Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2018/0465

 

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2018/0465

Улаанбаатар хот

 

П.З-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, гуравдагч этгээд Г.М,  гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Цэрэндагва нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0346 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ын давж заалдах гомдлоор, П.З-ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Г.М-д холбогдох хэсэг болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч П.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тус бүрт холбогдуулан нэг нэг дүгнэлт хийжээ.

Нэг. “Нэгэнт нэхэмжлэгч П.З нь маргаан бүхий газарт хууль ёсны дагуу газар эзэмших эрхгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байхад хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар иргэн Г.М-д 134 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн, илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй юм." гэжээ.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр байгаагийн улмаас л нэхэмжлэгч эрх зөрчигдөөгүй, түүнчлэн маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй хэмээн тайлбарласан байна.

Харин ийнхүү дүгнэхдээ үүнд холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх явцад ч, шүүх хуралдаан дээр ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс “Шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гардаг баримт бичиг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явагддаг болно. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн захирамж, 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Маргаан бүхий актыг хүчингүй болгосон шийдвэр, актыг илт хууль бус болохыг тогтоосон шийдвэр хоёр нь хоорондоо эрх зүйн үр дагаварынхаа хувьд адилтгах боломжгүйгээрээ ялгаатай.

Тодруулбал, захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бол тухайн акт нь хүчингүй болгосон бол тухайн цаг хугацаанаас эхлээд эрх зүйн үйлчлэлгүй, харин илт хууль бус акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүйг хуульд заасан. Тиймээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 онд гарсан акт нь мөн хугацаанд үйлчилж баисан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.8-д заасан илт хууль бус актын шинжийг агуулсан эсэхийг шүүх хянахад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр саад болохгүй юм.’’ гэж гаргасан тайлбарт ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.

Түүнчлэн шүүхийн үндэслэл болгож буй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дугаар шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээх тухай" 128/Ш32018/4455 дугаар захирамжаар сэргээсэн ба уг захирамжийн дагуу давж заалдах журмаар гомдпоо гаргасан байгаа болно. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д заасан тохиолдол бүрдээгүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүйг дурдаж байна.

Хоёр. "Шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн үйл баримтын дагуу хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Захиргааны Ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар өөрийн урьд гаргасан хууль бус шийдвэрээ хуульд нийцүүлэн хүчингүй болгосныг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт хэмээн үзэх үндэслэлгүй” гэх дүгнэлт хийсэн.

а/ Хэрэв захиргааны байгууллагаас уг актыг хүчингүй болгохоор шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн тохиолдолд тухайн актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх ёстой байсан. Гэвч энэхүү ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгчийг шийдвэр гаргах ажиллагаандаа оролцуулаагүй байна

б/ Мөн Захиргааны хэргийн шүүхээс хуульд заасан нарийн журмын явагдсан ажиллагааны дагуу хянаад гарсан шийдвэрийн дараа захиргааны байгууллага дахин уг актыг хүчингүй болгох ажиллагаа хийж, акт гаргах нь захиргааны байгууллага хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгох хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна. Хэрэв энэхүү нөхцөл, фактыг хүлээн зөвшөөрвөл шүүх хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэснээс үл хамааран захиргааны байгууллага уг шийдвэрийг өөрийн дураар өөрчлөх боломжийг олгох бөгөөд захиргааны хэргийн шүүхийн ажиллагааг үр дүнгүй болгох, шийдвэрийн хүчин чадал үгүйсгэгдэх болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, шүүхийн шийдвэрт тус шаардлагатай холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.З шүүхэд анх “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Г.М-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Г.М захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дүгээр шийдвэрээр “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны шийдвэр, 2015 оны А/24 дүгээр захирамжийн давхцаж буй газартай холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг зохих журмын дагуу биелүүлээгүй, миний эзэмшлийн газрыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн, тус шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй ...” гэх үндэслэлээр “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад гардуулж, баримтжуулаагүй, хариу тайлбарыг бичгээр авч хэрэгт хавсаргаагүй, холбогдох нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэлийн тус шаардлагад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шийдвэрийн тогтоох хэсэгт маргаан бүхий актыг хүчингүй болгохтой холбоотой хуулийн зүйл, заалтыг удирдлага болгож хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 106 дугаар зүйлийн 106.3.2, 107 дугаар зүйлийн 107.4, 107.5-д тус тус заасантай нийцээгүй буюу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Түүнчлэн шүүх “Г.М-гийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээх тухай” 128/ШЗ2018/4455 дугаар захирамжаар Г.М-гийн нэхэмжлэлтэй хэргийн гуравдагч этгээд П.З-ын “Давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлтийг хангаж, давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг 3 хоногоор сэргээж шийдвэрлэсэн, улмаар анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 128/ШЗ2018/4670 дугаар захирамжаар “Давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээх тухай” шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2018/4455 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

Гуравдагч этгээд П.З-ын гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 128/ШЗ2018/4670 дугаар захирамжийг хянаад 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/ШТ2018/0571 дүгээр шүүхийн тогтоолоор 128/ШЗ2018/4670 дугаар захирамжийг хүчингүй болгож, шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдсэн  ...” гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан хуульд заасан журмын дагуу хэргийн оролцогчдод нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулж, хариу тайлбарыг гаргуулан авч, холбогдох нотлох баримтыг цуглуулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Түүнчлэн шүүх шаардлагатай бол тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг “Г.М-гийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт /хуучин нэрээр/ холбогдох” захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх боломжтойг мөн тэмдэглэв.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.З-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ