Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2016/0909

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Л.Өлзийсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “М*******” шашны байгууллага

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Б*******, Ц.Б*******

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.Б******* болон Б.Б******* нарын ногдуулсан  2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №35******* тоот актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нарыг оролцуулан хийв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М*******ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 

“...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.Б******* болон Б.Б******* нарын ногдуулсан 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №35******* тоот актад "... 2009 оноос 2013 онуудад олсон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлогод албан татвар ногдуулж төлөөгүй нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.4.4, 8 дугаар зүйлийн 8.1.1 болон 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг зөрчсөнийг тэмдэглэн Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйл болон 43 дугаар зүйлийн 43.8 дахь заалтуудыг үндэслэн ... нийт 46 975 943.70 төгрөгийн нөхөн татвар, 19 552 250.00 төгрөгийн торгууль болон 140 927.80 төгрөгийн хүү ногдуулахаар тогтоосон” гэсэн нь үндэслэлгүй байна.

“М*******” нь шашны байгууллага бөгөөд НӨАТ-ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан “орлогын албан татварын тайлан гаргасан байх” шаардлагыг хангахгүй байхаас гадна НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх, НӨАТ төлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн шашны байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаа нь шашны зан үйл, шашны хурал ном, шашны боловсролын ажил буюу шашин номын үйл ажиллагаа, түүнийг эрхлэн явуулахтай холбогдсон, ашиг олох зорилгогүй, ахуйн хэрэгцээгээ хангахтай холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас бүрдэж байх тул НӨАТ-ын тухай хуулийн 13.6.11-д заасны дагуу тус байгууллагын үйлчилгээ нь НӨАТ-аас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.

М*******ийн барилгын түрээсийн үйл ажиллагаанаас олсон орлогын зохицуулалт нь зөвхөн дүрэмд заасан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх зорилготой буюу ашгийн төлөө бус байдаг тул дээрх орлогод нэмүү өртөг шингэдэггүй.

Иймд дээрх үндэслэлээр  Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.Б******* болон Б.Б******* нарын ногдуулсан  2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №35******* тоот актыг хууль бус болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.1.2-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү”  гэжээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн, татварын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 35******* тоот актаар тогтоосон  66669121,5  төгрөгөөс  1-рт орлого биш 30838181,82 төгрөг, орон сууцны зориулалтаар түрээслүүлсэн 252426221.38 төгрөг нийт 283264403,2 төгрөгийн зөрчилд ногдох 28326440,32 төгрөгийн нөхөн татвар, анхны ардчилсан сонгууль ялж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан  өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтын дагуу тус актаар тавигдсан 19552250 төгрөгийн торгууль, 140927,8 төгрөгийн хүү нийт 19693177.8 төгрөгийн хүү, торгууль, өмнөх 28 сая төгрөгийн нөхөн татвартай нийлээд нийт 48019 618,12 төгрөгийг татварын улсын байцаагчийн актнаас хасч тооцож өгнө үү. 

Дансанд орж ирсэн бохир дүнгээр 33922000 төгрөг ба нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй дүнгээр 30838181.82 төгрөг юм. Орон сууцны зориулалтаар бүртгүүлсэн нь 25426221.38 төгрөг. Нийт нөхөн татвараас хасагдах зөрчил нь 283264403.20 төгрөг юм. Орон сууцны зориулалттай нь цаг хугацааны хувьд үзвэл татварын улсын байцаагч нар нь 2009 оноос 2013 он хүртэлх санхүүгийн баримтад шалгалт хийсэн байдаг. 1999 онд гаргасан гэрчилгээнд болон тухайн улсын бүртгэлд бүртгүүлсэн материалд орон сууцны конторын зориулалттай байдаг. Татварын улсын байцаагч нарын үйлдвэр үйлчилгээний зориулалттай гэж үзэж байгаа нь 2014 онд авагдсан байгаа учраас үүнийг харгалзан үзнэ үү.

Татварын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны 35******* тоот актаар тогтоосон 66669121.5 төгрөгийн төлбөрөөс орлого биш болох 30838181,82 төгрөгийг хасч мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6.8-д “Орон сууцны зориулалтаар баригдсан барилга түүний тодорхой хэсгийг түрээслүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хасагдана гэж заасны дагуу 252426221.38 төгрөгийн зөрчилд ногдох татвар болох 38326440,30 төгрөгийг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 4 дүгээр зүйлд заасны дагуу татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 19552250 төгрөгийн торгууль, 140927.8 төгрөгийн хүү, нийт 19693177.8 төгрөг, 28326440,32 төгрөгийн нөхөн татвар, нийт 48019618.12 төгрөгийг татварын улсын байцаагчийн актаас хасч тооцож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын улсын байцаагч нь татварын хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж татварын хуулийг зөрчсөн тохиолдолд тус хуулийн дагуу хариуцлага оногдуулах онцгой эрхтэй субъект юм. Энэхүү субъект нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу татварыг оногдуулах эрх, үүрэгтэй байдаг. Гэтэл тухайн үеийн нөхцөл байдлыг харахад нягтлан бодогч нь байхгүй, гадаад захирал нь байхад татварын хяналт шалгалт болсон байдаг. Татварын хяналт шалгалтаар ороод татварын байцаагч нар санхүүгийн баримтуудтай бүрэн танилцаагүйгээс болж орлого биш 30838181,82 төгрөгт акт тавьсан байдаг.

Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг харгалзах ёстой албан тушаалтны хувьд үнэн бодит тоог нягталж, судлаагүй, зарим баримтыг дутуу орхигдуулснаас буруу тогтоосон үр дагаврыг татвар төлөгч хариуцах ёсгүй. Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжоо мэдээгүй, дутуу ойлгосноос үүссэн 18 сая төгрөгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Татварын байцаагчийн тавьсан актаас нөхөн төлбөр болох 28326440 төгрөгийг хасч өгнө үү.

Мөн энэхүү байгууллага нь буяны байгууллага юм. Өөрөөр хэлбэл Монгол улсад буддын шашныг дэлгэрүүлэх үүрэгтэй хэдий ч өнөөдрийг хүртэл буяны үйл ажиллагаа явуулдаг тул татварын хууль тогтоомж зөрчиж, татвараас зайлсхийсэн үйлдэл хийж байгаагүй. Татварын хууль тогтоомжийг буруу, дутуу ойлгосноос улбаатай асуудал үүссэн байгааг харж үзэх байх гэж бодож байна. 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4-р зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цагаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байх ёстой” гэж заасан шаардлагыг хангаж байгаа тул татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан торгууль, алдангийг хасч өгнө үү. 

Хугацааны хувьд гэвэл татварын улсын байцаагчийн акт нь 2009 оноос 2013 оныг хамарч байгаа. Тэгэхээр улсын бүртгэлээс авсан гэрчилгээний хувьд ч гэсэн тус байр нь орон сууцны болон конторын зориулалттай гэж байгаа юм. Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа гэрчилгээний хувьд маргаан бүхий актаас хойш буюу 2014 онд гарсан гэрчилгээ байгаа юм. Гэхдээ зураг төсөл нь орон сууцны зориулалттай гэж байсан боловч мэргэжлийн хяналтын газрын хүн үйлчилгээ, конторын зориулалттай гэж бичсэн байдаг. Үүнийг тухайн үед бичиг өгч байсан хүмүүс анзаараагүйгээс алдаатай гарсан байдаг” гэв. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Б.Б*******  нар нь  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Тус шүүхэд гаргасан “ хадгалах төв” шашны байгууллагын нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

“ хадгалах төв” шашны байгууллага нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Б.Б******* нарын тус шашны байгууллагад 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 35******* дугаартай хяналт шалгалтын актаар ногдуулсан 66,669.1 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

“ хадгалах төв” шашны байгууллагын 2009-2013 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Нийслэлийн татварын газрын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4/719 тоог албан бичгийн дагуу хяналт шалгалт хийж, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 35******* дугаартай хяналт шалгалтын актаар 469,759.4 мянган төгрөгийн зөрчилд ногдох 46.975.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 140.9 мянган төгрөгийн хүү, 19,552.3 мянган төгрөгийн торгууль. Нийт 66,669.1 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон. “ хадгалах төв” шашны байгууллага нь 35******* тоот актаар ногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Маргаан таслах зөвлөлөөс актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн хэвээр баталсан.

хадгалах төв” шашны байгууллага нь Татварын Ерөнхий хуулийн12 дугаар зүйлийн 12.1-д “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, ... татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна” гэж заасны дагуу татвар төлөгч болно. Мөн хуулийн 6 дугаар зүйл “татвар ногдох зүйл” 6.1-д “Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, ... хамаарна”, 12.2-т “Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно” гэж тус тус заасан бөгөөд тус байгууллага нь хуулийн этгээд мөн тул татвар төлөгч юм.

Өөрөөр хэлбэл “ хадгалах төв” шашны байгууллага нь хуулиар тогтоосон албан татвар төлөгч мөн, түүний орлого, орлого олсон ажил үйлчилгээ нь татвар ногдох зүйлд хамаарч байна.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “Сүм хийд нь шашин-номын үйл ажиллагаагаа эрхлэн явуулах, ахуйн хэрэгцээгээ хангахад зайлшгүй шаардагдах аж ахуйг өмчийнхөө хүрээнд эрхэлж болно” гэсэн заалт нь сүм хийд нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болохоор зааснаас биш албан татвар төлөхөөс чөлөөлсөн заалт биш байна. 11 дүгээр зүйл “Сүм хийдийн өмч, аж ахуйн харилцааг зохицуулах”, 11,1-д “Сүм хийдийн өмч, аж ахуйн харилцааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна” гэж заасан нь түүнийг үүсгэн байгуулах бүртгүүлэхтэй холбоотой харилцаа нь Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиар. Эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой харилцаа нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулиар, хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддагийн адил албан татварын харилцаа нь Монгол Улсын татварын багц хуулиар зохицуулагдахаар байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 .э-л "аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж. аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани. нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг/, 5 дугаар зүйл “Албан татвар төлөгч” 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна” гэж тус тус заасны дагуу “ хадгалах төв” шашны байгууллага нь явуулж байгаа аж ахуйн үйл ажиллагааныхаа хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч бөгөөд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа тайлагнах үүрэгтэй. Ийнхүү тайлагнах үүргээ биелүүлээгүй нь НӨАТ төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч” 5.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт ... ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна”, 7 дугаар зүйл “Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил. үйлчилгээ”, 7.1.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 7.4-т Дор дурдсан үйл ажиллагааг "үйлчилгээ үзүүлсэн"-д хамааруулна: 7.4.4-т “байшин. Барилгад байр түрээслүүлэх буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах” гэсэн заалтуудын дагуу “ хадгалах төв” шашны байгууллага нь НӨАТ төлөгч бөгөөд түрээсийн үйлчилгээний орлого нь НӨАТ ногдох зүйлд хамаарч байна.

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйл “Татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх хэлбэр”, 9.1-д “Хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчид дараахь хэлбэрээр татварын хөнгөлөлт үзүүлэх буюу түүнийг татвараас чөлөөлнө” 9.1.3-т “тогтоосон  доод хэмжээнд хүрээгүй орлого, эд  хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээг татвараас чөлөөлөх”, 9.1.4-т “татвар төлөгчийг татвараас чөлөөлөх” 9.1.5-т “татвар ногдох зүйлийн зохих хэсгийг татвараас чөлөөлөх” гэж тус тус заасны дагуу татвар ногдох зүйл, татвар төлөгч, эсхүл тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээг татвараас чөлөөлөхөөр зохицуулсан байна. Тиймээс тус байгууллагын 10 сая хүртэлх орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байна. Мөн НӨАТ- ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.11-д заасны дагуу зөвхөн "шашны байгууллагын үйлчилгээ” нь НӨАТ-аас чөлөөлөгдөхөөр байна. Гэтэл маргаж байгаа орлого нь зөвхөн НӨАТ-тай холбоотой үйлчилгээ тул НӨАТ ногдуулах ёстой.

Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журам”-ын 2.1-т “Татварын алба дараах үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийг нэмэгдсэн  өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэнэ”, 2.1.2-т “Татварын хяналт шалгалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогын хэмжээ 10.0 сая ба түүнээс дээш хэмжээнд хүрсэн нь нотлогдсон.” гэж заасан байна. Татварын хяналт шалгалтаар VI байгууллагын орлого 10.0 сая төгрөгөөс дээш хэмжээнд хүрсэн нь нотлогдсон тул НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

“...Нэхэмжлэгчийн ярьж буй татварын улсын байцаагч дутуу шалгасан, дутуу дүгнэсэн гэдгийг манай зүгээс эрс эсэргүүцэж байна. Учир нь татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгчид нь өөрсдөө материалаа бүрэн гаргаж өгөх үүрэгтэй.  Харин авагдсан нотлох баримтын хүрээнд татварын улсын байцааг нар дүгнэлт гаргаж акт бичдэг юм. Тухайн үед манай татварын улсын байцаагч нарын гол алдаа нь тухайн үед нотлох баримтаа сайн бүрдүүлээгүйгээс маргаан үүсээд байгаа юм. Тухайн үед нэхэмжлэгчийн газар дээр очиж хэргийн газрын үзлэг  хийсэн байдаг ба  бүгдээрээ оффисын зориулалтаар ашиглаж байсан бөгөөд “танайд акт тавьлаа шүү” гэхэд материалаа гаргаж өгөөгүй гэдэг. Сүүлд дээд шүүхээс анхан шат руу буцаж байхад нэхэмжлэгч талаас цөөнгүй материал гаргаж танилцах тухай яригдаж байсан. Тэгэхэд тэнд байсан гэрээнүүдийг шалгалт хийхэд гаргаж өгөөгүй гэдгийг ойлгосон. Өгсөн байсан хэдий ч гадаад хэл дээр байсан баримтыг татварын улсын байцаагч авч үнэлэх үүрэг байхгүй. Тиймээс татварын улсын байцаагч нар тухайн үед үндэслэлтэйгээр шалгаж акт тавьсан нь үндэслэлтэй юм.

Сүүлд шинээр ирсэн нотлох баримтуудаас харахад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот болон Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт дээр С******* дүүрэгт байрлах газар дээрх барилга нь оффис үйлчилгээний зориулалттай байр гэж дүгнэсэн байна. Тиймээс тус байр нь оффис үйлчилгээний зориулалтаар ашиглагдаж байсан байр гэж дүгнэсэн байна байна“ гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь анх тус шүүхэд “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.Б******* болон Б.Б******* нарын ногдуулсан 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 35******* тоот актыг хууль бус болохыг тогтоолгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2-т заасны дагуу хүчингүй болгуулах”  нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 35******* тоот актаар илрүүлсэн 469,759,435.9 төгрөгийн зөрчлөөс “орлого биш” 30,838,181.82 төгрөг, орон сууцны зориулалтаар түрээсэлсэн түрээсийн төлбөр 252,426,221.38 төгрөгийг хасч тооцох, 19,552,250 төгрөгийн торгууль, 140,927.8 төгрөгийн алдангийг өршөөлийн хуульд хамруулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно. 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Б.Б******* нар нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Нийслэлийн Татварын газрын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4/719 тоот албан бичгийн дагуу “М*******” шашны байгууллагын 2009 оны 01 дүгээр сарын 01-ээс 2013 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 35******* дугаартай татварын улсын байцаагчийн актаар  469,759,435.9 төгрөгийн зөрчил илрүүлж, 46,975,943.7 төгрөгийн нөхөн татвар, 19,552,250 төгрөгийн торгууль, 140,927.8 төгрөгийн хүү, нийт 66,669,121.5 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон байна. 

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд татварын маргаан таслах зөвлөлөөс 2014 оны 12 дугаар сарын 19-ны 106 дугаар тогтоолоор  Татварын улсын байцаагчийн 35******* тоот актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

“Монгол дахь хадгалах төв” байгууллага нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн эсэх тухайд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргахгүй байх бөгөөд харин “татварын улсын байцаагчийн 35******* тоот актаар ногдуулсан төлбөрийн 252,426,221.38/НӨАТ тооцоогүй/ төгрөг нь орон сууцны зориулалтаар хөлслүүлж олсон орлого, 30,838,181.82/НӨАТ тооцоогүй/ төгрөг нь валютын данснаас төгрөгийн дансанд шилжүүлсэн орлого байхад хасч тооцоогүй нь хууль бус” гэж маргажээ. 

1. “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 35******* тоот актаар илрүүлсэн 469,759,435.9 төгрөгийн зөрчлөөс НӨАТ тооцоогүй “орлого биш” 30,838,181.82 төгрөг, орон сууцны зориулалтаар түрээсэлсэн түрээсийн төлбөр 252,426,221.38 төгрөгийг тус тус хасч тооцох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд: 

Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтын дагуу татварын татварын улсын байцаагч нь “татварын төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн ажиллах”, 29 дүгээр зүйлийн 29.1.8-д “татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх” үүрэгтэй байх бөгөөд татварын улсын байцаагч Ц.Б*******, Б.Б******* нар нь “Монгол дахь хадгалах төв” шашны байгууллагад татварын хяналт шалгалтыг хэрэгжүүлж маргаан бүхий актыг гаргахдаа хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна. Үүнд: 

1. Маргаан бүхий актаар илрүүлсэн гэх зөрчлийн дүнгийн 33,922,000 төгрөг нь татвар ногдоход орлогод хамаарахааргүй байхад орлого гэж үзэж төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “...хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Иргэн, хуулийн этгээдийн... Монгол Улсын нутаг дэвсгэрт ...үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах” гэж заасныг тус тус зөрчсөн байна. 

Тодруулбал, Дээрх 33,922,000 төгрөгийн, 

- 4,359,000 төгрөгийг 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч байгууллага нь өөрийн валютын данснаас төгрөгийн данс руу шилжүүлсэн шилжүүлэг болох нь хэрэг авагдсан 499066687 тоот валютын дансны хуулганд “-3000 FPMT /Монгол Махаяна/-с TRANSFER H-1453 To: Монгол дахь хадгалах төв” гэсэн бичиглэл , 499066676 тоот төгрөгийн дансны хуулганд ““4,359,000.000 FPMT /Монгол Махаяна/-с TRANSFER H-1453 From: Монгол дахь хадгалах төв” гэсэн бичиглэл,  шинжээчийн дүгнэлтэд “түрээсийн орлогод тооцогдохгүй дүн”  гэж бичигдсэн зэргээс үзвэл татвар ногдох орлого гэж үзэхээргүй байна. 

- тус байгууллагын 499066676 тоот төгрөгийн дансанд 2010 оны 04 дүгээр сарын 26-аас 2013 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд тушаасан 27,913,000 төгрөг нь тус байгууллагын касснаас харилцахад тушаасан мөнгө байна. Үүнд:  

2010 оны 04 дүгээр сарын 26-нд 1,000,000 төгрөг , 

2010 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тушаасан 1,000,000 төгрөг , 

2011 оны 01 дүгээр сарын 25-нд тушаасан 2,488,000 төгрөг , 

2011 оны 02 дугаар сарын 10-нд тушаасан 940,000 төгрөг, 

2011 он 02 дугаар сарын 25-нд тушаасан 2,801,000 төгрөг ,

2011 он 03 дугаар сарын 30-нд тушаасан 2,300,000 төгрөг,

2011 он 04 дүгээр сарын 25-нд тушаасан 3,530,000 төгрөг ,

2011 он 07 дугаар сарын 28-нд тушаасан 1,700,000 төгрөг ,

2012 он 03 дугаар сарын 09-нд тушаасан 2745,000 төгрөг ,

2012 он 03 дугаар сарын 26-нд тушаасан 5,009,000 төгрөг ,

2013 он 02 дугаар сарын 28-нд тушаасан 2,400,000 төгрөг ,

2011 он 05 дугаар сарын 31-нд тушаасан 2,000,000  төгрөгийг дансны хуулганд “Дансанд орлого”, “Энхмаа орлого”, “Орлого”, “Энхмааг-с орлого”, “From Pety cash” гэж тэмдэглэгдсэн, хэрэгт нотлох баримтаар авагдсан төлбөрийн даалгаварт “зориулалт: transfer to TDB 499066676 for the salary” , “transfer to bank account 499066676” зэргээр тэмдэглэгдсэн байх тул дээрх 27,913,000 төгрөгийг мөн түрээсийн орлого гэж үзэхээргүй байна. 

- 499066676 тоот төгрөгийн дансанд 2012 оны 03 дугаар сарын 27-нд төлөгдсөн 450,000 төгрөг орлогын гүйлгээний утга нь “МБМК” ХХК-аас 3-н сарын түрээсийн төлбөрт”  гэж тэмдэглэгдсэн хэдий ч 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Оффис түрээслүүлэх гэрээ”-ний  2 дахь заалтын а-д “нэг сарын түрээсийн төлбөр 150,000 төгрөг” байхаар заасан байх тул түрээсийн орлого биш байна.

-Мөн дээрх 499066676 тоот төгрөгийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Park Chan Soo”-оос тушаасан 8,967,000  төгрөгөөс 1,100,000 төгрөг                                                                    нь “Орон сууц хөлслүүлэх гэрээ”-ний барьцаа төлбөр болох нь “нэг сарын барьцаа төлбөр 1,100,000 төгрөг, шилжүүлэх нийт дүн 8,967,000 төгрөг” гэж бичигдсэнээр нотлогдож байна. 

Иймд маргаан бүхий актаар тогтоосон төлбөрөөс дээрх 33,922,000 төгрөгт ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар болох 3,083,818.18 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй байна. 

2. Маргаан бүхий актаар илрүүлсэн гэх зөрчлийн дүнгийн 277,668,843.48 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого байхад татвар ногдох үйлчилгээ үзүүлж олсон орлого гэж үзэж төлбөр ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006/-ийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Дараах үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө”, 13.6.8-д “орон сууцны зориулалтаар баригдсан байр болон түүний тодорхой хэсгийг түрээслэх үйлчилгээ” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Тодруулбал:

- Нэхэмжлэгч байгууллага нь бусдад түрээслүүлдэг гэх С******* дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Г.Чагдаржавын гудамж 27 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 22237  тоот гэрчилгээтэй 4 давхар дуусаагүй барилгыг  нь  анх худалдан авсан байх ба уг барилгыг анх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт , мэдүүлэгт  тухай үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг “орон сууц, албан контор” гэж тэмдэглэсэн,  

-  Монгол дахь хадгалах төв шашны байгууллага нь дээрх барилгыг худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 22312 тоот  гэрчилгээнд “баригдаж буй барилга” гэсэн байх ба зориулалтыг бичээгүй, 

- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний 7/11470 тоот албан бичигт  “үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаарт бүртгэлтэй барилгыг 1999 онд нэхэмжлэгч байгууллагад шилжүүлж, 2014 онд 1631,8 м.кв талбай болгож өөрчлөн бүртгүүлсэн” гэсэн,

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч байгууллагын өмчлөл дэх үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаар бүртгэгдсэн 4 давхар орон барилга нь 2009-2013 онуудад “орон сууц, албан контор”-ын зориулалттай байсан байх ба нэхэмжлэгч байгууллагаас тус байрны зарим хэсгийн “орон сууцны зориулалт”-аар хөлслүүлдэг байсан нь хэрэгт авагдсан гэрээнүүд, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Тухайлбал, 

Нэхэмжлэгчээс дээрх барилгын зарим хэсгийг,

- 2009 оны 04 дүгээр сарын 01, мөн оны 09 дүгээр сарын 10, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Орон сууц, оффисын түрээсийн гэрээ” -ний дагуу “Д” ХХК-д “Орон сууц”-ны зориулалтаар түрээслүүлж орон сууцны түрээсийн төлбөрт 2009 онд 17,223,240 төгрөг, 2010 онд 24,449,805 төгрөг, 2011 онд 22,818,420 төгрөг, 2012 онд 24,894,320.82 төгрөг, 2013 онд орон сууцны түрээсийн төлбөрт 26,104088.7 төгрөг, нийт 115,498,874.5 төгрөгийн,

- 2008 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууц хөлслүүлэх гэрээ”  ... тоот гэрээний дагуу “Азиагоулд”  ХХК-д “Орон сууц”-ны зориулалтаар түрээслүүлж 2009 онд орон сууцны түрээсийн төлбөрт 13,968,338 төгрөг, 2010 онд орон сууцны түрээсийн төлбөрт 9,174,900 төгрөг, 2011 онд орон сууцны түрээсийн төлбөрт 6,118,200 төгрөг, нийт 29,261,437.5 төгрөгийн,

- “Орон сууц хөлслүүлэх гэрээ” -ний дагуу “Ниел”-д “Орон сууц”-ны зориулалтаар түрээслүүлж орон сууцны түрээсийн төлбөрт 2009 онд 3,494,500 төгрөг, 2010 онд 11,556,000 төгрөг, 2011 онд 10,800,000 төгрөг, 2012 онд 2,700,000 төгрөг, нийт 31,550,500 төгрөгийн,

-2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Орон сууц хөлслүүлэх гэрээ”- ний дагуу Монголын хүүхдийг дэмжих санд /ажилтан Рут Пуласки/ “Орон сууц” –ны зориулалтаар түрээслүүлж орон сууцны түрээсийн төлбөрт тус сангаас 2009 онд 2,972,134 төгрөг, 2010 онд 2,056,500 төгрөг, нийт 5,28,633.5 төгрөгийн,

-2009 оны 07 дугаар сарын 07, 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц хөлслүүлэх гэрээ” -ний дагуу Рут Пуласкид “Орон сууц”-ны зориулалтаар түрээслүүлж орон сууцны түрээсийн төлбөрт 2009 онд 1,401,075 төгрөг, 2010 онд 2,373,056 төгрөг, 2011 онд 712,929 төгрөг, нийт 4,487,060 төгрөгийн

-2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-ний дагуу “Хийморийн их зам” ХХК-д “Орон сууц”-ны зориулалтаар түрээслүүлж орон сууцны түрээсийн төлбөрт 2011 онд 7,499,744 төгрөг, 2012 онд 7,700,000 төгрөг, 2013 онд 13,200,000 төгрөг, нийт 28,399,744 төгрөгийн, 

- Стэйжскал Ива Верункагаас орон сууцны түрээсийн төлбөрт 2010 онд 3,400,000 төгрөг, 2011 онд 10,200,000 төгрөг, 2012 онд 5,100,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийн

-2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Түрээсийн гэрээ”-ний дагуу “И Си Си” ХХК-д “Оффис”-ын зориулалтаар түрээслүүлж орон сууцны түрээсийн төлбөрт 2011 онд 577,200 төгрөгийн,

-2011 оны 10 дугаар сарын 25, 2012 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн “Орон сууц хөлслүүлэх гэрээ”-нүүдийн  дагуу “Хэруга эксплорэйшн” ХХК-д “Орон сууц”-ны зориулалтаар түрээслүүлж орон сууцны түрээсийн төлбөрт  2011 онд 2,606,400 төгрөг, 2012 онд 9,819,061 төгрөг, нийт 12,425,461 төгрөгийн,

- 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  “Орон сууц хөлслүүлэх гэрээ” -ний дагуу Ниэл Исбрандсэн-д “Орон сууц”-ны зориулалтаар түрээслүүлж орон сууцны түрээсийн төлбөрт 2012 онд 7,350,000 төгрөг

 - 2011 оны 09 дүгээр сарын 01, 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  “Орон сууц хөлслүүлэх гэрээ” -ний дагуу иргэн А.Оюунсаранд “Орон сууц”-ны зориулалтаар түрээслүүлж 2012 онд орон сууцны түрээсийн төлбөрт 3,400,000 төгрөг, 2013 онд 699,033 төгрөг, нийт 4,099,033 төгрөгийн,

- 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ” -ний тоот гэрээний дагуу Ясоу Обикане “Орон сууц”-ны зориулалтаар түрээслүүлж 2012 онд 2,500,000 төгрөг, 2013 онд 11,999,900 төгрөг, нийт 14,499,900 төгрөгийн

- 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Орон сууц хөлслүүлэх гэрээ” -ний дагуу Хитеш Жайшуклал Упадхуяу “Орон сууц”-ны зориулалтаар түрээслүүлж орон сууцны түрээсийн төлбөрт 2013 онд 8,800,000 төгрөг, нийт 277,668,843.5 төгрөгийн орлого олсон байхад хариуцагчаас дээрх гэрээнүүдийг “англи хэл дээр бичигдсэн байсан тул харгалзаагүй” хэмээн тайлбарлаж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод тооцсон нь буруу болжээ. 

Иймд маргаан бүхий актаар тогтоосон төлбөрөөс “орон сууцны зориулалттай барилгыг орон сууцны зориулалтаар түрээсэлж олсон орлого” болох 252,426,221.38 төгрөгт ногдох НӨАТ 25,242,622.1 төгрөгийн төлбөрийг хасч тооцох нь зүйтэй байна. 

2. “Маргаан бүхий 35******* тоот актаар тогтоосон төлбөрөөс 19,552,250 төгрөгийн торгууль, 140,927.8 төгрөгийн алдангийг өршөөлийн хуульд хамруулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд: 

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль (цаашид Өршөөл үзүүлэх тухай хууль гэх)-ийн  1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна”, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ”, 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” 74.3-т “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна”  хэмээн тус тус заажээ.

Дээрхээс үзвэл Монгол дахь хадгалах төв шашны байгууллагад татварын улсын байцаагчийн 35******* тоот актаар төлүүлэхээр тогтоосон 19,552,250 төгрөгийн торгууль, 140,927.8 төгрөгийн алданги нь татварын зөрчилд ногдуулсан захиргааны шийтгэл байна. Харин маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг оффис, граж болон бусад зориулалтаар түрээслүүлж олсон орлого болох 186,494,801.5 төгрөгт ногдох 18,649,480.1 төгрөгийн нөхөн татвар нь хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө байх тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй байна. 

Иймд нэхэмжлэгч “Монгол дахь хадгалах төв” шашны байгууллагад татварын улсын байцаагчийн 35******* тоот актаар тавигдсан төлбөрөөс 19,552,250 төгрөгийн торгууль, 140,927.8 төгрөгийн алданги нийт 19,693,177.8 төгрөгийн төлбөрийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу чөлөөлөх нь зүйтэй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.6, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 29 дүгээр зүйлийн 29.1.8, 30 дугаар зүйлийн 30.1.6, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.6.8, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 35******* тоот актаар “Монгол дахь хадгалах төв” шашны байгууллагаар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй орлогод ногдуулсан 3,083,818.2 төгрөгийн, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ажил үйлчилгээнд ногдуулсан 25,242,622.1 төгрөг, нийт 28,326,440.3 төгрөгийн нөхөн татварыг хасч багасган, 19,552,250 төгрөгийн торгууль, 140,927.8 төгрөгийн алданги нийт 19,693,177.8 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, төлбөрийн хэмжээг 18,649,503.5 төгрөгөөр тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.МӨНХЗУЛ

                               ШҮҮГЧ                                    Н.ДОЛГОРСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                     Л.ӨЛЗИЙСАЙХАН