Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 192

 

П.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1091 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар магадлалтай, П.Ад холбогдох 1908033111257 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнх-Ачитын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Тунамал үйлс” ХХК-нд туслах ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Архангай аймаг, Хайрхан сум, Өгөөмөр багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Пийн А.

П.А нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол керамик” тоосгоны үйлдвэрийн хашаан дотор иргэн С.Бтай маргалдан, зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Ад холбогдох хэргийг “аргагүй хамгаалалтын нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, П.Ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.М гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхээс ...анхан шатны шүүх “аргагүй хамгаалалтын шинжтэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол өгөх нотлох баримтуудын алиныг хүлээн авч, прокурорын яллахаар оруулж ирсэн ямар баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ гэж заасан. Аргагүй хамгаалалтын объектив талд заавал довтолгоон байх ёстой бөгөөд уг довтолгоон хууль бус бодитой байх шинжийг агуулсан байх учиртай.

Хохирогч С.Б 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн /хх-ийн 14/ хохирогчоор дахин өгсөн мэдүүлгээр өөрийн хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн хохирогчоос хууль бус халдлага эхэлсэн гэдгийг гэрч Р.Наташа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, тус...мэдүүлгээр халдлага эхэлсэн даруйд П.А нь өөрийн амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалахын тулд аргагүй хамгаалалтыг хийсэн болох нь харагдаж байна.

П.А нь С.Бны хууль бус халдлага эхлүүлсний дараа уг довтолгоо дуусаагүй байхад нь аргагүй хамгаалалтыг хийж хохирогчийг цохисон. Энэ нь Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүх хуралд өгсөн ...мэдүүлгээс С.Батсайханыг гэмтээхгүйгээр салах боломжгүй байсан нь харагдаж байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Аргагүй хамгаалалт”-ыг зөв хэрэглэх тухай зөвлөмжид зааснаар “Аргагүй хамгаалалтыг хүч хэрэглэсэн довтолгоон үйлдэж буй этгээдийн эсрэг халдагч этгээдийн эрх чөлөө, эрүүл мэнд, амь биед хохирол учруулах замаар хийдэг бөгөөд гэм хор нь хэлбэрийн хувьд бие махбодид нь гэмтэл учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан, амь насыг нь хохироосон байж хүртэл болно” гэж заасан.

Гэтэл давж заалдах шатны шүүх П.Аг хохирогчийг хэдэн удаа цохисонд ач холбогдол өгч, нэг л удаа цохисон бол аргагүй хамгаалалт болох байснаар дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Үүнийг анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг үнэн зөв, шударга шийдвэрлэсэн. П.А нь аргагүй хамгаалалтыг хийгээгүй бол С.Бд үргэлжлүүлэн зодуулах байсан.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Х.Б хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ, довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан. Хохирогч С.Б, гэрч Р.Н нарын мэдүүлгээс харахад довтолгоо төгсөөгүй байхад П.А өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн байна. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ч.М гаргасан гомдлыг үндэслэн П.Ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос П.А нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол керамик” тоосгоны үйлдвэрийн хашаан дотор иргэн С.Бтай маргалдан, зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд “аргагүй хамгаалалтын нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль ёсны шаардлага хангаагүй гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд П.А нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хамт ажилладаг С.Бтай тоглох зорилгоор “найз охин чинь явж байна” гэж хэлсэнд С.Батсайхан уурлан, улмаар П.Аийн эрх чөлөөнд халдан, нүүр рүү нь мөргөж, гараараа цохих зэргээр довтолсон байх бөгөөд тухайн үед тэрээр өөрийгөө хамгаалах үйлдэл хийж нүүрэнд цохисноор С.Бны биед хөнгөн гэмтэл учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.

Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар хүч хэрэглэн довтлох нь Эрүүгийн хуулиар хамгаалсан харилцааг зөрчсөн хууль бус, гэмт үйлдэл бөгөөд нэгэнт эхэлсэн болон дуусаагүй нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон. Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно.

П.Аийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн обьектив шинж болох үр дагавар, хор уршгийг агуулсан байх боловч түүний үйлдэлд гэм буруугийн субьектив шинж үгүйсгэгдэж байгаа, өөрөөр хэлбэл, тэрээр хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл хийж, өөрийн амь нас, эрүүл мэнд аюулд тулгарсан дотволгооныг эсэргүүцэх үедээ уг хор уршигт хүргэсэн байх тул түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. С.Бны зүгээс эхлүүлсэн хууль бус, тулгарсан довтолгооны өөдөөс хариу үйлдэл хийсэн П.Агийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болно.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр П.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцсэн атлаа магадлалын оныг бичихдээ “2020” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг тэмдэглэн анхааруулж байна.

Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ч.Мын гаргасан “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв дүгнэн аргагүй хамгаалалтын нөхцөл байдал тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлтэй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1091 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар магадлалыг хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд П.Аийн өмгөөлөгч Ч.Мөнх-Ачитын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН