулсан байна, ...Цахим санд бүртгэж дугаар олгогдсон материалуудыг шөнө нь Тээврийн цагдаа руу хүргүүлдэг. Маргааш өглөө нь материалуудаа буцааж авчраад хэлтсийн бичиг хэргийн ажилтанд хүлээлгэж өгдөг. Бичиг хэргийн ажилтан саяны гар бичвэрээр бүртгэх бүртгэл дээр бүртгээд хэлтсийн дарга руу оруулж шалгах алба хаагчийг цохуулдаг. Хэлтсийн дарга цохсоны дараа бичиг хэргийн ажилтан шалгах байцаагч нар руу материалыг нь оруулж өгдөг...” /3хх 228-229/ гэсэн мэдүүлгүүд, Цагдаагийн еренхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас явуулсан 20240750000087 дугаартай албаны шалгалтын материал /1хх 5-81/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон: 3,25%-ийг засварласан” тэмдэглэл /1хх 113/, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн драйгерын бүртгэлд “...2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 20 цаг 31 минутад драйгерын серийн дугаар 07490 хувь хэмжээ 3,25% Х.А” гэж бүртгэсэн бүртгэл /1хх 136-138/, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “...2024 оны Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийн бүртгэл №1 гэх бичиглэл бүхий хаягтай гар бичвэрээр бүртгэх бүртгэлийг үзэхэд гомдол мэдээллийн утга: “Тесла ******* *** ДР: 3.25” гэсэн мэдээлэл гараар бичигдсэн, ...Эргүүлийн чиглэл, хяналт 11-р бүс /12-р бүс нөхнө/, ээлж 14:00-21:00, цол: д/ч нэр Ж.Б” гэсэн буюу 11 дүгээр бүсэд зам тээврийн осол, мэдээллийн дуудлага хүлээн авах, шийдвэрлэх чиг үүрэг гүйцэтгэх томилгоотой байв” /3хх 214-221/ гэсэн тэмдэглэл зэрэг баримтууд авагдсан ба Ж.Б нь зам тээврийн ослын акт, ослын схем зураг, драйгер багажаар үлээсэн бичлэг зэргийг хавсарган өгөөгүй болох нь, мөн Ж.Бын үйлдсэн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлийг үлээн авч зөрчлийн бүртгэлийн цахим санд мэдээллийг нь шивж оруулан зөрчлийн гомдлын дугаарыг олгож, дардас дарагдсан ба тус гомдлыг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст зөрчил хариуцсан байцаагчийн үүргийг ганцаараа гүйцэтгэж байсан Д.Д хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа согтолтын зэргийг 3,25 хувь гэсний 3-ийн тоог 0 болгож засварлаж өөрчилсөн болох нь тогтоосон ба хэрэгт авагдсан дээрх болон бусад нотлох баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэх боломжтой байхад дахин шинжээч томилохоор буюу хэрэгт хийгдсэн ажиллагааг дахин хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй бөгөөд хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн байна. Хэрэгт бэхжүүлэгдсэн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасныг зөрчөөгүй бөгөөд бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүх шинжилгээний ерөнхий газрын тусгай мэдлэг бүхий криминалистикийн шинжээчээр засварласан бичвэр яллагдагчийн бичвэр, гарын үсгийн хэв маягтай тохирч байгаа эсэхийг тогтоолгон шинжээчийн дүгнэлт гаргуулах нь шаардлагагүй байна. Түүнчлэн, шүүгчийн захирамжид хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг огт тусгаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, яллагдагч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.
Хоёрдугаарт, “...Ж.Б-ын хувьд зөрчилд холбогдогч Х.А-гийн зам тээврийн осол гаргасныг нуусан нь нотлох баримт гэх ойлголтод нийцэж байгаа эсэх...” хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт мөн эсэхийг тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” гэжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно.” гэж тус тус заасан. Яллагдагч Ж.Б нь дуудлага мэдээллээр очихдоо бэхжүүлсэн буюу Х.А-гийн согтолтын зэргийг шалгаж, 3,25 хувийн согтолтын зэргийг тогтоож, тэмдэглэл үйлдсэн боловч зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий согтолтын зэрэг тогтоох /драйгер/ багажийн бүртгэл, багаж үлээлгэж байгаа бичлэг, ослын газрын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг нуусан. Эдгээр нуусан баримтууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар Х.Агийн согтолтын зэргийг шалган тогтоосон, осол гаргасныг нотлох ач холбогдол бүхий нотлох баримтууд юм. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх баримтуудыг нотлох баримт гэх ойлголтод нийцэж байгаа эсэх, нотлох баримт мөн эсэхийг тогтоох зэрэг ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж буй нь ойлгомжгүй, тодорхой бус буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримтыг, шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судлагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх нь шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагад хамаарахаар байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
Яллагдагч Ж.Б-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг дэмжин оролцож байна. Шүүхээс хэд хэдэн үндэслэлээр хэргийг прокурор буцааж шийдвэрлэсэн бөгөөд нэгдүгээрт, хэргийг шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор прокурорт буцааж шийдвэрлэсэн. Дээрх засварласан гээд байгаа засварыг Ж.Б засварласан уу, эсхүл Д.Д засварласан уу, хэний бичгийн хэвтэй тохирч байгааг тодруулах зорилгоор шинжээч томилж, шинжээч засварласан болохыг тогтоосон боловч хэн засварласныг тогтоогоогүй. Хоёрдугаарт, Ж.Быг Х.Аг зам тээврийн осол гаргасныг нуусан эсэх, энэ нь нотлох баримтаар тогтоогдож байгаа эсэхийг шалгаагүй, дүгнэлт хийгээгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Х.Ад давуу байдал олгосон эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан гэрч Б.Ж, Г.Э нарын мэдүүлгээр “тухайн зөрчил дээр очиж, драйгер үлээлгэж, зохих арга хэмжээг авч, драйгерыг сүүлд нь өгч, тэмдэглэл бусад нотлох баримтуудыг үндэслэж, 3,25 хувийн согтолттой байсан” гэж цахим сүлжээнд бүртгэсэн болох нь тогтоогдож байна. Үүнийг хэрхэн нуусан талаар тогтоосон баримт байдаггүй учраас шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Ж.Б-ын энэ үйлдэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл үү, эсхүл зөрчил гаргасан уу гэдгийг ялган зааглаагүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар чиг үүргээ зөрчсөн байна гэдэг боловч хэрхэн, яаж зөрчсөн, зөрчлөөр арга хэмжээ авагдсан эсэх талаарх баримт байдаггүй. Тиймээс дээрх ажиллагааг хийж байж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн шүүгчийн захирамжийг дэмжиж байна” гэв.
Яллагдагч Ж.Б тус шүүх хуралдаанд “Тайлбаргүй” гэв.
Яллагдагч Д.Д тус шүүх хуралдаанд “Тайлбаргүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолж чадаагүй асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг урьдчилсан байдлаар хэлэлцэж прокурорт буцаах хууль зүйн зохицуулалтай.
Яллагдагч Ж.Б, Д.Д нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, “криминалистикийн шинжээчээр засварласан бичвэрийг яллагдагчийн бичвэр, гарын үсгийн хэв маягтай тохирч байгаа эсэхийг тогтоолгон дүгнэлт гаргуулах, Ж.Б-ын нуусан гэх баримт нь нотлох баримт гэх ойлголтод нийцэж байгаа эсэх, хэргийн хохирогч, гэрчээс гаргаж өгсөн баримт сэлт мэдээлэлд хамаарах эсэх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт мөн эсэхийг тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” хэмээн үзэж хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/ болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” гэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж тус тус заасныг зөрчсөн дараах зөрчлүүдийг зөвтгөхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Яллах дүгнэлтийн яллагдагч Д.Д болон Ж.Б нарт холбогдох хэргийн товч агуулгыг “... Улмаар дээрх зөрчлийн гомдлыг Д.Д нь хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Ж.Б-ын үйлдсэн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн гэх 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг “Х.А-гийн согтуурлын хэмжээг 3,25% гэснийг 0,25 гэж засварлаж...” гэж нэг ижил байдлаар тодорхойлжээ.
Яллагдагч Ж.Б-ын хувьд эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн гэх 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг өөрөө үйлдэж гарын үсэг зурсан бөгөөд /1хх 113/ түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгт буруутгахдаа тухайн тэмдэглэлийг Д.Д нь хүлээн авч засварласан гэж бичсэнээс бус яллагдагч Ж.Б-ын үйлдэл оролцоог тусгаагүй, ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байна.
Яллагдагч Ж.Б-ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийн нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн гэх мэт обьектив талын шинжүүдийн аль болохыг тодорхойлолгүй яллагдагч Д.Д болон Ж.Б нарыг эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн гэх 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг засварласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж, үйл баримтыг нэг ижил байдлаар хуулбарлан бичжээ.
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн гэх 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг засварласан эсэхийг тогтоох зорилгоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байх ба уг дүгнэлтээр зөрчилд холбогдогч Х.Агийн согтолтын зэргийг 3,25 хувь гэж бичсэний “3” гэсэн тоон бичвэр дээр “6” гэж нэмж бичиж засварласныг тогтоосон байх /1хх 88-91/ ба прокуророос тухайн засварыг яллагдагч нарын хэнийх нь бичгийн хэв, зурлагатай тохирч байгааг тогтоолгохоор дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад “3” гэсэн тоог “0” гэж засварласан засвар нь бичвэр биш зурлага учраас тоон бичвэрт агуулагдах хувийн онцлог шинж тэмдэг нь адилтгалын шинжилгээ хийх боломжгүй талаар дүгнэсэн /3хх 93-98/ тул гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг нотлох зайлшгүй шаардлагатай.
Мөн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Алба хаагчаас тайлбар авсан тэмдэглэл”-д Ж.Б “...хэлтсийн байранд жолооч Х.Агийн согтуурлыг шалгах багажийг үлээлгэхэд согтуурлын зэрэг нь 3,25 хувь гарсан..., би согтуугаар тээврийн хэрэгсэл /3,25 хувь/ жолоодсон зөрчлөөр нь гомдол, мэдээллийн бүртгэлд оруулсан...” гэсэн тайлбар өгч /1хх 19-22/, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...тэгээд холбогдогч эмэгтэй Х.Аг драйгер багаж үлээлгэхэд 3,25 хувийн согтолттой гарсан тул санд шивж согтуу машин барьсан асуудлаар нь мэдээнд оруулсан...” /1хх 97-99/ гэжээ.
Прокурор Д.Д-г Х.А-гийн согтуурлын хэмжээ 3,25 хувь гэснийг 0,25 хувь болгож засварласан гэж яллах дүгнэлт үйлдсэн хэдий ч зөрчилд холбогдогч Х.А нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэврээр 3,25 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлөөр шийтгэл хүлээж, шийтгэвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ /1хх 160-162, 2хх 49-53/.
Иймд яллагдагч нарын гэмт үйлдлээс шалтгаалан хэн, хэрхэн давуу байдал олж байгаад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатайг дурьдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.
Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн прокурор Э.Номин-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/6317 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/6317 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Номин-Эрдэнийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 109 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ